| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/01085/И |
| Дугаар | 155/ШШ2021/01129 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2021/01129
| 2021 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2021/01129 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Н-ийн,
Хариуцагч: Н.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2021/01085/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, хариуцагч Н.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б, бид хоёр 1999 оноос эхлэн үерхэж байгаад гэрлэлтээ батлуулахаас өмнө нэг гэртээ орж хамт амьдарсан. 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тэгээд том охин Б.Д 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, одоо 21 настай, удаах хүү Б.Э 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, одоо 19 настай, бага хүү Б.Б 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоо 8 настай. Бид 21 жил хамт амьдарсан. Нөхөр маань архи уудаг байсан, гэр бүл болоод удаагүй байхдаа намайг ямар ч шалтгаангүйгээр ямар нэгэн зүйлд буруутгах, бусадтай хардах асуудлаас болоод маргаан үүсэж зоддог болсон. 2006 оноос намайг зоддог байдал арай гайгүй болж, архи уух нь улам их болж, хэл амаар байнгын доромжлон, хүүхдээ зодох болсон. Би сүүлийн үед нөхрийн энэ байдлаас зугтааж, гэртээ байх аргагүй болж, ганцаараа эсвэл хүүхдээ дагуулаад айлаар байдаг болсон. Н.Бийн ааш авир, архидалт, гэр бүлийн хүчирхийллээс болоод том охин Даваацэцэг бие султай болж, сургууль соёлд яваагүй, хүү Э маань хоолойгоо шахах донтой болсон. Би энэ олон жил нөхөр Н.Бд дарамтлуулж сэтгэл санаа, амьдралаараа хохироод зогсохгүй хүүхдүүдээ ч хохироож байгаадаа үнэхээр харамсаж, гомдолтой байна. Тэвчихээ байсан үедээ 2017 он, 2019 онд хэд хэдэн удаа Цагдаагийн байгууллагад хандаж нөхөр Н.Бд арга хэмжээ авахуулж байсан боловч нөхрийн байгаа байдал өөрчлөгдөөгүй. Мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2 удаа хандсан. Би нөхрийгөө засаж авья гээд Улаанбаатар хотод Сэтгэц наркологийн тасгийн эмчтэй хүртэл уулзуулж зөвлөгөө өгүүлж байсан. Би Хүүхэд хөгжлийн төвөөр сэтгэл зүйн засал эмчилгээ хийлгэх зөвлөгөө авах, нөхрийгөө хэрхэх талаар удаа дараа очиж уулзаж байсан. Ингээд ч амжилт олсонгүй. Одоо цаашид хүүхдүүдийн хамт амар амгалан амьдрахыг хүсэж байна.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Бийг өөрийн асрамжид авна. Охин Б.Д, хүү Б.Э нар насанд хүрсэн. Анх шүүхэд Н.Бэс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Нтэй 1999 онд гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлж өсгөн одоог хүртэл сайхан амьдарч ирсэн. Охин Б.Д, хүү Б.Э нар насанд хүрсэн. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эхнэр Н.Н тусдаа амьдарч эхэлсэн. Хэрүүл маргаан болоогүй байхад ингээд байгаад гайхаж байна. Би хааяа архи уудаг нь үнэн. Гэхдээ гэр бүлээ авч явахын тулд 1999 оноос хойш одоог хүртэл хүнд хүчир ажил хийдэг байсан. Одоо гар хуруу махийж, уушиг гуурсан хоолойн бөглөрөл гэдэг оноштой болж, хагалгаанд орж чадахгүй 3 жил болж байна.
Би гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Бийг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Н.Н хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн, би боломжоороо хүүхдүүддээ тус нэмэр болж явна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Н.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэх тайлбар гаргаж, шаардлагаа багасгажээ.
Н.Н гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Н.Б нь согтуугаар гэртээ хэрүүл маргаан үүсгэж, охин Б.Дийг алгадаж Зөрчлийн тухай хуульд заасан орон байранд хэрүүл маргаан үүсгэж танхайрах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчлийг тус тус үйлдэж, 10 цагийн албадан сургалтад хамааруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ЗШ/548 дугаар шийтгэвэрээр, Н.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус тус согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үндэслэлээр саатуулагдаж, торгуулийн арга хэмжээ авагдаж байсан болох нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хайлтын системээс авсан мэдээллийн хуулбар, (хавтаст хэргийн 13-14, 15 дугаар хуудас) Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр багийн иргэн Н.Н нь 14-31-03 тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Н.Б нь архи ууж, эхнэр хүүхдүүдээ дарамтладаг гэсэн дуудлагын дагуу 14 дүгээр багийн хамтарсан баг очиж, эрсдэлийн үнэлгээ хийхэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарч...байна гэх бичилттэй 14/134 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид болох Н.Н, Н.Б нар одоо тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хариуцагч нь гэр бүлдээ хүндэтгэлгүй ханддаг зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
Н.Н, Н.Б нар 2004 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2004 оны 12 дугаар дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн эрэгтэй: РД:0, Монгол улсын иргэн, 1900 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Н.Б, эмэгтэй: РД: 0, Монгол улсын иргэн, 1900 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, Н.Н нар 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 38-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №0007318 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)
тэдний дундаас охин Б.Д 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: 0, хүүхдийн: Б.Д, охин, 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн хотын төрөх газар төрснийг Түнэл сумын төрсний бүртгэлд 2001 оны 5 дугаар сарын 07-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0053817 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Б.Э 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: 0, хүүхдийн: Э, хүү, 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн төрөх газар төрснийг Түнэл сумын төрсний бүртгэлд 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0000740212/15 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Б.Б 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр татсан регистрийн дугаар: 0, иргэний бүртгэлийн дугаар: 533104017746, овог: Н.Б, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 2013-03-27, төрсөн газар: эмнэлэгт, бүртгэсэн газар: Хөвсгөл, Түнэл, бүртгэлийн дугаар: 0033, бүртгэсэн он сар өдөр: 2013-04-05, эцгийн: регистрийн дугаар: РМ79020419, иргэний бүртгэлийн дугаар: 674072730075, овог: Н.Б, эхийн: регистрийн дугаар: 0, иргэний бүртгэлийн дугаар: 674096791014, овог: нэр: Н.Н гэх бичилттэй 216701001402 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 34, 36-37 дугаар хуудас)
Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн овог: Н.Б нас: 8, хүйс: эрэгтэй, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт, Титэм ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Н.Б нь 2021-2022 оны хичээлийн жилд МУГБагш Т ЕБС-ийн 3-р ангийн Б бүлэгт суралцаж байгаа нь үнэн болно" гэх бичилттэй тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас) Охин Б.Д, хүү Б.Э нар насанд хүрсэн байна.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй харилцан тохиролцсон байдал, хүүхдийн нас, түүний санал, амьдарч дассан орчин, нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Бийг төрүүлсэн эх Н.Нийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хүү Б.Б төрүүлсэн эх Н.Нийн асрамжид үлдэж байгаа нь эцэг Н.Бийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл Б.Бтэй эцэг Н.Б хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдлаа.
Иймд Н.Н, Н.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Бийг төрсөн эх Н.Нийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Н.Нийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлэг 1.282.800 төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, бүгд 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бэс эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Н, Н.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Бийг эх Н.Нийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бэс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Нд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.Бд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Н нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА