| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 105/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/361 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/361
2025 02 03 2025/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Д.Аззаяа,
Хохирогч Б.Н,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 240606450**** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 0* дүгээр сарын 1*-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар ** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, Н.М-д /РД:****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “*** ” караокены гадна бусад руу пивоны шил шидсэний улмаас Б.Н-ыг онож, эрүүл мэндэд нь зүүн гуянд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь “2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “*** ” караокены гадна бусад руу пивоны шил шидсэний улмаас Б.Н-ыг онож, эрүүл мэндэд нь зүүн гуянд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найз М-н хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй баарнаас шөнийн 02 цагийн орчим гараад явж байхад бид хоёрын урд нэг хүүхэн, залуу хоёр хамт явж байгаа бололтой бас нэг залуутай хэрэлдээд яваад байсан. Тухайн үед найз бид хоёр нөгөө цуг явж байгаа хүүхэн залуу хоёрыг гүйцэт түрүүлээд урд нь гараад явсан. Харин тэр хоёртой маргалдаж байсан залуу найз бид хоёрын урд гараад явсан. Тэгтэл гэнэт араас нөгөө хүүхэн залуу хоёрын эмэгтэй нь пивоны шил шидсэн. Тэр эмэгтэй, бид хоёр урд гараад явсан нөгөө өөртэй нь маргалдаж байсан залуу руу Сэнгүр нэртэй пивоны бор өнгийн шил шидсэн байсан. Тэр шил нь миний зүүн гуяны ар хэсэгт ирж оноод, оногдсон хэсэгт 3-4 см хэмжээтэй зүсэгдсэн. Би эмнэлэгт очиж 5 оёдол тавиулсан. Тухайн шил шидсэн эмэгтэй улаан цайм шил шидсэнээ шидээгүй гээд Гүрийгээд өөдөөс хэрэлдээд согтуу байх шиг байсан. Тэгэхээр нь би өөрийн утаснаас Пагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж дуудлага өгсөн... Миний зүүн гуяны ар Хэсэгт зүсэгдсэн бөгөөд тэр зүсэгдсэн хэсэгт 5 оёдол тавиулсан. Одоо сууж босоход хүндрэлтэй чинэрч өвдсөн байдалтай байна. Өөр бэртэл гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгтээ очиж үзүүлсэн..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-ныг шилжих шөнө эхнэр М-н хамтаар эхнэр архи уучихсан явж байсан. Тэгтэл Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** ” караокены гадаа шорлог идэх гээд байж байх үед өмнө таньдаг байсан П гэдэг нэртэй эгч байсан ба тэр эгч нөхөртэйгөө хамт байсан. Тэгээд тэр хүнтэй хэдэн үг сольчихоод явах гэж байхад М П-гийн нөхөртэй маргалдаад байсан, тэгэхээр нь би дундуур нь ороод салгах үед намайг түлхэж цохиод байсан. Тэгээд М нь уурандаа газарт пивоны шилийг аваад П-гийн нөхөр рүү шидсэн тэгтэл П-гийн нөхөр бултаад цаана нь явж байсан хүний хөлний хойд хэсэгт нь оносон. Тэр хөл нь зүсэгдсэн эмэгтэйг М таниад байсан би бол танихгүй юм билээ. Тэгээд би эхнэр М г дагаад яваад өгсөн. Намайг М энэ хүмүүсийн талд орлоо гээд загнаад байсан. Тухайн хөлийг нь оносон хүний хөл нь жижиг хэмжээтэй ангайгаад шалбарсан, тэр ангархайнаас нь цус гараад байсан..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11840 дугаартай “Б.Н-ын биед зүүн гуянд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Н.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Н.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болно.
Хохирол хор уршгийн хувьд:
Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс 89. 600 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байна.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар байна.
Энэ талаар хохирогчид танилцуулсан болох хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан ба хохирогч болон шүүгдэгч нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэлээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 3.300.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Дээрх хохиролыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэмтлийн байдал, тухайн гэмтлээс болж хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг тус тус харгалзаж үзлээ.
Харин хохирогч нь гэрээр эмчилгээ хийлгэсэн тул тэр хохирлоо нэхэмжилнэ гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул гаргуулж шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.М г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Н.М гаас 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д олгосугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС