Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2017/00135

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2017/00135

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн 02-07 тоотод оршин суух, Э/............../,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн 02-07 тоотод оршин суух, Онход овогт Лхамсүрэнгийн Дүүрэнжаргал /РФ77111861/ нарт холбогдох

Үндсэн зээл 41.085.787 төгрөг, хүү 1.260.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.296 төгрөг, нийт 42.374.835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д, хамтран зээлдэгч Я.Энар нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, дугаар ЗГ4905100286 зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг 38 сарын хугацаатай, сарын 0.66 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Үндсэн зээлийн төлбөр-41,085,787.63 төгрөг, 2. Үндсэн хүүгийн төлбөр- 1,260,750.58 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр- 28,296.77 төгрөг, 4. Нийт төлбөр- 42,374,835 /дөчин хоёр мянга гурван зуун далан дөрвөн мянга найман зуун гучин тав/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Бзахирал Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Гнь иргэн Д, Я.Энарт 50.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар олгосон. Тус зээл нь жилийн 8 хувийн хүүтэй, сарын 0.66 хувийн хүүтэй төслийн зээл байсан. Өөрөөр хэлбэл хүү багатай, хугацаа урттай ийм зээл юм. Зээлдэгч нар нь авсан зээлээ зээлийн графикийн дагуу төлж байгаад 2015 оын 05 дугаар сараас хойш төлөх чадвар нь байхгүй болж холбоо барихад утсаа салгах гэх мэт байдал гаргаж байсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сараас бид зээл эргэн төлөх графикт өөрчлөлт оруулж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж харилцагч нарын хүсэлтээр боломж олгосон байдаг ч үр дүнд хүрээгүй. Зээлдэгч нар нь манай банкнаас зээл авахаас өмнө хүлэмжийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. 90.000.000 төгрөгийн өртөгтөй төсөл гэж үзээд манай байгууллага 50.000.000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч нар нь буруу тооцоо гаргаж мөнгийг өөр зүйлд зарцуулсан байх үндэслэлтэй байгаа. Хариуцагч нарын тайлбарт орон сууц чөлөөлж өгнө үү гэсэн байдаг. Нэмэлтээр зээл авахдаа 10 га газар усалгааны төхөөрөмж, хүлэмж барьцаалсан. Мөн зээлийн батлан даалтын сангаас барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан учраас батлан даалтаар 20.000.000 төгрөг гаргасан байдаг. Эдгээр хөрөнгүүдийг зээлийн төлөлт хийгдсэн тохиолдолд суллах боломжтой байна. Ийм учраас зээлдэгч нар нь зээлээ зээл төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахгүй байгаа учир зээлийн төлбөр 42.374.835 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын барьцаанд тавьсан зүйлээр зээлийн төлөлт 42.374.835 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, шүүхийн шийдвэрт зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаар дурдаж өгнө үү гэв.

Хариуцагч Д, Я.Энар шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй тоот хэргийн дагуу хариуцагч Э, Д бид энэхүү төслийн зээлийн хүрээнд санхүүжилт авч хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 50 сая төгрөгийн зээл авч Олны өтөгт хавар, намрын хүлэмж байгуулан ашиглалтанд оруулан үйл ажиллагаа явуулан ажиллаж байсан. Зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод уг үйл ажиллагаа маань доголдож зээлээ эргүүлэн төлж чадахгүй байна. Иймд зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгөөс өөрийн орон сууцаа чөлөөлүүлж, Олны өтөгт байрлах 10 га газар, 6х60 харьцаатай 360 м2 хүлэмж, 4х4 хэмжээтэй 2 байшингийн хамт эд хөрөнгийг зээлийн барьцаанд оруулах хүсэлтэй байна. Манай гэр бүл хамтдаа энэ аж ахуйг хөгжүүлэхийн тулд их зүтгэл гарган ажилласан боловч цаашид үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн хүндрэл учирч зээлээ төлж чадахгүй болсон тул өөрийн орон сууцаа чөлөөлж, бүтээн байгуулсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар авсан зээлээ төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул эдгээр хөрөнгүүдийг зээлийн барьцаанд бүртгүүлэн борлуулах шийдвэр гаргаж өгнө үү. Бид авсан санхүүжилтээр уг хүлэмжийн аж ахуйг барьж байгуулахад зарцуулсан, түүнийхээ хэрээр уг аж ахуй үүсэж бий болсон. Авсан хөрөнгөө зориулалтын дагуу зориулан бий болсон аж ахуй тул уг аж ахуйн хөрөнгийг худалдан борлуулж зээлээ төлөх боломжтой гэж бидний бие үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гнь хариуцагч Д, Я.Энарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 41.085.787 төгрөг, хүү 1.260.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.296 төгрөг, нийт 42.374.835 төгрөг гаргуулах, зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаар шийдвэрт дурдаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь зээлийн төлбөр дээр маргаагүй ба харин зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгөөс өөрийн орон сууцаа чөлөөлүүлэх, Олны өтөг гэх газар байрлах 10 га худаг, усалгааны систем бүхий газар, 6х60 харьцаатай 360 м2 хүлэмж, 4х4 хэмжээтэй 2 байшингийн хамт эд хөрөнгийг зээлийн барьцаанд оруулж өгнө үү гэх тайлбарыг гаргасан ба хэн аль нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд гаргасан тайлбар, бусад баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагыг хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Гнь хариуцагч Д, Я.Энартай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ49054100186 дугаар Зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 38 сарын хугацаатай төслийн зээлийн зориулалтаар зээлдүүлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, батлан даалтын гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасны дээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Хариуцагч Д, Я.Энар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээл төлөх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор тогтоосон болох нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хүлэмжийн төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан ЗГ№4905100286 дугаартай зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцов гэж заасан, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй болох нь зохигчийн тайлбар болон Г.Б2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4905100286 дугаартай зээлийн гэрээгээр тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилж буй 28.296 төгрөг нь төлөгдөөгүй зээлийн үндсэн хүү болох 1.260.750 төгрөгийн 20 хувиас хэтрээгүй,

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 225  дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Гнь хариуцагч нарт нэмэлт хугацаа тогтоож, гэрээний хугацааг сунгасан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д, Я.Энараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 42.374.835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү гэх шаардлагын тухайд:

ГЗГ4905100286 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э, Д, Ж, Чнартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж,  Хөвсгөл аймаг Мөрөн сум 08 дугаар баг 2 дугаар байр, 02-07 тоот Y-1723000552, Г№000188852 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 орон сууц, Хөвсгөл аймаг Түнэл сум Алтгана багийн нутаг Олны өтөг гэх газар байрлалтай төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тэжээлийн ургамал тариалах зориулалт бүхий НТД211401036, Г№0270863 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 100.000 м.кв талбай бүхий газар, усжуулалтын системийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Д, Я.Энар нь зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгөөс өөрийн орон сууцаа чөлөөлүүлж, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн нутаг Олны өтөг гэх газарт байрлах 10 га газар, худаг усалгааны систем бүхий газар, 6х60 харьцаатай, 360 м2 хүлэмж, 4х4 хэмжээтэй 2 байшингийн хамт эд хөрөнгийг зээлийн барьцаанд оруулах хүсэлтэй гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч банк орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж заасныг, мөн зохигч талуудын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ипотекийн гэрээний 5.1-д зээлдэгч буюу барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч нар сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д, Я.Энараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 42.374.835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г олгосугай.

 2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Булсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369.825 /гурван зуун жаран есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д, Я.Энараас 369.825 /гурван зуун жаран есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН