| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Индра
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа
Шүүгдэгч С.Д******* нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Д*******д холбогдох 2431002350199 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1* оны ** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн З******* суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шувууны оперотер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл нэг, С** аймаг З******* сум Ж******* ** дүгээр баг *-р хэсэг 0** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У******* овогт С******* Д*******, Регистрийн дугаар:/*******/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Д******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-аас 06-ыг шилжих шөнө З******* сумаас зүүн зүгт 3 километр зайд Ш сумаас З******* сум чиглэлийн орон нутгийн хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэгт Nissan X-Trail загварын 3** С** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус замаар зорчиж явсан явган зорчигч Б.Ү******* мөргөж зам тээврийн осол гарган амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л*******... Миний дүү С** аймгийн М суманд амьдардаг байсан, осол болох үед З*******д ажиллаж байсан юм билээ. Шүүгдэгч С.Д******* нь оршуулгын зардал 9.934.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийг өгсөн. Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийг бид талийгаачийн хүүд шилжүүлэн өгсөн. Бидний зүгээс одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 14-8, 10-19 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л өгсөн: "... Би дүүгээ нас барсан талаар өнөөдөр өглөө 07 цагийн үед мэдсэн. Манай эхнэр надад хэлсэн. Ү нь 2024 оны 05 дугаар сараас хойш С** аймаг З******* суманд ногоо тарих ажил хийж байсан юм аа. Манай дүү тогтсон гэр оронгүй бөгөөд М суманд ах дүү нарынхаа гэрээр ээлжлээд хонож өнжөөд явдаг хүн байгаа юм аа. Одоогоос 2 жилийн өмнө түүний эхнэр өвчнөөр нас барсан бөгөөд миний дүү 14 настай 1 хүүхэдтэй бөгөөд хүүхэд одоогоор төрсөн эгч дээрээ Дорноговь аймагт амьдардаг. Эгч нь манай дүүгийн хүүхэд биш бөгөөд талийгаач эхнэрийнх нь дагавар хүүхэд байгаа юм" гэсэн мэдүүлэг /25-26 хуудас/
Гэрч Ш.А өгсөн: "...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ эхнэртэйгээ 15 цагийн үед 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад унтаж байтал гэрт өмнө харж байгаагүй П. Ү гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд З******* сумын төв рүү хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хүргэж өгөхөөр болоод өөрийн 1** С** улсын дугаартай цэнхэр өнгийн портер загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодоод өөрийн эхнэр С, П, Ү нарыг суулгаад 17 цагийн үед З******* сумын төвд орж ирсэн. П, Ү нарыг дэлгүүрийн гадаа буулгаад зогсож байхад сумын цагдаа хүрч ирээд намайг согтуугаар жолоо барьсан гээд машиныг минь журамлах гэхэд Ү тухайн цагдаа дээр очоод битгий машиныг нь журамлаач би гуйсаар төвд орж ирсэн юм гэж хэлсэн байсан. Гэхдээ цагдаа түүнийг үгийг тоолгүй миний машиныг журмын хашаанд хийсэн. Би машинаа журмын хашаанд хийлгээд өөрийн төрсөн дүү Сыг дуудаад гэртээ хүргүүлсэн. Тэгсэн өнөөдөр өглөө 10 цагийн үед манай төрсөн дүү С над руу залгаад таны З******* сум руу оруулж өгсөн хүний нэг нь машинд мөргүүлээд нас барсан байна гэж хэлсэн. Ү гэх хүний царайг би тухайн үедээ харж чадаагүй тэрээр нүүр хэсгээрээ цэнхэр өнгийн маск зүүсэн байсан. Тэр 2 ногоон дээр өдрөөр ажил хийдэг гэж хэлж байсан" гэсэн мэдүүлэг /30 хуудас/
Гэрч П.Б өгсөн: "... Би өөрийн ээж Д*******гийн хамтаар түүний 3** С** улсын дугаартай Nissan X-Trail загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед З******* сумаас Сэлэнгэ аймаг Сайхан сум руу өөрийн хүү Б уулзах гэж явсан юм. Сайхан суманд 19 цаг өнгөрөөж очоод хүүтэйгээ уулзаад 21 цагийн үед Сайхан сумаас З******* сум чиглэл рүү явсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 05-аас 06-ыг шилжих шөнийн 00 цаг 40 минутын үед З******* сум руу орж явтал манай машин юм мөргөх шиг болоод түс гэж дугараад урд талын салхины шил баруун талдаа хагараад дотор тал руу шил үсэрч орж ирсэн. Тэгээд ээж машинаа зогсоосон бөгөөд ээж бид 2 тухайн үед юу мөргөсөн талаараа огт мэдээгүй. Ээж юу мөргөсөн талаараа мэдэх гээд машинаасаа шууд буугаад хайж байгаад буцаж над дээр ирээд ээж нь хүн мөргөсөн байна замын хөвөөнөөс доош ховил хэсэгт хүн хэвтэж байсан гэсэн. Тэгээд шууд л энэ талаараа цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн" гэсэн мэдүүлэг, /36-37 хуудас/
Гэрч Я.Пгийн өгсөн: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр талийгаач Ү** гэх залуугийн хамтаар С** аймаг З******* суманд Ч гэх хүний ногоог тарьж талбайг нь манах гэж ирсэн юм аа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед ногооны талбай дээрээ талийгаач Үүрээ бид 2, 0.75 литрийн "Хараа" нэртэй архи хувааж ууж дуусгаад дахиж архи уух гээд 13 цагийн үед Талийгаач Үүрээгийн хамтаар З******* сумын төвд ирээд дэлгүүрээс 0.75 литрийн "стандарт" нэртэй архи аваад гэр хорооллын гудамжинд ороод тухайн архиа хувааж уусан. Би архинаасаа бага зэрэг үлдээгээд жижиг ундааны саванд хийгээд халаасандаа хийтэл талийгаач Үүрээ надад хандан чи надаас архиа нуулаа гээд газраас чулуу аваад намайг ална гээд миний толгой хэсэг рүү зогсохгүй олон удаа цохиод байхаар нь алуулах юм байна гээд засмал зам дагаад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү зугтаасан Миний ардаас талийгаач дагаад яваад байсан бөгөөд би явсаар байгаад Үүрээгээс холдоод замаас гараад жалганд хэсэг унтаад өгсөн. Тэгээд сэрээд зам дагаад алхаж байтал цагдаа таараа чамтай хамт явж байсан хүн машинд дайруулаад нас барсан байна чамаас мэдүүлэг авна гээд машиндаа суулгаад аваад явсан. Би болсон үйл явдлын талаар сайн ойлгоогүй. Тэгсэн үүрээ намайг хөөж яваад замдаа машинд дайруулсан юм байна лээ" гэсэн мэдүүлэг, /41-42 хуудас/
Гэрч Ч. Сгийн өгсөн: 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нөхөртэйгөө 15 цагийн үед 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж ууж дуусгаад унтаж байтал гэрт өмнө харж байгаагүй П, Ү гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд З******* сумын төв РҮҮ хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь хүргэж өгөхөөр болоод өөрийн 1** С** улсын дугаартай цэнхэр өнгийн портер загварын тээврийн хэрэгслийг манай нөхөр согтуугаар жолоодоод намайг болон П, Ү нарын суулгаад 17 цагийн үед З******* сумын төвд орж ирсэн. П. Ү нарыг З******* сумын төвд байрлах дэлгүүрийн гадаа буулгаад зогсож байхад сумын цагдаа хүрч ирээд манай нөхрийг согтуугаар жолоо барьсан гээд машиныг минь журамлах гэхэд Ү тухайн цагдаа дээр очоод битгий машиныг нь журамлаач би гуйсаар төвд орж ирсэн юм гэж хэлж байсан. Гэхдээ сумын цагдаа үүнийг тоолгүй мана машиныг журмын хашаанд хийсэн. Нөхөр бид 2 гэртээ харих гээд унаагүй болсон тул нөхрийн дүү Сыг дуудаад гэртээ хүргүүлсэн" гэсэн мэдүүлэг, 144 хуудас/
Шинжээч Ж.Д 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 3491 дугаартай "Б.Ү нас 48 эр гэж хаягласан 2 дугаартай хуруу шилний дээжид 3.5 промилли спиртын агууламж илэрсэн. Цусан дахь 3.5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт, 149-51 хуудас/
Шинжээч С.Б 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 39 дугаартай дүгнэлт "Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй" гэх дүгнэлт, /56 хуудас/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Г 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 3501 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн шилний хэлтэрхийнүүд. Б Ү биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн үснүүд нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Шилний хэлтэрхийнүүд дээрх ДНХ-ийн тогтоцтой Б. Ү ДНХ-ийн тогтоц тохирч байна." гэсэн дүгнэлт /66-67 хуудас/
Шинжээч С.С 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 158 дугаартай 2.4 Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Ниссан Х-Триал маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Д******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.2 гэсэн заалтыг, явган зорчигч Б.Ү нь 5.1, 5 12а, 5. 125 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна" гэсэн дүгнэлт 175 хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д Д 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 53 дугаартай "Магадлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл 2 талын олон хавирга хугарал, уушги хатгасан шарх, уушги авчилт, элэгний бяцралтын улмаас дотуур цус алдаж дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямралаар нас баржээ" гэсэн дүгнэлт /82-85 хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 95-97, 107-108 хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын дүгнэлт /хх-ийн 111-114-р хуудас/
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 139-146, 148-159 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122-р хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123-р хуудас/,
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 124-р хуудас/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 126-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 136-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Д******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-аас 06-ыг шилжих шөнө З******* сумаас зүүн зүгт 3 километр зайд Ш сумаас З******* сум чиглэлийн орон нутгийн хатуу хучилттай асфальтан замын зорчих хэсэгт Nissan X-Trail загварын 31-56 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус замаар зорчиж явсан явган зорчигч Б.Ү******* мөргөж зам тээврийн осол гарган амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 14-8, 10-19 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л өгсөн мэдүүлэг /25-26 хуудас/
Гэрч Ш.А өгсөн мэдүүлэг /30 хуудас/
Гэрч П.Б өгсөн мэдүүлэг, /36-37 хуудас/
Гэрч Я.Пгийн өгсөн мэдүүлэг, /41-42 хуудас/
Гэрч Ч. Сгийн өгсөн мэдүүлэг, /144 хуудас/
Шинжээч Ж.Д 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 3491 дугаартай "Б.Ү нас 48 эр гэж хаягласан 2 дугаартай хуруу шилний дээжид 3.5 промилли спиртын агууламж илэрсэн. Цусан дахь 3.5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт, 149-51 хуудас/
Шинжээч С.Б 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 39 дугаартай дүгнэлт "Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй" гэх дүгнэлт, /56 хуудас/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Г 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 3501 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн шилний хэлтэрхийнүүд. Б Ү биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн үснүүд нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Шилний хэлтэрхийнүүд дээрх ДНХ-ийн тогтоцтой Б. Ү ДНХ-ийн тогтоц тохирч байна." гэсэн дүгнэлт /66-67 хуудас/
Шинжээч С.С 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 158 дугаартай 2.4 Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Ниссан Х-Триал маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Д******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.2 гэсэн заалтыг, явган зорчигч Б.Ү нь 5.1, 5 12а, 5. 125 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна" гэсэн дүгнэлт 175 хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д Д 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 53 дугаартай "Магадлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл 2 талын олон хавирга хугарал, уушги хатгасан шарх, уушги авчилт, элэгний бяцралтын улмаас дотуур цус алдаж дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямралаар нас баржээ" гэсэн дүгнэлт /82-85 хуудас/ зэргээр шүүдэгч С.Д*******гийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Д*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэж, хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хохирол учирсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч С.Д******* нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, Nissan X-Trail загварын 3** С** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тус замаар зорчиж явсан явган зорчигч Б.Ү******* мөргөж зам тээврийн осол гарган амь насыг нь хохироосон нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын амь насыг хохироосон байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Д*******г ...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд,нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон бусад гэм хор учруулсан зардлыг арилгахаар хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч С.Д******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч С.Д******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нэхэмжилсэн оршуулгын зардал 9.934.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нь өнөөдрийн шүүх хуралдаанаар сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нь цаашид сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Д*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.Д*******гийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч С.Д*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд С.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу өндөр насны тэтгэвэрт байдаг биеийн эрүүл мэнд болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Д*******г тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, 3 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Д******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У******* овогт С******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Ү амь насыг хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У******* овогт С******* Д*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Д*******г тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, 3 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч С.Д******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нэхэмжилсэн хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч С.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ