| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01940/И |
| Дугаар | 155/ШШ2020/02058 |
| Огноо | 2020-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2020/02058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг, .......... тоотод оршин суух, Бүргэд овогт Мандахын Нямдэлгэр /......................../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг ........... тоотод оршин суух, Барга овогт Хүрлээгийн Ганжигүүр /....................../ -т холбогдох
1.500.000 төгрөгийн үнэ бүхий 3 охин шүдлэн адуу гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 155/2020/01940/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч М.Нямдэлгэр, хариуцагч Х.Ганжигүүр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Нямдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхрийн хамт нөхрийн төрсөн эгчийн нөхөр болох Х.Ганжигүүрт тэрээр малчин бөгөөд тэднийхээс 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр 3 охин даага авахаар болж үнэнд нь 600.000 төгрөгийг төлсөн. Даага нүдэлж зүслээгүй шүдлэн болоод азарга гүү хураах үеэр авахаар тохирсон. Энэхүү худалдах худалдан авах гэрээг хийх болсон шалтгаан нь Х.Ганжигүүрээс мөнгөний хэрэг байна гэсний дагуу би мөн охин даага авах хүсэлтэй байсны дагуу хийх болсон гэрээ юм. 2020 он болж 3 охин шүдлэнгээ авах болоход өгөх боломжгүй бүр өгөхгүй гэсэн. Миний бие нэг охин шүдлэн адуугаа одоогийн ханшаар 500.000 төгрөгөөр үнэлэн тооцож байна.Иймд Х.Ганжигүүрээс 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 охин шүдлэн адуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Нямдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд манайх охин даага худалдаж авах, түүнийгээ мал болгож өсгөх зорилготой байсан ба нөхөр бид хоёр даага хэнээс авах талаар хоорондоо ярилцаад байж байтал Х.Ганжигүүртэй манай нөхөр утсаар ярьсан. Х.Ганжигүүр нь хүнээс асуугаад олоод өгье гэж хэлэхээр нь манай нөхөр даага авахаар тэднийх рүү явсан. Нэг хоноод гэртээ ирэхдээ Х.Ганжигүүр ахад мөнгөө өгсөн гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа адуугаа авсан уу гэж асуухад ах нь хоёрыг нь өгье, нэгийг нь хүнээс авахаар болсон гэж надад хэлсэн. Ингээд нөхөр бид хоёрын санаа амарч 3 адуу бүрдчихлээ, мөн миний хүүд сайн дураараа бэлэглэсэн нэг адуу нэмэгдээд 4 тооны адуутай болсон талаар хэлэлцээд шүдлэн болохоор нь хоёр дүү нь адуугаа авна шүү гэхэд За ах нь адуу малдаа тогтоогоод байж байна гэсэн юм. Тухайн үед унага байхад нь авч байсан. Хавар нь даага болоод энэ хавраас шүдлэн болсон. Шүдлэн болсон цагаас нь адуугаа авмаар байна гэж хэлээд нэмэр болоогүй ах нь өгнө өө одоохондоо боломж байхгүй байна, ахыгаа залгахаар ирээд аваарай гэсэн. Ингэж хэлсэн өдрөөс хойш хэд хоногийн дараа очиж асуухад бас боломжгүй байна гэж хэлээд өгөөгүй. 2020 оны буюу энэ зун Х.Ганжигүүр нь нэг тооны шүдлэн адуу, нэг тооны даага өгсөн. Гэхдээ энэхүү өгсөн даага, шүдлэн хоёр нь нэхэмжилж байгаа адуутай огт хамааралгүй. Яагаад хамаагүй гэхээр манай нөхрийг 2 шүдлэн адуу худалдаж авах гэж байхад нь 400,000 төгрөгийг нь аваад шүдлэн адуу өгнө гэсэн байсан. Ийм болохоор би нэхэмжлэлдээ үүнийг оруулж тооцоогүй. Даагыг нь яагаад оруулаагүй гэхээр манай нөхөрт хэлэхдээ хүүхдэд чинь өгч байгаа гэсэн юм билээ. Түүнийгээ шүдлэн болохоор нь авна гэснээрээ авах гэтэл алга болсон, ах нь одоо шүдлэн өгч чадахгүй хүүд чинь даага өгнө гээд өгсөн байсан болохоор нэхэмжлэлд энэ мөн хамааралгүй юм. Миний хувьд одоо 3 тооны шүдлэн адуугаа гаргуулж авмаар байна. Нөхөр бид хоёр энэхүү адууны маргаанаас байнгын хэрүүл маргаантай байх болсон ба сүүлдээ малаа авч чадахгүй юм бол ядаж мөнгөө авах талаар хоорондоо ярилцсан. Ямар санаа бодолтойгоор амьдралыг минь хохироогоод байгааг үнэхээр ойлгохгүй байна. Хүүхдүүдийн хичээл сургууль орох болоод мөнгө хэрэгтэй байна гэхээр Х.Ганжигүүрийн эхнэр нь уурлаад та нар мөнгө биднээс нэхдэг хэн бэ? Та нарт мөнгө өгөх ёсгүй гэж хэлдэг. Одоо би гурван адуугаа насаар нь авна гэж бодож байгаа учраас шүдлэн насны гурван тооны адууг Х.Ганжигүүрээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Ганжигүүр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Нямдэлгэртэй би ямар нэг дааганы наймаа хийгээгүй. Харин М.Нямдэлгэрийн нөхөр манай эхнэрийн төрсөн дүү болох Дэлгэрдалайгийн Өлзийсайхантай даага олж өгөхөөр харилцан ярилцсан зүйл байсан. Д.Өлзийсайхан надтай уулзаад 3 охин даага олж өгөөч ах гэхэд нь би тоглоомын газраас мөнгө сурсан хүн олдохгүй юм болов уу олж өгөхийг бодъё гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Өлзийсайхан надад 600.000 төгрөг өгсөн. Ингээд тухайн үед даага нь ч олдоогүй. Тоглоомын газар бэлэн мөнгө сурсан хүмүүс байдаг, тоглож байгаад мөнгөгүй болоод тэр үедээ малаа бэлэн мөнгө байгаа хүнд бага үнээр зардаг, энэ үед нь тоглоом тоглодог хүмүүсээс даага олдчихгүй юм болов уу? гэж л мөнгийг нь авч үлдсэн юм. Ингээд даагыг нь олж өгөөгүй учраас би 2019 онд Өлзийсайханаас авсан мөнгөний оронд хээр зүсний охин даага 1 ширхэг, хээр зүсний эр шүдлэн адуу 1 ширхэгийг тус тус өгсөн. Мөн 2019 оны хавар ноолууран дээрээс 100.000 төгрөгийг Өлзийсайханд бэлнээр буцаан өгсөн. Хадам дүү болох Өлзийсайхан гэр бүл болох Нямдэлгэрийн хамт манайхаас ямар нэг төлбөр өгөлгүй шинээр хийсэн ширээ, сандал, эрэгнэгийг түр тавьж байя гэж хэлээд аваад явсан. Ширээ сандлаа авъя гэхээр өгөхгүй байгаа. Одоо миний бие Өлзийсайхан, Нямдэлгэр нарт ямар нэг өр төлбөргүй гэж бодож байна. Харин Өлзийсайхантай эр хүмүүсийн хувьд ярих хэлэлцэх зүйл байж болно. Харин түүний эхнэр Нямдэлгэртэй ямар нэг наймаа арилжааны зүйл тэр тусмаа даага олж өгөх талаар яриа хэлээ хийгээгүй болно. Ийм учраас Нямдэлгэр надаас ямар нэг зүйл нэхэмжлэх зүйл байхгүй учир нэхэмжилж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч: Х.Ганжигүүр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний эхнэрийн төрсөн дүү болох н.Өлзийсайхан Чаагаа гэх залуугийн хамт сарлаг сурсаар манайд ирсэн юм. Тухайн үед надаас 3 охин даага олоод өгөөч гэхээр нь би тоглоомын газраас хямд олж өгөх боломжтой байх гэж харилцан ярилцсан. Тэгээд н.Өлзийсайхан надад 600,000 төгрөг үлдээгээд явсан. Би тоглоомын газраас охин даагыг нь олж өгөх гэсэн боловч олдоогүй. Олдохгүй болохоор нь 3 охин дааганых нь оронд хээр зүсмийн охин даага 1, хээр зүсмийн шүдлэн үрээ 1, нийт 2 тооны адууг ачиж аваачиж өгсөн. Би хүүд нь даага өгнө гэж амлаагүй, энэхүү ачиж аваачиж өгсөн даага бэлэгний адуу биш юм. Ийм учраас энэхүү 3 шүдлэн адуу гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. М.Нямдэлгэр бидний хооронд адуу өгөх авах талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй учир би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Нямдэлгэр нь хариуцагч Х.Ганжигүүрт холбогдуулан 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 охин шүдлэн адуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны өвөл 12 дугаар сард нэг бүрийн үнийг 200.000 төгрөгт тооцож 3 тооны охин даага худалдаж авахаар Х.Ганжигүүртэй нөхөр маань харилцан ярилцаж тохиролцоод нийт 600.000 төгрөгийг Х.Ганжигүүрт өгсөн. Одоо энэхүү 3 тооны даага шүдлэн настай болсон учир 3 тооны шүдлэн адууг хариуцагчаас гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэгч М.Нямдэлгэр бидний хооронд 3 охин даага худалдаж авах эсэх талаарх тохиролцоо огт хийгдээгүй. Түүний нөхөр н.Өлзийсайхан бидний хооронд энэхүү хэлцэл хийгдсэн. 3 охин дааганы оронд 1 тооны шүдлэн адуу, нэг тооны даага өгч авалцсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2018 оны 12 дугаар сард 3 тооны охин даага худалдах, худалдан авах аман хэлцэл нэхэмжлэгч М.Нямдэлгэр, хариуцагч Х.Ганжигүүр нарын хооронд хийгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод зохигчийн тайлбараар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх 3 тооны охин даага худалдах худалдан авах тухай хэлцлийг миний нөхөр н.Өлзийсайхан нь хариуцагч Х.Ганжигүүртэй хийсэн, бид нэг гэр бүл учир би өөрийгөө нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн хэмээн тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь н.Өлзийсайханыг өөрийн нөхөр гэдгийг нотолсон баримт, түүнийг төлөөлөх бүрэн эрхийг тодорхойлсон баримт /итгэмжлэл/-ыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иймд нэхэмжлэгч М.Нямдэлгэр, хариуцагч Х.Ганжигүүр нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Х.Ганжигүүрээс 3 шүдлэн адуу гаргуулахаар шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугара зүйлийн 7.1.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Ганжигүүрээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 3 тооны охин шүдлэн адуу гаргуулах тухай нэхэмжлэгч М.Нямдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Нямдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН