| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00989/И |
| Дугаар | 155/ШШ2021/01141 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2021/01141
| 2021 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2021/01141 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Т-ийн,
Хариуцагч: Х.М-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2021/00989/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч А.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Мтай 2011 онд танилцан үерхэж байгаад 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү М.М төрсөн, одоо 7 настай. Бид таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Тухайн үед хүү маань 2 настай байсан ба би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй. Х.М хүүтэйгээ ганц ч удаа уулзаж, харж хандаж байгаагүй.
Иймд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Мд эцэг Х.Маас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч Х.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би А.Тийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид 2014 онд гэр бүл болж, хамт амьдарсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү М.М төрсөн. Бид 2017 онд гэрлэлтээ цуцлуулж, хүү М.М эх А.Тийн асрамжид үлдсэн. Үүнээс хойш бид харилцаа холбоогүй болж, хүүхэдтэйгээ ч холбоо барьж чадаагүй. Эхэндээ хүүхэдтэйгээ утсаар яръя гэхээр яриулахгүй, улмаар намайг хүүтэйгээ уулзуулахгүй, үхсэн байсан ч ясан дээр чинь аваачихгүй гэдэг юм. Би 2020 онд өөр хүнтэй гэр бүл болсон, хэн хэн маань ар гэрийн амьдралтай болсон. Би цаашид үр хүүхэддээ тусалж, дэмжих болно.
Хүү М.Мд хүүхдийн тэтгэлэг төлнө. А.Ттай хүүхдийн тэтгэлгээ хэрхэн яаж төлөх талаар ярилцаж, ойлголцож болно гэж бодож байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Х.Мт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн зохигч болох А.Т, Х.М нар 2014 онд гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү М.М төрсөн, гэрлэгчид 2017 онд гэрлэлтээ цуцлуулж, хүү М.Мг эхийн асрамжид үлдээсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ...1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А.Т /0/, Х.М /0/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар...хүү М.Мг төрсөн эх А.Тийн асрамжид үлдээсүгэй... гэх бичилттэй 00781 дугаар шийдвэрийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтаны олгосон РД: ре14272213, хүүхдийн: Дүлийнхэн овогт Х.Мын М.М 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, Жаргалант сумын төрсний бүртгэлд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 6719000090 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)
Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн овог: Х.М, нэр: М.М, нас 7, хүйс: эр, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэх бичилттэй тодорхойлолт, Мөрөн Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн Х.М овогтой М.М нь Г ЕБС-ийн Б.П багштай 1б ангид суралцаж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас) зэрэг баримтуудаар нотлогдлоо.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан ч тэдний дундаас төрсөн хүү М.М гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Х.Маас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү М.Мг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй болно.
Иймд хариуцагч Х.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү М.Мг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү М.М 07 нас 04 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг хүү М.Мд сар бүр хариуцагч Х.М төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар М.Мд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Хариуцагч Х.М шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч А.Т түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Халтарын Х.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маас улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А.Тт олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА