Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/111

 

Ц.Б, Ц.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Байгалмаа,

шүүгдэгч Ц.Б, Ц.М, тэдгээрийн өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 59 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б, Ц.М нарт холбогдох эрүүгийн 1811022300913 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......................, 19........ оны ........... дугаар сарын ...................-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Вэлс-Мон” компанид борлуулагч ажилтай, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 21 дүгээр гудамжны 184 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

2. ....................................., 19......... оны ......... дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан депод машинчин, ээлжийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Улиастайн 7-36 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Ц.Б нь 2014 оны 2-оос 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн,

2017 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод хадам эх болох ахмад настай С.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруу, цээж, нүүр рүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол, мөн уг зодооныг таслан зогсоох гэсэн эхнэр Б.Хийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-57 тоотод иргэн З.Мөнгөнчимэгийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Хийг “өөрийнх нь араас дагалаа” гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 507 тоотод хадам ах Б.Бийг гэртээ унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан,

Ц.Б, Ц.М нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ц.Бд 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” бүхий хөнгөн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон 30 хоногийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр буюу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бгийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн барьцааны дансанд байршуулсан 1.322.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд 714.000 төгрөг, хохирогч С.Хашцэцэгт 608.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Redfort XXL” гэсэн бичигтэй цагаан өнгийн даавуун подволк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, автомашины ишгүй түлхүүр, хүрэн өнгийн арьсан оосортой хар өнгийн автомашины түлхүүрийн их бие тус тус 1 ширхгийг хохирогч Т.Жамъяангаравт буцаан олгож, шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон нийт 928 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Ц.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Ц.Бг 2014 оны 02-03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт №1835 тоот “...Б.Хийн биед зүүн зулайн урд гадна хэсэгт соривтой байна. Баруун чамархайн урд хэсэгт соривтой байна. 2017 оны 8 дугаар сарын 16-ны толгойн компьютер томографийн шинжилгээнээс үзэхэд Б.Хийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдож байх ба тархи доргилт гэмтэл хэрэг болсон гэх 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зүүн зулайн урд гадна хэсэг, баруун чамархайн урд хэсгийн сорив, тархи доргилт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт. /7 дугаар хавтас, 40 дүгээр хуудас/ Хохирогч Б.Хийн “...Буянзаяа намайг 2014 оны 2 сард согтуугаар зодож өөрийнхөө барьдаг гар утсыг над руу шидэж миний толгойг хагалсан. Үүний улмаас би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж толгойдоо 6 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 139-142, 143-145, 31, 146-147 хуудас, 5 дугаар хавтас, 112-113 дугаар хуудас/ зэргээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл тогтоогджээ. Иймд дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь хууль зөрсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хохирогч гэх Т.Жамъяангаравын машинаар үйлчлүүлж Дамбадаржаад байх гэртээ хүргүүлээд мөнгө илүү нэхэхээр нь тайлбарлан ойлгуулан хэлтэл үгийн зөрүүгүй “пизда минь” гэж харааж миний нүүр, хамар тус газар 3-4 удаа дарааллан цохиж, өмсөж явсан пиджак, савхин хүрмээр толгой дээгүүр давуулан бүтээж тайлж авсан. Машиныхаа урд суудал дээр авч тавьчихаад миний дотуураа өмсөж явсан саарал ноолууран цамцаар хоолой боож ухаан балартаад, нүд харанхуйлаад би хариу үйлдэл үзүүлж чадаагүй зодуулсан. Үүний дараа намайг машины хойд хаалгаар татаж газар унагах үед би агаарт гарч бүтэн амьсгаа авч сэргэж “яасан гэж хүн зодож байгаа юм бэ” гээд барилцах үед Жамъяангарав хойшоо ухарч хувцсаа тайлж дээгүүрээ нүцгэн болж “хоёулаа зайндаа гарчихъя, ална чамайг” гээд байсан. Энэ үед миний хувцас, түрүүвч, хөөрөг, утас зэрэг эд зүйлс машинд нь байсан тул би машинынх нь түлхүүрийг авсан. Жолооч дахин дайрч бид хоёр дээр доороо орж зодолдсон. Жолооч улам дайрч давшаад чулуугаар цохих гээд байсан учир би зугтааж хашаагаа онгойлгож орж тусламж гуйн “авраарай туслаарай” гэхэд том ах Мягмаржав дотуур өмд, углааштайгаа гарч ирээд “юу болоод байгаа юм, өвчтэй зовлонтой хүн байгаа, хашаанаас гараач” гэж жолоочид хэлэхэд Жамъяангарав чулуутай гараараа ах Мягмаржавын нүүр рүү цохин унагаасан. Тэр үед би жолоочтой дахин зодолдсон. Энэ үед аав Цэрэн-Очир гарч ирээд цагдаа дуудах үед жолооч нь “цагдаа дуудаад хэрэггүй, би ингээд явчихъя” гээд машинаа орхиод зугтаагаад явсан. Үүний дараа ахмад Пүрэвдоржоор ахлуулсан цагдаа нар ирсэн. Би болсон асуудлын талаар хэлж тайлбарлаад жолоочийн машинаас савхин хүрэм, хөөрөг, утас, түрүүвч гэх мэт эд зүйлсээ авсан. Харин ноолууран саарал цамц урагдаж цус болсон байсан учир машинд нь орхисон. Үүнийг ахмад Пүрэвдорж харсан ба мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Тухайн хэрэг болсон өдөр цагдаагийн хэлтэс дээр Жамъяангаравын нуруунд 2 ширхэг шарх байсан. Нэг бөгөөд дээд талын шарх нь уушигний харалдаах шарх нь хуучин тав тогтсон шарх байсан. Доод талын бөгөөд бөөрний харалдаах шарх нь шинэ бөгөөд жаахан цус шүүрч байсан. Жамъяангарав нь хавтаст хэрэгт тэр өдрийн шархнаас шал өөр шархтай, өөр хүний шархны зураг өгсөн. Тэр зураг нь өөрийг нь гэж танихааргүй нүүр болон өөрийнх нь нуруун дээрх шивээс гараагүй зураг байдаг. Тухайн хэрэг болсон өдрийн 2 ширхэг шархнаас шал өөр том шархны зураг хавтаст хэрэгт хийсэн байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримт гэж мөнхийн тун эмийн сангаас шарх идээлхээс сэргийлдэг, хурдан шарх эдгээдэг 3 ширхэг тариа авсан баримт нь энэ хэрэг болохоос өмнө авсан баримт байдаг. Жамъяангаравыг хэрэг болсон өдөр цагдаагийн хэлтэс дээр байхад түргэн тусламжийн эмч ирж үзээд “зүгээр байна, эмнэлгийн машинаар тээвэрлэх шаардлагагүй, зүгээр хүн байна” гэж хэлээд дараагийнхаа дуудлаганд явсан. 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаагч Жанрис нь жолоочийг “бие нь муу хүнд байгаа, эмнэлэгт хэвтсэн” гэхээр нь би эргэхээр очиход гэмтлийн тасгийн эмч нь “зүгээр байна, өмнөх хүнд өвчтнөө яая гэж байхад ороо суллаж өг” гээд эмнэлгээс хөөгөөд гаргасан байдаг. Гурван шинжээчийн дүгнэлтээр Жамъяангаравыг уушгиндаа хийтэй, шингэнтэй хуучин сүрьеэ өвчний соривтой, мөн цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх байхгүй” гэж дүгнэлт гарсан. Автомашинд үзлэгийг тухайн үед нь хийлгүй 3 хоногийн дараа буюу 72 цагийн дараа хийсэн байдаг. Хэрэг болсон өдөр машинд нь маш их цус болсон байсан. Үүнийг хэрэг зодоон болсон өдөр дуудлагаар ирсэн цагдаа мэдэж байгаа. Жамъяангарав удаа дараа мэдүүлгээ өөрчилж хэлдэг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарах болгонд тааруулж мэдүүлгээ өгдөг. Хэрэг болсон өдрөөс хойш 1 жилийн дараа хүртэл мэдүүлгээ өөрчилж байсан. Сүхбаатар дүүргийн шүүхээс бид хоёрыг хавтгайруулан шалгасан нь буруу байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулахаар даалгасан байдаг. Шинжээч нар үзлэг шинжилгээнд орохоос зайлсхийж байсан. Хэргийн газрын нөхөн үзлэг хийхээр цагдаа ирсэн байхад Содномдорж өмгөөлөгч өмнүүр нь орж зааж зааварлан хөтөлж үзлэг хийсэн. ...Хохирогч Жамъяангаравт 5.5 сая төгрөг өгч гомдол саналгүй гэх бичиг бичих үед миний өмгөөлөгч Сарангэрэл хохирогчийн өмгөөлөгч Содномдорж байсан. Шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би Т.Жамъяангаравыг хуучин гэмтэлтэй байсан гэж үзэж байна. Дээд талын шарх гэдэг нь хуучин байсан шарх. Тухайн үед хэргийн газарт цагдаагийн өрөөнд оруулахад надад тав тогтсон шарх харуулж байсан. Шинжээч Т.Жамъяангаравын биед үзлэг хийж дүгнэлт гаргаагүй, хавтаст хэргийн хүрээнд л дүгнэлт гаргасан. Миний ахад Т.Жамъяангаравыг бүлэглэж зодсон зүйл байхгүй тул ахыг минь суллаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээж байх тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Б, Ц.М нарын өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ц.Бгийн 2014 оны хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдсээр байж 5 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулж, яллагдагчаар татсан прокурорын илтэд буруутай үйл ажиллагааг анхан шатны шүүх олж хараагүй. Үүнийг давж заалдах шатны шүүх өөрчилж өгөхийг хүсэж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна. Мөн өмгөөлөгч нарын зүгээс Ц.Бгийн цагдан хоригдсон хоногийн ялын тооцоолол дээр алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны үед 1001 хоног цагдан хоригдсон байсан. Түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байхад 928 хоног гэж алдаатай тооцоо хийсэн. Өнөөдрийг хүртэл нийт 1091 хоног цагдан хоригдсон бөгөөд 73 хоног дутуу тооцогдсоныг давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж байгаагийн хувьд анхаарч, энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Б, Ц.М нарын өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд “Тусгайлан гаргах тайлбар байхгүй. Өмгөөлөгч Л.Данзанноровтой ижил байр суурьтай байна.” гэв.

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх талаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

2017 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод хадам эх болох ахмад настай С.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруу, цээж, нүүр рүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол, мөн уг зодооныг таслан зогсоох гэсэн эхнэр Б.Хийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-57 тоотод иргэн З.Мөнгөнчимэгийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Хийг “өөрийнх нь араас дагалаа” гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 507 тоотод хадам ах Б.Бийг гэртээ унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан,

Ц.Б, Ц.М нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Жамъяангарав /1хх 165-168, 3хх 120/, хохирогч Б.Б /1хх 30-31/, хохирогч С.Э /4хх 134-137/, хохирогч Б.Х /4хх 139-147, 5хх 112-113, 6хх 72-74/, гэрч С.Тунгалаг /4хх 155-156/, гэрч Н.Энхтүвшин /4хх 159/, гэрч Б.Балжин /4хх 160/, гэрч Ү.Цолмонцэцэг /4хх 165-167/, гэрч Н.Амаржаргал /1хх 177-178/, гэрч Д.Пүрэвдорж /1хх 179-180/, гэрч В.Нэргүй /1хх 191-192/, гэрч П.Баярсайхан /2хх 96-97/, гэрч М.Мөнхзул /1хх 37-40, 6хх 191-194/, гэрч Б.Болорцэцэг /6хх 188-190/, гэрч Д.Батдаваа /6хх 198-201/, гэрч З.Мөнгөнчимэг /1хх 48-49, 51-52/, шинжээч Ш.Цэцэгмаа /6хх 214-216/ нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10448, 10456, 3860, 1835, 2163, 105, 272, 1174, 525, 956, 1296 дугаартай дүгнэлтүүд /4хх 169, 171, 5хх 116, 7хх 40, 1хх 202, 6хх 209-211, 7хх 65-68, 223-229, 1хх 202, 3хх 177, 7хх 230/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 147-152/, хохирогч Т.Жамъяангаравын гэрэл зургууд /2хх 8-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 11-14, 157-160/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ц.Бг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б, Ц.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх шүүгдэгч Л.Буянзаяагийн 2017 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд эхнэр Б.Хийг хардалтын улмаас толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “тархи доргилт, эрүү, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 05 цагийн үед эхнэр Б.Хийг “цаашаа харж хэвтлээ” гэх шалтгаанаар толгойтой үснээс нь зулгааж, шал мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед эхнэр Б.Хийг түлхэж унагаан, чирж эрүүл мэндэд “зүүн мөр, дал, баруун дал, баруун, зүүн тохой, зүүн шуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 05 цагийн үед эхнэр Б.Хийг “өөрийнх нь араас дагалаа” гэх шалтгаанаар жалга руу авч шидэж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салст цус хуралт, зүүн доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт бүхий” хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар,

Л.Буянзаяагийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед хадам эх С.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруу, цээж, нүүр рүү цохиж, өшиглөн эрүүл мэндэд “дух баруун хацар, зүүн хацар, цээж, зүүн мөр, нуруу, бүсэлхийд зулгаралт, цээж, баруун хөх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 06 цагийн үед хадам ах Б.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь “зулайн зүүн хажуу хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, уг шархны харалдаах зулай ясны цууралт, зүүн даланд 2 ширхэг зүсэгдсэн шарх, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ц.Б, Ц.М нарын бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Т.Жыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун уушигны бүрэн бус авчилт цээжний баруун хөндий хийн хураа, цээжин дэх хоёр ширхэг шарх, зовхинд цус хуралт, дал бугалга, тохой, шуу, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий” хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 10 сарын хугацаагаар тогтоосон,

Ц.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Буянзаяагийн 2014 оны 2-оос 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Хийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Л.Буянзаяагийн 2 үйлдэл цаг хугацааны хувьд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг шинээр гэмт хэрэгт тооцохоос өмнө үйлдэгдсэн байх тул анхан шатны шүүх дээрх 2 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Буянзаяа “...Тухайн хэрэг болсон өдөр цагдаагийн хэлтэс дээр Т.Жамъяангаравын нуруунд 2 ширхэг шарх байсан. Нэг бөгөөд дээд талын шарх нь уушигний харалдаах шарх нь хуучин тав тогтсон шарх байсан. Доод талын бөгөөд бөөрний харалдаах шарх нь шинэ бөгөөд жаахан цус шүүрч байсан. Т.Жамъяангарав нь хавтаст хэрэгт тэр өдрийн шархнаас шал өөр шархтай, өөр хүний шархны зураг өгсөн. ...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулахаар даалгасан байдаг. ...Шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...Миний ахад Т.Жамъяангаравыг бүлэглэж зодсон зүйл байхгүй тул ахыг минь суллаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, хохирогч Т.Жамъяангарав “...Буянзаяа нь тухай үед миний асаалттай байсан машиныг унтраагаад түлхүүрийг нь аваад хашаа руугаа орсон ба би араас машиныхаа түлхүүрийг авахаар хашаа руу ороход Буянзаяа нь байшингийнхаа цонхыг тогшоод зогсож байсан юм. Тэгээд Буянзаяад хандан түлхүүрээ авмаар байна гэхэд үгийн зөрүүгүй миний шанаа хэсэг рүү 1 удаа хүчтэй цохиход би ухаан балартаад хашаан дотор байрлаж байсан Портер машин налаад унасан ба байшингаас Мягмаржав нь нүцгэн гарч ирээд үгийн зөрүүгүй миний цээж болон хэвлий, нүүр рүү 4-5 удаа цохиод шууд үснээс зулгааж газар унагаагаад миний цээж болон хэвлий, нүүр, хуруу хэсэг рүү Буянзаяа, Мягмаржав нар нийлж өшиглөж гараараа цохисон... би шонгоос тулаад туслаарай, амь авраарай гэж хэлээд сууж байтал Мягмаржав ирээд чи яасан баашилдаг юм, алнаа чамайг пизда минь гэж хэлээд дахин миний цээж рүү өшиглөсөн ба миний зүүн гарыг Мягмаржав ард даланд хүртэл гараараа өчсөн ба тэр хооронд Буянзаяа миний цээж рүү өшиглөж, гараараа миний нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед би амьсгаа авч чадахаа больсон юм. Тухайн үед Мягмаржав нь миний гарыг өчсөн байсан ба Буянзаяа тухайн үед сул байсан учир миний биед учирсан цээжний баруун далны хатгагдсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун уушгины эдийн няцрал бүхий гэмтлийг Буянзаяа учруулсан байх гэж бодож байна. Тухайн үед уг гэмтэл учрах үед Ц.М нь Буянзаяад тусалж миний гарыг өчиж хамжсан. ...” /1хх 165-168/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг нүүр нүдгүй цохисон. ...Би зугтахад миний машины түлхүүрийг авсан. Би араас нь очоод машины түлхүүрээ авъя гэхэд ах нь болох Ц.М дотуур хувцастайгаа гарч ирээд үгийн зөрүүгүй цохиж зодсон. Миний гар ардаа өчигдсөн байхад олон удаа намайг цохисон. ...” /9хх 31/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч В.Нэргүйгийн “...намайг гэртээ байж байхад шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд гадаа хүмүүс хэрэлдэх чимээнээр гэрээсээ гарахад суудлын автомашинтай 25-30 орчим насны залууг хажуу хөрш айлын залуу Буянзаяа барьцалдаж гудамжинд зогсож байсан ба удалгүй хөрш айлын хашаанд орилолдох чимээ гарахаар нь хашааны завсраар харахад нөгөө машины жолооч гэх 27 настай залууг 40 орчим насны махлаг намхан залуу газар цээж хэсгийг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан ба би тухайн үед та нар болиоч хүн аллаа гэхэд Буянзаяа хүрч ирээд энэ таксины жолооч надаас илүү мөнгө нэхээд байсан юм гэж надад хэлсэн... Тухайн таксины жолооч надаас эгчээ надад туслаач, би унадаг юм гээд орилж байсан... намайг харж байхад Буянзаяа нь таксины жолооч гэх залууг нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байх шиг харагдсан... тухайн үед махлаг залуу нь дотоожтой өөр хувцасгүй байсан. ...тухайн үед уг залуугийн биеийн байдал тааруухан дуу нь сулхнаар надаас тусламж гуйж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 191-192/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мын өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 12-ны шөнө манай гэрийнхэн гэртээ амарч байхад дүү Ц.Б нь 23 цаг 20 минутын орчимд цонх нүдээд тусламж гуйсан. Гэрлээ асаагаад харахад дүү Ц.Б хүнтэй зодолдсон байдалтай байсан. ...Тухайн үед би дүүгээ тусламж гуйгаад сандраад цонх нүдэх үед гэрээсээ гарч ийм байдалд орсондоо харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /9хх 31/,

шинжээчийн 1174 дугаартай “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2163 тоот дүгнэлтийн 3 дугаар хариулт 3.1.11 Шүүх эмнэлгийн хавтас хэргийн материалын 525 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр хариулт үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн хамтарсан давтан хоёр, гурав дахь удаагийн шинжилгээний №956, №1296 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Жамъянгаравын биед тогтоогдсон цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины бүрэн бус авчилт гэмтлийн үед өвчтөнд цээжээр өвдөх амьсгаадах, амьсгалд туслах булчингууд оролцох, амьсгал давчдах, бачуурах, хөхрөх, цаашлаад эмнэлгийн тусламж үзүүлээгүй тохиолдолд зүрхний цохилт ихсэх, цусны даралт буурах, амьсгалын дутагдалд орох зэрэг амь насанд аюултай байдалд хүргэдэг. ...” гэх дүгнэлт /7хх 223-229/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Буянзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 59 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 59 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ