Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт Лувсандоржийн Чулуунбаатарт холбогдох эрүүгийн 201726030336 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Л.Чулуунбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 6 дугаар  гудамж, 645 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 203 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нэг жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Цорс овогт Лувсандоржийн Чулуунбаатар /РД:ШЖ73032516/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Лувсандоржийн Чулуунбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-380 тоотод оршин суух иргэн Я.Бямбатунгалагийн гэрт М.Мижиддоржтой маргалдаж байхад нь хохирогч Д.Баттогтохыг “М.Мижиддоржийг өмөөрлөө” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэнд нь хутгаар зүсэж, цохиж, 2-3 удаа өшиглөж, баруун хамар гайморын ар хана, баруун нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана хамар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралт хоншоор ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.          

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судласан ба шүүгдэгч Л.Чулуунбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт тус тус зааснаар “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө сонгон авах эрхтэй” хэдий ч тэрээр өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч Л.Чулуунбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2017 оны 3 сарын 02-ны өдөр Нисэхийн буудал дээр буугаад явж байтал Сэр-Одтой тааралдсан. Тэгээд Отгонбаяр ахыг асуухад “айлд байгаа” гэхээр нь золгох гээд байгаа айлд нь Бямбатунгалагийнд очсон юм. Тэнд Отгонбаяртай золгочихоод байж байхад гаднаас Мижиддорж, Чулуунбаатар гэх хоёр ах орж ирсэн.

Баттогтох бид хоёр хуурай ах дүүс байгаа юм. Мижиддорж ах миний дээлний энгэрт  зүүсэн байсан боксын спортын мастерийн тэмдгийг харчихаад “чиний спортын мастер гэж юу байдаг юм, мэдрэл муутай юм байж” гээд хэрүүл маргаан өдсөн. Тухайн үед би архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй эрүүл байсан. Угаасаа биеийн эрүүл мэндийн байдлаас болоод согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй юм.

Ингээд Мижиддоржтой маргалдаад бид хоёрыг барьцалдан зууралдахад Баттогтох ах сууж байснаа босч ирээд Мижиддорж ахыг хамгаалах гэж оролдсон уу, юу болсныг мэдээгүй, мах огтолж идэж байсан жижиг маслоны хутгаа барьчихсан миний баруун ар талаас хатгах шиг болсон. Тэгэхэд нь миний уур хүрээд эргэж хараад,  Баттогтох ахтай ноцолдож, улмаар түүний биед учирсан гэмтлийг учруулсан. Тэрүүхэн хугацаанд үйл явдал маш хурдан болсон, мөн би өөрөө их уурласан байсан болохоор яг ямар үйлдэл хийж  хохирогчид гэмтэл учруулснаа одоо санахгүй байна. Би уурлахаараа зарим үед болсон явдлыг санадаггүй, мартчихдаг юм. Энэ нь миний эрүүл мэндийн байдалтай холбоотой. Урьд тархиндаа хагалгаа хийлгэж, хавдар авахуулж байсан. Эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэн байнга эм уудаг, хаяа даа унаж, татдаг өвчтэй юмаа. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Баттогтох ахад эмчилгээний зардал болон бусад зардалд нь эхлээд 1.300.000 төгрөг, дараа нь нэмж 2.500.000 төгрөг, нийт  3.800.000 төгрөг төлсөн. Мөрдөн байцаалтын үед би хохирогчид өгсөн төлбөрийн мөнгийг 3.300.000 төгрөг гэж андуурч хэлсэн байна лээ. Сүүлд эхнэрээс асуухад 3.800.000 төгрөг гэж байсан. Мижиддорж гэдэг хүнийг би танихгүй, харин хохирогч Баттогтох ах бид хуурай ах дүүгийн харилцаатай дотно хүмүүс юм.  Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг 

 

Эрүүгийн 201726030336 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.Баттогтохын мөрлөн байцаалтын шатанд өгсөн:  

“...Би 2017 оны 3 сарын 02-ны өдөр хөдөөнөөс ирээд ХУД-н 8 дугаар хороонд байх хоёр хөгшиний гэрт очиж золгон архи уусан. Тэгээд 12 цагийн үед Мижигээ гэх танил айлд орж 0,75 литрийн Сархад архинаас 3 хундага уучихаад, тэндээсээ гараад ХУД-н 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-380 тоотод байх Бямбатунгалаг гэх эмэгтэйгийнд Мижиддоржийн хамт орсон юм. Бямбатунгалагийн гэрт ороод бууз жигнээд, архи задлаад сууж байхад гаднаас Чулуунбаатар, Сэр-Од хоёр орж ирсэн.

Тэгээд Чулуунбаатартай “юу байна ахын дүү, ах нар нь сайн уу” гэж мэндлээд байж байтал найз Мижиддоржтой маргалдахаар нь “би больцгоо” гэхэд Чулуунбаатар эргэж хараад мах хэрчиж байсан хутгыг аваад миний нүүр лүү цохих шиг болсон. Тэгээд би хойшоо унах үед дээрээс дарж байгаад нүүр лүү өшиглөсөн байсан. Би тухайн үед ухаан алдаад унасан байсан.  Миний биеийн баруун хөмсөгний дээд хэсгээс нүдний урдуур, хамар, эрүү хугалсан, баруун хацар цөмөрсөн зэрэг гэмтэл тогтоогдсон. Би одоо хагалгаанд ороод гайгүй болоод байна.

Бямбатунгалагийн гэрт Тунгаа гэх эмэгтэй гэрийн эзэн, Мижиддорж, Сэр-Од нар байсан ба гаднаас Чулуунбаатар гэх манай найз орж ирээд салгасан байсан. Эхлээд Чулуунбаатар Бямбатунгалагийн гэрт байсан мах огтолж байсан жижиг хутгаар миний баруун хөмсөгний дээд хэсгээс доош нүдний үзүүр хүртэл хутгалсан, дараа нь нүүр лүү 2-3 удаа өшиглөж эрүү хугалж, баруун хацрыг цөмөлж гэмтээсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Чулуунбаатарыг багаас нь таньж мэднэ. Бидний хооронд өр авлага, өс хонзон байхгүй. Тухайн үед Бямбатунгалагийн гэрт байхад би их согтсон байсан, Чулуунбаатар эрүүл байсан. Мижиддорж Чулуунбаатарын урдуур алхах гэж байгаад маргалдаж, хэрүүл маргаан гарсан. Би Чулуунбаатарыг салгах гэж босч ирэхэд намайг Мижиддоржийг хамгаалж байна гэж бодоод надруу дайрсан байх. Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал байхгүй. Би хөдөө удаан хугацаагаар ажилд явж байгаа учир ирэх боломжгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримт, эм тариа авсан мөнгөний баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-69х/,

 

2. Гэрч Б.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 03 сарын 02-ны өдөр Л.Чулуунбаатар бид хоёр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-380 тоотод очоод хашаагаар нь ороход Бямбатунгалаг авгайгийн гэрийн үүдэнд бүтэн нэрийг нь мэдэхгүй бандага Чука хочтой ах, халзан Мижиддорж ах хоёр нилээн согтуу хоорондоо маргалдаад зогсож байсан. Би хажуугаар нь гараад гэрт ороход Бямбатунгалаг авгай болон Отгонбаяр ах, Баттогтох ах нар байж байсан. Баттогтох ах гэрийн хойморийн орон дээр нилээн согтуу сууж байсан.

Тэгсэн Чулуунбаатар Отгонбаяр ахад 5.000 төгрөг барьж золгочихоод Л.Чулуунбаатар бид хоёр гэрийн баруун талын орон дээр суусан. Тэгээд цай уугаад, тавгийн идээ амсчихаад сууж байхад гаднаас Мижиддорж, бандага Чука ах хоёр орж ирээд,  гэрт дахиад маргалдаад барьцалдаж авах гээд байсан. Тэр Мижиддорж ах нь урьд өмнө боксын спортоор хичээллэдэг байсан юм байна лээ. Тэгээд манай найз Л.Чулуунбаатарын дээлнийхээ энгэртээ зүүсэн байсан боксын спортын мастерын тэмдгийг нь харчихаад агсараад “би наад тэмдгийг чинь зүүж байсан юм, чиний бокс тоглодог гэж юу байдаг юм” гэхэд Чулуунбаатар “халзан өвгөн дуугүй байгаарай” гээд сууж байсан чинь Мижиддорж ах гэрийн баруун талаар тойрч ирэхдээ газар тээглээд Л.Чулуунбаатарын өвөр дээр унасан.

Тэгсэн Чулуунбаатар уурлаад Мижиддорж ахыг барьж аваад цохих гэхэд гэрийн хойморийн орон дээрээс Баттогтох ах босч ирээд Чулуунбаатарыг хойноос нь цохих шиг болсон. Тэр үед би Мижиддорж ахыг салгаад холдуулсан ба Баттогтох ах мах огтолж байсан жижиг маслоны хутгыг гартаа барьсан зогсож байсан. Тэгсэн нэг харахад  Л.Чулуунбаатар нь Баттогтох ахын дээр нь гарсан нүүрэнд нь гутлаараа дэвсэж байсан ба Бямбатунгалаг авгай, Мижиддорж хоёр гэрээс гараад явсан. Би Чулуунбаатарыг салгаад гэрээс авч гарсан. Баттогтох ах ямар ч байсан хутга барьсан зогсож байсан ба би Мижиддорж ахыг салгаад дараад ноцолдож байхад гэнэт Чулуунбаатар Баттогтох ахын дээр нь гараад дэвсээд өшиглөж байсан, хутгыг нь булааж авсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед бандага Чука, Мижиждорж хоёр тэр хоёрын зодоонд оролцоогүй. Найз Л.Чулуунбаатар нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-77х/,

 

3. Гэрч Л.Батхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Чулуунбаатар, Сэр-Од, Өлзийбаяр нар бага наснаасаа найзалсан найзууд, Яармагт өссөн, нэг сургуульд сурч байсан. Харин Баттогтох ах бол тэд нарын дээд талын үеийн ах, тэд нар хуурай ах гэж хүндэлдэг.  2017 оны 3 сарын 02-ны өдөр Сэр-Од ахтай ХУД-н 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-380 тоотод очсон. ... Бямбатунгалаг эгчийн гэрээс бид нар архиа хувааж ууж дуусгаад 15 цагийн үед  гарч Сэр-Од ах, бид хоёр манай гудамжны үзүүр дээрээс салаад гэртээ ороод унтсан. ...Гэмтлийн эмнэлэг дээр очиход Бямбатунгалаг эгч Баттогтох ахын дээлийг барьсан зогсож байхаар нь яасан бэ юу болсон бэ гэж асуухад Чулуунбаатарт зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 78-79х/,

 

4. Гэрч Я.Бямбатунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 9-380 тоотод өөрийн 2 хүүхдийн хамт амьдардаг. ...2017 оны 3 сарын 02-ны өдөр 13 цагийн үед байх Сэр-Од /Сашка/, малига хочит Л.Чулуунбаатарыг дагуулан манайд орж ирсэн ба Отгонбаяртай золгох гэж ирлээ гэсэн. Малига хочтой Чулуунбаатар нь Отгонбаярт 5000 төгрөг бариад золгосон, тэгээд бусадтай нь золгоогүй байж байсан. Би тухайн үед хоол ундаа хийгээд байж байхад гэнэт  зодоон болоод малига хочтой Чулуунбаатар нь мах огтолж байсан цагаан иштэй жижиг маслоны хутга аваад Баттогтох ахын нүүр, толгойруу цохиод байсан.

...Би тухайн үед бага зэргийн согтолттой, ...Л.Чулуунбаатар эрүүл, Баттогтох ах их хэмжээний согтолттой байсан. Чулуунбаатар Баттогтох ах руу үгээр идээд Отгонбаярыг ч өмөөрөөд байгаа юм шиг, аль эсвэл найз Сэр-Одыг ч өмөөрөөд байсан уу ойлгоогүй, ямар ч байсан хэрүүл хийгээд Баттогтох ах руу дайраад байсан. ...Чулуунбаатар, Баттогтох нар бие биенээ сайн таниана, хуурай ах дүү шиг л хүмүүс. Мижижддорж нь Баттогтох ахын найз юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-81х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 3432 тоот дүгнэлтэд:

1. Баттогтохын биед тархи доргилт, хоншоор яс, баруун гайморын ар хана, баруун нүдний ухархайн доод хана, дотор, гадна хана, хамар яс, баруун хацар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн гайморын хөндийн цус хуралдалт, духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, хацар, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, эрүү, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хэргийн 93х/,

 

6. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Миний гаргасан 3432 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтлүүдээс “баруун хамар, гайморын ар хана, баруун нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралт хоншоор ясны хугарал гэмтэл” нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учраас хүндэвтэр зэрэгт хамаарна.

Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бүх гэмтлүүд нь олон удаагийн цохилт, өшиглөлтөөс үүснэ. Үзлэг хийх үед арьсыг нь өөлж, зах ирмэгийг нь тэгшилж оёдог учраас шархыг мохоо, эсхүл хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх эсэхийг ялгах боломжгүй.

Оёдлын дараах шарх нь язарсан шарх гэж үзэж байна. Зах ирмэгийг нь өөлж, тэгшилж оёсон учраас язарсан гэж бичигдсэн юм. Хурц үзүүртэй зүйл буюу маслоны хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Хавтаст хэргийн зургаас харахад зах ирмэг нь тэгш, шарх байгаа учраас хурц ирмэг үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гаймор гэдэг нь хамар, хацар зэргийн хөндийг хэлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 101-102х/,

 

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарын гаргасан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 488 дугаартай дүгнэлтэд:

1. Л.Чулуунбаатар нь “F 07,8 Тархины гэмтлийн шалтгаант уналт, зан төрхийн өөрчлөлт” өвчтэй байна. Одоогоор өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Л.Чулуунбаатар нь болсон үйл явдлыг зөв тайлбарлах мэдүүлэх чадвартай байна.

2. Л.Чулуунбаатар нь амбулаториор эмчлүүлэгчийн картнаас №1688-тай 2011 оноос эмчийн хяналтанд байдаг гэх баримт байна.

3. Л.Чулуунбаатар нь “F 07,8 Тархины гэмтлийн шалтгаант уналт, зан төрхийн өөрчлөлт” өвчтэй байна. Л.Чулуунбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Л.Чулуунбаатар нь “F 07,8 Тархины гэмтлийн шалтгаант уналт, зан төрхийн өөрчлөлт” өвчтэй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 86-87х/,

 

8. Гэрч Б.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Уг F 07,8 гэмтлийн шалтгаант уналт, зан төрхийн өөрчлөлт өвчин нь тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн өвчин, зан төрхийн өөрчлөлт гэсэн өвчин юм. Тархины гэмтэл тархины органик өвчнүүд гэмтэлтэй үед зан төрхийн өөрчлөлт илэрч уурлах, бухимдах, нойр хүрэх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг өвчин юм. Л.Чулуунбаатарын хувьд тархины хавдар авхуулсан. Үүний улмаас унах өвчтэй болж улмаар ялимгүй зүйлд уурлаж бухимдах, нойргүйгээс өөртөө анхаарал халамж муу тавих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Энэ F 07,8 гэсэн нь гэмтлийн шалтгаант уналт, зан төрхийн өөрчлөлт өвчин нь сэтгэцийн өвчний онош мөн.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Л.Чулуунбаатар нь хэрэг хариуцах чадвартай байсан байна. Өөрөөр хэлэх юм бол Л.Чулуунбаатар нь өөрийн үйлдсэн нийгмийн хор аюулыг ухамсарлан, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Л.Чулуунбаатарын өвчин нь эмчилгээний үр дүн, сэтгэл зүйн байдлаас хамаарч янз бүр байна. Чулуунбаатар унаж татдаг өвчин илэрсэн үед өөрийнхөө үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох удирдах чадвар тухайн үеийн уналт таталт өвчнөөс шалтгаалж янз бүр байдаг. Уналт таталт өвчин илрээгүй үед хэвийн бөгөөд өөрийнхөө үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж удирдах чадвартай байна.

Уналт таталт өгсөн буюу ухаан балартсан үедээ болсон үйл явдлыг эргэж санахгүй, мэдүүлж чадахгүй. Ухамсар ухаан балартсан үед ямар нэгэн зорилготой учраас ухамсартай зорилготой үйлдэл хийх чадваргүй байна. Уналт таталт өгсөн үед ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 103-105х/,

 

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-6х/,

10. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, тогтоол, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хэргийн 34-37х/,

11. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 38-39/,

 

12. Хохирогч Д.Баттогтохын өвчний түүхийн хуулбар /хэргийн 130-139х/ болон түүний бичгээр гаргасан “Чулуунбаатараас эмчилгээний зардалд 3.300.000 төгрөг авсан тул гомдол саналгүй болно...” гэсэн хүсэлт /хэргийн 144х/,

 

13. Шүүгдэгч Л.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 3 сарын 02-ны өдөр 12 цагийн үед Яармагийн хуучин эцсийн буудал дээр буугаад зогсож байхад танил Сэр-Одтой тааралдсан. Тэгээд Отгонбаяр ахыг асуухад “Бямбатунгалаг гэх архичин эмэгтэйгийнд байж байна лээ” гэхээр нь золгох санаатай Сэр-Одтой ХУД-н 8-р хороо Сонсголонгийн 9-380 тоотод очсон юм. ...Ингээд гэрт ороод Отгонбаяр ахтай золгочихоод байж байхад гаднаас Мижиддорж, Чулуунбаатар гэх хоёр ах орж ирсэн. Тэгсэн Мижиддорж ах миний дээлний энгэрт зүүсэн байсан боксын спортын мастерын тэмдгийг хараад “чиний мастер гэж юу байдаг юм бэ” гээд хэрүүл өдөөд байхаар нь “дуугүй байгаарай хөгшин минь” гэж хэлээд байж байтал Мижиддорж ах миний урдуур гарах гээд зүтгэж байгаад хөл дээр гишгэчихсэн.

Тэгээд л гэнэт миний уур хүрээд барьцалдаж авахад араас Баттогтох ах босч ирээд Мижиддорж ахыг хамгаалах гэж оролдсон уу юу болсныг мэдээгүй, мах огтолж байсан жижиг маслоны хутгыг барьж аваад миний араас хатгах шиг болсон. Тэгэхээр нь би эргэж хараад Баттогтох ахыг баруун гараараа цохиод, барьцалдаж аваад хамт ширээ сандал руу нурж унасан.

Би тухайн үед Баттогтох ахтай ноцолдож байгаад гартаа барьсан хутгыг нь гараас нь булааж аваад нүүрийг нь зүссэн, мөн нүүр болон эрүү, хөмсөг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн Сэр-Од намайг салгаад гэрээс гарсан. Гэрийн гадаа Мишигээ гэх ах сүх бариад ороод ирэхэд нь Сэр-Од барьж аваад тавиулахаар нь би хашаанаас нь гараад явсан.

Би Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хяналтанд байдаг бөгөөд уурлахаараа биеэ барьж чадахгүй болдог юм. Тухайн үед зарим нэг юмаа мартаад сайн санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 112-115х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ө.Хонгорзул /хэргийн 73-74х/, Л.Ганболд /хэргийн 75х/ нарын мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 118х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 119х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 121х, 126х/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 41х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 9 сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 152-153х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байхаас гадна нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул шүүх хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

Шүүгдэгч Л.Чулуунбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-380 тоотод оршин суух иргэн Я.Бямбатунгалагийн гэрт иргэн М.Мижиддорж нь шүүгдэгчийг “чиний мастер гэж юу байдаг юм бэ” гэхэд “дуугүй байгаарай хөгшин минь” гэх зэргээр маргалдаж, барьцалдан авсан байхад уг гэрт орон дээр сууж байсан хохирогч Д.Баттогтох нь мах огтлон идэж байсан жижиг хутгаа барьсан байдалтай босож ирэхэд нь шүүгдэгч Л.Чулуунбаатар “өөрийг нь биш, Мижиддоржийг өмөөрлөө” гэсэн шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Баттогтохын гарт байсан хутгыг авч түүний нүүрэн тус газарт нь хутгаар зүсэх, нүүр лүү нь гараараа цохих, өшиглөх зэргээр түүний биед “...баруун хамар, гайморын ар хана, баруун нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралт, хоншоор ясны хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 - хохирогч Д.Баттогтохын: “...2017 оны 3 сарын 02-ны өдөр ... ХУД-н 8 дугаар хороо Сонсголонгийн 9-380 тоотод байх Бямбатунгалаг гэх эмэгтэйгийнд Мижиддоржийн хамт орсон. Бямбатунгалагийн гэрт ороод бууз жигнээд архи задлаад сууж байхад гаднаас Чулуунбаатар, Сэр-Од хоёр орж ирсэн. Тэгээд Чулуунбаатартай юу байна ахын дүү, ах нар нь сайн уу гэж мэндлээд байж байтал найз Мижиддоржтой маргалдахаар нь би больцгоо гэхэд Чулуунбаатар эргэж хараад мах хэрчиж байсан хутгыг аваад миний нүүр лүү цохих шиг болсон тэгээд би хойшоо унах үед дээрээс дарж байгаад нүүр лүү өшиглөсөн байсан. Би тухайн үед ухаан алдаад унасан байсан. Би их согтуу байсан.

Миний биеийн баруун хөмсөгний дээд хэсгээс нүдний урдуур, хамар хугалсан, эрүү хугалсан, баруун хацар цөмөрсөн зэрэг гэмтэлтэй болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-69х/,

 

- гэрч Б.Сэр-Одын: “...2017 оны 3 сарын 02-ны өдөр Л.Чулуунбаатар бид хоёр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-380 тоотод ... Мижиддорж ах нь ...Л.Чулуунбаатарын дээлнийхээ энгэртээ зүүсэн байсан боксын спортын мастерын тэмдгийг нь харчихаад агсараад “би наад тэмдгийг чинь зүүж байсан юм, чиний бокс тоглодог гэж юу байдаг юм” гэхэд Чулуунбаатар “халзан өвгөн дуугүй байгаарай” гээд сууж байсан чинь Мижиддорж ах гэрийн баруун талаар тойрч ирэхдээ газар тээглээд Л.Чулуунбаатарын өвөр дээр унасан. Тэгсэн Чулуунбаатар уурлаад Мижиддорж ахыг барьж аваад цохих гэхэд гэрийн хойморийн орон дээрээс Баттогтох ах босч ирээд Чулуунбаатарыг хойноос нь цохих шиг болсон. Тэр үед би Мижиддорж ахыг салгаад холдуулсан ба Баттогтох ах мах огтолж байсан жижиг маслоны хутгыг гартаа барьсан зогсож байсан. Тэгсэн нэг харахад  Л.Чулуунбаатар нь Баттогтох ахын дээр нь гарсан нүүрэнд нь гутлаараа дэвсэж байсан.... Би Чулуунбаатарыг салгаад гэрээс авч гарсан. Баттогтох ах ямар ч байсан хутга барьсан зогсож байсан..., хутгыг нь булааж авсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-77х/,

 

- гэрч Л.Батхүүгийн: “...2017 оны 3 сарын 02-ны өдөр ...Гэмтлийн эмнэлэг дээр очиход Бямбатунгалаг эгч Баттогтох ахын дээлийг барьсан зогсож байхаар нь “яасан бэ” гэж асуухад Чулуунбаатарт зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 78-79х/,

 

- гэрч Я.Бямбатунгалагийн: “... 2017 оны 3 сарын 02-ны өдөр ...Би тухайн үед хоол ундаа хийгээд байж байхад гэнэт зодоон болоод Малига хочтой Л.Чулуунбаатар шууд мах огтолж байсан цагаан иштэй жижиг маслоны хутгыг барьж аваад Баттогтох ахын нүүрэнд, толгой руу нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-81х/,

 

- Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...Миний гаргасан 3432 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтлүүдээс “баруун хамар, гайморын ар хана, баруун нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, хацар ясны хугарал, зүүн гайморын хөндийн цус хуралт хоншоор ясны хугарал гэмтэл” нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учраас хүндэвтэр зэрэгт хамаарна.

Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бүх гэмтлүүд нь олон удаагийн цохилт, өшиглөлтөөс үүснэ. Үзлэг хийх үед арьсыг нь өөлж, зах ирмэгийг нь тэгшилж оёдог учраас шархыг мохоо, эсхүл хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх эсэхийг ялгах боломжгүй.

Оёдлын дараах шарх нь язарсан шарх гэж үзэж байна. Зах ирмэгийг нь өөлж, тэгшилж оёсон учраас язарсан гэж бичигдсэн юм. Хурц үзүүртэй зүйл буюу маслоны хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Хавтаст хэргийн зургаас харахад зах ирмэг нь тэгш, шарх байгаа учраас хурц ирмэг үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гаймор гэдэг нь хамар, хацар зэргийн хөндийг хэлж байгаа юм...” гэсэн /хэргийн 101-102х/ мэдүүлэг болон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3432 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-6х/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 37х/, хохирогч Д.Баттогтохын өвчний түүхийн хуулбар /хэргийн 130-139х/ болон шүүгдэгч Л.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Чулуунбаатар нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 203 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж хянан харгалзан, хугацааг нэг жилийн хугацаагаар тогтоосон ба түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаа дуусч ялгүй болсон байх тул Л.Чулуунбаатар нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр ангиллын гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.   

 

Шүүгдэгчийн бусдын биед буюу хохирогч Д.Баттогтохыг цохиж, зодон түүний биед ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 03 сарын 13-ний өдрийн 3432 тоот дүгнэлтэд тусгагдсан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэтгэж шалган тогтоосон байх тул шүүх Л.Чулуунбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгч 3.300.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогч Д.Баттогтох нь эмчилгээний бүх зардлаа хүлээн авсан, гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн /хэргийн 144х, 146х/, байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Л.Чулуунбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Л.Чулуунбаатарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн иштэй хутга  1 /нэг/ ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу устгахаар шийдвэрлэв.     

 

Түүнчлэн шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэм хэрэгт анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Д.Баттогтох нь гомдол саналгүй гэснийг болон шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшин гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Цорс овогт Лувсандоржийн Чулуунбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Л.Чулуунбаатарт 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Чулуунбаатарт оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            

4. Энэ хэрэгт Л.Чулуунбаатар цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Д.Баттогтох нь гомдол саналгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Л.Чулуунбаатарт оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа нутаг дэвсгэрийг харъяалах Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Чулуунбаатарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД