Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/03771

 

 

 

 

 

                  2021       11           18   

                 101/ШЗ2021/03771

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-н гаргасан,

 

Хариуцагч: Ц.Ц-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,760,869.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Ц.Ц, нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.                               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай банк хариуцагч Ц.Цтэй 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 2,500,000.00 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42.0 хувь, бэлэн бус гүйлгээнд 24.0 хувь, хугацаа хэтрүүлсний 24.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай олгосон.

 

Гэтэл хариуцагч нь гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дууссан боловч төлбөрөө төлөлгүй үндсэн төлбөр 7,187,748.00 төгрөгөөс 4,563,769.94 төгрөг төлөөд 2,623,978.06 төгрөгийг төлөөгүй, мөн бэлэн гүйлгээний хүү 3,828,226.60 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 300,323.98 төгрөгөөс 513,378.12 төгрөг төлж, одоо 3,615,172.46 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс гадна хугацаа хэтрүүлсний хүү 1,084,098.94  төгрөгөөс 8,666.38 төгрөгийг төлж, 1,075,432.56 төгрөгийг төлөөгүй, эрх хэтрүүлсний хүү 437,372.05 төгрөгөөс 26,385.56 төгрөгийг төлөөд 410,986.49 төгрөгийг төлөөгүй ба шимтгэл 73,100 төгрөгөөс 37,800 төгрөгийг төлөөд 35,300 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд, хариуцагч Ц.Цээс зээлийн гэрээний үүрэгт 7,760,869.57 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие “Г” ХХК-ийн нэхэмжилсэн 7,760,869.57 төгрөгийг төлж барагдуулах бодолтой байх боловч одоогоор хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд ялын хугацаа 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусах тул үүнээс хойш хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна.

 

Гэхдээ би 2017 онд 2,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан нь үнэн боловч тухайн үед хэрэглэсэн мөнгөө цаг хугацаан нь төлдөг байсан хэдий ч ажлын нөхцөл байдлын улмаас 2018 оноос эхлэн төлөлт хийж чадаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл би үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү болон шимтгэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ч бусад хүүгийн хэмжээг зөв тогтоох хэрэгтэй гэж бодож байна.

 

Би, хорих 441 дүгээр ангид Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн ял эдэлж байна. Учир нь, хамаатны хүнээсээ байр авсан чинь иргэний нэхэмжлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр явж байсан шийдвэр гүйцэтгэл удаад байна гээд хэрэгт татагдаад эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр 70,000,000.00 төгрөгийн өр төлбөрийг бусдад төлөхөөр болсон. Тиймээс энэ төлбөрийг төлчихөөд “Г” ХХК-ийн төлбөрийг төлөх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-иас хариуцагч Ц.Цт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,760,869.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Г” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Ц.Цтэй кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж, нийт 2,500,000.00 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд сарын 3.5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 6-8 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч нь 2,500,000.00 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг төлбөр тооцоонд ашиглахдаа тухайн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хэдэн ч удаа авч, буцаан төлсөн тохиолдолд төлөгдсөн дүнгээр дахин зээлэх эрхтэй байсан ажээ.

 

Энэ талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23"төлбөрийн хэрэгсэл гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг хэлнэ” гэж, мөн 5.1.26-т "төлбөр тооцоо гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг хэлнэ” гэж тус тус зааснаар хариуцагч Ц.Ц нь бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхдөө 2,500,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй картнаас бэлнээр төлөхөд сарын 3.5 хувь, бэлэн бусаар төлөхөд сарын 2 хувийн хүүг авч ашигласан зээлийн хэмжээнээс тооцож төлөх үүргийг хүлээсэн байна. 

 

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа ..............” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 5 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч нь өнгөрсөн хугацаанд 7,187,748.00 төгрөгийн зээлийг төлбөр тооцоонд ашигласнаас 4,563,769.94 төгрөгийг төлж, 2,623,978.06 төгрөгийг төлөөгүй, мөн зээлийн хүүнд (бэлэн гүйлгээнд 3,828,226.60 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 300,323.98 төгрөг) 4,128,550.58 төгрөг бодогдсноос 513,378.12 төгрөгийг төлж, 3,615,172.46 төгрөгийг төлөөгүй тухай маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 7,187,748.00 төгрөгийг төлбөр тооцоонд ашигласан боловч үүнийг зээлийн гэрээний 2, 3 дугаар зүйлд заасан хугацаанд буцаан төлөөгүй үүрэг гүйцэтгэх хугацааг олон хоногоор хэтрүүлсэн учраас 4,128,550.58 төгрөгийн хүү бодогдсон байна.

 

Энэ тохиолдолд шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч Ц.Цийг үндсэн зээлийн үлдэгдэл 2,623,978.06 төгрөгийг зээлийн хүү 3,615,172.46 төгрөгийн хамт төлөх эсэх талаар дүгнэх шаардлагагүй.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

  1. Гэвч хариуцагч Ц.Ц нь зээлийн гэрээний бусад хүү болох зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,084,098.94 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 437,372.05 төгрөг, шимтгэл 35,300.00 төгрөгийг тус тус хуульд нийцсэн эсэх талаар маргаж, үнэн зөв тогтоолгох хүсэлтэй байна гэж тайлбарласан.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлд “зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь, бэлэн мөнгө авахад төлөх шимтгэлийн хэмжээг “Г” ХХК-ийн АТМ-ээс 100 төгрөг, салбар тооцооны төвөөс 200 төгрөг, дотоодын бусад банкны АТМ-ээс 100+500 төгрөгийг төлнө” гэж тус тус тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...............” гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.

 

Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ц.Цтэй байгуулсан зээлийн гэрээнд “зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү” гэж Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй “хүү”-г авахаар тохиролцсон байна. Тодруулбал, хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гагцхүү хуулийн хүрээнд байх ёстой байтал нэхэмжлэгч нь хуулиар олгоогүй хүүг хариуцагчаас шаардахаар гэрээнд тусгасан нь хуульд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг 2,500,000.00 төгрөгөөс илүү зээлийг авах ёсгүй гэсэн атлаа тийнхүү авсан зээлийн хэмжээ нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, авах ёсгүй байсан мөнгийг авсан тохиолдолд зээл гэж үзэх эсэх, хэрэв тухайн хэмжээгээр зээл олгосон гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 2 хувиар тогтоосон нь ойлгомжгүй байна.

 

 Нөгөө талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж зааснаар стандарт нөхцөл агуулсан гэрээ ажээ.

 

 Стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд давтан хэрэглэхээр нэг талын урьдчилан тогтоосон нөхцөл бөгөөд үүнийг тайлбарлахдаа гэрээний талуудын хүсэл зоригоос ангид, хараат бус байж, тухайн заалт, тайлбарын хэвшмэл бодит агуулга, утга санааг илэрхийлэх агуулгатай. Гэвч зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлд “зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь” гэж заасан нь тухайн хүүг өдөр, эсхүл сар, жилээр тохирсон нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан байхад (3.5x20%=0.7, 2x20%=0.4, 1x20%=0.2) үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлж гэрээнд тусгасан байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. ................” гэж зааснаар тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх ба мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасныг үндэслэн зээлийн хугацаа болон эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлсэн, мөн эдгээр хүүг өдөр, эсхүл сар, жилээр тохирсон нь тодорхойгүй байх тул хариуцагч Ц.Ц нь зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,084,098.94 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 437,372.05 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээхгүй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч “Г” ХХК нь өнгөрсөн хугацаанд хариуцагч Ц.Цийн төлсөн төлбөрөөс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж 8,666.38.00 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж 26,385.56 төгрөгийг тус тус суутгаж авсан байна.

 

Тиймээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 2,623,978.06 төгрөг, зээлийн хүү 3,615,172.46 төгрөг, нийт 6,239,150.52 төгрөгөөс үндэслэлгүйгээр суутган авсан 35,051.94 төгрөг (8,666.38+26,385.56)-ийг хасвал 6,204,098.58 төгрөг болж байна.

 

Харин хариуцагч Ц.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шимтгэл гэж нэхэмжилсэн 35,300.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүхээс уг төлбөрийн талаар тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй болсон.

 

 Иймд, дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 6,204,098.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,556,770.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.Цээс 6,204,098.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,556,770.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,124.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,216.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР