| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Хохирогч Х.С-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Н.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-д холбогдох эрүүгийн 2438004000555 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Х-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл ялих зүйлээр шалтаглан Х.С-ийн чихийг нь мушгиж, нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438004000555 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “чи миний морийг авсан” гэдгээр шалтаглан Х.С-ийн чихийг нь мушгиж, нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.С-ийн: “...гомдол саналгүй. Би эмнэлгээр яваад бүгдийг эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х-н: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өвөлжөөнийхөө гэрээ бариад буцаад гэр рүүгээ явж байтал Н.Х- араас мотоциклтойгоо ирэхээр нь зогстол “чи том болжээ гөлөгөө” гээд миний чихийг мушгисан. Тэгээд машины цонхны цаанаас миний шанаа руу хоёр удаа цохьсон. Тэгээд би хаалгаа онгойлгоод “чи намайг яаж байгаа юм бэ” гээд буусан. Тэгтэл нүүр рүү 4-5 удаа цохьсон. Тэгэхээр нь би “чи намайг яагаад байгаа юм бэ, би чамд ямар гэм хийсэн юм бэ” гэтэл Н.Х- “чи миний морийг авсан" гээд “миний морь чиний амьнаас илүү үнэтэй” гээд шүд хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд намайг алсан ч багадна гээд барилцаад байж байтал эгч нь ирээд салгаад аваад явсан. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Гэрч Д.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр Сайханбилэг ахын гэрийг барьж өгөөд наашаа гэр рүүгээ явж байтал араас Н.Х- мотоцикльтой давхиж ирээд С- ахын чихнээс нь мушгиад “гараад ир” гээд байсан. Тэгтэл С- ах машинаас буусан. Тэгтэл нөгөө залуу С- ахын чих толгой руу цохиод байсан. Тэгтэл би машинаас гаръя гэтэл С- ах хэрэггүй гэсэн. Тэгтэл нөгөө залуу сүх бариад машины хаалга руу цохиод байсан. Тэгэхээр нь би айгаад машинаас гараагүй намайг бас машинаас гараад ир гээд байса. Тэгж байтал хоёр хүн ирээд Н.Х-г аваад явсан. ...Нүд ам руу нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай: “...Х.С-ийн биед баруун доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,
Иргэний нэхэмжпэгч Г.Аззаяагийн өгсөн: “...2438004000555 дугаартай хэргийн хохирогч Н.Х- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 414,494 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Шүүгдэгч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Түнэл сумын Хар усны хөндий гэх нэртэй газраас хуц ухнаа ачаад гэр рүүгээ буцаж явсан. ...Хүртийн ам гэх газар нутгийн ах болох Х.С-тэй таарсан. Би Х.С-ээс төрсөн дүүг нь асуух гэтэл машинаа унаад зугтаад яваад өгсөн. Тэгээд би араас нь мотоциклиор хөөж байгаад зогсоогоод танай төрсөн дүү миний халтар зүсмийн 1 тооны морийг хулгайлсан одоо дүү чинь хаана байгаа юм гэж асуухад би яаж мэддэг юм, би чиний малыг хулгай хийчлээ юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.С-ийг машинаасаа буугаад ир гэхэд бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би машиных нь хаалгыг онгойлгоод татаж буулгаж ирээд гараараа нүүр хэсэгт нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.С-, гэрч Д.Р-, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “чи миний морийг авсан” гэдгээр шалтаглан Х.С-ийн чихийг нь мушгиж, нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун доод 1 дүгээр шүдний сулрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.С-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Х-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Х-н үйлдэл идэвхтэй, хохирогч Х.С-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Н.Х-н хохирогч Х.С-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Х-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Х- нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Х.С-тэй: “...эмчилгээний зардалд зориулж 5,000,000 төгрөг өгч, түүнээс уучлалт гуйн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан...” гэх эвлэрлийн гэрээ, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 414,494 төгрөгийг нөхөн төлсөн талаарх 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийг шүүх хуралдаанд гарган өгч байх тул шүүгдэгч Н.Х-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйсан, ... Улсын яллагчийн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал тохирохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ гэж заасан. Мөн урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүйг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн тухайд миний үйлчүүлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд нөхөн сэргээх хэмжээний төлбөр төлсөн. Миний үйлчлүүлэгчийн гомдол санал барагдсан учир хөнгөрүүлж шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.Х- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Х-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Хавтаст хэргийн 44-47 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Х- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн 2438004000555 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Х.С-т эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг өгсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 414,494 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 2438004000555 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Х.С-т эмчилгээний зардалд 5,000,000 (таван сая) төгрөг өгсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 414,494 (дөрвөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв) төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР