2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/486

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001222 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “*******” ХХК-д оёдолчноор ажилладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2*******ны ******* *******од оршин суух бүртгэлтэй, /РД:ДЙ*******/, ******* овогт *******ын *******.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн хохирогч -ийн Хаан банкны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 309.100 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Өөрийнхөө хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2408000001222 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 03 дахь тал)

3. Хохирогч -ийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

4. Хохирогч -ийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал)

5.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч -ийн өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би “Өргөө” гар утасны худалдааны төв дээр байхдаа мөнгө шилжүүлэх гээд өөрийн Хаан банк руу ороход миний данснаас гүйлгээ гарсан байсан. Тэгээд өөрийн Хаан банк руу ороод хэзээ гүйлгээ гарсан байгааг харахад 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цагаас 18 цагийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр нийт 309,100 төгрөг гарсан байсан. Тэгээд би 21 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хамгийн эхэнд Сонгинохайрхан маркет гээд дэлгүүр дээр гүйлгээ гарсан байсан ба 16 цаг 44 минутад Хилчин хотхоны Тэс шатахуун түгээх станц дээр 45,000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан. Мөн Билэг дэлгүүр дээр 3 удаа, Өндөр-Од худалдааны төв дээр 1 удаа, Хилчин жимс дээр 1 удаа, Алаг хайрхан дээр 1 удаа, Өлзийт хайрхан, Их баян гээд тус тус 1 удаа гүйлгээ гарсан байсан. Миний интернэт банкны нэвтрэх нэр болон нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй. Би Хаан банкны виза картаа хэн нэгэнд өгөөгүй ба хамгийн сүүлд машиндаа үлдээсэн байсан. Би картаа хаана хаясан талаараа мэдэхгүй байна. Би ихэвчлэн Хаан банкны интернэт банкаа ашигладаг. Миний тоот дугаарын данснаас гүйлгээ гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч -ийн дахин өгсөн: “Би хамгийн сүүлд өөрийн Хаан банкны виза картаа машин дотроо л үлдээснээ санаж байна. Тухайн үед дэлгүүрээс юм авчхаад машин дотроо тавьж үлдээсэн юм. Ер нь л миний виза карт машин дотор маань явж байдаг. Гэр рүүгээ ерөөсөө оруулдаггүй юм. Надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлын мөнгийг барагдуулсан байгаа. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбогдолтой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн сэжигтнээр өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2*******, ******* *******од байрлах гэрээсээ 08 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар бичиг баримт хөөцөлдөж явж байгаад тухайн газраасаа гараад дүүргийн зүүн талын гудамжинд явж байхдаа 13 цагийн орчимд газарт ногоон өнгийн Хаан банкны чиптэй виза карт байж байхаар нь тухайн картыг аваад явсан. Тэгээд тэр картын нууц кодыг мэдэхгүй учраас чипийг нь ашиглаж 12 удаагийн гүйлгээгээр 309,100 төгрөгийн худалдан авалт хийсэн. Тухайн карт надад одоо байхгүй хаясан. Надад мөнгөний хэрэг гараад хувийн хэрэгцээндээ худалдан авалт хийгээд үрж дуусгасан. Би 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 51 минутад Сонгино мини маркет хүнсний дэлгүүрт орж 2,400 төгрөгөөр жижиг газтай ундаа авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 59 минутад Зуун хавар хүнсний дэлгүүр орж 16,300 төгрөгөөр крем, сүүтэй цайны боов, мишээл зүссэн хар талх авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 31 минутад Билэг хүнсний дэлгүүр орж 36,000 төгрөгөөр чипс, зөөхий, тахианы мах авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 32 минутад Өндөр-Од хүнсний дэлгүүр орж 8,000 төгрөгөөр ундаа авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 34 минутад жимсний дэлгүүр орж 20,300 төгрөгөөр жимс авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 38 минутад Билэг хүнсний дэлгүүр орж 45,000 төгрөгөөр зайрмаг, электрон тамхи авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 44 минутад Тэс Петролиум шатахуун түгээх станц орж 45,000 төгрөгөөр шатахуун авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 52 минутад Ариг дэлгүүр орж 43,000 төгрөгөөр гурил, будаа авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 57 минутад 42,000 төгрөгөөр Алаг хайрхан дэлгүүр орж хоол хүнсний зүйл авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 02 минутад Өлзийт хайрхан хүнсний дэлгүүр орж тахианы мах 30,900 төгрөгөөр авсан. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 10 минутад Их баян хүнсний дэлгүүр орж 13,800 төгрөгөөр чихэр тус тус худалдан авсан. Би Сонгинохайрхан дүүргийн 2*******ны нутаг дэвсгэрт байрлах Их баян хүнсний дэлгүүр орж 13,800 төгрөгийн гүйлгээг хамгийн сүүлд хийсэн. Би учруулсан хохирлын мөнгийг бүрэн гүйцэд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл гэвэл би уг нь тухайн картыг нь аваагүй, хаясан байхаар нь л авсан юм. Энэ дээр саналтай байна. Түүнээс өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Прокурорын тогтоолтой санал нийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2*******, ******* ******* гэртээ байж байгаад 8 цагийн үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар орж бичиг баримт хөөцөлдөж байгаад буцаж бичиг баримт нэмж авахаар машин руу аваад машинаас бичиг баримтаа авчхаад буцаад алхаж байтал замд Хаан банкны ногоон өнгийн виза карт байхаар нь авчихсан юм. Тэгээд тухайн өдрөө гэртээ харьж амарчхаад маргааш нь над руу нэг үл таних хүн залгасан ба миний картыг уншуулсан байна гэхээр нь би болсон явдлыг нь хэлж цагдаа дээр ирээд тухайн хүнд хохирлын 309,100 төгрөг шилжүүлсэн байна. Намайг хэн нэгэн мөрдөгч дарамталж, зодож, хэрэг хүлээлгэсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад өөр цагдаагийн газар, хэлтэст шалгагдаж байгаа зүйл байхгүй. Тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн  29 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******  2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн хохирогч -ийн Хаан банкны дугаартай дансны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 309.100 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 03 дахь тал), Хохирогч -ийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20-21 дэх тал), Хохирогч -ийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дахь тал), хохирогч -ийн өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цагаас 18 цагийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр нийт 309,100 төгрөг гарсан байсан. Тэгээд би 21 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), хохирогч -ийн дахин өгсөн: “Би хамгийн сүүлд өөрийн Хаан банкны виза картаа машин дотроо л үлдээснээ санаж байна. Тухайн үед дэлгүүрээс юм авчхаад машин дотроо тавьж үлдээсэн юм. Ер нь л миний виза карт машин дотор маань явж байдаг. Гэр лүүгээ ерөөсөө оруулдаггүй юм. Надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлын мөнгийг барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2*******, ******* ******* гэртээ байж байгаад 8 цагийн үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар орж бичиг баримт хөөцөлдөж байгаад буцаж бичиг баримт нэмж авахаар машин руу аваад машинаас бичиг баримтаа авчхаад буцаад алхаж байтал замд Хаан банкны ногоон өнгийн виза карт байхаар нь авчихсан юм. Тэгээд тухайн өдрөө гэртээ харьж амарчхаад маргааш нь над руу нэг үл таних хүн залгасан ба миний картыг уншуулсан байна гэхээр нь би болсон явдлыг нь хэлж цагдаа дээр ирээд тухайн хүнд хохирлын 309,100 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Хэргийн тухайд шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хохирогч -ийн Хаан банкны дугаартай чиптэй картыг хууль бусаар олж авч, тус картыг бусдын эзэмшил өмчлөл гэдийг мэдсээр байж, ашиглан 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 309.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.   

Шүүгдэгч ******* нь хохирогч -ид учруулсан 309.100 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэнсэж, эсхүл ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.2 т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүхээс *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******д мэдэгдэв.

Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                    ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй

3. *******д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ