| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/0010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/424 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/424
2025 02 07 2025/ШЦТ/424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Н.Энхтулга,
Хохирогч Л.Г , түүний өмгөөлөгч Б.Энхтунгалаг
Шүүгдэгч В.О , түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.О-д холбогдох эрүүгийн 230903569**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1**** оны 0* дүгээр сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, “****”-нд сүлжээ *** хариуцсан менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, 5 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. В.О-, /РД:**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.О нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо *** таурын *** тоотод хохирогч Л.Г тай “Чи даргад намайг нуруунаас хутга шаадаг гэж хэлсэн байсан" гэх шалтгаанаар маргалдаж зүүн чих хэсэгт нь гараараа цохиж, түлхэж унаган биед нь дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, эрүү, баруун гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.О нь “...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо *** таурын *** тоотод хохирогч Л.Г-тай “Чи даргад намайг нуруунаас хутга шаадаг гэж хэлсэн байсан" гэх шалтгаанаар маргалдаж зүүн чих хэсэгт нь гараараа цохиж, түлхэж унаган биед нь дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, эрүү, баруун гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Л.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ммэдүүлэг /хх-ийн 60-1 дүгээр хуудас/,
Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 148** дугаартай: "...1.Л.Г гийн биед дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, эрүү, баруун гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 6. Дээрх гэмтлүүдээс дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү, баруун гарын шууны цус хуралт, хүзүүний зулгаралт нь 2.6- д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Э-н 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ** дугаартай "...Л.Г-гийн дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, эрүү баруун гарын шуун цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтлүүдээс дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 98-200 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч В.О нь: “...Тухайн өдөр Э дарга, эмч О н, эмч Г бид дөрөв ажлынхаа амралтын өрөөнд хоёр шил вино уусан. Манай дарга болох Э явсны дараагаар бид хоёр маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нөхцөл нь миний цалингийн асуудлаас болсон. Г эмч нь О эмчийг тойраад над руу хүрж ирсэн бөгөөд тухайн маргаан бужигнаан дунд гэнэт Г эмч сонсохгүй байна гэж хэлсэн. Би энэ хүний биед халдаагүй, цохиж, зодоогүй...” гэснийг,
Хохирогч Л.Г нь: “...Тухайн өдөр манай даргын төрсөн өдөр болж байсан. Манай ажлынхан даргын төрсөн өдрийг тэмдэглээд суусан. Бид хэд төр өдөр вино уусан. О оны сүүлчээр нэлээн уур бухимдалтай, стресстэй байсан ба миний зүүн талын чих бага байхын цооронхой муу юм сонсдог. Тухайн өдөр маргалдаж О миний баруун талын чих рүү алгадаж сонсголгүй болгосон. Энэ явдлын улмаас миний чихний хэнгэрэг цоорсон. Миний тархид цус хурсан байсан. Намайг эмнэлгээр үзүүлж явж байхад О 200.000 төгрөгтэй ирээд гомдлоо авчих гэж хэлсэн. Энэ хэрэг гарснаас хойш надаас уучлалт гуйгаагүй. Би 15 сарын хугацаанд ажилгүй байсан тул ажилгүй байх хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байна, мөн сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч В.О нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Л.Г гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч В.О г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг хөдөлбөргүй тогтоосон баримт авагдаагүй, хохирогчийн биед санаатай халдаагүй маргалдаж байх явцдаа санаандгүй байдлаар хохирогчийн биед гэмтэл учруулсан байх магадлалтай, мөн түүнчлэн аргагүй хамгаалалт хийсэн байхыг үгүйсгэхгүй гэж мэтгэлцсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” байхаар хуульчилсан.
Гэтэл хэрэгт авагдсан нөхцөл байдлаас үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогч Л.Г , шүүгдэгч В.О нар нь хоорондын таарамжгүй харилцааны явцад маргалдаж, харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдсаны улмаас хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ.
Хохирол хор уршгийн хувьд:
Хохирогч Л.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс 4.567.996 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирогч нь Эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд 5.471.098 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар байна.
Энэ талаар хохирогчид танилцуулсан болох хавтаст хэргийн 203 дугаар хуудсанд авагдсан ба хохирогч болон шүүгдэгч нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэлээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 3.300.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын шатанд дээрх хохирлуудаас эмчилгээний зардал болох 4.567.996 төгрөгийг, мөн сэтгэл санааны хохирол болох 3.300.000 төгрөгийг хохирогч С.Г д тус тус төлж барагдуулжээ.
Харин хохирогч Л.Г нь өөрт учирсан гэмтлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч улмаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.471.098 төгрөгийг түүний төлбөрт төлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдгээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн төлүүлэхээр зохицуулсан тул хохирогч Л.Г гийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр болох 5.471.098 төгрөгийг шүүгдэгч В.О гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогч нь ажилгүй байх үеийн цалин хөлсийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй байх тул ажилгүй байх үеийн цалин хөлстэй холбоотой болон цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч В.О г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч В.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.О д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч В.О гаас 5.471.098 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон ажилгүй байх үеийн цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС