Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2020/02015

 

 

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2020/02015

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн .............. тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаатарын ******* /............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн******* худалдааны төв ОНӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай 155/2019/01919/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, хариуцагч Шинэ мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Эрдэнэболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Э.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн Худалдааны Төв Орон нутгийн Өмчит ХК -д сантехникчээр ажилд орж нийтдээ 2 жил 6 сар ажилласан. Энэ ажиллах хугацаандаа би ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлаа нэр төртэй сайн гүйцэтгэж байсан. Гэтэл намайг ямар ч шалтгаангүйгээр 2020 оны 07 сарын дугаар 06-ны өдөр ажлаас халах тушаал гарч би ажлаасаа халагдах болсон. Намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж би үзэж байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-ийн 5 дахь хэсэгт зааснаар Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний

эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт оны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, байгууллага ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан зөрчил гаргаагүй байхад дээрхи зөрчлүүдийг гаргасан гэж удирдлагын зүгээс худал гүтгэж миний эрх ашиг сонирхолд халдан намайг ажлаас халлаа. Э.******* намайг ажлаас халж байгаа нь үндэслэлгүй, хууль бусаар намайг ажлаас халсан нь буруу байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн Худалдааны Төв Орон нутгийн Өмчит ХК -д сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанид 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон. Ингээд 2 жид 6 сар ажиллаж байтал 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр халагдаж надад 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тушаал өгсөн. Ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа сайн мэдэхгүй байна. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй, бусдыг манлайлж ажиллаж байсан. Ямар нэг зөрчил гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Би Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан алдаа дутагдал гаргаж байгаагүй. Намайг гүтгэж байгааг гайхаж байна. Ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг мэдэхгүй. Миний бие ёс суртахууны доголдол болон алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би өөрийгөө ямар дутагдал гаргаж байснаа сайн мэдэхгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг эхлээд шүүхэд ирэхэд шүүхийн ажилтан нь Төлөөлөн удирдах зөвлөл дээрээ очоод шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гарга гэж хэлсэн.Надад энэ талаар нотлох баримт байхгүй. Би шүүхийн үүдэнд сууж байсан ажилтантай уулзсан.

Ажлаас халагдсаныхаа маргааш нь ирсэн. Намайг эхлээд байгууллагынхаа дээд шатны удирдлагаар шийдвэрлүүлээд ир, одоо манайд нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэж хэлсэн... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус худалдааны төвд сантехникчээр ажиллаж байс.ан Э.*******ын тайлбартай танилцлаа. Сантехникчээр ажиллаж байсан Э.******* нь гүйцэтгэх захирал Д.Эрдэнэболд, ерөнхий менежер А.Ариунаа, нярав Г Цэр жсурэн нарын нэр хүндийг гутаах зорилгоор удаа дараа худал гүтгэж хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т заасан тухайн албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд харшилсан мөн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3.5 дахь заалтыг зөрчсөн учир ажлаас халах арга хэмжээ авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХКомпанийн захирал ажилтай Д.Эрдэнэболд шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компани нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдаж би ашиглалтын өмнөх захиргааны даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш дулаан, цахилгааны барилга барих зэрэг ажлуудыг хийж байсан. Ингээд 24 ажилтныг сонгож ажилд авах үүргийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн. Үүний дагуу Э.*******ыг би ажилд авсан юм. Би өмнө нь Э.*******ыг таньдаг байсан. Бид 2 нэг оны төгсөлт найз нөхдийн харилцаатай. Э.******* нь эрхэлсэн ажилдаа сайн. Би өөрөө Э.*******ыг дуудаж энэ ажилд нь авч ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Манай компани 300 гаруй иргэд, аж ахуй нэгжтэй хамтарч ажилладаг. Манай ажилд ихэвчлэн залуучууд байдаг ба эв найртай байдаг. Манай байгууллага 7 хоног болгоны 3 дахь өдөр юм уу 1 дэх өдөр сонсгол хийж тухайн 7 хоногт ямар ажил хийх вэ, ямар ажил дутуу байгаа талаар ярилцдаг. 2020 оны 6 дугаар сарын үед Э.******* болон түүний гэр бүлийн хүн нь манай байгууллагын хамт олныг ямар нэг үндэслэлгүйгээр олон нийтийн сүлжээгээр гүтгэх, доромжлох, ажилчдын гэр бүлийн хүмүүс руу худал мэдээлэл тарааж турхирах зэрэг хууль бус үйлдлүүд явагдаж байна гэдгийг захиргаа, удирдлагын хамт олон хэлж байсан. Би энэ бүгдийг тухайн үед гэр бүлийн хэрүүл маргаан болсон юм байна гэж ойлгоод тоогоогүй. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны хийхдээ би 50 100 энергийн төвөөс ирж явахад манай ерөнхий менежер н.Ариунаа ажилдаа ирээгүй. Яагаад ирээгүй талаарх шалтгааныг нь сонсоход Э.******* болон түүний эхнэр нь н.Ариунааг худал гүтгэж нөхөрт нь худлаа мэдээлэл хэлсэн байсан. Мөн тэр үед манай эхнэр амаржаад хүүхэд маань эндэж сэтгэл санааны хувьд хүнд байхад миний нэр хүндэд халдсан. Би Э.*******ыг дээрх шалтгаануудыг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс биш үндэслэлгүйгээр өөрт нь мэдэгдэхгүйгээр Э.*******ыг ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бүх ажилчдаа цуглуулж уулзсан. Э.******* өөрөө энэ хуралд суусан. Яагаад хамт олноо ингэж худлаа гүтгээд байгаагаа хэл гэж би хурал дээр түүнд хэлсэн. Тухайн үед Э.******* манай эхнэр бид хоёрын гэр бүлийн харилцаанаас үүсэлтэй маргааны улмаас хамт олныг ийм байдалд хүргэсэн, ажлаа өгөхөд бэлэн байна гэж ярьж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-т тус тус заасныг үндэслэн Э.*******ыг ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3-т ажил олгогч бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууц алдагдуулах, худал мэдээлэх зэрэг түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгож хамт олны эв нэгдлийн үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээг зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүжирдэн гүтгэсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөх турхирсан, удирдлагад ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн, байгууллагын ажилтын эрх ашигт хохирол учруулсан гэж заасан байгаа. Энэ дотоод журмыг батлахад Э.******* өөрөө оролцож байсан. Э.******* бол муу ажилтан байгаагүй. Өгсөн үүрэг даалгаврыг чанартай сайн гүйцэтгэж хийдэг. Харин Э.******* болон түүний эхнэр нь нэг гэр бүлийн хүмүүс юм. Тиймээс дээрх худал гүтгэлэг, цуу яриаг мэдээгүй байсан гэх үндэслэл байхгүй. ... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг гарган, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э.******* Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанид 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сантехникчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдийн Б/40 дүгээр Ажилд томилох тухай тушаалууд, Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/6 дугаар Э.*******од ажил үүрэг түр хавсран гүйцэтгүүлэх, нэмэгдэл олгох тухай тушаал, нэг талаас Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Дашням овогтой Эрдэнэболд, нөгөө талаас Энхбаатар овогтой ******* нарын 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар Э.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:... 128.1.2-т ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж заасан байх тул нэхэмжлэгч Э.******* нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Учир нь: Нэхэмжлэгч Э.******* 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн сантехникчийн ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан байх бөгөөд энэ үйл баримтанд талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Э.******* нь Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн сантехникчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардан авсан өдрөөс 3 сар өнгөрснөөс хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ... ажлаас чөлөөлөгдснийхөө маргааш шүүх дээр иртэл дээд шатны Төлөөлөн удирдах зөвлөлдөө хандаад, дараа нь шүүхэд нэхэмжлэлээ гарга гэж шүүхийн үүдэнд сууж байсан ажилтан хэлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч хариуг ирүүлээгүй, хариуг хүлээгээд 10 дугаар сард утсаар ярьтал шүүхдээ ханд гэж хэлсэн. Үүнийг дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. ... гэж тайлбарласан ба Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирал, нэхэмжлэгч Э.******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрхи тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлэх талаар тусгайлан заагаагүй, компанийн төлөөлөн удирдах зөвлөлд хандаж гомдлоо гарган хариуг хүлээсэн гэх үндэслэл нь нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаараа хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Э.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн үндэслэл тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой атал Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар тушаалд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталсан боловч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа тусгаагүй, дээрхи хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь Э.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал хуульд заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн акт гэж үзэх үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв орон нутгийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА