Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч  Б.Гантогтох,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Г.Мөнхбаяр,

Хохирогч К.Гантунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/,

Шүүгдэгч Ш.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаравнямбуугийн Сайнбилэгт холбогдох эрүүгийн 201726030162 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1-171 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 196 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: Ш381120516/ Халзан овогт  Шаравнямбуугийн Сайнбилэг нь:

- 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Оргил шилтгээн” хотхоны 58 дугаар байрны 1 орцны 8 давхарт 36 тоотын өмнө хамтран амьдрагч К.Гантунгалагийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлэн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-8 /,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл / хх 84-86 /,

К.Гантунгалагийн өвчтний түүх болон томографикийн зураг / хх 63- 75/,

Хохирогч К.Гантунгалаг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Ш.Сайнбилэгтэй би түрээсийн байрнаас ганцаараа гараад орцны үүдэнд тааралдаад цуг дэлгүүр ороход араас Ш.Сайнбилэг дагаад явж байсан. Хамтдаа буцаад байр руу ороод лифтээр дээшээгээ 8 давхарт гараад хаалганы үүдэнд хэрэлдэж маргалдсан чинь Ш.Сайнбилэг баруун гараараа нэг удаа намайг алгадахад би хойшоогоо орцны хананы ирмэг дээр мөргөчихсөн. Тэр үед би өөрөө пиво уучихсан, дунд зэргийн согтолттой байсан. Ш.Сайнбилэг намайг нэг удаа гараараа алгадчихсан цаашаагаа явахаар нь би “яваад өгчихсөн байна” гэж бодоод тэр газартаа хэсэг хугацаанд сууж байгаад гэрт орсон. Намайг дотор ороход Бямбасүрэн, Одончимэг, Ууганаа, Чинбилэг нар байсан. Би толгой тархи руу удаа дараа цохисон гэж андуурч байна, зүгээр л намайг сэгсчээд хэрүүл хийгээд дайраад байсан. Намайг нэг л удаа хүчтэй алгадаад тэрнээс болж би тэр ханыг мөргөчихсөн чинь миний бие сулбаагаад, сулраад дотор муухай оргиод сонин болчихсон, олон удаагийн давтамжтай толгой, тархи руу цохиж зодоогүй...” гэжээ. / хх 82 /,

Гэрч Н.Одончимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “ ...Тэгээд би ороход Тунгаа надтай зөрөөд “пиво аваад ирье” гээд гараад явсан. Тэгээд цонхоор харж байхад Тунгаатай хамт Ш.Сайнбилэг орж ирж байсан. Тэгээд хаалга цохиход Бямба хаалга онгойлгохгүй сандраад байхаар нь би чи очоод “хаалга онгойлгочих” гэсэн чинь “Ш.Сайнбилэгээс айгаад байна” гээд ярьж байхад хаалганы цаана Тунгаа “яая” гээд орилсон. Тэгээд би унтаж байсан залууг нь босгоод “чи хаалга онгойлго. Тунгаа яая гээд орилоод байна” гэж хэлсэн чинь уг залуу очоод хаалга онгойлгосон. Би нуугдсан юм. Хаалга онгойлгоход Тунгаа, Билгээ 2 орж ирээд гэрт байсан бүх хүмүүсийг хөөж гаргаад Тунгаа, Билгээ хоёр үлдсэн юм. Тэгээд би нуугдаж байхад Ш.Сайнбилэг “чи ингэж явдаг юм уу” гээд хараагаад, хэрүүл хийж байгаад намайг олж харсан. Тэгээд байж байхад Тунгаа “толгой эргээд байна” гээд ариун цэврийн өрөөнд ороод бөөлжиж гарч ирээд “толгой эргээд байна” гээд хэвтээд өгсөн. Тэгээд Ш.Сайнбилэг бид хоёр ярилцаж сууж байгаад Тунгаагийн авч ирсэн 4-н лааз пиво хувааж уугаад “та 2 одоо амар гээд би гараад явсан юм. Тэгээд маргааш өглөө нь Гантунгалаг манай гэрт ирэхэд нүд нь долир болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би юу болсон гээд асуухад Ш.Сайнбилэг намайг орцонд цохиход тархи гэмтчих шиг болсон гэж хэлсэн...” гэжээ. / хх 24-26 /,

Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Дүгнэлтээс тархины баруун талын дух, чамархайн дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины хаван, зүүн чихний дэлбэнд шарх зэрэг гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтэл буюу зүүн гуя өвдөгт цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ийм учраас би 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж дүгнэлтэнд тусгасан. Хатуу мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх тархины гэмтлийг авсан хүн тодорхойгүй хугацаагаар идэвхтэй үйлдэл хөдөлгөөнийг хийх боломжтой. Тухайн хүний онцлог болон гэмтлийн онцлогоос хамаардаг. Тархины баруун талын дух, чамархайн дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины хаван, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. / хх 82-83 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2011 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. К.Гантунгалагийн биед их тархины баруун талын дух, чамархайн дэлбэнг хамарсан, хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн хаван, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 36 /,

Шүүгдэгч Ш.Сайнбилэгийг 2017.02.09-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 48-51/,   2017.03.31-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 52-54/,

Шүүгдэгч Ш.Сайнбилэгийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58, 61 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Сайнбилэг мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 58-р байрны гадаа иртэл цонх нь гэрэлтэй байхаар нь ороод хаалга тогштол  манай эхнэр “чи яах гээд танихгүй айлын хаалга нүдээд байгаа юм. Цаашаа яв. Цагдаа дуудна шүү” гээд байхаар нь би нэгэнт хаалга онгойлгож өгөхгүй юм чинь гээд гарч тамхи  татаад зогсож байтал манай эхнэр гараад ирсэн. Тэгээд дэлгүүр орж пиво авчихаад цуг  хаалга тогштол цаанаас нь Бямбаа гэдэг нь “хэн бэ” гэхэд манай эхнэр нөгөө хүмүүсээ хаацайлах гэсэн юм уу даа “ хаалга битгий тайлаарай” гээд дахин, дахин хэлээд байсан. Тэгэхээр нь би тэрэнд гомдоод нэг цохисон. Намайг цохиход нилээн согтолттой байсан болохоор хана мөргөсөн. Тэгээд доошоо суусан. Тэгээд би буух гэтэл хаалга онгойхоор нь эхнэрийн хамт орсон. Тэгээд би байсан хүмүүсийг нь хөөж явуулсан. Тэгээд К.Гантунгалаг буйдан дээр суугаад “миний толгой эргээд нойр хүрээд байна” гээд хэвтээд унтаад өгсөн юм. Ингээд Н.Одончимэгтэй хоёр,хоёр пиво уучихаад эхнэрийг дамжлаад дунд өрөөний орон дээр хэвтүүлсэн. Ингээд маргааш өглөө нь сэртэл эхнэр миний нүд сонин хараад байна. Би явж эмнэлэгт нүдээ үзүүлчихээд ирье гэсэн. Өмнөх өдөр нь хаалга эвдээд орчихсон байсан болохоор байраа онгойрхой үлдээж болохгүй гээд эхнэр “би эмнэлэгт үзүүлчихээд ирье. чи байраа хараад байж бай” гэсэн. Ингээд би унтаад үлдсэн. Намайг нэг сэртэл 2 цагдаа орж ирээд барьж авсан. Хардаад л Гантунгалагийн биед гар хүрсэн. К.Гантунгалагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртээ санаатайгаар хүнд гэмтэл учруулъя гэж бодоогүй. 10-аад жил хамт амьдарсан болохоор бухимдаад л нэг цохисон. Би савхин бээлийтэй гараараа нэг удаа л Гантунгалагийг алгадсан юм. Одоо бид хоёр 120 мянгатад манай эгчийнд хамт амьдарч байгаа. Эмчилгээний зардалд 1 сая төгрөг К.Гантунгалагт өгсөн. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Гантунгалаг мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сард Ш.Сайнбилэг бид хоёр мөнгөний асуудлаас болж маргаантай байсны улмаас хэсэг тусдаа амьдарч байх хугацаанд энэ хэрэг болсон. 2017 оны 01 дүгээр сарын 21-нд найз Чинбилэгийн төрсөн өдөр болж 4-үүлээ тэмдэглэж 58-р байранд очсон юм. Маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 22-нд  дахин нэг, нэг пиво уухаар болж дэлгүүр гарч яваад Ш.Сайнбилэгтэй тааралдсан. Ингээд бидний хооронд жаахан маргаан үүсэж намайг Ш.Сайнбилэг нэг алгадсан. Тэгээд орцны хана таарч тэрэнд мөргөгдөөд дотор муухай оригоод доошоогоо суусан. Тухайн үед гэмтэл авсан юм шиг байгаа юм. Маргааш өглөө нь босоод ирэхэд баруун талын нүдний хар нь хажуу тийшээ болчихсон байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд гэмтэл авснаа мэдсэн. Найз Н.Одончимэг “хүнийг ийм болгоод байхдаа яадаг юм” гээд Ш.Сайнбилэгийг цагдаад бариулсан байсан. Ер нь бол миний буруугаас л болж энэ асуудал болсон. Ш.Сайнбилэг намайг аймаар зодож цохисон зүйл байхгүй. Хөлөнд учирсан хөхрөлтийг бөөлжиж байх явцдаа тавилга шүргээд хөхрүүлсэн байх магадлал их байгаа. Түүнээс дахиж намайг зодож цохиогүй. 2017 оны 01 сарын 25-нд хагалгаанд орж 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал сайн байгаа, хөдөлмөрийн чадавхаа алдаагүй.. Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан. Ш.Сайнбилэг намайг “Архи ууж явлаа” гэснээс болж ийм асуудал болсон. Хохирол, гомдол санал байхгүй. Миний буруугаас болж ийм асуудал болсон. Бидний амьдрал ахуйг харгалзан үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсье гэв.

Шүүгдэгч Ш.Сайнбилэг нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Оргил шилтгээн” хотхоны 58 дугаар байрны 1 орцны 8 давхарт 36 тоотын өмнө эхнэр К.Гантунгалагийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хана мөргүүлэн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-8 /,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл / хх 84-86 /,

- К.Гантунгалагийн өвчтний түүх болон томографикийн зураг / хх 63- 75/,

 - “...Ш.Сайнбилэг баруун гараараа нэг удаа намайг алгадахад би хойшоогоо орцны хананы ирмэг дээр мөргөчихсөн. Тэр үед би өөрөө пиво уучихсан, дунд зэргийн согтолттой байсан. Ш.Сайнбилэг намайг нэг удаа гараараа алгадчихсан. Би толгой тархи руу удаа дараа цохисон гэж андуурч байна, зүгээр л намайг сэгсчээд хэрүүл хийгээд дайраад байсан. Намайг нэг л удаа хүчтэй алгадаад, тэрнээс болж би тэр ханыг мөргөчихсөн чинь миний бие сулбаагаад, сулраад дотор муухай оргиод сонин болчихсон. Олон удаагийн давтамжтай толгой, тархи руу цохиж зодоогүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч К.Гантунгалагийн мэдүүлэг / хх 82 /,

- “ ..Хаалганы цаана Тунгаа “яая” гээд орилсон. Тэгээд би унтаж байсан залууг нь босгоод “чи хаалга онгойлго. Тунгаа яая гээд орилоод байна” гэж хэлсэн чинь уг залуу очоод хаалга онгойлгосон. Хаалга онгойлгоход Тунгаа, Билгээ 2 орж ирээд гэрт байсан бүх хүмүүсийг хөөж гаргаад Тунгаа, Билгээ хоёр үлдсэн юм.Тунгаа “толгой эргээд байна” гээд ариун цэврийн өрөөнд ороод бөөлжиж гарч ирээд “толгой эргээд байна” гээд хэвтээд өгсөн. Маргааш өглөө нь Гантунгалаг манай гэрт ирэхэд нүд нь долир болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би “юу болсон юм” гээд асуухад Ш.Сайнбилэг намайг орцонд цохиход тархи гэмтчих шиг болсон гэж хэлсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Н.Одончимэгийн мэдүүлэг/ хх 24-26 /,

- “... Дүгнэлтээс тархины баруун талын дух, чамархайн дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины хаван, зүүн чихний дэлбэнд шарх зэрэг гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад гэмтэл буюу зүүн гуя өвдөгт цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ийм учраас би 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж дүгнэлтэнд тусгасан. Хатуу мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх тархины гэмтлийг авсан хүн тодорхойгүй хугацаагаар идэвхтэй үйлдэл хөдөлгөөнийг хийх боломжтой. Тухайн хүний онцлог болон гэмтлийн онцлогоос хамаардаг. Тархины баруун талын дух, чамархайн дэлбэн хамарсан хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины хаван, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг / хх 82-83 /,

-  Хохирогч К.Гантунгалагийн биед их тархины баруун талын дух, чамархайн дэлбэнг хамарсан, хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн хаван, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан талаархи Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2011 тоот шинжээчийн дүгнэлт / хх 36 / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа шүүхийн хэлэлцүүлэг, шүүмжлэлийн шатанд “... гэмт хэргийн зүйчлэлийн хувьд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчлэгдэх бүрэн үндэслэлтэй байна. Болгоомжгүй зүйлчлэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан хөнгөмсөгөөр найдсан. Өөрөөр хэлбэл тухайн хор уршгийг учруулахыг хүсээгүй учраас энэ зүйл ангийг журамлах үндэслэлтэй байна...” гэж мэтгэлзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Сайнбилэг нь гэмт үйлдлийнхээ улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч хохирогчийг алгадан, орцны хана мөргүүлж идэвхтэй, ухамсарт үйлдлийг зориуд бий болгож, улмаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох  нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний энэ үйлдлийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Сайнбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хохирогчийн санал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Сайнбилэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Халзан овогт Шаравнямбуугийн Сайнбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаравнямбуугийн Сайнбилэгийг 3 / гурван / жил 5 / тав / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь  хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сайнбилэгт оногдуулсан 3 / гурван / жил 5 / тав / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ш.Сайнбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Ш.Сайнбилэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Сайнбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД

                 ШҮҮГЧИД                                             Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                              П.ТУЯАТ