2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/513

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408006340144 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 6, эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *******ны *******ийн *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ХЖ*******/, ******* овогт *******ын *******.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны хойд замд Toyota Prius маркийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох” эрхгүй, ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Айраг уусан учраас өөрийгөө согтуурсан гэж бодоогүй тээврийн хэрэгсэл жолоодсон нь хууль дүрэм журам талаасаа миний буруу болоод байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2408006340144 дугаартай хэргээс.

1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...******* овогт *******ын ******* нь...драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалтаар 1.32% хувийн согтолттой...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

2. Жолоодох эрхийн лавлагаа,

3. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс *******ыг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400.000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар (хавтаст хэргийн 39-53 дахь тал)

4. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “...******* гэх хүнтэй ах, дүүгийн харилцаатай...******* нь тайван дөлгөөн зарчим, хараалын үг хэлдэггүй, шүтлэгтэй үлгэр дуурайлал болсон хүн...******* нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******ын өгсөн: “...2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр аавын талын хамаатны хөгшин настай хүнийд очоод золгосон. Намайг ирнэ гэдгийг мэдээд надад айраг хадгалсан байсан. Би тэр айрганаас 5-6 литрийг уусан тэгээд хөгшин настай хүмүүсийг айл очиж цай уулгуулна гээд манай дүү машинаа үлдээсэн байсан. Тэр айлаас 3 литр айраг аваад дүүгийн машиныг аваад ойрхон 19-р байр руу аавынх руугаа гарсан. Тэгээд 1 дүгээр хорооллын арын замаар эргээд 700-800 метр яваад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн гадаа үлээлгэж байсан. Үлээгээд гарна ч гэж бодоогүй, айлд айраг уучхаад бууз, цай уугаад гарчихгүй байх гэж бодсон. Тэгээд би үлээхэд 1.3 хувь гарсан...би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 33 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан шийтгэл хүлээсэн ******* нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын цагдаагийн зохицуулагч нарт саатуулагдсан үйл баримт тогтоогдсон болох нь:

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...******* овогт *******ын ******* нь...драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалтаар 1.32% хувийн согтолттой...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал), Жолоодох эрхийн лавлагаанд:  “эрх хасагдсан...” гэсэн баримт (хавтаст хэргийн 10 дахь тал), Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс *******ыг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400.000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар (хавтаст хэргийн 39-53 дахь тал), Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), яллагдагчаар *******ын өгсөн: “...1 дүгээр хорооллын арын замаар эргээд 700-800 метр яваад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн гадаа үлээлгэж байсан. Үлээгээд гарна ч гэж бодоогүй, айлд айраг уучхаад бууз, цай уугаад гарчихгүй байх гэж бодсон. Тэгээд би үлээхэд 1.3 хувь гарсан...би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл байдаг.

 “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.

Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан *******ын хувьд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *******ыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400.000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1.32 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Дөрөв.  Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хууль үйлчлэх цаг хугацаанаас өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан учир хэрэгсэхгүй болгож, ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн санал санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Нэгдүгээр бүлэгт заасан нийтлэг үндэслэлд “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, “ үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон ... Эрүүгийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно”, “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт  тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, “... гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” хэмээн тус тус хуульчлан тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400.000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан  эрх зүйн үр дагавар арилаагүй байхад дахин согтуугаар тээврийн жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дээрхи санал хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Улсын яллагчаас гаргасан гэм буруу болон эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд  шүүгдэгч *******т шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрхи нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Тав. Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Зургаа. Бусад асуудлын талаар.

Хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                        

                                                       ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ