| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/01088/И |
| Дугаар | 155/ШШ2021/01151 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2021/01151
| 2021 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2021/01151 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Л-ийн,
Хариуцагч: М.Л-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2021/01088/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Л, хариуцагч М.Л нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Л, бид хоёр 2016 онд танилцан, үерхэж байгаад 2017 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин М.Лын Н төрсөн. Бидний амьдрал эхний жилүүдэд сайхан байсан боловч сүүлийн үед таарч тохирохгүй болсон. Нөхөр М.Л нь намайг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охиноо төрүүлээд 6 хонож байхад зодож байсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргадаг байсан ч эвлэрээд буцаагаад авдаг байсан. Мөн 2018 оны 5 дугаар сард намайг зодсон тул би цагдаад өгч миний биед хөнгөн гэмтэл учруулсан тул шүүхээс 6 сарын хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял авсан. Цагдаад өгснөөс хойш намайг зодож, хэл амаар доромжлох нь багасахгүй харин ч яасан их цагдаад өгдөг юм гэж зодож, хэлэх, хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Намайг удаа дараа зоддог асуудлыг цагдаад өгдөг боловч торгуулаад л гарч ирээд дахиад л гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бид 2016 оноос 2018 онд хадам аавын гэрт хамт амьдардаг байсан. 2018 оны 8 дугаар сард бидэнд гэр барьж өгсөн боловч М.Л 10 дугаар сард зарсан. Хамгийн сүүлд зөрчлийн хэрэг үүсгэж, 20 хоногийн хугацаагаар баривчлагдсан. Дээрх шалтгааны улмаас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2020 оны 2 дугаар сард би охиноо аваад ээж дээрээ ирсэн.
Иймд М.Лаас гэрлэлтээ цуцлуулж, охин Ныг өөрийн асрамжид авч, эцэг М.Лаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч М.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 онд танилцан үерхэж байгаад хамт амьдарсан. Охин Л.Н 2017 онд төрсөн, байнгын хэрүүл зодоонтой байсан. Л байнга намайг хардаж, ажил төрөл хийлгэдэггүй. Охин Л.Нтой уулзуулдаггүй, аваачиж өгсөн зүйлийг минь хаядаг. Бид 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Лтэй цаашид хамт амьдарч чадахгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Нарансолонгыг ээжийнх асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг хуульд заасны дагуу төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л нь хариуцагч М.Лд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Л, М.Л нар 2020 оны 2 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
Л, М.Л нар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2017 оны 8 дугаар дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн эрэгтэй: РД: 0, Монгол улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, М.Л, эмэгтэй: РД: 0, Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Б.Л нар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000156-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 6701000156 бүртгэлийн дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)
тэдний дундаас охин Л.Н 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: 0, хүүхдийн:.Лын Н, охин, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн төрөх газар төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй 6701000678 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дугаар хуудас)
Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн овог: М.Л, нэр: Н, нас: 4, хүйс: эм, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй харилцан тохиролцсон байдал, хүүхдийн нас, амьдарч дассан орчин, нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ныг төрүүлсэн эх Лийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг М.Лаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Л.Н төрүүлсэн эх Лийн асрамжид үлдэж байгаа нь эцэг М.Лын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Л.Нтой эцэг М.Л хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж байна.
Иймд Л, М.Л нарын гэрлэлтийг цуцалж, охин Ныг төрсөн эх Лийн асрамжид үлдээж, хариуцагч М.Лаас охин Л.Нд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Л.Н 04 нас 02 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг охин Л.Нд сар бүр эцэг М.Л төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Л.Нд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Лийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлэг 1.282.800 төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, бүгд 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Лаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 105.537 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л, М.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ныг эх Лийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Лаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Лаас улсын тэмдэгтийн хураамж 105.537 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Лт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг М.Л, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л нарт тус тус даалгасугай.
6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА