Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Отгонтуяа,

Шүүгдэгч Н.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Нанжидын Батдоржид холбогдох эрүүгийн 201726030504 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 07-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамж, 176А тоотод оршин суух, “ Тавин-Ус ” ХХК-нд жолооч ажилтай, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ЗЮ83051715 / Отгон овогт Нанжидын Батдорж нь:

- 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлын хажууд 42-19 УНП улсын дугаартай Нисэх-7 буудал чиглэлийн автобусны жолооч С.Мөнхгэрэлийг “гарц хааж машинаа тавилаа” гэж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: / хх 15-16/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх 17/,

Хохирогч С.Мөнхгэрэл хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед би Нисэхийн эцсийн автобусны буудал дээр автобусаа байрлуулаад өдрийн цайндаа орж дуусаад хүн суулгаж байтал хойд талаас цагаан өнгийн Бонго маркийн ачааны автомашин сигнаалдаад байсан юм. Тэгэхээр нь би автобуснаас буугаад нөгөө Бонго маркийн автомашин дээр очоод “би хүнээ ачиж байна, 5 минутын дараа гарна, автобусны зогсоол дээрээ зогсож байна” гэж хэлэхэд “энэ урд талын автобусны жолооч хэн бэ” гэж асуухаар нь “би байна” гэж хэлэхэд “энийгээ зайлуул пизда минь, ачаа ачиж явж байна, би эмнэлгийн юм ачаад явж байна, ална чамайг, пизда минь, хоёулаа үзье, зодолъё” гээд байхаар нь би “чамтай зодолдохгүй” гэж хэлэхэд миний багалзуурнаас базаад намайг шаттай хэсэг рүү чирч оруулаад унагааж байгаад миний баруун талын хавирганы хэсэг рүү нэг удаа өшиглөчихөөд буцаад яваад өгсөн. Тэгээд намайг шатаар өгсөөд гарч ирэхэд нөгөө залуу баруун гараараа миний нүүр рүү үгийн зөрүүгүй нэг удаа цохихоор нь би гараа савахад цохиж чадаагүй юм. Тэгэхэд намайг заамдаж аваад чирээд доош нь унагааж байгаад шатны наана өсгийгөөрөө хэвлийн хэсэгт нэг удаа дэвссэн. Тэр үед би амьсгалж чадахаа больсон. Тэгээд би автобусандаа ороод сууж байтал араас нөгөө залуу ирээд “чи надаас мөнгө авах уу? яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд над руу утсаа далайгаад цохих гээд байсан. Тэгээд би автобусаа жолоодоод яваад өгсөн. Тэр залуу машиндаа суугаад яваад өгсөн. Намайг “автобусаа холдуулсангүй” гээд хэлэхээр нь би “энд зогсох ёстой, 5 минутын дараа автобусаа холдуулъя” гэж хэлэхэд шууд над руу хүрч ирээд дайраад багалзуурдаж авсан юм. Тэр залуу миний хоолойноос багалзуурдсан, хавирганы хэсэгт нэг удаа өшиглөсөн, хэвлий хэсэг рүү нэг удаа дэвссэн…” гэжээ. / хх 19-21/,

Гэрч Г.Ариунзаяа хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “... 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр С.Мөнхгэрэл над руу яриад “би Нисэхийн эцэс дээр хүнд зодуулчихлаа, цагдаад хандахад шүүх эмнэлэг ор гэж хэлсэн. Би шүүх эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн. Шүүх эмнэлэг дээр нөхөр С.Мөнхгэрэлтэй уулзахад элэгний хэсэгт дэвссэн гээд хөхөрсөн байсан. Хүзүү нь маажуулсан, зүүн талын хавирганы хэсэгт хөндүүр, хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр автобусаа жолоодож чадахааргүй болоод автобусыг нь бааз дээр нь хүлээлгэж өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулж, эход харуулсан...” гэжээ. / хх 22-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹ 4795 тоот дүгнэлтэнд:

1. С.Мөнхгэрэлийн биед тархи доргилт, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. / хх 26/,

Шүүгдэгч Н.Батдоржийг 2017.04.26-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 32-35 /,  2017.05.10-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 36-38/,

Шүүгдэгч Н.Батдоржийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 40/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот шийтгэх тогтоолын хуулбар / хх 43-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батдорж мэдүүлэхдээ: Би 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйлдвэрийнхээ хашаа руу орох гэтэл хашааны хаалгыг хаагаад автобус зогссон байхаар нь С.Мөнхгэрэлийг “автобусаа холдуулчих” гэсэн чинь С.Мөнхгэрэл намайг “эмнэлгийн тэрэг барьсан цагдаа юу чи” гэснээс болж маргалдаад бид харилцан цохилцсон. Өмнө нь С.Мөнхгэрэлийг таньдаггүй байсан. Бидний хооронд өс хонзон байхгүй. С.Мөнхгэрэлийн биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. С.Мөнхгэрэлд эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлж барагдуулсан. С.Мөнхгэрэл бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна  Ахиж ийм хэрэг хийхгүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Батдорж нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлын хажууд 42-19 УНП улсын дугаартай Нисэх-7 буудал чиглэлийн автобусны жолооч С.Мөнхгэрэлийг “гарц хааж машинаа тавилаа” гэж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “...Би Нисэхийн эцсийн автобусны буудал дээр автобусаа байрлуулаад өдрийн цайндаа орж дуусаад хүн суулгаж байтал хойд талаас цагаан өнгийн Бонго маркийн ачааны автомашин сигнаалдаад байсан юм. Тэр залуу намайг “автобусаа холдуулсангүй” гээд хэлэхээр нь би “энд зогсох ёстой, 5 минутын дараа автобусаа холдуулъя” гэж хэлэхэд шууд над руу хүрч ирээд дайраад багалзуурдаж авсан юм. Тэр залуу миний хоолойноос багалзуурдсан, хавирганы хэсэгт нэг удаа өшиглөсөн, хэвлий хэсэг рүү нэг удаа дэвссэн гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн хохирогч С.Мөнхгэрэлийн мэдүүлэг / хх 19-21/,

- “...Шүүх эмнэлэг дээр нөхөр С.Мөнхгэрэлтэй уулзахад элэгний хэсэгт дэвссэн гээд хөхөрсөн байсан. Хүзүү нь маажуулсан, зүүн талын хавирганы хэсэгт хөндүүр, хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулж, эход харуулсан гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн гэрч Г.Ариунзаяагийн мэдүүлэг / хх 22-24/,

- “… хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4795 тоот дүгнэлт / хх 26 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Батдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Батдорж нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн боловч түүний ялгүйд тооцох хугацаа нь 2015.08.11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан хэсэгт хамрагдаж байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мөнхгэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан /хх-ийн 26/, хохирогч С.Мөнхгэрэлд учруулсан 800.000 / найман зуун мянган/ төгрөгний хохиролыг нөхөн төлсөн тул энэ шүүх хуралдаанд хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заажээ.

Шүүгдэгч Н.Батдоржийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч С.Мөнхгэрэл нь "...Н.Батдоржтой сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, түүнийг уучилсан..." гэсэн хүсэлтийг шүүхэд  ирүүлсэн тул шүүгдэгч Н.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                           

                                                                                              ТОГТООХ нь:

1. Отгон овогт Нанжидын Батдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нанжидын Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй Н.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Н.Батдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоусгай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Батдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД