Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2021/0900/З |
Дугаар | 128/ШШ2022/0821 |
Огноо | 2022-11-08 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2022/0821
2022 11 08 128/ШШ2022/0821
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Н.Т ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Э.А***
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн өмгөөлөгч: Д.А***
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн өмгөөлөгч: Д.Г***
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М***
Гуравдагч этгээд: Б.А***
Гуравдагч этгээд: Б.Б***
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ө***
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Т***
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/28*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Э.А***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн өмгөөлөгч Д.Г*** , Д.А*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** , гуравдагч этгээд Б.А*** , Б.Б*** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө*** гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/28*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1. Маргаан бүхий газрыг анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*** дүгээр тушаалаар нэхэмжлэгчид Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 0,3 га газрыг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн 2015/5*** дугаар гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон.
2.2.Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 2020/14*** дугаар гурвалсан гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч А.Н.Т ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаас баталсан боловч *** дүүргийн Засаг даргаа батлаагүй байна.
2.3.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/28*** дугаар тушаалаар А.Н.Т ХХК-ийн газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн.
2.4.Дээрх шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14*** дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн.
2.5.Уг тушаалтай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн X/01 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж, хариуг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01/51*** тоот албан бичгээр авчээ.
2.6. А.Н.Т ХХК Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*** дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон газрын 2015-2019 он, 2020 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрт нийт 20,478,210 төгрөг төлсөн.
2.7.Тус шүүхэд нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн А/28*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.
2.8. Тус шүүх А.Н.Т ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн А/28*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр захиргаан хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны А/32*** дүгээр тушаалаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2015/5*** тоот гэрчилгээтэй газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар зөвшөөрөл авсан.
Ийнхүү зөвшөөрөл авснаас хойш бид тус газарт аялал жуулчлалын зориулалт бүхий Б.Т нэртэй цогцолборыг барьж байгуулахаар байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан хийлгэж, зураг төсөв боловсруулан, улмаар тухайн байгууламжийн суурийг цутган хөрөнгө оруулалт хийсэн.
Өдгөө ч бидний зүгээс тус газрыг эрх бүхий байгууллагаас олгосон зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөн, ажиллаж байгаа бөгөөд тус хугацаанд бидний зүгээс хуулийн дагуу газрын төлбөрийг бүрэн төлсөн.
Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Газар ашиглах эрхийг цуцлах тухай" А/28*** дугаар тушаал гарч газрын эрхийг цуцалсан шийдвэр гарчээ.
Уг асуудлаар бидэнд урьд нь ямар нэгэн асуудал тавьж, мэдээллээр хангаж байгаагүй ба улмаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас 14*** дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг ирснээр бид мэдсэн. Энэ дагуу манай компанийн зүгээс сайдын тушаалтай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн X/01 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.У***-д хандан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон сайдын тушаалд гомдлоо гаргасан.
Бидний гомдлыг сайд хүлээн авч танилцаад гомдолтой холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01/51*** тоот албан бичгээр хариуг өгсөн бөгөөд хариуг уг он, сар, өдрөөр огноолсон байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар ашиглах гэрчилгээг цуцалсан гэх Сайдын гаргасан тушаалтай танилцах, тушаалыг хувийг авахаар очиход эл хариуг өгсөн.
Үүнээс өмнө бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон *** дүүргийн Засаг дарга нарт хандан хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ, бүрдлийн хамтаар өгсөн. Энэ дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зориулалтын дагуу газрыг ашиглаж буйг нотолж дараах ажиллагаанууд, хариуг тухай бүрд хүргүүлсэн байдаг. Үүнд:
1. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 тоот албан бичиг: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга А.Э*** хандан үнэлгээ хийлгэхийг дэмжсэн саналыг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг хуулийн хугацаанд өгөх байтал тус албан тушаалтан нь 90 гаруй хоногийн дараа 2018 оны 03 сарын 20-ны өдөр 06/1668 тоот албан бичгээр бүрдэл дутуу байгаа тул буцаасан тухай хариу өгсөн. Манай зүгээс дээр дурдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас яаманд хандсан дэмжих саналын дагуу У.С*** ХХК- нар Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг 2018 оны 02 сард хийлгүүлсэн болно. Уг албан бичигт гурвалсан гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт байхгүйг дурдсан байдаг. Уг албан бичгийн дагуу бидний Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан бөгөөд үнэлгээгээ хийлгэсний дараа гэрээ байгуулагдаж, төлбөр тооцооны асуудлаа шийддэг гэдэг тайлбарыг аман байдлаар өгч гэрээ болон тооцоо нийлэх асуудлыг хойшлуулсан.
2. Дээр дурдсанчлан асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсан тул бид 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-IV/0*** тоот ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн албан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан хүргүүлсэн ба хүсэлтийг хүлээн авч, манай компанийг тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгааг баталж, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг маань дэмжин 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг баталгаажуулсан ба 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр утсаар холбогдон газрын төлбөрт 16478 210 төгрөг /арван зургаан сая дөрвөн зуун далан найман мянга хоёр зуун арван төгрөг/ тушаагаад ир тэгээд тооцоогоо нийлье гэсэн. Энэ дагуу 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газрын төлбөрийг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн.
3. Дээрх үйл явдлын дараа манай компаниас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр IV/10 тоот Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний санал авах гэж байгаа тул дэмжих санал хүсэх тухай албан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн IV/11*** тоот албан хүсэлтээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар хандан Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтээ өгсөн бөгөөд тус газраас мөн хариу өгөөгүй болно.
4. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас баталсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2020/14*** тоот Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг дүүргийн Засаг даргаар батлуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр IV/09 албан тоот хүсэлтийг хүргүүлсэн ба дүүргийн Засаг даргаас удахгүй батална хүлээж байгаарай гэдэг хариуг аман байдлаар удаа дараа өгч байсан бөгөөд ийн явсаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр аман байдлаар усны ундаргын шугам хоолой шүргэсэн төдий орсон... байна уг зөрчлийг арилгуулах хэрэгтэй байна гэдэг хариу өгсөн. Гэвч түүний дүүргийн Засаг дарга/-г хариу өгөхөөс өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр N16/1543*** тоот албан бичгээр уг албанаас ямар нэгэн газрын зөрчилгүй болохыг батлан дүүргийн Засаг даргад хандан гэрээ байгуулах боломжтойг уламжилсан байдаг. Энэ мэтчилэн ямар нэгэн баримт нотолгоогүй хариуг нэг удаа өгснөөс хойш өөр хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүргэж газар ашиглах гэрчилгээг ямар нэгэн байдлаар хүчингүй болгуулахад шууд нөлөөлсөн.
5. Уг асуудлууд даамжирч асуудлыг шийдвэрлэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газар ашиглах эрхийг цуцлах тухай Сайдын тушаал батлагдсан байдаг. Эдгээр үйл явдлуудыг харвал эрх бүхий байгууллага албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахдаа зөвхөн хууль тогтоомжид заасны дагуу гаргах ёстой. Гэтэл Сайд тушаал гаргахдаа газар ашиглах эрх эзэмшигчээс үл хамаарсан шалтгаануудыг авч үзэлгүйгээр хуульд үл нийцэх шийдвэр гарган, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч компанийг хохироосон гол субъект нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Түүнчлэн гуравдагч этгээдийн газар эзэмших гэрчилгээ бүрэн батлагдаагүй. Нэхэмжлэгч компани болон гуравдагч этгээдийн газар ашиглах гуравласан гэрээнд талууд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс гуравдагч этгээдтэй маргах зүйл байхгүй. Гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн субъект нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн хувьд газрын төлбөрийг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. 2020 оны 04 дүгээр сараас 2021 он хүртэл манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй учраас газрын төлбөр төлөх гэрээнд заасан үүрэг үүсэхгүй, төлөөгүйтэй холбоотой асуудал ч яригдахгүй. Газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй эс үйлдэхүй хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн аж ахуйн нэгжүүд одоогийн нөхцөл байдлаар хохирсоор байна. Хариуцагчийн зүгээс газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэдэг ч 4 жилийн хугацаанд төлөх ёстой газрын төлбөрийг төлж улсын төсөвт төвлөрч зориулалтын дагуу ашиглагдсан байгаа. Газрын тухай хуульд зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж маргаж байгаа ч газар эзэмших эрх авсны дараагаар шууд үйл ажиллагаа явагдана гэж байхгүй. Газар эзэмших гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахад шаардагдах бичиг баримт бүрдүүлэх бэлтгэл ажиллагаа явагдаж. Үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт ч мөн байгаа нотлох баримт шинжлэн судлах шатанд судалсан. Маргаан бүхий газар дээр шороо асгасныг газар ашигласан гэж үзэхгүй гэж хариуцагч тайлбар гаргаж байгаа ч шороо асгах компани, техник тоног төхөөрөмж зэрэг 200-д сая төгрөг зарцуулагдсан байгаа. Агаар сансрын зургаар ч тэр газар дээр шороо асгаагүй хэвээр байсан бол маргах зүйлгүй. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаатай холбогдуулан тайлбар хэлэхэд тусгай хамгаалалттай газар нутаг дээр иргэнд газар эзэмшүүлэхдээ тухайн газар дээр суурьшиж амьдарч байсан тохиолдолд газар эзэмшүүлнэ гэсэн заалт байдаг. Тэгэхээр гэрчийн тайлбараар ч тэр хорооны хэмжээнд ярьж байгаа ч тухайн газар дээр амьдардаггүй гэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Гуравдагч этгээд тухайн газар эзэмших хүсэлтээ 2015 оноос хойш эхлэн өгч эхэлсэн гэж тайлбар гаргадаг хэдий ч тухайн цаг үед манай компанийн газар эзэмших эрх хүчинтэй байсан.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/28*** дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ... газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх ... 35.3.3-т ... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ... 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... 40.1.6-д"...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*** дүгээр тушаал гарч, газар ашиглах 2015/5*** дугаар гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр авсан байдаг.
Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тур журмын 3.4-д "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна. гэж заасан гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/14*** дугаартай газар ашиглах гэрээ байгуулсан нь дээрх журмыг хэрэгжүүлээгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1139 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/28*** дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.А*** , Б.Б*** нар нь төрсөн цагаасаа *** дүүрэгт Зайсанд амьдарч байгаа уугуул иргэд бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд газар ашиглах гэрчилгээ олгож өгнө үү гэдэг хүсэлтээ гаргасан боловч яамны ажилтнууд бидний хүсэлтийг нуун дарагдуулж алга болгосон байсан ба дахин хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар *** дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богинын аманд бичил эко аялал жуулчлалын зориулалтаар 632 м.кв, 632 м.кв газрыг ашиглах эрх олгогдсон. Газар ашиглах эрхийн гэрчилгээг олгохгүй байсан тул 2016 оноос хойш удаа дараа дахин дахин гомдол гаргаж байж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээнүүдээ авсан болно. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр газрын төлбөрүүдийг бүрэн төлж баталгаажуулсан.
Б.А*** , Б.Б*** нар нь нь хууль журмын дагуу газраа ашиглах эрхийг авсан ба манай газар дээр А.Н.Т ХХК-д газар олгосон нь эхнээсээ хууль зөрчсөн ба манай газар ашиглах эрх олгож өгнө үү гэсэн өргөдлийг тухайн үеийн яамны ажилтнууд нуун дарж байгаад А.Н.Т ХХК-д газар олгосон гэж үзэж байна. А.Н.Т ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/32*** дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.
Иймд А.Н.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.гэв.
6. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газар ашиглах гуравласан гэрээг газар ашиглах эрх авснаас хойш 3 жилийн дотор байгуулах ёстой бөгөөд үүнийг *** дүүргийн Засаг дарга батлуулж өгөөгүй эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэгч компани тайлбар гаргаж байна. Хэрвээ батлуулаагүй байсан бол батлаагүйгээс үүдэн компанийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзээд холбогдох дээд шатны захиргааны байгууллагад хандаж эрхээ сэргээлгэх хугацаа 2015 оны 06 дугаар сараас хойш байсан. Маргаан бүхий үйл баримтын тухайд 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэнээр эхэлж байгаа юм. Үүнээс өмнө уг ажиллагаа хийгдээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар маргаан бүхий газар дээр шороо асгасныг үйл ажиллагаа явуулсан гэж ойлгохгүй. Газар ашиглах гэрчилгээг аялал жуулчлалын зориулалтаар авсан хэдий ч газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан үйл баримтуудаар нотлогдож байна. Газрын төлбөр төлсөнтэй холбогдуулан газрын төлбөрийг жил бүр тогтоосон хугацаанд төлөх ёстой болохоос бөөнд нь төлснийг ойлгохгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/28*** тоот тушаал нь хууль нийцэж гарсан тушаал. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчээс Нэхэмжлэгч компани газрын төлбөрийг төлсөн, 2020 оны 04 дүгээр сараас 2021 он хүртэл манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй учраас газрын төлбөр төлөх гэрээнд заасан үүрэг үүсэхгүй, хариуцагч газар эзэмших эрхийн хугацааг сунгаагүй эс үйлдэхүй гаргасан, Газар эзэмших гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахад шаардагдах бичиг баримт бүрдүүлэх бэлтгэл ажиллагаа явагдаж, маргаан бүхий газар дээр шороо асгах компани, техник тоног төхөөрөмж зэрэг 200-д сая төгрөг зарцуулагдсан байгаа. гуравдагч этгээд тухайн газар эзэмших хүсэлтээ 2015 оноос хойш эхлэн өгч эхэлсэн гэж тайлбар гаргадаг хэдий ч тухайн цаг үед манай компанийн газар эзэмших эрх хүчинтэй байсан гэж, хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, .40.1.6-д заасныг зөрчсөн газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, гуравдагч этгээд Б.А*** , Б.Б*** нар нь нь хууль журмын дагуу газраа ашиглах эрхийг авсан, газар ашиглах эрхийн гэрчилгээг олгохгүй байсан тул 2016 оноос хойш удаа дараа дахин дахин гомдол гаргаж байж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээнүүдээ авсан болно. Манай газар дээр А.Н.Т ХХК-д газар олгосон нь эхнээсээ хууль зөрчсөн гэж тус тус маргажээ.
3. Маргаан бүхий газрыг анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/32*** дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч А.Н.Т ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.3 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
4. Дээрх тушаалыг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн газраас нэхэмжлэгч А.Н.Т ХХК-д Улаанбаатар хотын *** дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.3 га газрыг ашиглах эрхийн 2015/5*** дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.
5. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын захиргааны дарга, *** дүүргийн Засаг дарга, газар ашиглагч нэхэмжлэгч А.Н.Т ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2020/14*** дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан байх боловч уг гэрээнд *** дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга уг гэрээг батлаагүй байна.
6. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/187 дугаар тушаалаар иргэн Б.Б*** /РД:***8/-д *** дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын 1-4 тоот хаягт Бичил эко аялал жуулчлалын зориулалтаар 632 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.
7. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/187 дугаар тушаалаар иргэн Б.А*** /РД:***/-д *** дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын **** хаягт Бичил эко аялал жуулчлалын зориулалтаар 632 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
8. Дээрх шийдвэрүүдийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн газраас иргэн Б.Б*** , Б.А*** нарт *** дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын **** хаягт Бичил эко аялал жуулчлалын зориулалтаар тус тус 632 м.кв газрыг ашиглах эрхийн 0211***, 0211*** дугаар гэрчилгээнүүдийг бичиж олгосон байна.
9. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/1362 дугаар албан бичигт, ... А.Н.Т ХХК /***/-ийн 1781000*** нэгж талбарын дугаар бүхий газартай иргэн Б.А*** ын нэгж талбарын 1781001*** дугаартай газар 567 м.кв, иргэн Б.Б*** ын нэгж талбарын 17810010*** дугаартай газар 627 м.кв талбайгаар тус тус давхцаж байна. гэжээ.
10. Дээрх нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий нэхэмжлэгч А.Н.Т ХХК-ийн ашиглах эрхтэй байсан гэх 0.3 га газартай гуравдагч этгээд нарын ашиглах эрхтэй байгаа гэх газруудтай бүхэлдээ давхцалтай байна гэж үзэхээр байна.
11. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 1139 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын захиргаанд ... А.Н.Т ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус зөрчсөн тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4 дэх заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох. гэх агуулга бүхий саналыг хүргүүлжээ.
12. Дээрх санал болон холбогдох бусад баримтыг үндэслэн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А.Н.Т ХХК-ийн гаар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/28*** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
13. Маргаан бүхий дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.
14. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл.Газар эзэмшигчийн эрх, үүрэг, 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:, 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;, 35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;, 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.
15. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.
16. Маргаан бүхий тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэл байсан эсэх тухайд;
17. Хэрэгт нотлох баримтаар *** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 820200*** дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт авагдсан байх бөгөөд уг актад нэхэмжлэгч А.Н.Т ХХК нь 2015-2020 оны 1,2-р улирал хүртэл нийт 20,478,210 төгрөг төлөхөөс 2018 онд 4,000,000 төгрөг, 2020 онд 16,478,210 төгрөг, нийт 20,478,210 төгрөг төлсөн гэжээ.
18. Нэхэмжлэгч нь 2020 оны 2 дугаар улирлаас хойш маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэлх хугацаа буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй байна.
19. Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдгийг төлбөрөө тухай бүрд нь хугацаанд нь бүрэн төлөөгүй байхыг олгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь 2015-2020 оны 2 дугаар улирал хүртэлх хугацааны газрын төлбөрийг хэдийгээр төлсөн байх боловч тухай бүр нь төлөөгүй мөн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд газрын төлбөрөө огт төлөөгүй байх тул газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
20. Маргаан бүхий тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл байсан эсэх тухайд;
21. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг тус тус ойлгохоор байна.
22. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчээс маргаан бүхий газар дээр шороо асгах компани, техник тоног төхөөрөмж зэрэг 200-д сая төгрөг зарцуулагдсан гэх тайлбарыг гаргасан боловч үүнтэй холбоотой санхүүгийн болон бусад баримтыг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
23. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч А.Н.Т ХХК-аас мэргэжлийн төсөвчнөөр маргаан бүхий 0.3 га газарт хийгдсэн газар шорооны ажлын гүйцэтгэлийн төсвийг хийлгэсэн байх боловч тус төсвийг үндэслэн нэхэмжлэгчийг тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, тухайн төсөв нь тухайн төрлийн ажлыг гүйцэтгэхэд ийм төсөв гарна гэдэг үйл баримтыг нотлох бөгөөд харин тухайн ажлыг нэхэмжлэгч компани нь гүйцэтгэсэн гэсэн үйл баримтыг нотлохгүй юм.
24. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
25. Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч А.Н.Т ХХК нь маргаан бүхий тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/28*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Н.Т ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А.Н.Т ХХК-ийн гаар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/28*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ