Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0747

 

 

 

 

 

2022 10 11 128/ШШ2022/0747

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г..Э.Д*** ХХК /РД:***

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Э.Ч***

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д***

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 14*** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 9***/2017 тоот тусгай зөвшөөрлийг сэргээх, хүчинтэй хугацааг шинээр сунгах, Эрчим хүчний үнэ тариф тогтоолгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 14*** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 9***/2017 тоот тусгай зөвшөөрлийг сэргээх, хүчинтэй хугацааг шинээр сунгах, Эрчим хүчний үнэ тариф тогтоолгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагаар маргасан.

2.Маргаан бүхий үйл баримтыг дурдвал:

2.1. Эрчим хүчний зохицуулах хорооноос Г..Э.Д*** " ХХК-д Эрчим хүчний тухай хулийн 9, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг үндэслэн Х*** аймгийн Б*** сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станцын /30 мегабайт/ эх үүсгүүр барих 9***/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон.

2.2. Г..Э.Д*** " ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/19 дүгээр албан бичгээр Х*** аймгийн Б*** сумын нутагт 30 мегабайт нарны цахилгаан станцын эрчим хүчний тарифыг батлуулах хүсэлт гаргасан.

 

2.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тогтоолоор Г..Э.Д*** " ХХК-ийн Х*** аймгийн Б*** сумын нутаг дэвсгэрт 30 мегабайт хүртэл нарны цахилгаан станцын эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн.

 

2.4. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14*** дүгээр тогтоолоор Г..Э.Д*** " ХХК-ийн 9***/2017 дугаартай эрчим хүчний барилга байгууламж /Х*** аймгийн Б*** сумын нутаг дэвсгэрт 30 мегабайтын хүчин чадалтай нарны цахилгаан станц/ барих 9***/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

2.5. Г..Э.Д*** " ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14*** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн,

 

2.6. Тус шүүх Г..Э.Д*** " ХХК-аас 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14*** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.7. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 14*** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 9***/2017 тоот тусгай зөвшөөрлийг сэргээх, хүчинтэй хугацааг шинээр сунгах, Эрчим хүчний үнэ тариф тогтоолгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Г..Э.Д*** " ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний тухай хуулийн 9. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн 3 жилийн хугацаатай Х*** аймгийн Б*** сумын нутаг дэвсгэрт 30 мегабайт хүчин чадалтай эх үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг авсан болно. Манай компанийн зүгээс энэхүү төсөлд анх санаачилснаас нь хойш өнөөдрийн байдлаар 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "RIS*** " санамж бичиг байгуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагчийн зүгээс Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд "Тариф" батлагдсан нөхцөлд ЕРС гэрээ байгуулан хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлсний дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад Тариф" батлуулах хүсэлтээ удаа дараа гаргасан байдаг.

Тухайлбал: Техник эдийн засгийн үнэлгээг Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс Техник эдийн засгийн үнэлгээг батлуулан, Диспетчерийн үндэсний төвөөс дүгнэлт гаргуулан, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээгээс холбох боломжтой дүгнэлтэй гаргуулан Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ тарифын асуудлаа шийдүүлэхээр хүсэлтийг 2017 оны 12 сараас эхлэн 2019 оны сар хүртэл хугацаанд удаа дараа албан бичгээр гаргаж өгсөн боловч техникийн нөхцөлийг яамнаас хаачихсан байгаа, сайд сэргээгдэх эрчим хүчний техникийн нөхцөлийг өгч байж шийднэ, Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдахыг хүлээж байгаа тул тухайн үед нь тус асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар хариуг өгч байсан. Харин дээрх асуудлын хүрээнд дахин 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тарифаа батлуулах хүсэлт өгөхөд эхлээд тусгай зөвшөөрлөө сунгуулсны дараа тариф батлуулах асуудлыг хэлэлцье гэсэн хариу өгсөн атлаа 2021 оны 1 сард тусгай зөвшөөрөл сунгах хурлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй гэх ерөнхий, тодорхойгүй үндэслэлээр тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тогтоол гаргасан байна.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсаны дараа нэхэмжлэгч компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хандахад манайх түр хугацаанд тусгай зөвшөөрөл сунгахгүй, техникийн нөхцөл олгохгүй байгаа гэдэг хариуг өгсөн. 2019 оны сүүл 2020 оны эхэн үед цар тахал гарсан хүнд үе байсан. Манай компани 2020 оны 08 сард техникийн нөхцөл батлуулахаар сунгуулах хүсэлт гаргасан. Аж ахуйн нэгжүүдэд шинээр техникийн нөхцөл олгох боломжгүй байгаа гэсэн хариу өгсөн. Нөхцөл шаардлагын биелэлтийг хангах хамгийн гол бичиг баримт нь техникийн нөхцөл байсан. Техникийн нөхцөл байхгүй бол компани цааш ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Төрийн байгууллага өөрсдөө хэвийн үйл ажиллагаа явуулахад саад хийж, эргээд хаалт хийсэн нөхцөлтэй аж ахуйн нэгж, компаниудад шаардлага тавьж манай компанийн тухайд 700-аад сая төгрөгийн алдагдалд оруулсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй гэж байгаа тайлбарт гэрээний нөгөө тал танайх эхлээд техникийн нөхцөлөө батлуул гэдэг шаардлага тавьсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос үнийн тариф батлаагүй байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээг санамж бичиг дээр үндэслэж хийнэ гэсэн хариуцагч байгууллагын байр суурь байгаа. Цар тахалтай хэцүү цаг үед бүх талдаа хэцүү байсан. Нийтэд илэрхий нөхцөл байдал байсан учраас үүнийг заавал бичиг баримтаар нотлох шаардлагагүй. Санаатайгаар ямар нэг эс үйлдэхүй гаргаж техникийн нөхцөлөө батлуулаагүй үйл баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "Г..Э.Д*** " ХХК нь үнийн тарифын саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хэд хэдэн удаа ирүүлж байсан бөгөөд тухай бүрд холбогдох хариуг хүргүүлж байсан. Огноо 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "Г..Э.Д*** " ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/19 тоот албан бичгээр 30 мегабайтын нарны цахилгаан станцын эрчим хүчний тарифыг батлуулах хүсэлт ирүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс тус компаниас ирүүлсэн тарифын саналыг хянан үзэхэд тус 30 мегабайтын нарны цахилгаан станцын эрчим хүчний системд холбогдох цэг тодорхойгүй. Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл олгогдоогүй, Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 299 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний шинэ эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн цахилгаан эрчим хүчний үнэ тариф, бие даасан үйлдвэрлэгчийн гэрээний гарааны үнийг тогтоох аргачлал"-ын дагуу тарифыг тооцоогүй, нарны цахилгаан станцын нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тариф тусгагдаагүй, тарифын тооцооллын задаргаа (төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлын дэлгэрэнгүй тооцоолол, санхүүжилтийн эх үүсвэр, урт хугацаат зээл, зээлийн хүүгийн хэмжээ болон эргэн төлөгдөх хугацаа, ашиглалтын үйл ажиллагааны зардлын дэлгэрэнгүй тооцоо, санхүүгийн мөнгөн урсгалын тооцоолол, төслийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ г.м) болон хавсралт нотлох баримт бичгүүд байхгүй байсан тул Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/1467 тоот албан бичгээр тус компанийн тарифын саналыг буцаасан. Олон улсад сэргээгдэх эрчим хүчний тариф 2-3 дахин буурч байгаатай холбогдуулан зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаас нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгааны тарифаа багасгах хүсэлтийг ирүүлэн батлуулсан, мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авсан нар, салхины эх үүсгүүрүүд бүгд ашиглалтад орсон тохиолдолд хэрэглэгчдэд борлуулах цахилгааны дундаж тариф нэмэгдэж, хэрэглэгчдэд төлбөрийн дарамт учруулах тул эдгээр нөхцөл байдалтай уялдуулан тарифын саналаа боловсруулж ирүүлэх талаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4/79 тоот албан бичгийг хүргүүлсэн. Тус компанийн зүгээс дээрх албан бичгийн хариуг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/06 тоот албан бичгээр ирүүлсэн боловч Эрчим хүчний яамнаас олгосон эрчим хүчний нэгдсэн системд холбогдох техникийн нөхцөл байхгүйгээс гадна тарифын саналын тооцоолол болон хавсралт материалын бүрдэл дутуу байсан тул Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/296 тоот албан бичгээр тарифын саналыг буцаасан болно. Тус компанийн 30 мегабайтын нарны цахилгаан станц холбогдох техникийн нөхцөл гараагүй байхад 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 тоот албан бичгээр дахин тариф батлуулах хүсэлтийг ирүүлсэн. Өмнө нь тус компанид дээрх аргачлалын дагуу тарифын саналыг ирүүлэх талаар албан бичиг хүргүүлж байсан боловч компанийн зүгээс тарифын саналыг шинэчлэн боловсруулаагүй, техникийн нөхцөлөө аваагүй бөгөөд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох цэг тодорхой болсон тохиолдолд тарифын саналыг ирүүлэх талаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 115***  тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. 4. Компаниас 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 мегабайтын нарны цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч нийлүүлэх тариф батлуулах хүсэлт ирүүлсэн боловч тариф мордох хугацаагаа тодорхойлоогүй, мөн түүнчлэн тариф тооцоход шаардлагатай жил бүрийн дотоод хэрэгцээнд зарцуулах цахилгаан эрчим хүчний хувь хэмжээ болон үндэслэл тайлбар, төслийн санхүүжилтийн эх үүсвэр, төлөвлөгөө, барилга угсралтын хугацаа, төслийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг, гэрээ хэлэлцээрийн баримтууд урт хугацаат зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн үндсэн нөхцөл, техникийн нөхцөл, нарны цахилгаан станцын газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нотлох баримтууд байгаагүйгээс гадна эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусаж байсан тул эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл сунгагдсан тохиолдолд тарифын саналыг ирүүлэх талаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/14*** 9 тоот албан бичгээр тус тус хариу хүргүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгдөг бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу уг нөхцөл шаардлагыг хэрхэн биелүүлснээс шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. "Г..Э.Д*** " ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноос хойш 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх байдлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэхэд уг нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтын /Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчтай эцэслэн гэрээ хэлцэл байгуулах/ хүрээнд "ДҮР" ХХК-тай Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл эцэслэн байгуулаагүй, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтын /Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх/ хүрээнд барилга угсралтын ажлыг эхлүүлэх тухай Эрчим хүчний яамнаас Зөвшөөрөл авч барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй; 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтын /Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах/ хүрээнд барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүй байсан тул Хорооны 2020 оны 12***  дугаар тогтоолоор "Хангалтгүй" үнэлгээгээр дүгнэсэн.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө Хороонд ирүүлэх үүрэгтэй. "Г..Э.Д*** " ХХК нь 9***/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20/12/05 тоот албан бичгээр ирүүлсэн нь хуульд заасан хугацаанаас 162 хоногоор хоцроож зөрчил гаргасан. Гэвч Хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг авч хэлэлцэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдэхгүй байсан учраас тус компанийн 9***/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн. Улмаар Хорооны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/94 тоот албан бичгээр "Г..Э.Д*** " ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу 9***/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох болсон тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд сонсох ажиллагааны мэдэгдэлд хариу тайлбар ирүүлээгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтын дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногт багтаан Хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14*** дүгээр тогтоолоор 9***/2017 дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Иймд "Г..Э.Д*** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Төрийн байгууллага өөрсдөө хэвийн үйл ажиллагаа явуулахад саад хийж, эргээд хаалт хийсэн нөхцөлтэй аж ахуйн нэгж, компаниудад шаардлага тавьж манай компанийн тухайд 700-аад сая төгрөгийн алдагдалд оруулсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй нь танайх эхлээд техникийн нөхцөлөө батлуул гэдэг шаардлага тавьсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос үнийн тариф батлаагүй байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээг санамж бичиг дээр үндэслэж хийнэ гэсэн хариуцагч байгууллагын байр суурь байсан гэж, хариуцагч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэхэд уг нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 4.6 дахь заалтын хүрээнд Хорооны 2020 оны 126 дугаар тогтоолоор "Хангалтгүй" үнэлгээгээр дүгнэгдсэн тус тус маргажээ.

3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай 374 дүгээр тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, тус Хорооны 2014 оны 191 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1, тус Хорооны 2014 оны 203 дугаар тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага тогтоох, үнэлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Г..Э.Д*** ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Г..Э.Д*** ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж (Нарны цахилгаан станц-30 МВт) барих тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар олгожээ.

4. Дээрх тогтоолын хавсралтаар Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага-ыг баталжээ.

5. Тус тусгай зөвшөөрлийн шаардлагад 4.1.Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах;, 4.2.Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм /ТНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах;, 4.3.Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх;, 4.4.Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх;, 4.5.Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх;, 4.6.Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах;, 4.7.Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм /БНбД11-04-99/-ийг мөрдөж ажиллах, мэргэжлийн хяналтын болон зөвлөх эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийн барилга угсралтын ажилд хийсэн үзлэг шалгалтын үр дүнд өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах; гэжээ.

6. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай 126 дугаар тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь заалт, тус Хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г..Э.Д*** ХХК (Хэний аймгийн Б*** сум, 30 МВт-ын нарны цахилгаан станц)-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн 2019 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэсэн байна.

7. Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай 07 дугаар тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуй харилцааны дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г..Э.Д*** ХХК нь 9***/2017 дугаартай эрчим хүчний барилга байгууламж /Хэний аймаг, Б*** сумын нутагт 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгч Г..Э.Д*** ХХК-аас дээрх хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай 126 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай 07 дугаар тогтоолуудтай холбоотой санал, гомдол гаргаагүй байх бөгөөд дээрх тогтоолууд хүчин төгөлдөр болсон байна.

9. Маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 14*** дүгээр тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Г..Э.Д*** ХХК-ийн 9***/2017 дугаартай эрчим хүчний барилга байгууламж /Хэний аймаг, Б*** сумын нутагт 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

10. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйл.Зохицуулах хорооны бүрэн эрх, 9.1.Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 9.1.2.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;, 24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 24.3.Тусгай зөвшөөрөл олгогч дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно, 24.3.1.тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан; гэж тус тус заажээ.

11. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна.

12. Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г..Э.Д*** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон байх тул маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14*** дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

13. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г..Э.Д*** ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 14*** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 9***/2017 тоот тусгай зөвшөөрлийг сэргээх, хүчинтэй хугацааг шинээр сунгах, Эрчим хүчний үнэ тариф тогтоолгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г..Э.Д*** ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 14*** дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 9***/2017 тоот тусгай зөвшөөрлийг сэргээх, хүчинтэй хугацааг шинээр сунгах, Эрчим хүчний үнэ тариф тогтоолгохыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ