2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар  2025/ШЦТ/503

 

 

 

 

 

 

 

   2025       02         13                                     2025/ШЦТ/503

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.Д , түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д д холбогдох эрүүгийн 2402 00000 0427 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д  мэдүүлэхдээ: “Миний бие ковид цар тахлын үед механик инженерийн чиглэлээр эчнээн ангид суралцаж байсан. Тухайн үед танхимаар ямар нэгэн сургалт явагддаггүй байсан учраас гэрээсээ сургалтад хамрагдаж байсан. Мөн гэрээсээ суралцдаг байсан учраас өөрийгөө хөгжүүлэх зорилгоор онлайн сургалтуудад суухаар цахим хаягаас хайлт хийж 2-3 сургалтад суусан. Би Эрдэнэт хотын фэйсбүүк зараас харж тухайн сургалтад сууж байсан. Сургалтын төлбөр гэж 100,000 төгрөг хийгээрэй гэж хэлэхээр нь би хэлсэн дансанд нь 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Би гүйлгээний утга  дээр нь юу гэж бичих вэ гэж асуухад “шилжүүлэв” гэж бичихэд болно гэж хэлсэн. Тэр сургалтад хамрагдаад шалгалтад бэлдэх жишиг тест гэж тест л авсан. Өөр зүйл байхгүй. Би Фэйсбүүк постын цаана ийм асуудал байгааг үнэхээр мэдээгүй. Сургалтад хамрагдаж байх үедээ миний бие Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрх бүхий ажилтан байгаагүй. Тэр үед би Эрдэнэт үйлдвэрт шугам хоолойн засварчнаар ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа албан тушаал дээрээ шалгалт өгч 2022 онд томилогдсон. Уг ажлын байран дээр томилогдсоноосоо хойш 2024 онд нэг удаа А-3 сертификатыг ашиглаад худалдан авах үйл ажиллагаанд оролцсон. Тэр худалдан авах үйл ажиллагаа нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй ажиллагаа байсан. Түүнээс хойш ямар нэгэн худалдан авах үйл ажиллагаанд оролцоогүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Батсайханы 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/, шүүгдэгч Г.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-107/, гэрч А.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110/, Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журам /хх-ийн 111-114/, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам /хх-ийн 115-118/, Эрүүгийн 2202 00716 0050 дугаартай хэрэгт яллагдагч С.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 134-135/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 139-140/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн цахим системд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 141/, Худалдан авах ажиллагааны боловсрол төв НҮТББ-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/12 дугаартай албан тоот /хх-ийн 143/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цахим системд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 144-148/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 33/,

Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-ийн 34-35/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 46 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч Г.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Д ий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинж хангагдаагүй, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл, ийм үйл баримт хэргийн материалд тусгагдаагүй. Миний үйлчлүүлэгч С.Ч  гэх хүнийг танихгүй ямар нэгэн байдлаар танилын харилцаа байхгүй атлаа уг гэмт хэрэгт холбогдсон байгаа нь уг гэмт хэргийг үйлдэх сэдэл, санаа зорилго агуулаагүй байсан болохыг харуулж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч “Би хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй тул уг хэргийг цагаатгаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Д  нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төвийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан ава ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтанд бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад хамрагдаж тэнцээгүй, уг шалгалтад тэнцсэн мэтээр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/А3-4076 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч ад “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Ч ын эзэмшлийн Хаан банкин дахь ...  дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ...  тоот данснаас 100,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Батсайханы 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/, шүүгдэгч Г.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын сүүл үеэс эхлэх А-3 сертификат олгох сургалтад хамрагдах зорилгоор онлайн сургалт байгаа эсэхийг олохоор цахим орчинд судалгаа хийж байгаад одоо утасны дугаарыг нь санахгүй байна нэг утасны дугаарыг фейсбүүкдээрээс хайж олоод холбогдоход сургалтын бүртгэл гээд надаас нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллүүдийг асууж, надаас гэрчилгээний үнэс цаас болон шалгалтын хураамж гэж шилжүүлнэ гээд нэг данс явуулсан, тэгээд уг сургалтад бүртгүүлж онлайнаар буюу zoom application ашиглаж 3 хоногийн хугацаатай байх гэж санаад байна уг сургалтад хамрагдсан. Тэр хүний хэлсэн дансыг нь тухайн үед би бичиж аваад, 100,000 төгрөгийн өөрийн Хаан банкны ...  дугаарын данснаас шилжүүлсэн. Сургалтын дараа Төрийн худалдан авах ажиллагааны сайтын шалгалт гэсэн цэс рүү орж үүсгэсэн бүртгэлийн мэдээллийн дагуу 40 асуулттай тестийн шалгалтыг цахимаар өгч тэнцсэн. Тус сургалтын сертификат нь үнэт цаасаар надад ирээгүй, цахимд шилжсэн гээд надад хэлж байсан. Тухайн үед би гэрчилгээг хэвлэж авч байсан... фейсбүүк олон нийтийн сүлжээнд “худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтайн бүртгэл явагдаж байна гэх утгатай зар олоод утасны дугаараар нь холбогдоод нэг эрэгтэй хүн байсан. Утсаар холбогдож суралцах талаараа хэлэхэд миний хувийн мэдээллийг авч бүртгээд бүртгэлийн хураамж төлөх дансны дугаар хэлэхэд нь тухайн үед бичиж тэмдэглэн аваад, тэр дор нь 100,000 төгрөг шилжүүлсэн. Дансны дугаар, утасны дугаар зэргийг одоо бол санахгүй, харин 100,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгыг үзвэл хүлээн авсан дансны дугаар нь харагдах байх. Нийт 3 хоногийн хугацаанд онлайн хэлбэрээр сургалтад хамрагдсан.. Нэгдүгээрт С.Ч  гэж хүнийг танихгүй, ямар албан тушаал хашдаг гэдгийг нь ч мэдэхгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй. Хоёрдугаарт би энэ сертификатыг авснаас хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын тушаалаар үнэлгээний хороонд орж ажиллаж байгаагүй, учир нь би түр албан тушаалд ажиллаж байсан, мөн сертификат авсны дараа засварчны ажилд томилогдсон, засварчин албан тушаалтай хүн нь үнэлгээний хороонд гишүүнээр орж ажилладаггүй. Тэгэхээр би С.Ч ад 100,000 төгрөгийн хахууль өгсөн асуудал байхгүй... Гэхдээ сургалтын төлбөр гэж мөнгө шилжүүлээгүй. Харин хураамж гэж 100,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь журамд заасны дагуу шалгалт авдаг, сургалт зохион байгуулсан газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг зохион байгуулдаг ба шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгээ эзэмших эрхтэй болж, Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах боломжтой болдог юм. Мөн цахимаар сургалтыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр, өөрөө бие даан суралцаж бас шалгалт өгөх эрхтэй болдог юм. Харин хичээлийг бол Сангийн яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/, гэрч А.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Улсын их хурлын чуулганаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэгдэн, батлагдаж улмаар хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Мөн Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журмыг баталсан байдаг. Түүнчлэн шинээр 2023 оны А251 дүгээр тушаалаар худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журмыг баталсан байдаг. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг юм... Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалаар баталсан журам дээр шалгалтыг үнэ төлбөргүй авах талаар зохицуулсан байгаа. Намайг 2018 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажиллаж байхад худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авч байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/, Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журам /хх-ийн 111-114/, Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам /хх-ийн 115-118/, Эрүүгийн 2202 00716 0050 дугаартай хэрэгт яллагдагч С.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Д  гэх хүнийг танихгүй. Ер нь бол хэн нэгэн хүн надаас гэрчилгээ гаргаад өг гэж гуйгаад би тэр хүсэлтийг нь хүлээн аваад цахим системд бүртгэсэн байх гэж бодож байна. Өөр зүйл санахгүй байна, шалгалтад тусалсан байх. Үүнийхээ хариуд 100,000 төгрөг авсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай “С.Ч ын ...  дугаарын дансыны 2020.01.01-2023.12.31-ний өдрийн гүйлгээнд үзлэг хийхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгаар Г.Д ий ...  тоот данснаас 100,000 төгрөгийн орлогын гүйлгээг хүлээн авч, тухайн өдрөө хувийн хэрэгцээнд зарцуулагдсан байсныг гэрэл зургаар харуулав..” гэх тэмдэглэл /хх-ийн 139-140/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн цахим системд үзлэг хийсэн тухай “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү http://user.tender.gov.mn/ домэйн хаягаар нэвтэрч, сургалт гэсэн цэсийн хайлт хийхэд Г.Д  нь 2021.11.19-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцсон тул 2021/А3-4075 дугаартай гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон үзлэгийг 15:10 цагт дуусгаж, үзлэгийн явц байдлыг дараах гэрэл зургаар харуулав..” гэх тэмдэглэл /хх-ийн 141/, Худалдан авах ажиллагааны боловсрол төв НҮТББ-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/12 дугаартай “Танай газарт хянагдаж буй хэрэгт танилцуулагдсан Г.Д ий мэдээллийг өөрсдийн систем дэх бүртгэл болон санхүүгийн мэдээллийг шалгаж үзлээ. Г.Д  нь манай системд бүртгэгдсэн байх боловч хэдийд бүртгэгдсэн талаарх мэдээллийг системээс үзэх боломжгүй байх бөгөөд 2021 оны 11 сарын хугацаанд ямар нэгэн сургалтын төлбөрийн шилжүүлэг орж ирээгүй болно.” гэх албан тоот /хх-ийн 143/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цахим системд үзлэг хийсэн тухай “Г.Д ийг төрийн худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдан шалгалт өгсөн эсэхийг тогтоох зорилгоор төрийн худалдан авах ажиллагааны шалгалтын цахим систем рүү shalgalt.tender.gov.mn/ домэйн хаягаар нэвтрэн Б.Батбаярын эрхээр хандалт хийхэд Г.Д  нь Төрийн худалдан авах ажиллагааны А3 сертификат авахын тулд Худалдан авах ажиллагааны боловсрол төвөөр дамжуулан 2021.11.19-ний өдөр онлайнаар шалгалт өгч, 38 оноогоор тэнцсэн мэдээлэл хадгалагдсан байх ба цахим өгөгдлийн санг шүүж үзэхэд: шалгалтын бүртгэлийг тухайн цаг хугацаанд С.Ч  хийсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, тэмдэглэлд хавсаргахаар тогтов. Үзлэгийн явцад шалгалт өгсөн этгээдийн бүртгэлийг эксел программ ашиглан сургалт хариуцсан мэргэжилтэн бүртгэдэг байх ба цахим системд бүртгэл хийх, устгах, засах эрх нь сургалт хариуцсан мэргэжилтэн болон ай ти хариуцсан мэргэжилтэн нарт нээлттэй байсан болно. Г.Д  нь 2024.05.10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас шалгалт өгч, 18 оноогоор тэнцээгүй байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 144-148/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

           

Гэм буруугийн санаатай хэлбэрээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл, мөнгө өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч Г.Д  нь Төрийн худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад хамрагдаж тэнцээгүй, уг шалгалтад тэнцсэн мэтээр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/А3-4076 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Ч ын эзэмшлийн Хаан банкин дахь ...  дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ...  тоот данснаас 100,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн  үйлдэл нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Д ий үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д ий түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын зүгээс “С.Ч  гэх хүн рүү шилжүүлсэн 100,000 төгрөгийг хахуульд өгөөгүй, сургалтын төлбөр гэж ойлгосон. Мөн уг гэмт хэргийн субъектив шинж буюу санаа зорилго, сэдэлт тогтоогдоогүй тул цагаатгаж өгнө үү” гэх байр суурийг илэрхийлэн оролцсон.

 

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөн цахимаар сургалтыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр, өөрөө бие даан суралцаж бас шалгалт өгөх эрхтэй болдог юм. Харин хичээлийг бол Сангийн яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/, гэрч А.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг юм... Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалаар баталсан журам дээр шалгалтыг үнэ төлбөргүй авах талаар зохицуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/, Эрүүгийн 2202 00716 0050 дугаартай хэрэгт яллагдагч С.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Д  гэх хүнийг танихгүй. Ер нь бол хэн нэгэн хүн надаас гэрчилгээ гаргаад өг гэж гуйгаад би тэр хүсэлтийг нь хүлээн аваад цахим системд бүртгэсэн байх гэж бодож байна. Өөр зүйл санахгүй байна, шалгалтад тусалсан байх. Үүнийхээ хариуд 100,000 төгрөг авсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай “С.Ч ын ...  дугаарын дансны 2020.01.01-2023.12.31-ний өдрийн гүйлгээнд үзлэг хийхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгаар Г.Д ий ...  тоот данснаас 100,000 төгрөгийн орлогын гүйлгээг хүлээн авсан” гэх тэмдэглэл /хх-ийн 139-140/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн цахим системд үзлэг хийсэн тухай “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү http://user.tender.gov.mn/ домэйн хаягаар нэвтэрч, сургалт гэсэн цэсийн хайлт хийхэд Г.Д  нь 2021.11.19-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцсон тул 2021/А3-4075 дугаартай гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон...” гэх тэмдэглэл /хх-ийн 141/, Худалдан авах ажиллагааны боловсрол төв НҮТББ-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/12 дугаартай “...Г.Д  /ФА95061436/ нь манай системд бүртгэгдсэн байх боловч ...2021 оны 11 сарын хугацаанд ямар нэгэн сургалтын төлбөрийн шилжүүлэг орж ирээгүй болно.” гэх албан тоот /хх-ийн 143/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлдийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цахим системд үзлэг хийсэн тухай “...Г.Д  нь Төрийн худалдан авах ажиллагааны А3 сертификат авахын тулд Худалдан авах ажиллагааны боловсрол төвөөр дамжуулан 2021.11.19-ний өдөр онлайнаар шалгалт өгч, 38 оноогоор тэнцсэн мэдээлэл хадгалагдсан байх ба цахим өгөгдлийн санг шүүж үзэхэд: шалгалтын бүртгэлийг тухайн цаг хугацаанд С.Ч  хийсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, тэмдэглэлд хавсаргахаар тогтов. ...Г.Д  нь 2024.05.10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас шалгалт өгч, 18 оноогоор тэнцээгүй байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 144-148/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлт үгүйсгэгдэж байна.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон ба шүүгдэгч Г.Д д холбогдох эрүүгийн хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамласан нь зүйтэй.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Д ийг “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Г.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг хасах хугацааг багасгаж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Г.Д д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Д  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Д д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Г.Д  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д д оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО