Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/01159

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/01159

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Д.Б-т холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03ы өдөр 155/2021/01163/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Д.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Л.Г миний бие Д.Бтой 2017 онд танилцаад 2018 оноос хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас охин 2019.12.12-ны өдөр охин Г.П /1 ой 9 сартай/ төрсөн. Гэтэл Д.Б нь 2020 оны 5 дугаар сард С аймаг дахь Ерөө суманд байрлах хүдрийн уурхай руу ажилдаа явахаар гэрээсээ гарсан бөгөөд түүнээс хойш гэртээ буцаж ирээгүй юм. Тэгээд сураг чимээгүй болчихоор нь би хүмүүсээс түүнийг асууж сураглахад Улаанбаатар хотод хөл хорионд орсон гэж сонссон ба гар утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд тэрээр надтай холбогдохгүй, хүүхэд бид хоёр дээр ирж уулзахгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сард гэнэт гарч ирээд гар утсаараа надтай мессежээр холбогдохоор нь түүнд ...чи хүүхэд бид хоёр дээр ирэхгүй юм уу... гэж асуухад ...би очно шүү дээ... гэж хэлээд өнөөдрийг хүртэл ирэхгүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй яваад байгаа юм.

Д.Б нь охин бид хоёр дээр ирэхгүй байгаа шалтгаан нь надаас өөр эмэгтэй хүнтэй хамтын амьдралтай болсон, түүнтэйгээ хамтран амьдарч байгаа гэдгийг миний бие сүүлд олж мэдсэн. Д.Б нь одоо С аймаг дахь Ерөө суманд байрлах хүдрийн уурхайдаа ажиллаж, амьдарч байгаа болно. Д.Б нь тусдаа амьдралтай болсон учраас түүнээс хуульд заасны дагуу охин Г.Пд хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Миний охин Г.П нь эх надаар овоглодог тул эцэг Д.Быг эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие Л.Гтэй 2017 онд танилцаад бид хоёрын дундаас охин Г.П 2019.12.12-нд төрсөн. 2019 оны 10 дугаар сард Л.Гтэй өөрийнх нь гэрт очиж хамтран амьдраад, өвлийн идэшээ бэлдэн 2019 оны 10 сараас 2020 оны 5 сар хүртэл хамт амьдарсан ба энэ хугацаанд өөрийнхөө чадлын хэрээр ажил хийж амьдарч байсан. 2021.05.20-нд С аймгийн Ерөө суманд байрлах Баянгол хүдрийн уурхайд ажилдаа явсан. Хамт амьдарч байх хугацаандаа Л.Г Чиний хүүхэд биш гэж надад удаа дараа хэлж байсныг нь би олон талаас эргэцүүлэн бодсон ч миний бие охиноо гэх сэтгэл минь өөрчлөгдөхгүй өдийг хүрсэн. Гэсэн хэдий ч бид хоёрын амьдрал эхлэхдээ ийм асуудалтай байгаа юм чинь ер нь амьдрал болохгүй юм байна гэдгийг ойлгоол холбоо бариагүй юм. Одоо миний бие 2021.09.10-наас хойш С аймгийн Ерөө суман дахь Баянгол хүдрийн уурхайгаас гарч одоогоор ажилгүй байгаа ч гэсэн охин Г.Пг миний охин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хуульд заасны дагуу хүүхдийнхээ тэтгэлгийг сар сард нь төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Д.Бт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Д.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч Л.Г нь жирэмсэлж, тэдний дундаас охин Г.П төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Сонгино Ганцэцэгийн Пүрэв-Өлзийгийн бүртгэлийн 6767000060 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Охин Г.П нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эрүүд мэндийн төвийн эмчийн тодорхойлолтоор нотлогдлоо.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Л.Г нь хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Г.П (0)-гийн төрсөн эцэг Д.Б (0мөн болохыг тогтоож, эцэг Д.Б (0)-оос хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Л.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Г.П (0)-ийн төрсөн эцэг Д.Б (0) мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Г.П (0)-д эцэг Д.Б (0)-оос хүүхдийг 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА