Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/02146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/01862/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ......... тоотод оршин суух, регситрийн дугаар ..........., Малгайт овогт Чинбатын Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн .............тоотод оршин суух, регситрийн дугаар ................., Барнууд овогт Нэргүйн*******т холбогдох 18.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Мөрөн сумын 10 дугаар багийн ......... тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс хууль ёсны эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ч.******* нь 2014 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг Нэргүйн*******ээс 4.000.000 төгрөгөөр үнэлж авахаар болсон. Тухайн үед бид хашааг худалдан авахдаа 3.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Харин үлдэгдэл мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгөх гэтэл Н.Эрдэнэцэцэгийн таньдаг******* гэх залуу надад 1.000.000 төгрөгөө өгчих, би энэ мөнгөний оронд Н.Эрдэнэцэцэгт намар мал таргалахаар мал өгчихье гэсэн. Би энэ талаар Н.Эрдэнэцэцэгт хэлэхэд бид 2 мал худалдан авч, зарах асуудлаар байнга харилцдаг гээд хүлээн зөвшөөрсөн. Иймд би үлдэгдэл төлбөр болох 1.000.000 төгрөгийг*******д өгсөн. Намайг хашааг худалдан авах үед уг хашааны бичиг баримт гараагүй байсан тул тухайн үед бичиг баримтыг би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бичиг баримт гарсаны дараа надад шилжүүлж өгөхөөр тохиролцож хэлцэл хийсэн. Би төлбөрийг бүрэн төлсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардахад н.Сундуйн өгсөн мал нь та нарын өгсөн мөнгөн дүнд хүрэхгүй муу мал өгсөн. Тийм учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгч чадахгүй гэх болсон. Энэ талаар*******гаас тодруулахад тийм асуудал байхгүй. Би Н.Эрдэнэцэцэгт уг мөнгөнд хангалттай мал өгсөн гэж тайлбарладаг. Бид уг хашаанд 8х8 хэмжээтэй байшин барьсан. Бид байшингаа одоо 18.000.000 төгрөгөөр үнэлж байна. Н.Эрдэнэцэцэг нэгэнт газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг надад шилжүүлж өгөхгүй байгаа тул хариуцагч Н.Эрдэнэцэцэгээс байшингийн үнэ болох 18.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөрөн сумын иргэн Малгайт овогт Чинбатын ******* нь надаас 18.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэл үндэслэлгүй болох талаар дараахь тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1.Нэхэмжлэлд Миний бие Ч.******* нь 2014 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг Нэргүйн*******ээс 4.000.000 төгрөгөөр үнэлж худалдан авахаар болсон гэжээ. Иргэн Ч.******* нь тухайн хашааг 2014 оны 7 сарын орчимд надаас худалдан авсан нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан 4.000.000 төгрөгөөр биш 5.000.000 төгрөгөөр худалдан авсан билээ. Гэтэл 4.000.000 төгрөгөөр авсан гэж нэхэмжлэлдээ бичсэн нь түүний шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэлгүй болохыг харуулж байна.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт Би төлбөрийг бүрэн төлсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардахад ... газар эзэмших гэрчилгээг шилжүүлж өгч чадахгүй гэх болсон гэж бичсэн байна. Ч.******* нь 3.000.000 төгрөгийг надад бэлнээр өгч үлдсэн 2.000.000 төгрөгийг авлагатай байсан гэх*******д ацаглаж надад өгүүлэхээр болсон боловч******* нь арайхийж 1.000.000 төгрөгийн мал өгөх замаар хааж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Гэтэл иргэн Ч.******* нь хашааны төлбөрийг бүрэн төлсөн гэж шүүхэд бусдыг төөрөгдөлд оруулах зорилготой худал мэдүүлэг өгсөн байгаа нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болохыг нотолж байна гэж үзлээ. Ер нь иргэн Ч.Баттулгыг хууль бусаар мөнгө хүүлэн амьдардаг, зальтай этгээд гэдгийг Мөрөн даяараа мэднэ шүү дээ.

3. Өнөөдрийн байдлаар миний эзэмшилд байгаа хашаанд надад хэлэлгүйгээр байшин барьчихаад надаас байшингийн үнийг нэхэмжилж байгааг огт ойлгохгүй байна. Миний зүгээс иргэн Ч.******* нь хашааны үнийн үлдэгдэл болох 1.000.000 төгрөгийг өгчихвөл газар эзэмших гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхэд бэлэн байгаа. Иргэн Ч.Баттулгын зүгээс миний эзэмшлийн газар дээр барьсан байшинг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, Мөрөн сумын иргэн Ч.Баттулгын зүгээс байшингийн үнэ 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Нэргүй овогтой******* нь ам бүл 6, өөрийн ах, хүүхэд, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан төрсөн дүүгийн 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй билээ. Миний бие өөрийн эзэмшилд байсан Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг 2014 онд иргэн Ч.Баттулгын хүсэлтийн дагуу 5.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 3.000.000 төгрөгийг хүлээж авсан билээ. Түүнээс хойш Ч.******* нь хашааны үнийн үлдэгдэл болох 2.000.000 төгрөгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Нэгэнт үлдэгдэл мөнгөө өгч тооцоогоо бүрэн хийгээгүй тул тухайн хашааны газрын гэрчилгээг шилжүүлж өгөөгүй нь үнэн. Гэтэл нэг өдөр шүүхийн дуудсанаар ирээд Мөрөн сумын иргэн Ч.******* нь надаас миний хууль ёсны эзэмшлийн газар дээр барьсан гэж байгаа байшингийн үнэ гэж 18.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болохыг олж мэдлээ. Түүний нэхэмжлэлтэй танилцах хүртэл иргэн Ч.Баттулгыг миний эзэмшлийн газар дээр байшин барьсныг огт мэдээгүй ба тэрээр байшин барих талаар надад мэдэгдээгүй, юу ч хэлээгүй юм. Би үнэхээр гайхаж байна. Бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр байшин барьчихаад үнийг нь надаас нэхэж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд огт нийцэхгүй байна. Миний бие өөрийн эзэмшлийн газраа түүний хууль бус эзэмшлээс буцаан авч, иргэн Ч.*******ас авсан 3.000.000 төгрөгийг эргүүлэн өгөхөөр шийдлээ.

Иймд Мөрөн сумын иргэн Ч.*******тай Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түүний хууль бус эзэмшлээс миний хууль ёсны эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн иргэн Нэргүйн*******ийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ч.******* би анх 2014 онд хашааны газар худалдаж авах зорилгоор хүмүүсээс сураглахад*******сүрэн гэгч танил хүн 10 дугаар хороонд нэг хашаа байна. Очиж үз гэсэн. Тэгээд Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоот хашааг зарна гэсэн Н.Эрдэнэцэцэг гэгч хүн дээр*******сүрэнтэй хамт очиж уулзахад хашаагаа 5 сая төгрөгнөөс ярина гэсэн. Би тэгэхэд Ийм үнэтэй хашаа авахгүй. 10 дугаар багт бол 2-3 саяд л сайн хашаа авна. Тиймээс хашааг 4 сая төгрөгөнд л авбал авья гэсэн санал хэлсэн. Энэ үед*******сүрэн хажууд байсан бөгөөд*******т урд өмнө нь мал өгөлцөж авалцаж байсан гэж байсан.

Тиймээс*******сүрэн******* бид хоёрын хооронд зуучилж би бэлнээр 3 сая төгрөгийг*******т, 1 сая төгрөгийг*******сүрэнд өгөх,*******сүрэн нь*******т 2 үхэр намар өгөхөөр тохирсон. Тэгэхдээ Н.Эрдэнэцэцэг,*******сүрэн нар намар үхрийн үнэ ямар байхаас үл хамаарч 2 үхэр өгөхөөр тохирсон. Ингээд уг хэлцлийг 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр явж нотариатчаар батлуулсан. Хэлцлийг Н.Эрдэнэцэцэг бид хоёрын хооронд тохиролцон өгч авалцсан мөнгөн дүн болох 3 сая төгрөгөөр тооцож хийсэн. Тиймдээ ч Н.Эрдэнэцэцэг нь хашааны үнэнд надаас 3 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлцэлд гарын үсэг зурсан. Харин тухайн үед*******сүрэн тэр хоёрыг хоорондоо мөн хэлцэл хийх талаар зөвлөхөд Бид хоёр хоорондоо наймаа хийгээд сурчихсан хүмүүс шаардлагагүй гэж байсан юм.

Н.Эрдэнэцэцэг бид хоёр хоорондоо харилцан тохиролцож хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр болох нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нотариатчаар батлуулсан байдал,*******сүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна. Иймд Нэргүйн*******ийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг, худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх талаарх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манайх Н.Эрдэнэцэцэгтэй тохиролцсоны үндсэн дээр Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг, худалдах, худалдан авах талаар хэлцэл хийж нотариатаар батлуулсан. 1 сая төгрөгийг гэрч н.Сундуйсүрэнд өгч н.Сундуйсүрэн намар Н.Эрдэнэцэцэгт 2 үхэр өгөхөөр тохиролцсон юм. Хариуцагч нь 5.000.000 төгрөгөөр хашаа байшинг худалдахаар тохиролцсон гэж байгаа боловч үүнийг нотлох ямар ч баримт байхгүй. Харин 4.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдэг нь бидний хооронд хийсэн хэлцэл болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Бид 600.000 төгрөг өгөөд газрынхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлье гэж санал тавьсан боловч хариуцагч зөвшөөрөхгүй байгаа. Энэ хашааг миний ээж худалдаж авч байшин бариад одоо амьдарч байгаа. Тэтгэвэрт байдаг хүн хариуцагчийн эвлэрэхийг хүсээд байгаа 800.000 төгрөгийг өгөх боломжгүй. Мөн шүүхэд нэхэмжлэлээ өгөхийн тулд улсын тэмдэгтийн хураамж 200.000 гаруй мянган төгрөг төлсөн, баримтуудаа нотариатчаар батлуулах гээд биднээс зөндөө зардал гарч байна. Бидний хооронд газрын төлбөрт 3.000.000 төгрөг өгсөн нотариатчаар батлуулсан гэрчилгээ байгаа болохоор үүнийгээ үндэслэж би байшин барихад зарцуулсан 18.000.000 төгрөгөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Барнууд овгийн Нэргүй овогтой******* нь хариуцагч Малгайт овогт Чинбатын *******тай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өөрийн эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэх гэсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ. Түүний нэхэмжлэлийн шаарлагатай холбогдуулан дараах тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаж байна. Үүнд:

1.Мөрөн сумын иргэн Н.Эрдэнэцэцэг нь иргэн Ч.*******д өөрийн эзэмшлийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдахаар болж хашааны үнэ болох 5 сая төгрөгийн 3 сая төгрөгийг нь бэлнээр авсан байна. Тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхээр тохирч хэлцэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Гэтэл яагаад үлдэгдэл мөнгийн Ч.Батулгын өмнөөс*******сүрэн гэгч үлдэгдэл 2 сая төгрөгийг төлөх болсон бэ? гэдэг нь эргэлзээтэй асуудал юм. Ч.******* нь анхнаасаа наймааг өөрөө хийсэн урчаас үлдэгдэл мөнгийг өөрийн гараар нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэгт өгөөд тооцоогоо дуусган газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах ёстой байсан. Гэтэл тэгээгүй нь анх наймаа хийхдээ урьдаас төлөвлөн нэхэмжлэгчийг хуурч мэхлэх зорилгоор наймаа хийсэн нь харагдаж байна гэж үзэж байна. Энэ нь*******сүрэнгийн зүгээс нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэгт Би Ч.Батулгаас 1 сая төгрөг зээлж авсан юм, өгч чадахгүй хүүлсээр байгаад 2.0 сая төгрөг болчихлоо, намайг хоосон хашаа мэдэж байгаарай гэж ярьснаас тодорхой харагдаж байна. Ч.******* нь*******сүрэнгээс авч чадахгүй байсан 2 сая төгрөгөө авахын тулд түүгээр хоосон хашаа олуулж, зээлдүүлсэн 1 сая төгрөг дээрээ нэмээд 1 сая төгрөгийг хүүгийн хамт авахаар төлөвлөж шийдсэн нь өдий болтол хашааны үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаагаар нотлогдож байна.

2. Мөрөн сумын иргэн Ч.******* газар эзэмшигчид хэлэлгүйгээр түүний хууль ёсны эзэмшлийн газар дээр дураараа байшин барьчихаад үнэ гэж 18.0 сая төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Түүний байшин нь 18.0 сая төгрөгийн үнэтэй гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байгаа болно.

3. Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэгт Сундайгаас 2.0 төгрөгийн авлагаа авч чадахаа больсон талаар юу ч хэлээгүй нуусан бөгөөд анхнаасаа*******сүрэнгээс авч чадахгүй байсан 2.0 сая төгрөгөө олж авах зорилгоор тухайн хашааг худалдаж авах хэлцэл хийсэн ба энэ үйлдлээрээ нэхэмжлэгчийг мэхэлж, анх хэлэлцэж тохирсон үнэнээсээ 2 сая төгрөг дутуу өгчээ гэж үзэхээр байна.

4.Нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэг нь*******сүрэн гэдэг хүнтэй анхаасаа хашааг худалдах, худалдан авах талаар ямар нэг гэрээ байгуулаагүй, харин малын наймаа хийж, 1 сая орчим төгрөгийн мал өгч авалцсан байдаг. Энэ үйл явдал нь тухайн нэхэмлжлэлд огт хамаагүй бөгөөд шаарлагатай тохиолдолд нэхэмжлэгч нь*******сүрэнд худалдаж авсан малын мөнгө 1 сая төгрөгийг өгөхөд бэлэн байгаа болно. Хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийн гараар мөнгийг хүлээлгэн өгсний дараа газар эзэмшх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах ёстой байсан байна.

5. Дээрхи байдлуудаас үзэхэд хариуцагч Ч.******* нь 5 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон хашааны үнийг 4 сая гэж, хашааны төлбөрийг бүрэн төлсөн гэх мэтээр нэхэмжлэлтэй холбоотой үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож, баталж, нотлохыг элдвээр оролдож, маргааны талаар бодит үнэн байдлыг нуун дарагдуулж байгаа нь нэхэмжлэгчийг анхнаасаа хуурч мэхлэн хэлцэл хийсэн болохыг нотолж байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэгийн хариуцагч Малгайт овогт Чинбатын *******тай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өөрийн эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Н.Эрдэнэцэцэгт холбогдуулан 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

хариуцагч Н.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэгч Ч.*******д холбогдуулан Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс хууль ёсны эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Байшингийн үнэ 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвсүрэн нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааны үнийг бүрэн төлсөн бөгөөд хашааны газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа тул хашаанд барьсан байшингийн үнэ 18.000.000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлан Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байршилтай, 542.2 м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, гэрчилгээний дугаар 000484758, нэгж талбарын дугаар 210712002, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Мөрөн сумын Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/172 тоот шийдвэрийг үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 5590 дугаартай газар эзэмшүүлэгчийг төлөөлж, Замлинжамцын Нямбаяр, газар эзэмшигчийг төлөөлж Нэргүй овогтой******* нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших гэрээний хуулбар, Н.Эрдэнэцэцэг, Ч.******* нарын хооронд байгуулагдсан хэлцлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авахаар хэлцэл хийж, 3 сая төгрөгийг бэлнээр, 2 монголын гунжин үнээг худалдагч тал буюу хариуцагч Н.Эрдэнэцэцэгт Д.Сундуйсүрэнгээр дамжуулан өгсөн болох нь хэрэгт гаргаж өгсөн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хэлцлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбарууд, гэрч Д.Сундуйсүрэнгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож, хашааны газар, хашааг худалдах худалдан авсан болон худалдагч тал Н.Эрдэнэцэцэгт хашааны газар, хашааны төлбөрт 3 сая төгрөг, 2 монголын гунжин үнээ өгсөн талаар талууд маргаагүй байна.

Дээрх үйл баримтаар худалдан авагч Ч.******* нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байна.

Худалдагч тал нь хашаа, хашааны газрыг 5.000.000 төгрөгөөр худалдсан гэдэг боловч энэ тухай баримтаа шүүхэд гаргаагүй. Худалдан авагч тал буюу нэхэмжлэгч Ч.******* нь хашаа, хашааны газрын үнэд 3.000.000 төгрөгийг бэлнээр, 2 гунжин үнээг гэрч Д.Сундуйсүрэнгээр дамжуулан өгч гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт: Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй,

225.4.1. үүргийг ялимгүй зөрчсөн ... гэжээ.

Иймээс Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.

Уг хэлцлээр худалдагч буюу хариуцагч Н.Эрдэнэцэцэг нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авагч буюу Ч.******* нь үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авахаар тохиролцсон байх бөгөөд эдгээр нөхцөл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулж байна.

Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Ч.******* нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашаанд 8*8 хэмжээтэй байшин барьсан нь тогтоогдож байгаа боловч уг байшинг барьхад 18.000.000 төгрөг зарцуулсан гэдгээ нотлох баримтаа хэргийн материалд ирүүлээгүй, энэ тухайгаа нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэсэн үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр байшингийн үнэ 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс хууль ёсны эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс хууль ёсны эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлнэ гэж марган хариуцагч Н.Эрдэнэцэцэгийн гарын үсгийн баталгаа болон тэмдэглэлийн дэвтрийн хуулбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн ба талууд газар худалдах худалдан авахаар хэлцэл хийсэн гэдэгтэй маргаагүй байна.

Хариуцагч Н.Эрдэнэцэцэг нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ уг хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нь газрын гэрчилгээг авахаар Мөрөн сумын Засаг даргад хандаад 1 сар гаруй болсон боловч Засаг дарга нь гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн хэмээн тайлбарлаж байх ба энэ тухайгаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт гаргаж өгсөн 000484758 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч Н.Эрдэнэцэцэг нь Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар нэхэмжлэгч Ч.*******тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хэлцэл хийсэн нь тогтоогдож байгаа боловч уг газар нь Н.Эрдэнэцэцэгийн эзэмшилд байгаа талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Ч.*******д холбогдох Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашааг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс хууль ёсны эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх: гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг; гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Ч.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөг, хариуцагч Н.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлгч Ч.Баттулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Эрдэнэцэцэгт холбогдох байшингийн үнэ 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Н.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Ч.*******д холбогдох Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах хашаа, хашааны газрыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хууль бус эзэмшлээс хууль ёсны эзэмшлийн хашааны газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл зэргийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА