| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01899/И |
| Дугаар | 155/ШШ2020/01937 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2020/01937
| 2020 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2020/01937 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цэнхэр сумын .... дугаар багт оршин суух Тайж овогтой Нарантуяагийн ******* /.............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр багийн .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух Хасаг овогтой Эрдэнэбилэгийн******* /....................../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эхнэр Э.Даваадуламтай үерхэн нөхөрлөж байгаад, бидний дундаас 2013 онд хүү******* төрж, албан ёсоор гэрлэлтээ 2014 онд батлуулсан. Би 2013 онд цэргийн албанд татагдан, 2014 онд халагдаж ирээд Өмнөговь аймаг руу ажил хийхээр явснаас хойш бид тусдаа амьдарч байна. Бидний хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахад маргах зүйлгүй.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө үгүй тул маргаан байхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү*******г эх Э.Даваадуламын асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Даваадулам шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би нөхөр Н.*******тай 2013 оноос эхлэн үерхэж байгаад 2013 онд хүү******* төрж, бид албан ёсоор 2014 онд гэрлэлтээ батлуулсан.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.Учир нь 2015 оноос хойш бид тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй юм. Хүү*******г өөрийн асрамжид авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Э.Даваадуламд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр гэрлэгчид 2015 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа,гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас болон шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э.Даваадулам нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н.Сэргэлэн төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх ба зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй ба нэхэмжлэгч нь хүү Н.Сэргэлэнг эх Э.Даваадуламын асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хүүхэд зохигчийг тусдаа амьдарсан хугацаанд эх Э.Даваадуламын асрамжид байсан, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Э.Даваадуламын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даваадуламаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хасаг овогтой Эрдэнэбилэгийн******* /......................./,Тайж овогтой Нарантуяагийн ******* /................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Н.Сэргэлэнг төрсөн эх Э.Даваадуламын асрамжид үлдээсүгэй.
3.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.*******д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Даваадулам нарт тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ