Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын  Н-т холбогдох 2428002690247 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хавцгайт хорооллын нутаг дэвсгэрт, ... улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл дотор, хохирогч 3.Л-ын эзэмшлийн "Redmi note 11" загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойд нь төмөр зүйл тулган хүч хэрэглэн довтолж хууль бусаар авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: А, Л нар намайг Оюутад байхад ирсэн. Би Л-тай муудалцсан. Л согтуу байсан. Муудалцаж байгаад би утсыг нь аваад буусан. Дээрэмдсэн зүйл байхгүй. Л намайг утсыг нь авахыг мэдээгүй.  Маргааш нь эрүүл болоод болохгүй зүйл хийсэн байна гээд буцааж утсыг нь өгсөн. Утсыг нь би  нээж ч үзээгүй гэв.

Хохирогч 3.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09 сарын 21-ний орой 20 цагийн үед намайг гадуур явж байхад А над руу залгаад Хүлэг ахын гэрт хүрээл ир гэсэн. Тэгэхээр нь Оюут хорооллоос хойшоо /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ явж байгаад түр зогстол дээгүүрээ хар өнгийн савхин хүрэмтэй, хар саравчтай малгайтай залуу гарч ирээд машины урд талд /жолоочийн хажуу суудалд/ суусан А миний ар талын суудалд сууж байсан тэгээд хөдлөөд Хавцгайт хороолол дөхөж байхад хажууд сууж байсан залуу түр зогсож бай гэсэн. Тэгэхээр нь би зогстол миний хүзүү рүү хүйтэн юм тулгаад мөнгө байна уу гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэсэн чинь хөдөлвөл ална шүү пизда минь цагаан хоолойг чинь ярна шүү, би шоронд хэдэн жил яваад ирсэн хүн шүү, чамайг алчхаад булчихаж чадна шүү, цогцсыг чинь ирэх жил олох байх шүү гэж заналхийлсэн. Тэгээд мөнгө байхгүй болохоор миний машины голын хайрцагт байсан "Redmi note 11" маркийн гар утсыг аваад буугаад явсан би буцаж эргээд машинаараа гэрэлтүүлэхэд байхгүй болчихсон байсан. А тэр залууг Н Б болио гээд байсан. Би тэр Н гэх залуутай ямар нэгэн хэрүүл үүсгээгүй. Би приус 20 маркийн саарал өнгийн машинтай явж байсан. Тухайн залуу архи уучихсан үнэртэж байсан. Гэхдээ ухаан мэдэрлээ алдсан зүйл байхгүй хэвийн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний хүзүүн тулгахад хүйтэн төмөр зүйл байсан. Яг хаанаас гаргаж ирсэн талаар мэдэхгүй байна. Миний машинд тийм зүйл байхгүй. Н гэх хүн миний хоолойд хүйтэн төмөр зүйл тулгаад мөнгө төгрөг байна уу гэж асуухаар нь би байхгүй гэсэн. Мөн Н би шоронд яваад ирсэн ална булна гэх утга бүхий сүрдүүлсэн яриа өгүүлэл яриад байсан. Мөн хутга шиг хүйтэн төмөр тулгасан байх үедээ миний карманы гадна талаас тэмтэрч нэгжээд байсан. Тэгээд машинаас буух үедээ миний гар утсыг аваад буучихсан байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа буцаагаад бүрэн бүтэн авсан. /хавтаст хэргийн 24-23, 27 дахь тал/,

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Л-ыг би Гурвансайхан дөхүүлээд өгчих гээд машинтай нь хамт явсан. Тэгээд Гурвансайхан хороолол /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ Төрөө ахын гэрт ирэхэд Н согтуу гараад ирсэн. Тэгээд Лд намайг таних уу, би Т-ын  Н байна чамайг ална шүү гээд цохиж аваад байсан. Тэгээд Л-ын машины урд суугаад үг хэлээр доромжлоод машиныг чинь одоо би унана за юу гэж байгаад буугаад явсан. Төрөө ахын гэрт ороход Н нэг гар утсыг аваад далд хийсэн. Маргааш нь Хүлэг ахын гэрт ирээд нөгөө Лхаважаргал гэдэг залуу ирсэн үү гар утсыг нь өгөх гэсэн юм гэж асуухад ирээгүй гэсэн. Тэгээд гэртээ байж байхад цагдаа нар ирсэн. Би гар утсыг хүлээлгэж өгсөн. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

"Дамно" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: ""Redmi note 11" маркийн гар утас 310,000" /хавтаст хэргийн 46-49 дэх тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /10-р хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-p хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 16-20-р хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлтэй” гэжээ. /хавтаст хэргийн 62 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-97 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Н-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Т.Н-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хавцгайт хорооллын нутаг дэвсгэрт ... улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл дотор хохирогч 3.Л-ын эзэмшлийн "Redmi note 11" загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойд нь төмөр зүйл тулган хүч хэрэглэн довтолж хууль бусаар авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.Л-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 27 дахь тал/, гэрч Б.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, "Дамно" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-20 дахь тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Т.Н-ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.Н нь хохирогч 3.Л-ын эзэмшлийн "Redmi note 11" загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойд нь төмөр зүйл тулган хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Т.Н болон өмгөөлөгчийн зүгээс “Тус гар утсыг хохирогчийн машины голын хайрцагаас авсан тул дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэх санал, дүгнэлтийг гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан хохирогч З.Лын “...Н гэх хүн миний хоолойд хүйтэн төмөр зүйл тулгаад мөнгө байна уу...би шоронд яваад ирсэн чамайг ална, булна гээд халаасны гадна талаас тэмтрээд байсан...тэгээд машинаас буух үедээ миний гар утсыг аваад буучихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 27 дугаар тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтаар хулгайлах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Т.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Хохирогч З.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа буцаагаад бүрэн бүтэн авсан /хавтаст хэргийн 24-23, 27 дахь тал/ гэснээр шүүгдэгч Т.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Н нь хувийн байдлын хувьд ... зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч Т.Н-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Манай үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан байдал, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Тухайн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  тогтоож өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.Н-т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Т-ын  Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.

4. Шүүгдэгч Т.Н хохирогч З.Л-д "Redmi note 11" загварын гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ