Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2018/00404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Г.*******ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3558011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00310/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын *******,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: *******ын *******, нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд төрийн албаны шалгалт өгч улмаар Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэр гарч буцаад ажилдаа томилогдон ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2139716 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойшхи буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 143 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3558011 төгрөгийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин тодорхойлох журмын дагуу тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь 2012 онд төрийн албаны шалгалт өгч улмаар Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч буцаад ажилдаа томилогдон ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2139716 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойшхи буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 143 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 3558011 төгрөгийг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү. Цалингийн дундажийг ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингийн дунджаар тооцсон гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхөлөг шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Г.Оюунцэгийг ажилд томилж цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин болох 2139766 төгрөг, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг шилжүүлж дэвтэрт бичилт хийхээс 1139766 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, нийгмийн даатгалын шимтгэл 176328 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус шилжүүлсэн. Уг шийдвэрийг хэрэгжүүлж ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Үлдсэнийг нь энэ сард багтаан төлөхөөр шийдвэрлээд байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг төлнө, бусад нөхөн олговрыг төлөх боломжгүй байна. Шийдвэр гарснаас хойшхи нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг төлөөд 1000000 төгрөгийн нөхөн олговрыг олгож болно гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3558011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шаны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Г.*******ийг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон байх ба энэ шийдвэр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр баталсанаар хүчин төгөлдөр болсон байна.

Энэ шийдвэрийн дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Г.*******ийг ажилд нь буцаан томилсон байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхөн олговрыг төлнө, бусад нөхөн олговрыг төлөх боломжгүй гэж маргаж байгаа хэдий ч ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийг шийдвэр гарснаар дуусгавар болно.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш зохигч хуульд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхээ эдэлсэн боловч энэ хугацаа нь ажилтны цалин хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Г.*******ийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3558011 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. /Сүүлийн 3 сарын цалингийн дундаж 1582449:3=527483:21.2=24881.2*143=3558011/

Шүүх цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Г.*******ийн №00019902 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг үндэслэж тооцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас Г.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 3558011 /гурван сая таван зуун тавин найман мянга арван нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Г.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72800 /далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 71878 /далан нэгэн мянга найман зуун далан найм/ төгрөг, Төрийн сангаас илүү төлсөн 122 /нэг зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН