2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/565

 

 

 

 

 

         

        2025           02            24                                          2025/ШЦТ/565       

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-д холбогдох эрүүгийн 240300691***дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ***-ны өдөр, ** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Д.Ч /РД:**** /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 1 дүгээр эмнэлгийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 09 цаг 00 минутын орчимд Nissan Dualis маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д "үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана." 1.3 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мопедтой мөргөлдөж мопедны жолооч М.Т-ийн эрүүл мэндэд нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын баруун нумын хугарал, хүзүү, баруун ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Д.Ч нь “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 1 дүгээр эмнэлгийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 09 цаг 00 минутын орчимд Nissan Dualis маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д "үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана." 1.3 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мопедтой мөргөлдөж мопедны жолооч М.Тийн эрүүл мэндэд нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын баруун нумын хугарал, хүзүү, баруун ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 3-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 хуудас/,

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглсэн эсэрийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Хохирогч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад Баянхошууны ойролцоо нэг хашаанаас бараа материал аваад хүргэлтээр явж аавынхаа ажилд тус болдог юм. 10 цагийн үед Баянхошуунаас гараад Халдварт руу хүргэлтээр явж байсан тэгсэн Багшийн дээдийн уулзвар өнгөрөөд зүүн тийш явж байх үед миний зүүн талаас нэг машинтай хүн намайг мөргөчихсөн. Тэгээд би газар унаад байж байсан чинь эмнэлгийн машин ирээд намайг эмнэлэг аваад явсан. Тэр машин гэнэт давхар зураас даваад л ороод ирсэн. Би эмчилгээний зардлаас гадна миний ажлын сарын цалин болох 5,000,000 төгрөгийг дансаар хүлээж авсан. Гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээч Б.С-н 2024 оны 09 дүгээр сарын 08- ны өдрийн №11580 дугаартай “1. М.Т-ийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын баруун нумын хугарал, хүзүү, баруун ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Э.Ш-н 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 29-35-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжээч С. М-н 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2974 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Урд талын хамгаалалтын хуванцрын баруун тал цуурч хагарсан, зүүн талын хажуу хэсэг бүхэлдээ зурагдсан, урд талын амортизаторын баруун дээд хэсгийн хуванцар хагарсан, хойд дугуй хийгүй болсон зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. 3. Дээрх эвдрэл гэмтлүүд нь үүсээд удсан гэмтэл байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь дотоод шатлалын хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн багтаамж 97см3 байна. 5. Тээврийн хэрэгсэл "Мотоцикл” ангилалд хамаарна. 6. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 40-48-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.З-н 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1681 дугаартай “1. Nissan Dualis маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д "үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана." 1.3 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 2. Мопедны жолооч М.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 53-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Д.Ч-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба шүүгдэгч нь хохирогчид түүний эрүүл мэндэд учирсан хохиролд болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 5.000.000 төгрөг төлсөн байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарахаар байна гэжээ.

Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол болон ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Чг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Ч-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Харин шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ч-г “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг уг нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ТҮВШИНТӨГС