| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0433/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/137 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч М.Ц-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч П.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л-д холбогдох эрүүгийн 2438000000440 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Л-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Л- нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мерөн сумын ... дүгээр хороонд ... улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас цагаан саарал өнгийн “Нүүдэлчин” маркийн мотоцикль жолоодож явсан М.Ц-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж биед нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л-гийн гэм буруугаа хүлээн
зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2438000000440 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.Л- нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мерөн сумын ... дүгээр хороонд ... улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас цагаан саарал өнгийн “Нүүдэлчин” маркийн мотоцикль жолоодож явсан М.Ц-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж биед нь дух яс, ухархайн ханын хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л-гийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/,
Хохирогч М.Ц-ын өгсөн: “...Би осол болохоос өмнө Мөрөн сумын ... дүгээр хороонд байдаг ахындаа пийшин, зуух хийдэг ажил хийдэг байсан юм. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа тараад 17 цагийн үед ... дүгээр хороонд байдаг ахынхаа гэрээс өөрийнхөө эзэмшлийн цагаан саарал өнгийн “Нүүдэлчин” нэртэй мотоциклио унаад 10 дугаар хорооны засмал зам дээр гарсан. Тэгээд засмал замаараа шууд ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгт чиглэлтэй яваад Хойморь дэлгүүрийн уулзвар дээр ирсэн чинь миний зүүн гар талаас хар өнгийн “Приус-30” маркийн машин шууд орж ирээд намайг мөргөсөн. Уг нь би машин орж ирэхээр нь тоормос гишгэсэн чинь зогсож чадалгүй очоод мотоциклийн зүүн талын хажуугийн бөөрлүүгээ мөргүүлсэн. Тэгээд би газарт унаад босоод ирсэн чинь нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд мэдрэл муутай юм шиг яаж яваад байгаа юм урдуур орж үхэх гэж байгаа юм уу гэхээр нь та дүрмээ мэддэг юм уу энэ тэмдэг хар гээд гол замын тэмдэг заасан чинь юу яриад байгаа юм чи мэдрэл юм уу гэж байсан. Нөгөө машины жолооч нэг машинтай хүн дуудсан юм шиг байсан нэг хүн хүрээд ирсэн. Тэр хүн ирсэн чинь намайг мөргөсөн машины жолооч наад хүн чинь эмч хүн байгаа юм чамайг эмчилнэ гэж хэлсэн. Тэгээд тэр хүн намайг машиндаа суулгаад аваад явахаар нь би юмыг яаж мэдэх юм гээд өөрийн ах, эгч нарыг дуудаад машинтай нь эмнэлэг рүү явсан. Миний санаж байгаагаар мотоцикль 3 дугаар араандаа явж байсан. Хурдаа бол хараагүй. Эмнэлгээс тархи цуурсан гэсэн. Бас зүүн талын хөлийн шагайнд зөөлөн эдийн гэмтэл үүсч хавдсан байгаа. 4-5 метрийн зайтай байхад тэр хар өнгийн “Приус-30” маркийн машин уулзвар луу орж ирсэн. Би тухайн үед уулзвар дээр ирэхдээ тэр хар өнгийн “Приус-30” маркийн машиныг харсан. Тэр жолооч утсаараа яриад намайг харах шиг болсон. Тэгэхээр нь би харж байгаа юм байна гэж бодоод хурдаа хасалгүй уулзвар гарах гэж байсан юм. Гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна. Бас мотоциклио янзлуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13,15 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн өгсөн: “...М.Ц-ын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгуулахад эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 1,672,894 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. ...буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Г.Б-ын өгсөн: “... 2024 оны 09 дүгээр сарын 16-ны үдээс хойш хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна П.Л- над руу залгаад би мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн, эмнэлгийн туслалцаа үзүүлээд эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед хаана байгаа юм гэж асуухад 10 дугаар хорооны хөндлөн замаар яваад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь би яваад очсон чинь П.Л-гийн машин дотор нэг хүүхэд байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг шууд өөрийнхөө машинд суулгаад хөдлөөд 9 дүгээр хорооны хөндлөн замаар яваад Ганчандмань дэлгүүрийн хажууд явж байсан чинь нөгөө хүүхэд та зогсож байгаач би ах руугаа утсаар хэлнэ гэхээр нь зогссон. Тэгсэн чинь нөгөө хүүхэд ах руугаа залгаад ирээд авчих гэж хэлж байсан. Ингээд удаа ч үгүй тэр хүүхдийн ах, эгч нь гэж хоёр хүн хүрч ирээд бөөн хэрүүл маргаан хийж байгаад тэр хүүхдийг аваад явсан. Тэр хүүхдийг аваад явчихаар нь би шууд гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 475 дугаартай: “1. М.Ц-ын биед дух яс, ухархайн ханын хугарал, дух, дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун дээд зовхи, зүүн хөлийн шагайд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. М.Ц-ын биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 30 тал/,
Хохирогч М.Ц-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 31-43 тал/,
Мөрдөгч О.Г-н 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн: “1. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан П.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан П.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Мотоцикль бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4 дүгээр зүйлийн В дэх хэсэгт заасан “...мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх магадлагаа /хх-ийн 46 тал/,
“...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин И.Ж-н 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/10887 дугаартай: “...Үнэлэгдэж буй улсын дугааргүй цагаан өнгийн Нүүдэлчин маркийн мотоциклийн эвдрэл гэмтлийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 313,600 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 50-53 тал/,
Иргэний хариуцагч Л.Б-н өгсөн: “...аавыг машин унаж яваад аймгийн төв ороод амаржин солиулаад ир гэж хэлээд өгөөд явуулсан чинь ийм зүйл болсон. Би осол болох үед Бүрэнтогтох сумын хөдөө гэртээ байсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Х-, Б.А- нарын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 643 дугаартай: “...М.Ц-ын сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш 16 цагийн үед шиг санагдаж байна би хүүхдийнхээ эзэмшлийн ... улсын дугаартай хар өнгийн “Приус-30” маркийн машиныг унаад Мөрөн сумын ... дүгээр хороонд байдаг Хоймор дэлгүүртэй замын уулзвар руу туслах замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт чиглэлтэй төв зам руу орж байхад миний баруун гар талаас гэнэт мотоцикльтой хүн орж ирээд мөргүүлсэн. Тэгээд би тухайн үед хуурай ах Баттулгыг дуудаад тэр мөргүүлсэн хүүхдийг эмнэлэг рүү машинтай нь хамт явуулсан чинь замдаа тэр хүүхэд Баттулга ахын машинаас буугаад өөрийнхөө ах эгчтэйгээ яваад өгсөн. Би тэр осол болдог орой мөргүүлсэн хүүхдийн ар гэрт 1 сая төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/, хохирогч М.Ц-ын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 13,15 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 21 тал/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /хх-ийн 25 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 тал/, хохирогч М.Ц-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 31-43 тал/, мөрдөгч О.Г-н 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа /хх-ийн 46 тал/, “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин И.Ж-н 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/10887 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 50-53 тал/, иргэний хариуцагч Л.Б-н өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Х-, Б.А- нарын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 643 дугаартай дүгнэлт, шүүгдэгч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч П.Л- нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мерөн сумын ... дүгээр хороонд ... улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас цагаан саарал өнгийн “Нүүдэлчин” маркийн мотоцикль жолоодож явсан М.Ц-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж биед нь дух яс, ухархайн ханын хугарал бүхий хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Ц-ын биед тогтоогдсон “дух яс, ухархайн ханын хугарал, дух, дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун дээд зовхи, зүүн хөлийн шагайд цус хуралт” бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч П.Л-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.Л- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.Л- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Л-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 475 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Ц- “...гомдолтой байна, эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна, мотоциклио төлүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15 тал/ өгсөн, “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин И.Ж-н 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/10887 дугаартай: “...Үнэлэгдэж буй улсын дугааргүй цагаан өнгийн Нүүдэлчин маркийн мотоциклийн эвдрэл гэмтлийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 313,600 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 50-53 тал/ авагдсан, хохирогч М.Ц-аас мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой 96,350 төгрөгийн баримт /хх-ийн 75 тал/ гаргаж өгснийг шүүгдэгч П.Л- 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мотоцикльд учирсан хохирол, эмчилгээний зардалд 409,950 төгрөг төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 87 тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүхийн шатанд хохирогч М.Ц- нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 643 дугаартай: “Хохирогч М.Ц-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт хэрэгт авагдсан байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар хохирогч М.Ц-ын сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, хохирогч М.Ц-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр дух яс, ухархайн ханын хугарал, дух, дээд, доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун дээд зовхи, зүүн хөлийн шагайд цус хуралт бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд зэрэгт хамаарч байгаа, хохирогчийн нас, хүйс, шүүгдэгч П.Л-гийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн боловч гэм буруугийн хувьд ”болгоомжгүй” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрхэлсэн ажил, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч М.Ц-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 10 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 6,600,000 /660,000х10=6,600,000/ төгрөг болж байна.
Иймд шүүгдэгч П.Л-гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 6,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ц-т олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 17-18, 21 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Иргэний нэхэмжлэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 1,672,894 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Л-гээс 1,672,894 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Л-гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Л-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 63-69, 71, 73 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Л- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, өөрийн үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний үйлчлүүлэгч нь хохирогч М.Ц-т баримтаар нотлогдож байгаа хохирол эмчилгээний зардал 96,350 төгрөг, мотоцикльд учирсан үнэлгээгээр тогтоогдсон хохирол 313,600 төгрөг буюу нийт 409,950 төгрөгийг нөхөн төлсөн. Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг гаргажээ.
Шүүгдэгч П.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2438000000440 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Л-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.Л-д хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч П.Л-гээс сэтгэцэд учирсан хохирол 6,600,000 (зургаан сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.Ц-т олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Л-гээс 1,672,894 (нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун ерэн дөрөв) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн 2438000000440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР