Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Х.Индра

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Хохирогч                                  Д.М*******

Хохирогчийн өмгөөлөгч       Ө.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Р.Атарцэцэг

Шүүгдэгч Г.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.О*******т холбогдох эрүүгийн 2431000000075 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр Х* аймгийн А** суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, яс үндэс захчин, дээд боловсролтой, улс төрийн мэргэжилтэн, биеийн эрүүл мэндийн улмаас группэд  байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт  С** аймаг Ж******* сум ** дугаар баг М******* гудамж ** дүгээр хэсэг ** тоотод оршин суух, урьд   нь С** аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг оногдуулсан ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Н** б** ургийн овогт Г******* О*******, Регистрийн дугаар: *******

 

Гэмт хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.О******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө согтуурсан үедээ С*** аймгийн Ж******* сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ Д.М******* "машин унуулсангүй" гэх шалтгааны улмаас маргалдаж толгой, нүүр, баруун цээж хэвлий хэсэг рүү нь өшиглөж түүний биед хоёр нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, баруун нүдний алимын суулт, баруун нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, баруун нүдний хараа бууралт, архины баруун зулай, чамархай дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, дух баруун хацарт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О******* мэдүүлэхдээ: Би өмнө нь мэдүүлгээ өгсөн, дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М******* мэдүүлэхдээ: 2024 оны 07-р сарын 13-ны орой 23 цагийн үед намайг гэртээ амарч байхад О*******ын  эхнэр орж ирээд О******* агсам согтуу тавиад байна чи ороод унтуулаад өгөөч гэж гуйсан. Би гэрт нь орж О*******тай  ойр зуурын юм ярьж байгаад унт гэж хэлээд , гэртээ ирэхэд хүүхдүүд ор засчихсан байхаар унтах гээд байж байтал дахин О*******ын эхнэр Ц  орж ирээд, нөгөө О******* чинь машин барьж гарна гээд байна ,чи  очоод битгий гар гэж хэлээд өгөөч гэхээр би очсон. Гэтэл О******* машинаа асаачихсан хашааны хаалгаа онгойлгох гээд явж байхаар нь би согтуу машинтай  гарч болохгүй гэж хэлээд түлхүүрийг нь авах гэтэл О******* нь чи миний машины түлхүүрийг авдаг хэн бэ гээд намайг толгойгоороо мөргөсөн,  ба яаж байнаа гэхэд дахиж мөргөсөн энэ үед ухаан санаа манараад л явчихсан, намайг газар унахад дээрээс дахиад цохиод байсан, эхнэр Ц нь ирээд чи хүн аллаа шүүдээ гэж хэлэхэд ,  О******* нь намайг дахин өшиглөсөн. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. Миний хувьд О*******т зодуулснаар толгой нүүрэндээ хүнд гэмтэл авсан,  гомдолтой байна. Эмчилгээний зардалд 2.142.040 төгрөг гарсан. Үүнээс хойш 200.000 төгрөгийг л өгсөн гэж хүүхдүүд хэлсэн. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Д.М*******ийн "Би ** аймгийн С суманд амьдардаг. Миний охин З нөхөр хүүхдүүдийн хамт Ж******* сумын 2 дугаар багт 2009 оноос хойш амьдарч байгаа юм Би намар сургуулийн хичээл эхлэхээр Ж******* суманд охин дээрээ ирж хүүхэд харсаар сүүлийн 3-4 жил байнга оршин сууж байна. 2024 оны 02 сарын 13-ны өдрийн 23:48 цагт саахалт айлын О*******ын эхнэр Ц манай охин Зын утас руу залгаад надтай яръя гэсэн юм билээ. Би охины утсыг аваад Цтай ярихад О******* согтуу унтдаггүй чи ирээд унтуулаад өгөөч гэж гуйсан. О*******тай би саахалт айл учраас гэмгүй байдаг харилцаатай хүмүүс юм. Ингээд хувцсаа өмсөөд гэрт нь яваад ороход эхнэр, ач охин хоёр нь гал зуухны өрөөндөө О******* унтлагын өрөөний орон дээрээ хувцастай бүхлээрээ хэвтэж байсан. Тэдний хооронд хэрүүл маргаан болсон шинж байгаагүй. О******* намайг харчхаад босоод ирсэн Өө найз ороод ирлээ гээд идээ амс гэхээр нь амстал ширээн дээр байсан архинаас хундаганд хийгээд өгөхөөр нь 2 хундага уусан. О******* өөрөө 2 хундага уугаад би унтлаа гээд ор руугаа яваад өгсөн Би ч түүнийг согтоод амрах гэж байна гэж ойлгоод гэр рүүгээ явсан Би тэднийд 10 гаруй минут л болсон байх. Гэртээ ороод хувцсаа тайлаад унтах гэж байтал охин Зын утас руу Ц 00:11 цагт залгасан Нохойтой юу гэж асуусан гэсэн. Гаднаас тэр дороо Ц ач охиноо дагуулаад ороод ирсэн. Ц надад О******* архи уучхаад согтуу машин унаж гарах гээд байна чи очоод түлхүүрийг нь аваад өгөөч гэж гуйсан Би хувцсаа өмсөөд гарч Цгийн хамт хашаанд нь ороход О******* граш дотроосоо машинаа гаргаж байсан. Би хөөе зогсоорой гэхэд сонсолгүй ухарч гараад хашааны үүдэнд очиж зогсоод машин гардаг том хаалгаа дэлгэх хооронд нь би явж очсон. Машиных нь хаалга онгорхой кабины гэрэл асаалттай байхаар нь машиныг нь унтрааж түлхүүрийг нь салгаж авахаар кабин руу нь тонгойход О******* хүрч ирээд чи яах гээд байгаа юм гэхээр нь чи согтуу нойтон машин барьж хэрэггүй гэхэд намайг түлхсэн. Би түүнийг холдуулж түлхүүрийг нь авах гээд түүнийг хариу түлхэхэд духаараа миний нүүрэн тус газар мөргөсөн нүдэнд оч манараад хариу нэг цохих гэснээ түүнийг урьд нь цус харваж байсныг санаад болиод цээж рүү нь түлхсэн. Гэтэл О******* дахиад миний нүүр рүү мөргөхөд би ухаан балартаж унасан. Нэг сэргэхэд би дээшээ хараад хэвтчихсэн О******* миний толгой, баруун цээж, хэвлий рүү Өшиглөж байсан. Нэг сэргэхэд охин З зээ охин 12 настай Ану хоёр уйлалдаад байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 529,500 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 9 хуудас/

Гэрч М.Зын "...2024 оны 02 сарын 13-ны өдөр гэртээ байж байтал саахалт айлын Ц эгч миний утасны дугаар руу залгаад М******* ахын утас холбогдохгүй байна, оройн цагаар ярьсанд уучлаарай, аавтай чинь яриадхая гэсэн. Би аавд утсаа өгөөд яриулахад, аав өө тийм үү, за танайд юм уу гэж хэлээд гараад явсан. Гарч яваад 20 орчим минутын дараа буцаад гэрт орж ирсэн. Яав аав гэхэд, О******* гэртээ согтуу байна, эхнэр хүүхдээ амраахгүй байхаар нь хэдэн үг сольчхоод унтуулчхаад гараад ирлээ гэж хэлсэн. Ингээд бид амрах гээд 10 орчим минут болж байтал Ц гуай дахин миний дугаар руу залгаад, танайх нохойтой юу гэж асуухаар нь байхгүй гэж хэлтэл утсаа таслаад төд удалгүй байж байтал Ц эгч гэрт охинтойгоо ороод ирсэн Аавд хандан, М нөгөөдөх чинь унтдаггүй, О******* машинаа унаж гарна гээд байна. миний үгэнд орохгүй байна, чи надад түлхүүрийг нь аваад өгчхөөч машин унаж гарвал бөөн асуудал болно гэж хэлсэн. Аав нэлээд дурамжхан харагдаж байсан ба дуртай дургүй хувцсаа өмсөөд гараад явсан. 30 орчим минутын дараа Ц гуай ахин залгаад Золоо энд нэгнийгээ алж байна чи хурдан ирэхгүй бол болохгүй байна гэж намайг дуудсан. Би охиноо дагуулаад гэрийнхээ халаадтайгаа гүйгээд очиход О******* гуайн хашааны том хаалга онгорхой, машин нь асаалттай, дөрвөн хаалга нь онгорхой, бүх гэрлүүд нь асаалттай, миний аав машины жолооч талд газар дээшээ хараад хэвтчихсэн, нүүр нь ам нь битүү цус нөжтэйгөө холилдсон, хувцас хунар нь урагдсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. О******* аавын хөлийнх нь дэргэд газар бөгсөөрөө суучихсан, Ц гуай хажууд нь яана аа, яана аа гээд байж байсан. Энэ хооронд би эмнэлэг рүү дуудлага өгсний дараа аавыг ухаан алдуулчхаагүй байлгахын тулд юм асуухад дуугай байж байгаад зөөлөн дуугаар миний охин Золоо юу гэж асуусан. Түүнээс хойш юм дуугараагүй, унтаж байгаа юм шиг хурхирах чимээ сонсогдоод байсан. Би тархиндаа гэмтэл авсан байж магад гэж бодоод хөнжлөөр биеийг нь ороогоод хөдөлгөөнгүй хэвтүүлж байтал эмнэлгийн машин ирээд авч Ж** сумын эмнэлэгт аваачсан. Тэнд анхны тусламж үзүүлсний дараа Д** аймаг руу явах шаардлагатай гээд эмнэлгийн машинаар Д** аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм" гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №29/24 дугаартай магадлагаа /хх-ийн 44 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-54 хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 487 дугаартай шинжээчийн “1. Д.М*******ийн сэтгэцэд 2024 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Д.М*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь гэр бүлийн дэмжлэгт орчин, хувь хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээнд хамрагдах байдлаас хамаарна. 3. Д.М*******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 4.Шинжилгээний явцад шинээр ямар нэг нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 115-117 хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 594 дугаартай - Б.М*******ийн биед хоёр нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, баруун нүдний алимын суулт, баруун нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, баруун нүдний хараа бууралт, архины баруун зулай, чамархай дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, дух баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо Баруун нүдний хараа бууралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 4.7.34.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 134-139-р хуудас/

Хохирогч Д.М*******ийн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 167-182 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой баримтууд /хх-ийн 63-69 хуудас/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 72 хуудас/

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 73 хуудас/

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-81 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.О******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Ж******* сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ Д.М******* "машин унуулсангүй" гэх шалтгааны улмаас маргалдаж толгой, нүүр, баруун цээж хэвлий хэсэг рүү нь өшиглөж түүний биед хоёр нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, баруун нүдний алимын суулт, баруун нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, баруун нүдний хараа бууралт, архины баруун зулай, чамархай дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, дух баруун хацарт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.М*******ийн шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Гэрч М.Зын өгсөн мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №29/24 дугаартай магадалгаа /хх-ийн 44 хуудас/

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 529,500 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 9 хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 487 дугаартай шинжээчийн “1. Д.М*******ийн сэтгэцэд 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Д.М*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь гэр бүлийн дэмжлэгт орчин, хувь хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээнд хамрагдах байдлаас хамаарна. 3. Д.М*******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 4.Шинжилгээний явцад шинээр ямар нэг нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 115-117 хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 594 дугаартай - Б.М*******ийн биед хоёр нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, баруун нүдний алимын суулт, баруун нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, баруун нүдний хараа бууралт, архины баруун зулай, чамархай дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, хамар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхи, дух баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо Баруун нүдний хараа бууралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 4.7.34.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 134-139-р хуудас/

Хохирогч Д.М*******ийн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 167-182 хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.О*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.О*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Г.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.О******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Г.О******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Д.М******* нь эмчилгээний зардалд 2.142.040 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн хүүхдүүдэд 1.130.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.О*******аас эмчилгээний зардалд  төлөгдөөгүй 1.012.040 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М*******д, 529.500 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалд тус тус олгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамруулж тогтоосон ба  шүүх   сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тооцож гаргахдаа  гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн эрүүл мэндэд  учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” заасны дагуу уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 /зургаан сая зургаан зуун/  төгрөгийг шүүгдэгч Г.О*******аас гаргуулж хохирогч Д.М*******д олгох нь зүйтэй гэж шийдэв.

Хохирогч Д.М******* нь цаашид энэ гэмтлийн улмаас зайлшгүй эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О*******  болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах хугацааг авч, эмчилгээний зардал 1.012.040 төгрөгийг хохирогч Д.М*******д, Эрүүл мэндийн даатгалын санд 529.500 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.О*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын доод хэмжээг хоёр  жил хүртэл, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон  гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Г.О*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хохирогчид учирсан гэмтэл хохирол, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдал мөн прокурорын гаргасан дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.О*******т  11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 / арван нэгэн сая / төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О*******т оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Нохой буянт овогт Г******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г******* О*******ыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 / арван нэгэн сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Г.О*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Г.О******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Г.О*******аас сэтгэцэд учирсан хохирол 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга / төгрөгийг гаргуулж хохирогч Д.М*******д олгосугай.

6.Шүүгдэгч Г.О******* нь  хохирогчийн эмчилгээний зардал, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн  хохирлыг болж барагдуулсныг дурдаж,  хохирогч Д.М******* нь энэ хэргийн улмаас цаашид эмчлэгдэх бол нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8.Шүүгдэгч Г.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

       11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

Даргалагч,

ЕРӨНХИЙ шүүгч                          ч.мөнгөнцэцэг