| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2020/02042/И |
| Дугаар | 155/ШШ2020/02080 |
| Огноо | 2020-12-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2020/02080
| 2020 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2020/02080 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух, Их мэргэд овогт Ганхуягийн ******* /......................./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух, Өндөр овогт Батдэлгэрийн******* /................/-д холбогдох,
хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 155/2020/02042/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.Чойжинжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Чойжинжав бид хоёр 2007 оноос үерхэж эхлээд тус тусдаа амьдардаг байсан. Бид тусдаа гараагүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Бат-Очирыг төрүүлсэн. 2019 оноос хүүг төрснөөс хойш хүү бид хоёр дээр Б.Чойжинжав ирэхээ больсон. Тэгээд гэр бүлээс гадуур харилцаа байнга үүсгэж явдаг болсон. Одоо шүүхээс хүү Н.Бат-Очирын эцэг нь Б.Чойжинжав мөн болохыг тогтоолгож, Б.Чойжинжаваас хүү Н.Бат-Очирт тэтгэлэг гаргуулж өгнө үү...Хүү Н.Бат-Очир нь миний асрамжид эрүүл саруул бойжиж байгаа....гэв.
Хариуцагч Б.Чойжинжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Г.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү Н.Бат-Очир нь миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлгийг хуулинд заасны дагуу төлнө...Бид 2007 онд танилцаад 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Бат-Очир төрсөн. Н.Бат-Очир миний хүүхэд мөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөоч байна....Ээж Г.*******ийн асрамжид байдаг....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Б.Чойжинжавт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Чойжинжав нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй болно.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.Чойжинжав нарын дундаас 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Бат-Очир төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Бат-Очирын төрсөн эцгээр Б.Чойжинжавыг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Чойжинжав нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Н.Бат-Очир нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Чойжинжаваас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Н.Бат-Очирыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чойжинжаваас хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Бат-Очир нь 1 нас 8 сартай байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206,000 төгрөгийн 50 хувь болох 103,000 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Чойжинжав төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Н.Бат-Очирт сар бүр төлөх тэтгэлэг 103,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,236,000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,214 төгрөг, нийт 104,414 төгрөгийг хариуцагч Б.Чойжинжаваас гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.*******д, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Чойжинжавт, хариуцагч Б.Чойжинжав зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Бат-Очир /......................../-ын төрсөн эцэг Өндөр овогт Батдэлгэрийн******* /...................../ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Бат-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Чойжинжаваас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.*******д, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Чойжинжавт тус тус мэдэгдсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Б.Чойжинжав зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн 104,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чойжинжаваас улсын тэмдэгтийн хураамж 104,414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ