| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2007003250230 |
| Дугаар | 2021/ДШМ/110 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ДШМ/110
Г.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Г.Эд холбогдох эрүүгийн 2007003250230 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
..........................., 19......... оны ......... дүгээр сарын ................-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 3 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг тогтоолыг хянуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн;
Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 3-4 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Уийг 2019 оны 10 дугаар сард нүүр рүү нь түлхэх, галын дэгээ төмөр авч нуруу руу нь 2-3 удаа цохих, хоолойг нь гараараа боох, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үед үсдээд чирэх, хоолойг нь багалзуурдах, нүүрэн тус газар нь цохих зэргээр, 6 дугаар сарын 30-ны өдөр “чамайг ална” гээд нуруун тус газарт нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Э “...2019 оны 10 дугаар сард юу болсныг санахгүй байна. 2020 оны 3 дугаар сарын 16-нд эхнэр ажлынхантайгаа айлд байхаар нь би орой очиж авах үед согтуу байсан. Тэгээд “цаг орой болсон байна, эртхэн харихгүй яасан юм” гэж маргалдаад нэг цохисон. 2020 оны 6 дугаар сарын 30-нд ...маргалдаад гэр рүү орох гэж байхад нь араас нь түлхсэн чинь цагдаа дуудсан. ...Тухайн үед намайг согтуугаар машин барьсан гэж эрүүлжүүлсэн.” гэх, хохирогч Т.У “ ...Хэсгийн цагдаа байж байхад хэрүүл болсон чинь хэсгийн байцаагч “нөхөр чинь согтуу байна, согтуу жолоо барилаа” гээд автын цагдаа дуудсан. Тухайн өдөр хэрүүл маргаан хийгээд согтуу байсан болохоор аваад явсан.” гэх мэдүүлгүүд болон улсын яллагчийн судалсан /хх 16-17/ гэрч Э.Нарангэрэл, /хх 21-22/ Ж.Энхтайван нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд 2019 оны 10 дугаар сар, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь хэзээ, хаана, яаж үйлдсэн эсэх, гэрч хохирогчийн мэдүүлгээс үзэхэд 2020 оны 6 дугаар сарын 30-ны үйл баримт “архи удаа дараа уулаа” гэх шалтгаан болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй, мөн хэсгийн байцаагч Батбаяр нь тухайн үед байсан гэх тул цаг хугацаа болон ямар шалтгаанаар замын цагдаад дуудлага өгсөн талаар тодруулах зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн шаардлагатай нийцэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байхад 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн түүний үйлдлийг нэгтгэж шалгалгүй 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 175 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...Г.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй зэргийг цаашид анхаарах. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасны дагуу Монгол овгийн Гантөмөрийн Энхтүвшинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007003250230 дугаартай хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс энэ хэргийг нэгтгэн шалгаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг дутуу шалгасан гэх үндэслэлээр прокурорт буцаасан. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хэрэгт цугларсан болон яллах дүгнэлтэд авагдсан хохирогч Т.Уийн “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Энхтүвшин гэрээ янзлах гээд буулгачихсан хэрнээ буцааж барьсан юмгүй хадмын гэрт согтуу унтаж байхаар нь би уур хүрээд аав ээжийнхээ гэр рүү явсан. Тэгээд 7 дугаар хорооны хэсгийн байцаагч руу очоод “манай нөхөр архи дарс уугаад байна” гэж хэлээд дагуулаад гэртээ ирэхэд манай нөхөр босоод гэрээ барьчихсан байсан. Тэгээд хэсгийн байцаагчийн хажууд маргалдаж байгаад гэр рүү ороход намайг “хурдан яв” гээд нуруу руу гараараа нэг удаа цохисон. Тэрнээс хойш нуруу хөхөрчихсөн хэд хоног хөндүүр явсан. ...2019 оны 10 дугаар сарын дундуур нэг шөнө манай нөхөр Энхтүвшин гэртээ согтуу ирэхэд нь би босож хаалга тайлахад “ямар удаан хаалга тайлдаг юм бэ” гээд маргалдаж намайг нүүр рүү түлхээд галын дэгээ төмөр авч нуруу руу 2-3 удаа цохиод барьж аваад хоолой гараараа боосон. Тэр үед нуруунд цохисон газар нь хөхөрч, хүзүү улаасан байсан ...2020 оны 3 дугаар сарын 16-ны үед манай ажлынхан Энгэршандад байдаг Өнөрөө эгчийн гэрт нь суугаад архи дарс ууж байгаад би жаахан согтоод унтаад өгсөн юм. Шөнө нөхөр авахаар айлд орж ирээд, чирч гаргаад гадаа үснээс зулгааж, чирээд нэлээн хэдэн удаа бие, нүүр рүү цохиод машины арын хаалга онгойлгож суулгаад дээрээс бие рүү цохиж зодсон. Тэр үед миний баруун нүдний зовхи хөхөрч, нуруу бие хаа хөндүүр болсон. Ажилдаа явж чадаагүй 7 хоносон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Нарангэрэлийн “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ...Энхтүвшин нь Ууганцэцэгийг “алнаа чамайг” гээд нуруу хэсэгт нь нэг удаа чанга цохисон. Тэгэхээр нь би “чи яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ” гэхэд Энхтүвшин “наад гичий чинь урд тээг болоод хурдан орохгүй байна” гэж хэлсэн. Гэрт нь аав, ээж нь байхгүй байсан. ...2019 оны хэдэн сард хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Охин над руу залгаад уйлаад “Энхтүвшин намайг зодоод байна” гэж хэлэхээр нь би гэрт нь очиход Ууганцэцэг уйлаад гар, хөл нь хөхөрсөн байсан. 2020 оны 3 дугаар сард байхаа шөнө 1 цагийн үед Энхтүвшин манай охиныг нүдийг нь хөх болтол нь зодсон байсан. Тэр үед би цагдаад хэлээгүй...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Эгийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...намайг Ууганцэцэг “гэр орноо янзалчихгүй архи дарс уулаа” гээд хэрэлдэхээр нь би ч уурлаад хэрэлдчихсэн гэрээ буулгачихаад хатаах гээд буцаж бариагүй байсан юм. Тэгээд би уурлаад гэр рүү орохдоо Ууганцэцэгийн нуруу руу нь нудраад түлхчихсэн. ...2019 оны сүүлч үеэр байсан санагдаж байна. Цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Би гаднаас гэртээ согтуу орж ирэхэд намайг Ууганцэцэг “архи уулаа” гээд уурлахаар нь би галын дэгээ төмрөөр нэг удаа нуруу руу нь цохиж байсан. Мөн 2020 оны 3 дугаар сард манай эхнэр Ууганцэцэг ажлынхантайгаа гарчихаад шөнө утсаа авахгүй байхаар нь эхнэр Ууганцэцэгийн байгаа айлын гадаа очиж Ууганцэцэгийг суулгаад авч явахад надтай явахгүй ажлынхантайгаа явна гэхэд нь зууралдаж нүд рүү нь цохисон асуудал бий...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгчийн захирамжид дурдсан “гэмт хэрэг хэзээ, хаана яаж үйлдэгдсэн, 2020 оны 6 дугаар сарын 30-ны үйл баримт нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсэхэд эргэлзээтэй” гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдэгдсэн нь тодорхой, мөн гэмт хэрэг гарахад архидалт нөлөөлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдоос өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогчийн “2019 оны 10 дугаар сарын хэдний өдөр зодсоноо санахгүй байна” гэх, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны сүүлч үеэр байсан санагдаж байна, цаг хугацааг нь тодорхой санахгүй байна” гэх, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...2016 оны 10 дугаар сард юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэгт үндэслэж тухайн үед хохирогчийн “согтуугаар нүүр рүү түлхээд галын дэгээ төмөр авч нуруу руу 2-3 удаа цохиод барьж аваад хоолой гараараа боосон” гэх үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн нь эргэлзээтэй, хэзээ үйлдэгдсэн өдөр нь тодорхойгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байхад 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн түүний үйлдлийг нэгтгэж шалгалгүй 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 175 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж дүгнэсэн нь хэний үйлдсэн ямар хэргийг нэгтгэн шалгаагүй болох, 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоол Г.Эгийн үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой болох талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой гараагүй, шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр байна. Шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг тодруулбал Г.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 8-наас 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг согтуугаар үйлдэж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 175 тоот шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн байх ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад буюу 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан байна. Үүнээс харахад шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан зарим хэрэгтээ шүүхээр ял шийтгүүлсэн байна. Иймд шүүгдэгч Г.Эгийн үйлдсэн дээрх 2 гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-д зааснаар тус тусад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой ба энэ нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээс ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу Г.Эд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжид “...шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй...” гэж хэрэгт хэд хэдэн яллагдагч холбогдсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлээгүй байхад прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасныг үндэслэж хэргийг буцаасан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 421 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Г.Эгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.У нь 2019 оны 10 дугаар сар, 2020 оны 3 дугаар сарын 16, 6 дугаар сарын 30-ны өдөр болсон асуудлын талаар тодорхой, тогтвортой тайлбар, мэдүүлэг өгчээ.
Мөн шүүгдэгч Г.Э нь өмнө нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу энэ гэмт хэргээс өөр төрлийн хэрэгт ял шийтгүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтанд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлзээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ.
Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ