Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                              Д.Номин-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                Х.Индра

Шүүгдэгчийн өмгөөлөгч             Д.Ариунтуяа

Хохирогч                                     Н.Э*******

Шүүгдэгч Э.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Э******* Э*******ад холбогдох 2431000000332 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-ны өдөр Т** аймгийн З** суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Р**" гүний уурхайд машин механизмын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт С** аймгийн С******* сум, ** дугаар баг, 8** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М** Уу** овогт Э******* Э*******, РД:*******

 

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Э******* 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр С** аймгийн С******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Э******* зам тээврийн осол гаргасан гэх шалтгааны улмаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э******* мэдүүлэхдээ ... 2024 оны 06-р сарын 28-ны орой 18 цаг 30 минутын үед хүү маань Солонгос улсаас эмчлүүлж байгаад ирсэн тул эмээгийнд нь очоод буцаж явах замд приус-11 маркийн  машины жолооч урсгал сөрж орж ирээд миний сууж явсан талаас  манай машиныг хүчтэй мөргөсөн. Би тухайн үед эмчилгээ хийлгээд ирсэн хүүхэд болон 2 хүүхдээ маш их санаа зовж  яаралтай эмнэлэг явуулсан. Гэтэл бидний мөргөсөн машины жолооч согтуу бууж ирээд чи согтуу байна гэж миний хүзүүнээс зулгаасан. Тэгэхээр нь би чи өөрөө согтуу яаж байгаа юм гэж нүүр лүү нь мангасдаж түлхсэн, энэ үед энэ эмэгтэй  газар унасан. Өөр зүйл болоогүй,би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хүний буруу энэ асуудал болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э******* мэдүүлэхдээ ...Би өдөр сараа одоо мартсан байна. Машин мөргөлдсөн гэтэл энэ хүн бууж ирээд миний нүүр лүү хэд хэд цохисон. Би энэ хүнийг цохиж зууралдсан зүйл байхгүй. Би өөрөө сайн санаж байна, гэрчүүд ч тодорхой мэдүүлдэг. Э******* нь саяхан над руу утасдаж  дарамталсан, чи надаас юу ч авч чадахгүй би танилтай хүн гэж хэлсэн. Утсаар ярьсан цаг минут нь байгаа. Миний хувьд маш их гомдолтой, би 80.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн боловч баримт байхгүй байгаа. Эмчид үзүүлэхэд эрүү, нүүрэнд үзүүл хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Би мөнгө төгрөг байхгүй учир эмчилгээнд явж чадахгүй байна. Иймд энэ хүнээс эмчилгээний зардлаа, мөн сэтгэцэд  учирсан хохирлоо гаргуулж авах  хүсэлтэй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Э*******ийн "... Би гэртээ харихаар өөрийн 0** С** улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслээр Буурын голоос С** сумын ** дугаар багт байрлах гэр лүгээ төв замаар явж байсан. Тэгсэн надтай хэд хэдэн машин зөрч өнгөрөхөд нь миний нүд гялбаад замаараа явж байна гэж бодсон хажуу талын урсгал руу орж урдаас ирж байсан машины зүүн урд талыг мөргөсөн. Би машинаас буугаад очиход миний мөргөсөн машины жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд "хүүхэд алчихлаа, хүүхэд цонхоор уначихлаа, хүүхэд уначихлаа" гэж ярьсан. Би машины эргэн тойрон хүн унасан юм болов уу, машины эргэн тойрон цус байна уу гэж харахад ямар нэгэн зүйл унаагүй, цус болсон зүйл байгаагүй. Намайг зогсож байхад жолоочийн нөхөр нь гэх залуу ирээд зүүн шанаа орчим баруун гараараа цохисон. Мэдээж намайг цохисон учраас би эсэргүүцээд "согтуу юм уу, хаашаа юм" гэж хэлэхэд нөхөр нь амандаа юм хийж зажилж, юм уусан. Тэгсэн эхнэр нь "навсайсан хачин юм уначхаад яагаад байгаа юм" гэж хэлээд миний зүүн шанаа орчим алгадсан. Би осол болох үед тээврийн хэрэгслийнхээ аюулгүйн бүсийг зүүсэн байсан учраас би машины үрүүлийг мөргөөгүй. Урдаас машин ирэхэд гэрэл гараад машин мөргөх үед машин мөргөж байгаагаа мэдээд 2 гараараа машины үрүүл дээр чанга тулаад хойшоо гэдийсэн байсан учраас би машины үрүүлийг мөргөөгүй. Мөн миний зүүн шанаа нүд орчим жолоочийн нөхөр гэх залуу гараараа цохих үед миний нүдэнд их хүчтэй өвдөлт өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д******* Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод хохирогч Н.Э*******ийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 2 удаагийн үйлчилгээгээр 219.632 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн байна. Эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна" гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.О******* "... Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гсээ хүн аваад аймгийн төв рүү хүргэж өгөхөөр явж байхад Хорооллын МТ шатахуун түгээх станцын хажууд нэг машин урдаас урсгал сөрж орж ирээд намайг мөргөх гэхээр нь би баруун дараад хажуугаар нь гарах шиг болоход түг гээд юм дуугарахаар нь би миний машиныг мөргөчхөв үү, мөргөөд зугтааж байна уу гэж бодоод эргээд явахад нөгөө машин хуучин МТ шатахуун түгээх станц руу ороод зогсоосон байсан. Би машинаасаа буухад приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дотроос Г эхнэр зүс мэдэх эмэгтэй бууж ирээд BMW x1 маркийн тээврийн хэрэгслийн хүмүүстэй маргалдаад байсан. BMWx1 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйн хажууд сууж явсан нөхөр нь бололтой залуу надад хандан "чи цагдаа иртэл байж байгаарай" гэж хэлсэн. Би тэр дор нь Б рүү залгаад "Ганаа руу залгаад эхнэр нь энд аваар хийсэн байна гэж хэлээрэй" гэж хэлсэн. Би осол болсон газар цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байхад ВМWx1 тээврийн хэрэгслийн залуу приус-11 тээврийн хэрэгслийн жолооч Г эхнэртэй маргалдаж байгаад нүүр орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ойртоод очиход нөгөө залуу Г эхнэрийг дахиад цохих гэхээр нь би салгасан. Дараа нь Г эхнэр BMWx1 тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйтэй маргалдаад байсан. ... Н.Э*******ийг BMWx1 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн нөхөр нь цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Г "... Б дахиж залгаад танай эхнэр чинь хорооллын МТ колонкийн хажууд машин мөргөөд аваар гарсан байна гэж хэлсэн. Би хэлсэн газар нь очоод удаагүй байхад миний араас эхнэрийн эгч ах ирсэн. Манай эхнэр машин мөргөсөн гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг очиход цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан. Манай эхнэрийн зүүн нүд орчим хөхөрсөн байсан. Энэ хүмүүс чинь намайг цохичихлоо гээд мөргөлдсөн машины хүмүүсийг хэлж байсан. Би тэдгээр хүмүүстэй харьцаагүй. Эхнэр Н.Э******* нүүрэнд учирсан гэмтлээ нөгөө машинд зорчиж явсан залууд цохиулсан мэтээр цагдаа дээр байхдаа ярьсан... Манай эхнэр Н.Э******* зам тээврийн осол болсон газарт байхдаа бусдад цохиулсан талаараа хэлсэн. Дараа нь цагдаагийн газар ирсэн байхад нь би ирж авахад намайг цохиж зодсон гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.М "... Приус-11 маркийн тээврийн хэрэгслээс эмэгтэй хүн гарч ирээд нөгөө ВМВ маркийн тээврийн хэрэгсэл дотроос эрэгтэй хүн буугаад ирчихсэн хүүхэд тэвэрч байсан. Манай машиныг мөргөөгүй учраас ямар нэгэн сэв байхгүй байгааг шалгаад бид 2 машиндаа суух гэхэд нөгөө хүүхэд тэврээд зогсож байсан ах манай машин дээр ирээд "та 2 байж байгаарай та 2 гэрч шүү, цагдаа иртэл байж байгаарай" гэж хэлсэн. Тэгсэн приус-11 маркийн тээврийн хэрэгслийн эмэгтэй бас машинаасаа буугаад бид хэд дээр ирээд согтуу байгаа юм шиг сонин байсан ба ВМВ маркийн тээврийн хэрэгслийн залууг "согтуу байгаа юм уу, согтуу байгаагаа нуулаа, яагаад миний машиныг мөргөчхөв" гэх зэргээр хэлсэн. ВMB маркийн тээврийн хэрэгслийн залуу приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэйн нүүр орчим нэг удаа цохиход нөгөө эмэгтэй О ахын машиныг налаад газар унасан. Нөгөө цохисон залуу дахиад нөгөө эмэгтэй рүү дайрахад О ах тэр залууг холдуулаад би тэр эмэгтэйг цааш нь машин руу нь явуулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Д "... Намайг очиход цагдаагийн алба хаагч ирээд зогсож байсан. Мөргүүлсэн гэх цагаан өнгийн машин замын хажууд зогсоод МТ колонкийн уулзвар руу Б ороод машинтай тайгаа зогссон байсан. Би цагаан машин дээр нь очоод машины эргэн тойронд зогсож байгаа машины эзэн болон бусад хүмүүсээс "бие нь зүгээр үү" гэж асуухад машин барьж байсан гэх эмэгтэй "манай хүүхэд гадаадад тархины хагалгаанд ороод ирсэн эмнэлэг рүү аваад явсан" гэж хэлсэн. Би тэндээс цаашлаад Бгийн сууж байсан машины хаалгыг онгойлгоход Б /Н.Э*******/ уйлаад сууж байсан. Би уурлаад "чи архи уусан байгаа юм уу архи уучхаад машин бариад явж болдог юм уу, яаж яваад хүн дайрчхаагүй юм, хэнтэй уусан юм найз нөхөдтэйгөө уусан юм уу" гэхэд Б /Н.Э*******/ "намайг 2 хүн зодсон" гээд уйлаад нүүрээ дараад байсан. Би харахдаа алгадуулсан юм уу нүүр нь уйлаад хавдсан юм уу гэж харсан. Эгч хүний үүднээс 1 минут орчим үг хэлж загнаж байхад цагдаа ирээд "энд загнаад яах вэ, цагдаагийн алба хаагчид ирээд учрыг нь олно" гэж хэлэхээр нь би машины хаалгыг нь хаасан. Дараа өдөр нь Б /Н.Э*******/-тэй утсаар яриад биеийн байдал хэр байна гэхэд Б "толгой өвдөөд байна, босож суухад толгой эргээд байна" гэж хэлэхээр нь "өчигдөр юу болсон юм" гэхэд Б "Зөрж өнгөрч байгаа машинуудын гэрэл урдаас тусаад хажуу тал руугаа ороод машин мөргөсөн. Би машин мөргөсөн гэдгээ мэдээд очиход хүүхэд унасан гэмтсэн гэхээр нь би хүүхэд хаана унав яасан зүгээр үү гэж гэж байхад жолооч эмэгтэй намайг алгадсан, үргэлжлүүлээд нөхөр нь гараа зангидаж байгаад нүүр лүү цохиход оч манараад их өвдсөн, тэр өвдөлт одоо хүртэл арилахгүй байна" гэж хэлсэн. Би "хэчнээн чиний буруу ч гэсэн хүнийг зодох эрх тэр хүнд байхгүй, эмнэлэгт үзүүлсэн юм уу, толгой тархины асуудал хүнд шүү үзүүлж харуул" гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №270 дугаартай "Н.Э*******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22/207 дугаартай албан бичиг /хх-ийн 56-57 хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 62 хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуудас/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 Шүүгдэгч Э.Э******* нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Э******* зам тээврийн осол гаргасан гэх шалтгааны улмаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Э*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д******* Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод хохирогч Н.Э*******ийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 2 удаагийн үйлчилгээгээр 219.632 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн байна. Эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна" гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.О******* өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Г өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.М өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32 хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №270 дугаартай "Н.Э*******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22/207 дугаартай албан бичиг /хх-ийн 56-57 хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Э.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э******* болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Э.Э******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 219,632 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.Э*******аас 219,632 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байна.

Хохирогч Н.Э******* нь эмчилгээний зардалд 80.000 төгрөг гарсан гэж мэдүүлж байгаа боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамруулж тогтоосон ба  шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тооцож гаргахдаа  гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн эрүүл мэндэд /зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал/  гэмтэл учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” заасны дагуу уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.940.000 / таван сая есөн зуун дөчин мянга /  төгрөгийг шүүгдэгч Э.Э*******аас гаргуулж хохирогч Н.Э*******т олгох нь зүйтэй гэж шийдэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Э.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Э******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Э.Э*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э*******ад оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Э.Э******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол Уул овогт Э******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э******* Э*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга /  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Э.Э*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Э.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******аас сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 5.940.000 / таван сая есөн зуун дөчин мянга / төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Э*******т олгосугай.

6.Шүүгдэгч  Э.Э******* нь  Эрүүл мэндийн даатгалын санд 219,632 төгрөгийг төлсөн, хохирогч Н.Э******* нь эмчилгээний баримтаа ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ