2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/353

 

 

 

 

 

 

          

   2025         02          03                                                  2025/ШЦТ/353

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Б.Оргилболд,

Шүүгдэгч: М.Э , түүний өмгөөлөгч Ю.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 23090317917***  дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны**1 дүгээр сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, *** дүүргийн * дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Э , /РД:***** /. 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 тойргийн автобусны буудал дээр хохирогч Ч.А-тай утас хулгай хийсэн гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар цохиж зодсоны улмаас эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, зүүн алга, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 тойргийн автобусны буудал дээр хохирогч Ч.А-тай утас хулгай хийсэн гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар цохиж зодсоны улмаас эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, зүүн алга, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-н 23-24, 70-71 дэх тал/,

Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-н 26-27 дахь тал/,

Гэрч У.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-н 29-30 дахь тал/,

Сэжигтэн Ц.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-н 32-33 дахь тал/,

Сэжигтэн М.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-н 35-36 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12*** дугаартай шинжээчийн дүгнэлт, 1./Ч.А-ын биед эрүүн зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, зүүн алга, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2./Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3./Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааp сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 4./Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5./Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-н 41- 42 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 701 дугаартай материалаар хийсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт, 1./Ч.А-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 2./Хүзүүнд цус хуралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 3./Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4./Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-н 72-73 дахь тал/,

Шинжээч эмч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Ч.А-ын хүзүүнд цус хуралтаас бусад гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд хөнгөн зэрэгт хамраана” гэх мэдүүлэг, /хх-н 91 дэх тал/,

"Дамно" ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “...Айфоне 13 загварын гар утсыг 1.880.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт, /хх-н 55-57 дахь тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.Э  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ч.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч М.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол хор уршгийн хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба баримтаар 200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна. Мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг дурдаж байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын санд 120.000 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлүүлэх тухай саналыг гаргасан боловч Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Э-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ю.Балжидмаа нь шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай саналыг гаргаж байх боловч шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.

            Харин шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн хувьд маргахгүй оролцож байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС