| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Индра
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Хохирогч М.Б*******,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,
Шүүгдэгч Т.М******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Т******* М*******д холбогдох эрүүгийн 2231003350034 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1* оны ** дугаар сарын 1*-ны өдөр С** аймгийн С******* суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт С* аймгийн С******* сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С******* ургийн овогт Т******* М*******, Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Т.М******* нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мал хамгаалах сангийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байсан 0******* гэрчилгээний дугаартай, Ү-******* улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн С******* сумын 08 дугаар баг 03 дугаар хэсэгт орших үйлчилгээний зориулалттай 43 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 000537409 дугаартай У-1 улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн С******* сумын 08 дугаар баг Найрамдал хотхон 03 дугаар гудамж 803 тоот 83 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 000459560 дугаартай 1331 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаанд байгаа, бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж М. Б*******д "хашаа байшин зарна" гэж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 34,380,000 төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М******* мэдүүлэхдээ... Эдгээр хүмүүсийг залилах надад ямар шаардлага байхгүй, би байшин хашаагаа зарна гэж зар өгсөн, үүний дагуу олон хүн ирж уулзсан хохирогч Б******* ах хэд хэдэн удаа ирээд бид наймаа хийсэн. Хохирогч Б******* ах намайг худлаа хэлж, гүтгэж байна, хэрэг шалгах хугацаанд удаа дараа нөхөртэй минь холбогдуулан мөрдөгч, прокуророос татгалзаж байсан. Би энэ хэрэгт нөхрийгөө гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй, Б******* ах уг байшин хашааг Мал хамгаалах сангийн барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсан, тийм учраас мөнгө шилжүүлэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэж бичээд шилжүүлж байсан байх. Тухайн үед нөхөр хэрэгт холбогдоод би хотод байсан, эд нар миний мөнгийг цувруулж шилжүүлсэн, би мөнгө төгрөгөө нэхэж, гэр орноор нь очиж байгаагүй. Худалдах худалдан авах гэрээ хийсэн нь үнэн, энэ гэрээ надад хамаагүй Б******* ах зээл авах гэж байгаа гэхээр нь би очиж гарын үсэг зурсан, тэгэхээс би 35.000.000 төгрөгөөр хашаа байшингаа зараагүй, 48.000.000 төгрөгөөр тохирсон, тухайн үед нотариат юу ч асуугаагүй. Би өмнөх мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн байгаа. Надад хэн нэгэн хүнийг залилах ямар ч санаа байгаагүй, зээлийн барьцаанаас чөлөөлөөд хашаа байшингаа ав гэж тохирсон. Ер нь хүмүүс тэгээд барьцаанаас чөлөөлөөд байр авах тохиолдолд зөндөө л байдаг юм билээ. Манай аав, ээж ч гэсэн барьцаанаас нь чөлөөлөөд байр авсан шүү дээ. Хохирогч Б******* ах худал мэдүүлж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б*******гаас ... Юуны түрүүнд би шүүхийг үнэн зөв шударга шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Би М*******д залилуулаад олон жил хохирогч явна. М******* нь өөрөө худал мэдүүлэг өгч байна. Анх нотариат дээр өөрөө намайг дуудаж, эхнэр бид хоёр очиж, миний нэр дээрээ гэрээг байгуулсан. Бид хашаа байшинг 48.000.000 төгрөгөөр өгч, авна гэж огт тохироогүй, тийм зүйл ч яригдаагүй. Тухайн үед халаалттай хашаа байшин 28-35 сая төгрөгийн л ханштай байсан. Анх бид зарын дагуу уулзаж харилцан яриад 35.000.000 төгрөгөөр тохирч гэрээ хэлцлээ хийсэн. Тухайн үед М******* нь уг хашаа байшинг зээлийн барьцаанд байгаа гэж бидэнд огт хэлээгүй. Бид байшин хашааны мөнгөө өгчхөөд байхад бидний нэр дээр хашаа байшинг шилжүүлэхгүй болохоор нь үл хөдлөх хөрөнгийн газар очиж асууж сураглаж л барьцаанд байгааг мэдэж, цагдаад гомдлоо гаргасан. Би прокурорт гаргасан гомдлоо хууль сайн мэдэхгүй учир хууль төгссөн дүүгээрээ бичүүлсэн, буруу бичсэн байхыг үгүйсгэхгүй. Манайх энэ хашаа байшинг авах гэж мөнгийг банкнаас зээлсэн одоо маш их хохироод байна. Бид хашаа байшингийн мөнгийг өгсөн тул бичиг баримт гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон шүүгдэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б*******н "... Би 2019 оны 10 дугаар сарын үед хашаа байшин авах гээд байж байтал Facbook дээр 35.000,000 төгрөгөөр зарна гэсэн хашаа байшин байсан. Тухайн үед зар дээр 99691555 гэсэн дугаар байхаар нь залгаж ярьтал М******* гэж хүн байсан бөгөөд би очиж уулзах үед нөхөр Батбаярын хамт тухайн байшинд байсан. Би уулзаад авахаар ярилцаад тохироод би 2019 оны 11 дүгээр сард нүүж орсон. Би орох үедээ мөнгө төгрөг өгөөгүй бөгөөд орсон хойно буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 2,3680,000 төгрөг М*******ын данс руу хийсэн. Анх хашаа байшин 35,000,000 төгрөгөөр надад зарсан бөгөөд би тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийсэн байгаа. Би анх ярьсан үнийн дагуу мөнгөө 2021 оны 05 дугаар сарын 25-ны төлж барагдуулсан бөгөөд М*******аас хашаа байшингийн гэрчилгээг авахаар очиход М******* надад та миний мөнгийг анх ярьсан хугацаанаас хойш жилийн дараа өгсөн учир би таны гэрчилгээг жилийн өгнө гэхээр нь би за бас яах уу миний боломжийг хараад бас жил болсон юм чинь би хүлээхэд яах уу гэж бодоод тухайн үед М*******аар гараар нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлж өгнө гэдгийн бичүүлж аваад явсан. Тэрнээс хойш би хааяа ярьж чат бичдэг байсан бөгөөд юу болж байна гэхээр болохгүй байна, аав нас барсан нтр гэж надад хэлсээр байгаад жил болсон бөгөөд би 2022 оны 07 дугаар сарын эхээр М******* дээр очоод ах нь одоо гэрчилгээгээ авъя гэсэн чинь надад манай аав, ээж хоёр байшингаа зарахгүй гэж хэлсэн." гэх мэдүүлэг. /хх-ийн 06, 95-97, 195-196-p 79-80, 2-р хх-ийн 167-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.Ш... Манай нөхөр 2019 оны 11 дүгээр сарын үед Т.М******* гэх хүнээс Сэлэнгэ аймгийн С******* сумын 8 дугаар багийн нутагт байрлах хашаа байшинг авахаар болоод манай нөхөр уулзаад яваад байсан. Тухайн үед хашаа байшингаа 35,000,000 төгрөг гэж байсан бөгөөд бид нарын хувьд бэлэн мөнгө байгаагүй бөгөөд Голомт банкнаас хашаа байшин худалдан авах зээл авахаар материал өгсөн бөгөөд сар гаран хүлээгээд Голомт банк зээл гаргах боломжгүй гэхээр нь бидний хувьд байгаа мөнгөө буюу 9600,000 төгрөгөө өгсөн. Бид нарын хувьд 9.6 сая төгрөгөө өгөөд хашаа байшин нь сул байсан учир манайх цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд орсон. Тухайн үед Т.М******* нөхрийн хамт ирээд бид нарт хүлээлгэн өгсөн. Бид нар 2019 оны 12 дугаар сард орсон бөгөөд анх орохдоо мөнгийг нь хувааж өгнө гэдгээ хэлээд тохироод орсон. Тэгээд он гараад 2020 оны 04 дүгээр сар гэхэд 21,000,000 төгрөг өгсөн байсан. Тухайн үед манайх өөрийн байсан байраа хүнд зарахаар болсон байсан бөгөөд тухайн авах гэж байсан хүн нь мөн зээл болохгүй байна гээд бид нарын өгөх мөнгө дутсан. Бид нарыг мөнгө өгөх үед та үлдсэн мөнгөө болбол хурдан өгөөрэй, манай нөхөр хэрэгт холбогдсон хүнд мөнгө өгөх чухал хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Тэгээд нөхөр бид хоёр өөрсдийн хуучин байр зарагдахгүй байсан учир өөрсдийн боломжоор мөнгийг нь цувуулж өгсөөр байгаад 2021 оны 05 дугаар сард 35,000,000 төгрөгөө бүрэн өгч дууссан. Тэгээд Т.М*******д хашаа байшингийн бичиг баримтаа шилжүүлж авах хэрэгтэй байна гэж хэлэхэд тухайн хүүхэн та нар миний мөнгийг нь 1 жилийн дараа өгсөн учир би танай бичиг баримтыг мөн 1 жилийн дараа өгнө гэж хэлэхээр нь яагаад жилийн дараа гэж байгаа юм бэ гэсэн чинь та нар миний мөнгө удаасан учир би мөн жилийн дараа өгнө гэж хэлсэн. Тухайн үед бичиг баримт барьцаанд байгаа талаар ямар нэгэн юм хэлээгүй бөгөөд ХААЯ-нд байгаа ямар нэгэн өр төлбөр байхгүй зээлээ төлсөн шилжүүлж авах л дутуу байгаа. Авах гэхээр яамны хүмүүс ковид гээд бүгд байхгүй байна гэж хэлдэг байсан Сүүлдээ аав нас барсан гээд хэсэг алга болж байгаад сүүлдээ диплом хамгаалж байна завгүй байна гээд ерөөсөө утсаа авдаггүй байсан. Сүүдээ бүр алга болчихоор нь нөхөр бид хоёр гэрт нь очиж уулзахад гэртээ байсан бөгөөд бөөн хэрүүлж болж байж өөрөөр нь дэвтрийн цаасан дээр 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж өгнө гэдэг бичиг хийлгэж аваад салж байсан Түүнээс хойш жил хүлээгээд 2022 оны 06 дугаар сар болоод бичиг баримтаа авъя гэсэн чинь нөгөө хүүхэн чинь манайх хашаа байшингаа зарахгүй, аав ээж хоёр та хоёрыг хүүхдийн толгой эргүүлж байшинг авсан байна гэж хэлсэн гэхээр нь нөхөр бид хоёр гайхаад шууд цагдаад залилуулсан талаараа хандсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 129-131, 2-р хх-ийн 96-98-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б. Е: Миний хувьд 2011-2019 оны хооронд Мал хамгаалах сангийн зээлийн ахлах мэргэжилтэн хийж байгаад манай байгууллага татан буугдаж Хөдөө аж ахуйн дэмжих сантай нэгдсэн тул одоо энэ газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Тухайн зээлийг гаргах үед зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлийг олгож байсан. М******* гэх хүн нь хоёр үл хөдлөх гэрчилгээ болон нэг газрын гэрчилгээг манайд тавьж зээл авсан байдаг. Энэ зээлийн хугацаа нь 5 жил бөгөөд 3,6 хувийн хүүтэй олгогдсон. Авсан зээлээ 5 жил хувааж төлж дуусгах ёстой байсан. Гэтэл Т.М* нь 2018 онд 1700,000 төгрөг ганц удаа хийгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй байна. Одоо манайд төлөх үлдэгдэл нь 15,885,560 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа Зээлээ төлөхгүй байгаа учир Монгол банкны мэдээллийн санд муу зээлдэгчээр орсон байгаа бөгөөд он гараад шүүхэд шилжүүлэхээр байгаа." гэх мэдүүлэг, / 1-р хх-ийн 140-141-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Г "... Би 2019 онд хашаа байшин авах гээд явж байх үед Сэлэнгэ зар дээр тухайн байшин зарна гээд байж байсан. Би одоо яг аль зар дээр байсан гэдгийн санахгүй байна. Тухайн үед Салхитын аманд нэг байшин, мөн одоо өөрийн авсан байгаа хашаа байшин, мөн энэ асууж байгаа хашаа байшин 3-аас би сонгож авсан. Өшөө олон байшин байсан боловч эдгээр гурван байшин надад таалагдсан. Би тухайн байшинг үзэхээр очих үед хүн байгаагүй бөгөөд би гаднаас нь хараад тухайн зар дээр байсан утас руу залгаж ярьсан Би утсаар ярих үедээ хамгийн гол нь халаалт татах боломж байгаа талаар асуухад их холоос татах байсан бөгөөд тогоор халдаг гэхээр нь сард хэдэн төгpөг гардаг юм гэж асуусан чинь сард 600,000 төгрөг гардаг гэж хэлсэн. Тэгээд ямар үнэ ханштай талаар асуухад 35,000,000 төгрөг гэж хэлсэн. Тухайн үед надтай эмэгтэй хүн ярьсан би одоо дугаарын санахгүй байна. Би миний одоо амьдарч байгаа байшин мөн адил 35 сая гэж байсан бөгөөд төвийн халаалт, бохирт холбогдсон байсан учир би халаалттай байшинг сонгоод авч байсан. Би тухайн үед бага охинтойгоо очсон юм. Зар дээр байсан дугаар луу өөрийн 99497142 гэсэн дугаараас залгаж ярьж байсан. Халаалтгүй байсан учир би авахаа больж байсан бөгөөд миний авсан байшин энэ байшингаас холгүй ойрхон байдаг юм." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 16-17, 26-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Я О "... Би уг зээлийг ямар зориулалтаар авсныг сайн мэдэхгүй байна, архивын материалаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 8-нд ЭМААХДХ-МҮСҮ /2017/44/ ийм гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг мах болон сүүний чиглэлээр үхэр үржүүлж буй аж ахуй нэгжүүдэд зээлийн дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд авсан зээл байна. Зээл авсан нь үнэн. Санхүүгийн өглөгч авлагын журналаас зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгааг нь гаргуулж өгье. Барьцаанд байгаа хөрөнгүүдийг зөвшөөрөл авахгүйгээр зарагдах боломжгүй” гэх мэдүүлэг, /хх- ийн 170-171-р хуудас/
Зээлийн үлдэгдэл өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, зээлийн гэрээ /хх-ийн 173-181-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, /2-p xx- ийн 54-56-р хуудас/
М.Б*******н эзэмшлийн Хаан банкны 5 тоот данснаас Т.М*******ын эзэмшлийн Хаан банкны 5 тоот данс, 5 тоот данс руу мөнгө шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 16-21-р хуудас/
Мал хамгаалах сангийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "ЭМААХДХ"-МҮСҮ/2017/44 дугаартай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, /хх-ийн 73- 73-80-р хуудас/
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т.М*******, М.Б******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, /хх-ийн 43-р хуудас/
Т.М*******ын "Б*******, Шинэхүү нарт гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгнө" гэх гар бичвэр, /хх-ийн 55-р хуудас/
Т.М*******, М.Б******* нарын харилцсан харилцаа мессеж /хх-ийн 98-110-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Ундраагийн өгсөн: ...Т.М******* нь 2019 оны зуны цаг буюу 06, 07, 08 дугаар саруудад манай телевизээр “ПСМКА-гийн чанх хойд талд шинэ баригдсан хувийн орон сууц зарна” гэсэн зар оруулж байсан. Яг 48 сая төгрөгөөр гээд зар оруулж байсан. Би тухайн үеийг нь яг сайн санаж байна. Зар мэдээлэлд байгаа үг үсэг бүр төлбөртэй байдаг байсан. М*******аас тухайн зарын хүлээн авч байхдаа үг үсэг бүрээр нь мөнгөн дүнг тооцож байсан учраас санаж байгаа юм. Миний Монгол телевизийн доод булангаар урсдаг, дээд хэсэгт нь байнга харагдаж байдаг гэх мэтээр зар байршуулдаг байсан. Т.М******* нь тухайн хоёр төрлөөр хоёулангаар нь тавиулж байсан. Т.М******* нь урсдаггүй байнга харагддаг зар байршуулж байхыг би санаж байна. Учир нь тухайн зарыг байршуулахын тулд маш бага үг хэргэлдэг жишээ нь "ПСМКА-д байшин зарна. Үнэ: утас:" гэх мэтийн л зар байршдаг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 237 дугаар хуудас/
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 249-250, 2-р хх-ийн 55-56-р хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 30-36-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримт
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 49-р хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 50 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 51-р хуудас/
Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 52-р хуудас/
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2-р хх-ийн 57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Хохирогч М.Б*******гийн шүүх ийн хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 06, 95-97, 195-196-p 79-80, 2-р хх-ийн 167-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.Ш мэдүүлэг, /хх-ийн 129-131, 2-р хх-ийн 96-98-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б. Е мэдүүлэг, /хх-ийн 140-141-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Г мэдүүлэг, /2-р хх-ийн 16-17, 26-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Я О мэдүүлэг, /хх- ийн 170-171-р хуудас/
Зээлийн үлдэгдэл өглөг авлагын дэлгэнгүй журнал, зээлийн гэрээ /хх-ийн 173-181-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16- ны өдрийн 109 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, /2-p xx- ийн 54-56-р хуудас/
М.Б*******н эзэмшлийн Хаан банкны 5 тоот данснаас Т.М*******ын эзэмшлийн Хаан банкны 5 тоот данс, 5 тоот данс руу мөнгө шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 16-21-р хуудас/
Мал хамгаалах сангийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "ЭМААХДХ"-МҮСҮ/2017/44 дугаартай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, /хх-ийн 73- 73-80-р хуудас/
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т.М*******, М.Б******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, /хх-ийн 43-р хуудас/
М*******ын "Б*******, Шинэхүү нарт гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгнө" гэх гар бичвэр, /хх-ийн 55-р хуудас/
Т.М*******, М.Б******* нарын харилцсан харилцаа мессеж /хх-ийн 98-110-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Ундраагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 237 дугаар хуудас/
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 249-250, 2-р хх-ийн 55-56-р хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 30-36-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Т******* М*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ бусад хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдож байна.
Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг.
Иймд шүүгдэгч Т.М*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс ... Шүүгдэгч Т.М*******ыг 0******* гэрчилгээний дугаартай, Ү-******* улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн С******* сумын 08 дугаар баг 03 дугаар хэсэгт орших үйлчилгээний зориулалттай 43 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 000537409 дугаартай У-1 улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн С******* сумын 08 дугаар баг Найрамдал хотхон 03 дугаар гудамж 803 тоот 83 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 000459560 дугаартай 1331 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Мал хамгаалах сангийн барьцаанд байгаа гэдгийг анхнаасаа М.Б*******д хэлж, 48.000.000 төгрөгөөр наймааг тохирч хийсэн. Худалдах худалдан авах гэрээг М.Б*******д зээл авахад хэрэгтэй гэхээр нь хийсэн. Дээрх хашаа байшинг М.Б******* 14.000.000 төгрөгийн барьцаанд байгаа гэдгийг сайн мэдэж байсан. Тийм ч учраас мөнгө шилжүүлэхдээ утган дээр нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мөнгө гэж шилжүүлж байсан. М.Б******* нь анхнаасаа харин өөрөө худал мэдүүлэг өгч байсан, мөн барьцаанд байгаа талаар бичиж гомдол гаргаж байсан шүү дээ. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү. М******* нь 35.000.000 төгрөгөөр хашаа байшингаа зараагүй. Энэ нь Эрүүгийн гэмт хэрэг бишээ, иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулах асуудал юм. Шүүгдэгч Т.М******* нь бусдыг залилсан ямар нэг үйлдэл хийгээгүй учир хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Т.М*******д холбогдох хэргийг ...бусдыг залилсан ямар нэг үйлдэл хийгээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Хохирогч М.Б*******гийн шүүх хуралдаанд болон хууль сануулан асуусан удаа дараагийн мэдүүлэг, /хх-ийн 195-196-p 79-80, 2-р хх-ийн 167-р хуудас/
Мөн гэрч И.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 129-131, 2-р хх-ийн 96-98-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б. Е мэдүүлэг, /хх-ийн 140-141-р хуудас/
Мал хамгаалах сангийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "ЭМААХДХ"-МҮСҮ/2017/44 дугаартай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, /хх-ийн 73- 73-80-р хуудас/
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т.М*******, М.Б******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, /хх-ийн 43-р хуудас/
Т.М*******ын "Б*******, Шинэхүү нарт гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгнө" гэх гар бичвэр, /хх-ийн 55-р хуудас/
Т.М*******, М.Б******* нарын харилцсан харилцаа мессеж /хх-ийн 98-110-р хуудас/ зэрэг нотлох баримтаар: шүүгдэгч Т.М******* нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мал хамгаалах сангийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж М. Б*******д "хашаа байшин зарна" гэж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худалдан борлуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 34,380,000 төгрөгийг залилсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах дүгнэлтийг хүлээж аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.М******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид яллах дүгнэлтэд дурдсанаар 34,380,000 төгрөгийн хохирол учруулсан ба баримтаар 34.780.000 төгрөгийг шилжүүлсэн, шүүхэд хэрэг хянагдах хугацаанд 220.000 төгрөгийг дахин шилжүүлж бүгд шүүгдэгчийн Т.М*******ын дансанд 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар хохирогч М.Б*******гийн шүүгдэгч Т.М*******д төлсөн мөнгөний дүн зөрүүтэй тул тооцоог нарийн тогтоож, шалгаж ирүүлэхээр даалгасан боловч зөвхөн хохирогчоос мэдүүлэг авч, нэмж 220.000 төгрөгийг хохирогч нь шүүгдэгчийн дансанд шилжүүлж холбогдох материалыг ирүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан үнийн дүнг зөвтгөн ирүүлээгүй байх тул шүүх хохирлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 1-д заасны дагуу ... яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Т.М*******аас 34.380.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Б*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин энэ гэмт хэргийн улмаас үүсэх хор уршгийн талаар шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч түүний өмгөөлөгч нараас ямар нэг санал дүгнэлт гаргаагүй болохыг дурдаж, хохирлын үнийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч болон түүний өмгөөлөгч нараас худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бидэнд гаргуулж, өмчлөх эрхийг бидэнд шилжүүлж хохиролгүй болгож өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх мөн хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь: Шүүгдэгч Т.М******* мал хамгаалах сангийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж М.Б*******д "хашаа байшин зарна" гэж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худалдан борлуулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд энэ шүүх хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хохирогчид шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч Т.М*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Т.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал болон хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас: Шүүгдэгч Т.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Т.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулах ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С******* ургийн овогт Т******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Т******* М*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.М*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хохирогч М.Б******* нь худалдах худалдан авах гэрээнд заасан хашаа, байшин, газрын үнийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ