| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2022/0452/З |
| Дугаар | 128/ШШ2022/0779 |
| Огноо | 2022-10-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2022/0779
2022 10 24 12*** /ШШ2022/0779
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: А.Э*** , /РД:***/
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Г.Г***
Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Э.А***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б***
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Г***
Гомдлын шаардлага: Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00348*** дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Э*** , гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Г*** , хариуцагч Э.А*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00348*** дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Иргэний нисэхийн Ерөнхий газрын нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00348*** дугаартай шийтгэлийн хуудсаар М*** ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга А.Э*** ын нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван зуун нэгжээр торгож шийтгэсэн.
2.2. Тээврийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 06-ны Хариу хүргүүлэх тухай 12*** дугаартай албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-д заасан зөрчлийн учир А.Э*** ыг 300 нэгжээр торгож, агаарын хөлгийн дарга хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэсний дагуу дүгнэлт бичихээр болсныг мэдэгдье гэсэн хариу өгчээ.
2.3.Тус шүүх иргэн А.Э*** ын гаргасан Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00348*** дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3 Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:
3.1. Гомдол гаргагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн нисгэгч, хөлгийн дарга А.Э*** , хоёрдугаар нисгэгч Б.О*** бид 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Боинг 767-300 агаарын хөлгөөр П***-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байх явцад masek цэгээс subix цэг хүртэл зайд онгоцны холбоо ажиллагаагүй болсон бөгөөд нисгэгчдийн хувьд удаа дараа оролдлого хийснээр холбоогоо сэргээн хүрэх газартаа саадгүй хүрч, аюулгүй газардсан.
Хөлгийн дарга А.Э*** нь дахин ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, холбоо харилцааны талаар нисгэгчдэд зөвлөмж гаргуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор хөлгийн холбоо харилцаанд саатал гарсан талаар өөрөө Captain report бичгээр мэдэгдсэн. Холбоо, харилцаа хэсэг хугацаанд тасарснаас үүдэн ямар нэгэн байдлаар хохирол учирсан зүйл байхгүй, хохирсон хүн, хуулийн этгээд байхгүй. Мөн Европын холбооны нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн бичигт Нислэгийн аюулгүй байдал-д нөлөө үзүүлээгүй тохиолдол гэж заасан.
Гэтэл нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Иргэний нисэхийн Багц дүрэм-91-ийн 245 дугаар зүйл, 247 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн гэж үзэн нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван зуун мянган төгрөгөөр торгож шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1. Иргэний нисэхийн Багц дүрэм 91-ийн 245 дугаар зүйлийн (Хяналттай агаарын зайд нислэг үйлдэх) б-ийн 2-т ...нислэгийн хөдөлгөөний удирдлагаас өөр зөвшөөрөл олгоогүй бол, тогтоосон давтамж дээр нислэгийн хөдөлгөөний удирдлагатай хоёр талын радио холбоо барина, мөн дүрмийн 247 дугаар зүйлийн (Автомат хариулагч, өндрийг мэдээлэх төхөөрөмж ашиглах) Хүснэгт 3-т заасан харилцаа холбоогүй болсон үед ашиглах 7600 кодыг ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь:
1.1.Нисгэгчид бид тухайн үед тогтоосон давтамж дээр нислэгийн хөдөлгөөний удирдлагатай холбоо тогтоохоор blind transmission (холбоо тогтоохоор оролдож, станцаар дуудсан) хийсэн боловч биднийг хэн ч сонсоогүй. нислэгийн хөдөлгөөний удирдлагаас манайхтай холбоо тогтоох гэж оролдлого хийсэн нь ч сонсогдоогүй. Бид удаа дараа оролдлого хийсний эцэст холбогдсон. Агаарын хөлөг нь машинтай адилгүй бөгөөд холбоо барих цэгт ирээд холбоо барьж чадахгүй бол зогсох боломж байхгүй.
1.2. 7600 кодын тухайд энэхүү кодыг онцгой үед (онцгой аюул тулгарсан) ашиглах зориулалттай бөгөөд онгоцонд байгаа холбоо барих бүхий л төхөөрөмжөөр Холбоо барих гэж удаа дараа оролдсон боловч бүх холбоо харилцааны хэрэгсэл ажиллахгүй байгаа тохиолдолд өгөх код юм. Бид станцаараа эхлээд холбоо тогтоох гэж оролдоход болохгүй байсан бөгөөд удаа дараа оролдлого хийхэд холбоо сэргэсэн тул 7600 гэх онцгой аюул тулгарсан үед ашиглах кодыг илгээх шаардлагагүй байсан.
1.3.Байцаагчийн зүгээс холбоо харилцааны хэрэгсэл ажиллахгүй байсан нь нотлогдохгүй байна, эвдрэл гэмтэл байхгүй байсан гэж бидэнд тайлбарлаж байсан боловч эвдрэл, сааталгүй гэгдсэн байсан тоног төхөөрөмж болох чанга яригчийг тухайн онгоцонд сольж тавьсан.
1.Монгол Улсын 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэгдэн орсон Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн АNNЕX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах шийтгэлээс ангид байх зохицуулалт байдаг. Үүнд: ... Хавсралт 19. Аюулгүй байдлын удирдлага: 5.3 Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах, 5.3.1 Стандарт - Гишүүн улс нь Хавсралт 3-ын дагуу аюулгүй байдлын сайн дураар мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Тэмдэглэл-Энэ эх үүсвэрт хувийн болон байгууллагын мэдээлэл багтана. Тэмдэглэл 1-Шийтгэлээс ангид байх зарчим нь сайн дурын мэдээллийн үндэс суурь. Тэмдэглэл 2-Гишүүн улс бүр нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болох тохиолдол бурийг сайн дураар мэдээлэх тогтолцоог холбогдох хууль, дүрэм, журмыг шаардлагатай байдлаар тохируулан өөрчилж, хялбаршуулан, сурталчлахыг хөхүүлэн дэмжих ёстой. 5.3.2 Зөвлөмж - Гишүүн улс нь аюулгүй байдлын заавал мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан, 5.3.1-д заасан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийн хамгаалалтыг чангатгана.Тэмдэглэл 1-Ажилтан болон нислэгийн үйл ажиллагааны ажилтны сургалт болон туршлагаас шалтгаалсан тэдний алдаа, эсхүл үйлдлийн төлөө шийтгэл хүлээлгэхгүй байх мэдээллийн тогтолцоо нь аюулгүй байдлын мэдээллийн үндэс суурь юм. Тэмдэглэл 2-Аюулгүй байдлын заавал болон сайн дураар мэдээлэх системтэй холбоотой гарын авлага Аюулгүй байдлын удирдлагын зааварт (SMM)(Doc 9859) байгаа. гэж заасан байдаг.
Чикагогийн конвенцын дагуу боловсруулсан иргэний нисэхийн Дүрэм-12 (Иргэний нисэхийн дүрэм-12)-ийн 12.63 дахь хэсэгт: ... 12.63. Шийтгэлээс ангид байх АХОШШБ болон Иргэний нисэхийн ерөнхий газар нь дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээдийн энэ дүрмийн дагуу өгсөн мэдээллийг мөрдөн шалгах, эсхүл хариуцлага тооцох зорилгоор ашиглахгүй, эсхүл ашиглах боломж олгохгүй: (1) тухайн мэдээлэл нь хүн, эсхүл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учруулсан үйлдэл, эсхүл эс үйлдлийг илчилсэн бол; эсхүл (2) хуурамч мэдээлэл өгсөн бол; эсхүл (3) АХОШШБ болон Иргэний нисэхийн ерөнхий газар нь мэдээллийг хуулийн дагуу, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээсэн бол. гэж заасан байдаг.
Нисгэгчийн зүгээс Иргэний нисэхийн дүрэм-12-ийн 12.63-т заасны дагуу онгоцны харилцаа холбооны төхөөрөмжид гарсан гэмтэл, саатлыг мэдээлсэн. Гэтэл миний өөрийн өгсөн мэдээллийн дагуу миний нисгэгчийн мэргэжлийн эрхийг хасна хэмээн танилцуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрвээ шийтгэлээс ангид байх зарчим хэрэгжихгүй бол бүхий л нисгэгчид онгоцонд гарсан том, жижиг ямар ч гэмтэл, саатлыг мэдээлэхээ болино. Энэ нь эргээд нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц муу үр дагаварт хүргэнэ.
Дэлхийн нисгэгчдийн холбооны IFALFA 2021 оны 09 дүгээр сарын 29-ний тунхаг бичигт буюу зөвлөмжид мэдээлэл өгснийх нь төлөө шийтгэл хүлээлгэх нь нислэгийн аюулгүй байдалд хор хөнөөлтэй байдаг учраас шийтгэлээс ангид байх шаардлагатай гэсэн байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ. гэж заасны дагуу Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын ANNEX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т заасны дагуу шийтгэлээс ангид байх эрхтэй гэж үзэж байна.
хотоос гараад Франкфурт өнгөрөөд нислэг үргэлжилж байх явцад нэг онгоц тааралдаад өөр ойр орчимд онгоц байгаагүй. Сэжиг бүхий чимээгүй болсныг мэдсэний улмаас Берлин хотын хажууд ирээд чимээгүй болсон учраас нэг дохио өгөөрэй гэж Б.О***-д хэлсэн. 136*** хуучин ажиллаж байсан давтамжаар холбогдох гэж оролдоод холбоо бариагүй. 121,*** давтамжаар хоёрдугаар нисгэгчээр холбогд гэж хэлээд би өөрөө 136*** зэрэг давтамжуудаар холбоо тогтоох оролдлогууд хийж эхэлсэн. Олон давтамжаар холбогдох гэж оролдож байх үед SUBIX цэг дээр ирсэн. 1 секундэд 260-270 миль хурдтай явж байгаа онгоцыг зогсож байгаач гэж хэлэх боломж байхгүй учраас *** улсын хилээр орсон. Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл авч ордог улс байдаг. Монгол Улс, Мяаньмар, Хойд Солонгос улсуудын хилээр ороход тусгай зөвшөөрөл авдаг. Бусад улс зөвшөөрөл авдаггүй. Б.О*** бид 2 хоёр талд холбоо тогтоож байхад 121.5 давтамжаар холбоо орж ирсэн. Намайг буруутгаж байгаа гол шалтгаан нь намайг анзааргагүй байхад тусгаарлан хязгаарлах гэсэн цэргийн онгоцнууд ирсэн гэж буруутгаж байгаа. Чикагогийн конвенцод интерсепт хийж байгаа онгоцны зорилго нь холбоогүй нисэж байгаа онгоцыг таних байдаг. 7600 код тавьсан цааш явах газаргүй болсон манай онгоцыг цааш хөтлөөд буух боломжтой газар нь буулгаж өгнө үү гэсэн утга бүхий код. Ийм нөхцөл байдал үүсээгүй ажиллаж байсан. Холбоо тогтоох арга хэмжээ авсны үндсэн дээр буцаж холбоо сэргэсэн учраас байлдааны онгоцонд нислэг хэвийн гэдэг дохио өгч зэрэгцэж 7-8 минут хамт ниссэн. Холбоо сэргэснийг байлдааны онгоц мэдэж байгаа. Онгоц чанга яригч цагийн байрлалаар нэг цагийн чиглэлд чанга яригч ажиллахгүй байсан юм байна лээ. Монголын иргэний агаарын тээврийн компанийн дүрмийг зөрчөөгүй. гэв.
3.2 Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсаар А.Э*** ын агаарын хөлгийн дарга байх эрхийг нэг жилээр хассан шийдвэр гаргасан. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нисэхийн үйл ажиллагаа явуулж байгаа эрхийг нэг жилээр хасах гэж байгаа нь нисгэгчид олгож байгаа эрх биш. Энэ бол агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа авиа компанид олгож Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23, 3.1.25 дахь заалтад заасан арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож байгаа тусгай зөвшөөрөлтэй компанийг хэлж байгаа. Хуулийг буруу тайлбарласантай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрвээ нислэгийг хэвийн үргэлжлүүлж болохгүй онцгой тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдэгдээгүй бол мэргэжлийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, агаарын хөлгийн даргыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Тэгэхээр энэ 2 нэр томьёог ялгаж, ойлгох хэрэгтэй. Нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх, мэргэжлийн эрх гэсэн 2 тусдаа ойлголт байдаг. Нислэг үйлдэх эрхтэй нисгэгч мэргэжлийн эрхээ хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа. Гэтэл нисгэгчид авах ёсгүй байсан арга хэмжээ мөн агаарын хөлгийн даргын эрхийг хасна гэсэн ямар ч зохицуулалт байхгүй байхад хуулиас давсан шийтгэл оногдуулж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд шийтгэл оногдуулж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зөрчил оногдуулсан этгээдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх буюу өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрийн сайн мэдэх хэлээр эсвэл эх хэлээрээ тайлбар мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах зэрэг эрхээр хангаагүй. Зөрчлийн хэргийн материалд Зөрчлийн тухай хуулийн ямар нэг заалтыг бичээд мэдүүлэг авсан хүний нэр, гарын үсэг, мэдүүлэг өгсөн хүний нэр, гарын үсэг байхгүй бөгөөд А.Э*** аас мэдүүлэг аваагүй. ... Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг прокурорт танилцуулах ёстой. Гэтэл прокурорт танилцуулаагүй байцаагч өөрөө гарын үсэг зурсан, прокурор Д.Агар гэсэн нэр байгаа ч гарын үсэг зурагдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.8.3 эдгээр заалтуудыг огт биелүүлээгүй. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах эсвэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглах хүргүүлэх гэж заасан. Гэтэл А.Э*** д хуульд заасан хугацааг 8 хоног хэтрүүлж танилцуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэл дээр явуулж, төрийн албан ёсны хил бичгээр хөтлөн баримтжуулна гэж заасан. Гэтэл зөрчлийн хэргийн материалын 80 хувь нь Англи хэл дээр бичигдсэн. Зөрчлийн тухай хуулиар материалыг маргаанд хавсаргаж байгаа бол баталгаат орчуулга хийгдэж, гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулна. Иргэний нисэхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нислэг техникийн осол, зөрчил техникийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах бүртгэх ажиллагааг нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хуулийн 42.2-т нислэг, техникийн осол, зөрчлийг шалгах албыг ерөнхий шинжээч удирдана гэж заасан. Энэ хуульд заасан өөр алба шалгаж шийдвэрлэсэн байгаа нь энэ шийтгэлийг оногдуулах эрх бүхий этгээд Э.А*** мөн эсэх нь эргэлзээтэй юм. Иргэний нисэхийн багц дүрмийн 203 дугаар зүйлийн 203.14.3 дах хэсэгт шинжлэн шалгах ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор олж авсан дор дурдсан бичлэг мэдээллийг осол зөрчлийг шалган тогтоохоос өөр зорилгоор ашиглахыг болон бусдад задруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл эдгээр мэдээллийг өөр зорилгоор ашигласан нөхцөл байдлууд илэрсэн. Иргэний нисэхийн багц дүрмийн 13.1.б хэсэгт зөрчлийг шалгах ажиллагаанд зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэх бус зөрчил гарсан шалтгааныг үнэн зөв тогтоож тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэгдэнэ гэж заасан. Иргэний нисэхийн багц дүрмийн 13.5.д хэсэгт энэ дүрмийн дагуу зөрчлийг шалгах ажиллагаанд бүхээгийн дуу чимээ бичигч болон нислэгийн өгөгдөхүүн бичигчээс бусад Иргэний нисэхийн багц дүрмээр шаардсан нислэгийн аливаа бичиг баримт болон бичиг тайланг ашиглаж болно гэж заасан. Нислэгийн өгөгдөхүүн бичигчийг авч хэрэглэх боломжгүй байхад нислэгийн өгөгдөхүүн бичигчийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иргэний нисэхийн багц дүрмийн 12.63 дахь хэсэгт шийтгэлээс ангид байх гэсэн заалтад Иргэний нисэхийн ерөнхий газар дараах зүйлсээс өөр мэдээллийг мөрдөн шалгах эсвэл хариуцлага тооцох байдлаар ашиглахгүй эсвэл ашиглах боломж олгохгүй гэсэн байгаа. Тухайн мэдээлэл нь хүн эсвэл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учирсан үйлдэл эс үйлдэхүйг илчилсэн бол хуурамч мэдээлэл өгсөн, мэдээллийг хуулийн байгууллага болон шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээсэн бол ашиглана гэж заасан байхад captain report буюу нөхцөл байдлыг бичиж болсон процессыг өөрөө гаргаж тавьсан байхад өөрийнх нь мэдүүлгээр өөрт нь хуульд заагаагүй арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Агаарын хөлгийн дарга А.Э*** нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар хийгдсэн зөрчлийн тухай албан уулзалтын үеэр MASEK болон SUBIX цэгүүдийн хооронд холбоогүй нислэг үйлдсэнээ тодорхойлж чадаагүй тухайгаа удаа дараа хүлээн зөвшөөрсөн нь хурлын протокол болон аудио бичлэгээр нотлогдоно.
Агаарын хөлгийн даргын бичиж өгсөн Captain report нь Иргэний нисэхийн дүрэм-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм-ийн 91.201(3) хэсгийн (1)-д шаардсан үзлэг шалгалтыг дууссаны дараа болон тухайн нислэг дууссаны дараа, агаарын хөлгийн үзлэг шалгалтын үед болон нислэгийн үед нисэх багийн илрүүлсэн агаарын хөлгийн дутагдлыг техникийн бүртгэлийн дэвтэрт, эсхүл даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад дүйцэх баримт бичигт бүртгэнэ гэсэн заалтын хүрээнд мэдээлэх үүрэг хүлээсэн мэдээлэлд хамрагдах бөгөөд тус мэдээлэл нь (Capitan report) Иргэний нисэхийн дүрэм-12 болон Хавсралт 19-ийн Appendix 3, 1.1-д тусгагдсанаар гишүүн орон бүр нь үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, бодлогоор дамжуулан нисэхийн аюулгүй ажиллагааны өгөгдөл, мэдээллийг хамгаалахад баримтлах үндсэн 4 зарчмыг тогтоож өгсөн бөгөөд нэгдүгээр зарчимд дурдсан Аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүргүүлсэн, сайн дураар мэдээлсэн .... гэсэн ангилалд багтахгүй болно.
Агаарын хөлгийн дарга А.Э*** нь гомдолдоо 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тус зөрчлийг ноцтой биш, нислэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн мэтээр тайлбарласан байна. Бүгд Найрамдах *** улсын агаарын хилээр зохих зөвшөөрөл авч холбоо тогтоолгүй нэвтэрсний улмаас тус улсын зүгээс зэвсэгт хүчний байлдааны сөнөөгч онгоц хөөргөн тус нислэгийг intercept буюу тусгаарлан хязгаарласан нь тус зөрчлийн ноцтой байдлын түвшинг тодорхой харуулна.
Хоёр. Эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч А.Э*** д өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарласан үйлдэл гаргаагүй бөгөөд энэ талаар баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд дээрх эрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нээлттэй байсан. Харин холбогдогчийг хэргийн материалтай танилцуулах, мэдүүлэг авах талаар удаа дараа шаардсан боловч хүрэлцэн ирээгүй болно.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тайлбарлан холбогдогчоос мэдүүлэг авах атал мэдүүлэг аваагүй, эрх бүхий албан тушаалтан нь байцаагчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтээ холбогдогчид танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй байна гэсэнд;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч холбогдогч А.Э*** хүрэлцэн ирээгүй тул хуульд заасан бусад бичгийн болон бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн зөрчил хангалттай нотлогдсон гэж үзэн зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 7.2 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн.
Харин прокурорын дүгнэлтэд дурдагдсан байцаагчийн дүгнэлт гаргаж дүгнэлтээ холбогдогчид танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй гэдэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зохицуулаагүй бөгөөд энэ зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав: Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд шийдвэрийг гаргаад холбогдогчид биелэн танилцуулж, гардуулсан бөгөөд холбогдогч А.Э*** шийтгэлийн хуудсыг гардаж аваад прокурорын байгууллагад гомдол гаргаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Дөрөв. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана., 2 дахь хэсэгт Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заасан тул зөрчлийн хэрэг.
Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний нисэхийн хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого, хөтөлбөр, иргэний нисэхийн тухай хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх бөгөөд иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт буюу иргэний нисэхийн багц дүрмийн шаардлагыг хангасан байгууллага, хувь хүнийг гэрчилгээжүүлэх мөн гэрчилгээжсэн байгууллагуудад байнгын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх замаар иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг.
ИKAO нь олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцыг гишүүн орнуудын хүрээнд даган мөрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулан ажилладаг Нэгдсэн Үндэсний Байгууллагын харьяа бие даасан гурван байгууллагын нэг юм. ИКАО-ийн зүгээс Иргэний нисэхийн аюулгүй, үр ашигтай, эдийн засгийн тогтвортой, байгаль экологийн хувьд хариуцлагатай хөгжлийн бодлогыг тодорхойлон холбогдох стандарт, практик зөвлөмжийг боловсруулан Конвенцын гишүүн нийт 191 орныг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгодог бөгөөд Монгол улс 1989 онд нэгдэн орсон болно. Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах, дээшлүүлэх зорилгоор Чикагогийн конвенцын Хавсралт 19-ийн хүрээнд тухайн гишүүн улс нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын ухаалаг тогтолцоог дараах 8 чухал элементийн хүрээнд бий болгох үүрэг хүлээсэн.
Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулахад Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралт 19, Doc 9734, Иргэний нисэхийн хяналтын ЧУХАЛ ЭЛЕМЕНТ-СЕ-8 хүрээнд Иргэний нисэхийн салбарт хууль, дүрмийг сахиулах, хууль зөрчигсдөд хариуцлага тооцох, албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх замаар эрсдэлийг удирдах шаардлагыг тусгасан. Хавсралт 19-ийн Appendix 3, 1.1-д тусгагдсанаар гишүүн орон бүр нь ний хууль тогтоомж, дүрэм журам, бодлогоор дамжуулан нисэхийн аюулгүй ажиллагааны өгөгдөл, мэдээллийг хамгаалахад баримтлах үндсэн 4 зарчмыг тогтоож өгсөн бөгөөд нэгдүгээр зарчимд Нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор өгөгдөл, мэдээлэл болон холбогдох эх сурвалжийг хамгаалах болон шударга ёсыг зөв хэрэгжүүлэх тал дээр тэнцвэртэй байх гэж тусгагдсан.
Зөрчлийн тухай хууль нь Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм -хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэсэн зорилготой бөгөөд уг хуулийн 14.8 дахь заалтаар Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрэм, журам стандарт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэхээр зохицуулалт хийсэн.
Иймд хэн нэг этгээд Иргэний нисэхийн хууль, иргэний нисэхийн дүрэм, журам зөрчиж хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсний дараагаар Аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүргүүлсэн, сайн дураар мэдээлсэн .... үндэслэлээр нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлага буюу иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг мөрдөж ажиллах үүрэгтэй боловч мөрдөн ажиллаагүй, биелүүлэхээр зохих арга хэмжээг аваагүй бол зөрчил үйлдсэнд тооцох бөгөөд хариуцлагаас чөлөөлөгдөх, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөх нь Чикагогийн конвенцын Хавсралт 19 Appendix 3, 1.1, ИКАО-ийн Док
9734 3.8.3 дахь заалтуудтай зөрчилдөнө.
Нислэг техникийн осол зөрчил, дутагдлыг мэдээлэх нь Иргэний нисэхийн дүрэм-12 Осол, зөрчил болон статистик мэдээлэл дүрмийн хүрээнд зохиуцуулагддаг бөгөөд Иргэний нисэхийн гэрчилгээжүүлэлтийн дүрэм тус бүрийн гэрчилгээжсэн, иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд нь Иргэний нисэхийн дүрэм-12 дүрмээр шаардсан бүх төрлийн мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Энэхүү мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг Аюулгүй ажиллагааны мэдээлэл дамжуулах журам-ын хүрээнд зохион байгуулан ажилладаг бөгөөд М*** ТӨХК-д холбогдох мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлээгүй үндэслэлээр албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн.
5. Дээрх зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М*** ТӨХК-ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, А.Э*** ыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, агаарын хөлгийн дарга хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
2203000045 дугаартай хэргийн оролцогчоос гаргасан гомдлоор хянахад эрх бүхий албан тушаалтан Э.А*** нь холбогдох шалгалтын ажиллагааг дутуу хийж, холбогдогч А.Э*** ын агаарын хөлгийн дарга хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр гэсэнд;
Эрх бүхий албан тушаалтан хуулийн дээрх заалтын дагуу А.Э*** ын гаргасан зөрчилд нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 нэгжээр торгож шийдвэрлэсэн, гэхдээ шийтгэлийн хуудсанд эрх бүхий албан тушаалтанд агаарын хөлгийн дарга байх эрх-ийг гэж бичсэн нь нисгэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрхээс өөр утга, агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй юм.
Иймд нэхэмжлэгч А.Э*** ын гаргасан зөрчил нь онгоцны холбоо ажиллагаагүй болсон үед 58 минутын хугацаанд Иргэний нисэхийн дүрэм болон Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн заавруудад заасны дагуу авах арга хэмжээг аваагүй нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт учирч болох эрсдэл, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц эс үйлдэхүй гаргаж Олон улсын гэрээ, конвенц, дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсанаас үүдэн маш ноцтой нөхцөл байдал үүсч болохуйц байдал бий болсон зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэл болон Тээврийн прокурорын газрын 2022 оны 11 дугаартай прокурорын дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан тодорхой хугацааны дагуу явагддаг. Тухайн үеүдэд баталгаат орчуулга хийгдэх боломжгүй богино хугацааны үйл ажиллагаа явагддаг. Тийм учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гадаад хэлээр авагдсан материал, магадгүй оролцогч талууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа байнгын үйл ажиллагаанд хэрэглэгддэг баримтуудыг хавсаргасан. Гэхдээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн хэлсэн нөхцөл байдлууд бүрэн арилсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн инженер техникийн ажилчдын гэрчээр өгсөн мэдүүлэг, холбогдох бусад баримтуудаар гомдол гаргагчийг буруугүй гэж үзэх хангалттай баримтууд авагдсангүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг прокурорт танилцуулаагүй байцаагч өөрөө гарын үсэг зурсан, прокурор Д.Агар гэсэн нэр байгаа ч гарын үсэг зурагдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.8.3 эдгээр заалтуудыг огт биелүүлээгүй. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах эсвэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглах хүргүүлэх гэж заасан байтал А.Э*** д хуульд заасан хугацааг 8 хоног хэтрүүлж танилцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэл дээр явуулж, төрийн албан ёсны хил бичгээр хөтлөн баримтжуулна гэж заасан. Гэтэл зөрчлийн хэргийн материалын 80 хувь нь Англи хэл дээр бичигдсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх буюу өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрийн сайн мэдэх хэлээр эсвэл эх хэлээрээ тайлбар мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах зэрэг эрхээр хангаагүй. Зөрчлийн хэргийн материалд Зөрчлийн тухай хуулийн ямар нэг заалтыг бичээд мэдүүлэг авсан хүний нэр, гарын үсэг, мэдүүлэг өгсөн хүний нэр, гарын үсэг байхгүй бөгөөд А.Э*** аас мэдүүлэг аваагүй. гэж, хариуцагч Агаарын хөлгийн дарга А.Э*** нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар хийгдсэн зөрчлийн тухай албан уулзалтын үеэр MASEK болон SUBIX цэгүүдийн хооронд холбоогүй нислэг үйлдсэнээ тодорхойлж чадаагүй тухайгаа удаа дараа хүлээн зөвшөөрсөн, эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч холбогдогч А.Э*** хүрэлцэн ирээгүй тул хуульд заасан бусад бичгийн болон бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн зөрчил хангалттай нотлогдсон гэж тус тус маргажээ.
3. Эрх бүхий албан тушаалтан болох Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/22 дугаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад ирсэн М*** ТӨХК-ийн -Улаанбаатар чиглэлийн MGL71*** дугаартай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн нислэгт холбоо алдагдсан тохиолдол тухай мэдээллийг шалгаад иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн М*** ТӨКХ болон тус компанийн нисгэгч нарт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
4. Хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00348*** дугаартай шийтгэлийн хуудсаар М*** ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга А.Э*** д ...Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн П***-Улаанбаатар чиглэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн MGL71*** дугаартай нислэг нь Холбооны Бүгд Найрамдах Г*** Улс болон Бүгд Найрамдах *** Улсын агаарын зайд Иргэний нисэхийн дүрэм-91-т заасны дагуу 2 талын радио холбоо хадгалалгүйгээр 58-59 минут нислэг үйлдэж улмаар Бүгд Найрамдах *** Улсын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 агаарын хөлгийг хөөргөж уг агаарын хөлгийг тусгаарлан хязгаарласан үйлдэл нь Иргэний нисэхийн дүрэм-91.245 дахь заалтыг зөрчсөн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, гурван зуун нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
5. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Холбооны хяналтын алба, Роберт-Бош-Стр. 28, D-63225 Ланген-аас Иргэний нисэхийн ерөнхий газарт 2022 оны 2-р сарын 21-ний өдрийн UTC 12:16-12:53 цагийн хооронд MGL71*** нислэгийн командлагч нислэгийн хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Чиглэл: (LFPG)-Улаанбаатар (ZMCK), ...Үэдэм дэх Үндэсний Агаарын Аюулгүй байдлын Төвөөс (NLFZ-SiLuRa) бидэнд ирсэн зөрчлийн тайлангийн дагуу MGL71*** нислэг Рейн дээд нислэгийн мэдээллийн бүс дотор дор хаяж 37 минутын турш радио холбоо тогтоогоогүй байна.
R/T бичлэгийг нотолсноор, нислэгийг багийнхан эрх бүхий ATC-нэгжийн радио давтамжийн тогтмол сонсох үүргийг биелүүлээгүй болохыг баталж байна (энэ тохиолдолд:136,4*** МГц-Рейн радар).
LossComm (холболт тасрах) болохоос хэдхэн минутын өмнө MGL71*** нислэг Рейн радараар 136,4*** МГц давтамжаар холбогдсон нь зөв тодорхойлогджээ.
Үүний дараа удирдагч MGL71*** нислэгийг 136,4*** МГц давтамжаар найман удаа дуудсан боловч багийнхан хариу өгөөгүй байна.
Нэмж дурдахад, багийнхан хамгаалалтын давтамжаа байнга сонсдоггүй. Дээр дурдсан хугацаанд Рейн радар болон тус бүс дэх хэд хэдэн нислэг, мөн Г*** ы Агаарын довтолгооноос хамгаалах газар MGL71*** нислэгтэй 121,*** МГц давтамжаар хорин долоон удаа залгаж холбогдохыг оролдсон боловч багийнхан ч хариу өгөөгүй.
MGL71*** нислэгтэй холбогдож чадаагүйн улмаас *** ийн Агаарын довтолгооноос хамгаалах газар (EPMB) тухайн онгоцыг шалгахын тулд саатуулах нислэгийг хийх шаардлагатай болсон.
Энэ үйлдлээрээ, тухайн нисгэгч Г*** /Европын Холбоонд мөрдөгдөж буй нислэгийн дүрмийг зөрчсөн болно, тухайлбал: Хяналт удирдлагын аэродром дахь агаарын хөлгийн аэродром хөдөлгөөнийг удирдахтай холбоотойгоор, холбогдох ANSP-д зааснаас бусад тохиолдолд, хяналттай нислэг үйлдэж буй агаарын хөлөг нь зохих холбооны сувгаар сувгаар агаар-газрын дуут холбоотой тасралтгүй байнгын холбоотой байх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох агаарын хөдөлгөөний удирдлагын нэгжтэйгээ хоёр талын харилцаа холбоо тогтооно-(ЕХ-ны №2007-р заавар. 932/2012-SERA. 8035 a)
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлд зориулж нотлох баримтуудыг (R/T-бичлэг, нислэгийн нислэг хөдөлгөөний хэвлэмэл хуудас) хавсаргав.
Манай албанаас энэхүү зөрчлийг цаашид шалгаж, гарсан үр дүн болон дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэн авсан арга хэмжээний талаар бидэнд эргэж мэдэгдэхийг хүсье. Хүндэтгэсэн, Синди Лугэр гэсэн утга бүхий цахим шууданг ирүүлсэн байна.
6. *** ийн (PAMDA)-SMS тохиолдлыг шалган судлах хэлтэс-ээс ирүүлсэн Гадны байгууллагын тайлбарт: ... III. ШИНЖИЛГЭЭ /ИЛРҮҮЛЭГ/ ДҮГНЭЛТ, PC ACC BD тайлан: BD сектор PC байрлал. 12:40 цагийн орчимд бидэнтэй HVL RHAIN сектороос утсаар холбогдож MGL71*** нь холбоо тасарсан нислэг үйлдэж байгаа тухай мэдээлсэн. Нислэгийн төлөвлөгөөний дагуу тус онгоц SUBIX цэгийг 12:54 цагт БОКСУ руу чиглэн радио холбоогоор холбоо тогтоолгүйгээр нисэж өнгөрөв. Секторууд болон яаралтай тусламжийн давтамжийн олон дуудлага хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Нислэгийг зогсоохын тулд сөнөөгчдийг илгээх талаар сэрэмжлүүлж, илгээсэн. Альфа бүсийг бий болгосон. Цэргийн ажиллагааны үр дүнд MGL71*** 13:12 цагт GRUDA цэгийн ойролцоох өөр сектортой холбогджээ.
EC ACC FGN тайлан:
FGN сектор (1+h) дахь ALFA ажиллагаа, RCF-ийн үеэр MGL71*** -г саатуулах. MGL71*** -г саатуулж, дараа нь дагалдан явах зорилгоор бүсүүдийг идэвхжүүлсэн нь хөдөлгөөнд эмх замбараагүй байдал ихээхэн үүсгэж, хэд хэдэн онгоцны чиглэлийг өөрчилж/векторжуулж, нислэгийн замыг уртасгах шаардлагатай болсон. Нөхцөл байдал хяналтад байсан хэдий ч төвөгтэй байдал нэмэгдэж, ALFA идэвхтэй бүсээс AFL2551, AFL2343, CSN5235-ын хувьд шаардагдах хамгийн бага зай алдагдсан байна. Юуны түрүүнд бид сектор дахь агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний урсгалын эмх замбараагүй байдлыг хамгийн бага түвшинд барихыг хичээсэн. MGL71*** -ийн эхний амжилттай холболт яаралтай FQ дээр 13:12 цагт хийгдсэн, дараа нь түүнд салбарын давтамжтай холбоо тогтоохыг үүрэг болгов. Шалтгааныг нь асуухад багийнхан ATC (Rhein ACC)-тай үл ойлголцол үүссэн бөгөөд дараагийн шугам/давтамж руу шилжих заавар байгаагүй гэсэн. гэжээ.
7. М*** ТӨХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Аюулгүй ажиллагааны чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны Зөрчил дутагдлын шинжлэн шалгасан тайлан-нд ... Болсон явдал-2022 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн -Улаанбаатар чиглэлийн (ачааны нислэг) JU-1021 бүртгэлийн дугаартай, MGL71*** аяллын дугаартай агаарын хөлөг UTC цагаар 12:13 минутаас 13:12 минутын хооронд Холбооны Бүгд Найрамдах Г*** Улс болон Бүгд Найрамдах *** Улсын нутаг дэвсгэрт холбоогүй болсон., Дүгнэлт- Холбооны Бүгд Найрамдах Г*** Улсын нутаг дэвсгэрт MASEK өнгөрөлтийн нэг өнгөрөөд холбоо барьснаас хойш 40 орчим минут нисэж SUBIX цэг дээр хүртэл нисэх баг холбоо тасарсан аа мэдээгүй байна. Бүгд Найрамдах *** Улсын нутаг дэвсгэрт 17-18 минут орчим холбоо тасарсан аа мэдээгүй эсхүл давтамжийг буруу тохируулсан, чанга яригчийн дуу сул тохируулагдсан байна. JEPPESEN General Flight Supplement Booklet-ийн 6-р бүлэг дахь COMMUNICATION FAILURE дүрэмд заасны дагуу ажиллаагүй байна. ... гэжээ.
8. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн М*** ТӨХК-ийн -Улаанбаатар чиглэлийн MGL71*** дугаартай 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн нислэгт холбоо алдагдсан тохиолдлыг шинжлэн шалгасан тухай 467/22 дугаар дүгнэлтээр 2022 02 дугаар сарын 21-ны өдрийн М*** ТӨХК-ийн JU-1021 улсын бүртгэлийн дугаартай B767-300ER маягийн агаарын хөлгөөр үйлдсэн захиалгат MGL71*** дугаартай нислэгийн үеэр холбоо тасарсан зөрчлийг шалгах явцад нисэх бүрэлдэхүүний зүгээс холбоо тогтоох оролдлого хийсэн талаар мэдүүлсэн боловч Холбооны Бүгд Найрамдах Г*** Улс болон Бүгд Найрамдах *** Улсын нислэгийн хөдөлгөөний удирдлагын агентлагуудаас ирүүлсэн баримтаар RHEIN бүсийн 136.4*** болон WARSAW бүсийн 134.225 үндсэн давтамжууд болон онцгой байдлын 121.*** давтамжуудаар холбоо тогтоох оролдлого бүртгэгдээгүй, тус давтамжуудаар нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс холбоо тогтоох оролдлогод хариу өгөөгүй нь ИНД-91.245 (b) (2) болон ИНД-91.427 (b) заалтуудыг зөрчсөн, мөн М*** ТӨХК-ийн зүгээс Иргэний нисэхийн дүрэм-12.55 шаардлагын дагуу зөрчлийг зохих шугамаар нэн дариу мэдээлээгүй нь тогтоогдсон тул Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай. гэх дүгнэлтийг гаргасан байна.
9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч А.Э*** ыг маргаан бүхий тохиолдолд зөрчил гаргаагүй, иргэний нисэхийн дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.
10. Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий захиргааны актыг гарахдаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэж гомдол гарагчийн агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь тухайн хуулийн зүйл, заалтын агуулгад нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
11. Учир нь эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1. дүгээр зүйл. Холбогдогч,1.Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ., 2.Холбогдогч дараахь эрхтэй:, 2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;, 2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;, 2.9.зөрчлийн хэрэгтэй танилцах; гэж заасан эрхүүдийг зөрчилд холбогдогч буюу гомдол гаргагчид эдлүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
12. Мөн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тайлбарлан холбогдогчоос мэдүүлэг аваагүй, Зөрчлийн хэрэг тухай тогтоолыг прокурорт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, эрх бүхий албан тушаалтан нь байцаагчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтээ холбогдогчид танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг танилцуулж, хүргүүлээгүй зэрэг байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
13. Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйл. Иргэний нисэхийн тухай хууль зөрчих, 3.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заажээ.
14. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүн, хуулийн этгээдийг мөнгөн дүнгээр торгохоор байна.
15. Маргаан бүхий тохиолдолд, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт агаарын хөлгийн дарга байх эрх хамаарна гэж үзэж гомдол гаргагчийн агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.
16. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий Иргэний нисэхийн Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00348*** дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.2, 2.3, 2.9, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*** ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00348*** дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн орчуулгын зардал болох 770000 /долоон зуун далан мянга/ төгрөгийн 50 хувь болох 385000 /гурван зуун наян таван мянга/ төгрөгийг гомдол гаргагчаас, 50 хувь болох 385000 /гурван зуун наян таван мянга/ төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас тус тус гаргуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005007 дугаар дансанд төвлөрүүлсүгэй.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ