2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/459

 

 

 

 

 

 

   2025          02         11                                          2025/ШЦТ/459         

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Х.Билгүүн /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 241102466***5 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **6-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ** дүүргийн * дугаар хороо, ***тоотод оршин  суух хаягтай боловч *** дүүргийн * дүгээр хорооны *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 712 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх зүйлд зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1065 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.Д.Б, /РД:****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ***  дэлгүүрийн баруун талд байрлах Алт мөнгөний төвийн лангуунаас Iphone 14 pro mах загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ү.А д 2.350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Д.Б  нь “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ***  дэлгүүрийн баруун талд байрлах Алт мөнгөний төвийн лангуунаас Iphone 14 pro mах загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ү.А д 2.350.000 төгрөгний хохирол учруулсан нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 335,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ү.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ***  дэлгүүрийн баруун талд байх алт мөнгөний төв дотор лангуу түрээслэн ажиллуулдаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд лангуугаа нээгээд байж байх үед эрэгтэй эмэгтэй 2 хүн ирээд надаас худалдан авалт хийсэн. Энэ үед би орлогоо шалгасан бөгөөд дахин эрэгтэй эмэгтэй 2 хүн ирээд бараа үзэхээр нь гар утсаа сандал дээрээ тавиад бараа үзүүлж байгаад гар утсаа авах гэсэн боловч миний гар утас байхгүй болсон байсан. Иймд би цагдаагийн байгууллагад хандах болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,

Гэрч Ч.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би *** гар утас худалдааны төвийн **-д *** дугаартай лангууг түрээслэн ажиллуулдаг. Тухайн өдөр ажлынхаа гадна талд явж байх үед манай ажлын ойр орчимд буддаг ном кофе зардаг хүн гар утас зарах гээд ченж нартай уулзаж байхаар нь би очиж хараад ярилцах үед манай дүүгийн гар утас байгаа юм кодыг нь тайлж чадахгүй байна. Иймд зарах гэж байгаа юм гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд уг гар утсыг сэлбэг болгоод зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30 дугаар хуудас/,

"Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЧД1-24-1090 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 12-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б  нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 2.350.000 төгрөгийн хохирол учирсан байна. 

Иймд шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ү.А-д 2.350.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь гар утсыг буцаан өгч хохирол төлбөрийг барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТҮВШИНТӨГС