| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00812/И |
| Дугаар | 155/ШШ2021/01150 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2021/01150
| 2021 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2021/01150 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ё.А-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Я.А-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 155/2021/00812/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч А, хариуцагч Я.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 1998 онд танилцаж, 2000 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хуримаа хийж, 2000 оны 12 дугаар сард гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин А.С, 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү А.П, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Д, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин А.С нар төрсөн. Бид 20 жил хамт амьдарсан. 2020 оноос хойш бидний дунд хэрүүл маргаан гарах нь ихсэж хөндийрч эхэлсэн. Хариуцагч сүүлдээ архи согтууруулах ундааны хамааралтай болж сүүлдээ гэртээ тогтохгүй зугтах болсон. Гэртээ ирээч ярилцъя гэж гуйхаар ирдэггүй. Би эхэндээ хүүхдүүдээ бодоод элэг бүтэн амьдаръя гэж бодоод тэвчиж амьдарсан. Би хариуцагчийг гуйж, аргадаж янз бүрийн аргаар хажуудаа байлгах гэж хичээсэн. Тэр бүрийг минь хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Я.Аийг архи уугаад хаалгаар орж ирэхэд манай хүүхдүүд бүгд хийж байсан зүйлсээ орхиод хойшоо суучихдаг. Сүүлдээ би хүүхдүүдээ тийм байдалтай байхыг хараад элэг бүтэн амьдралаас илүү хүүхдүүдийнхээ аз жаргалыг бодсон нь дээр юм байна гэж бодсон. Том охин А.С нь насанд хүрсэн. Гэхдээ би боломжийнхоо хэрээр охинтой тус болж байна. Эцэг Я.А нь том охины төлбөрийг нь хийж их сургуулийг нь төгсгөнө гэж хэлсэн.
Иймд Я.А бидний гэрлэлтийг цуцалж, 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү А.П, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Д, 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин А.С нарыг эх А миний асрамжид үлдээж, бага хоёр хүүхэд болох А.Д, А.С нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү. ...Хүү А.П Ирээдүй XI дүгээр зуун ахлах цогцолбор сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Хүү А.Д Х ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. Охин А.С Х сургуулийн 4 дүгээр ангид суралцдаг. Эрүүл саруул бойжиж байгаа. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй. ...Бид эд хөрөнгө бий болгоогүй. Хариуцагчаас үлдэж байгаа зүйл нь хашаа гэр хоёр байгаа. Хүүхдүүддээ үлдээх байх гэж бодож байна.
...Я.А буруугаа хүлээдэггүй. Нэг ч удаа үнэнээ хэлж байгаагүй. Ярилцах гэхээр юугаа ярьдаг юм, юугаа ярих гээд байгаа юм гээд ярилцах боломж өгдөггүй. Би ярилцах гэж хэд хэлэн удаа оролдсон тоодоггүй. Дандаа гуйлгаж амьдрах гээд байдаг. Би Я.Аийг 20 жил гуйж амьдарсан. Эрэгтэй хүнийг гуйж амьдарна гэдэг гутамшиг юм байна лээ. Өөрийгөө өрөвдүүлэх гээд байдаг юм уу би огт ойлгохгүй байгаа. ...Хүү А.Пт тэтгэлэг гаргуулахгүй...гэв.
Хариуцагч Я.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 онд танилцаж үерхэж байгаад 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хурмаа хийж тус оны 12 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдрал дундаас 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр том охин А.С, 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү А.П, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Д, 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин А.С төрсөн. Би ажил хийж, айлын юм хийж өгчихөөд хаяа архи уудаг байсан. Энэ миний буруу байсан. Ах дүү нар таарамж муутайгаас гадна танай эхнэрийг бэрийгээ гэж тоохгүй байдаг учраас ханийгаа зовоогоод яхав тусдаа амьдарч салсан нь дээр юм байна гэж бодсон. Том охин А.Сийн төлбөрийг хийж сургуулийг төгсгөнө. Бага хоёр хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд А бидний гэрлэлтийг цуцалж, 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү А.П, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Д, 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин А.С нарыг эх Ан асрамжид үлдээж өгнө үү. Хүү А.Д, охин А.С нар хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Том охин А.С надтай хамт амьдарна гэж хэлсэн. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй. ...Гэр болон хашаагаа эхнэр хүүхдэдээ үлдээнэ. Ирэх жилээс байшин барьж өгөх бодолтой байгаа. ...Манай ах дүү нар болон эцэг эх бэрээ хүндэлдэггүй. Бусад айлыг харж байхад бэрээ хүндлээд сайхан байдаг. Энэ зэрэг байдлуудаас болж эхнэрээ зовоогоод яахав гээд салахаар шийдсэн. ...Манай эхнэр уур нь хүрэхээр яв, зай гэж хөөдөг. Сүүлдээ ингэж байхаар салдаг юм уу гэж бодогдох болсон...гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.С тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.С нь өөрийн эх Агийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний эцэг, эх Я.А, А нар нь 2000 оноос албан ёсоор гэр бүл болон амьдарч байсан. Энэ хугацаанд дөрвөн хүүхэдтэй болсон байдаг. Хамтран амьдрах эхний жилүүддээ гэр бүлийн харилцаа хэвийн, бид зургаа эвтэй сайхан амьдарч байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эцэг эх маань таарамжгүй харилцаатай болж аав маань гэртээ ирэхгүй, зарим үед ирэн очин байх болсон. Байнгын хэрүүл маргаан дунд байсан учраас хүндрэлтэй байсан. Би тусдаа амьдралтай болох хүртлээ эцэгтэйгээ хамт амьдарна гэж бодож байгаа. Гурван дүү маань эхийн асрамжид үлдэнэ. Эцэг эх маань гэрлэлтээ цуцлуулсан ч байнга холбоотой байна. Дүү нартайгаа үргэлж уулзаж байна. Дүү нараасаа тусдаа амьдраад хоёр сар болж байна. Нэгэнт ийм байдал үүссэн учраас гэрлэлтээ цуцлуулсан нь дээр гэж үзэж байна. Эцэг эхийгээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсны дараа хэрүүл маргаангүй, амар тайван амьдраасай гэж хүсэж байна. Эд хөрөнгийн хувьд маргаангүй учир миний ямар нэгэн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А нь Я.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулах, хүү А.П, А.Д, охин А.С нарыг өөрийн асрамжид авч, хүү А.Д, охин А.С нарт тэтгэлэг гаргуулах гэж тодруулав.
Гэрлэгчид 1998 онд танилцаж, 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 46 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин А.С, 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү А.П, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Д, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин А.С нар төрсөн болох нь 48, 0282757-77, 0000740482-375 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 5-9 дүгээр тал)
Нэхэмжлэгч А, хариуцагч Я.А нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.П, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.Д, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин А.С нарыг эх Агийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Я.Аээс хүү А.Д, охин А.С нарт олгох тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хүү А.Пт хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.С нь эд хөрөнгийн хувьд эрх ашиг хөндөгдөөгүй, зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү А.П, А.Д, охин А.С нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Я.Аийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Я.Аээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх А нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч Я.А төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү А.Д, охин А.С нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,334 төгрөг, нийт 161,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ад олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ад, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Я.Ад тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Я.А, А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.П, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.Д, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин А.С нарыг эх Агийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.Д, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин А.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Я.Аээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч нь хүү А.Пт хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.С нь эд хөрөнгийн хувьд эрх ашиг хөндөгдөөгүй, зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Я.Ад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ад тус тус даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Болорцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,537 (нэг зуун жаран нэгэн мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Аээс улсын тэмдэгтийн хураамж 161,537 (нэг зуун жаран нэгэн мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ад олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ад, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Я.Ад тус тус мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ