Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/29

 

Д.*******т холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч, шүүгч                      Б.Батзориг

                                     Шүүгчид                                 Г.Давааренчин                                  

                                                                            Д.Буянжаргал

                                

                            Оролцогчид

                               Прокурор                                  Г.Энхмаа

                               Шүүгдэгч                                   Д.*******

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн  1902008500370 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Дорноговь аймаг Сүмбэр суманд 1983 оны 04 дүгээр сарын О6-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч, эм зүйч мэргэжилтэй, “Зайсан моторс” ХК-ний захирал ажилтай, ам бүл 3, ээж дүү нарын хамт, Улаанбаатар хот Хан Уул дүүрэг 11-р хороо, Маршал таун хотхон 113-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт ******* *******, /РД:УК83040610/, Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас Монгол улс руу нэвтрэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” буюу улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон бараа болох 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК103 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.*******т холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 62 дугаартай цагаатгах тогтоолоор:

“1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902008500370 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигин овогт ******* *******ийг цагаатгасугай.

2.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхгийг хэрэгт нь хавсарган үлдээж, 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК103 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай....” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 -д заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтаар ...ОС-АК103" загварын автомат буу нь дарин цэнэгээс үүссэн тэсрэлтээр ажилладаг, сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай буюу Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан "Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт’’-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл" мөн болох нь нотлогдсон. Шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн яллах талын нотлох баримтын үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан “ОС-АК103” загварын автомат бууны ажиллах горимын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн шинжээч Б.Хосбаярын ... загварын автомат буу нь дуу чимээний зориулалттай 7.62x39 мм-ийн /холстоя патрон/ сумаар буудлага үйлддэг, гох дарж цохигч төмөр бялтыг цохиж тэсэлснээр хонгио доторх дарин цэцэг шатаж тэсрэлт үүсгэж, өндөр хэмжээний дулаан үүсгэснээр хонгионы үзүүр хэсэг задарч буудаж буй мэт эффект үүсгэдэг. Гол төмрийн амсар хэсэгт байгаа хөндлөн чагт нь тэсэрсэн энергийг хязгаарлаж газын янданд цохилт өгснөөр газын бүлүүр хойшоо чиглэлтэй ажиллаж замгийн рамыг автомат ажиллагаанд оруулдаг ба энэхүү буу нь дарин цэнэгээс үүссэн тэсрэлтээр ажилладаг автомат буу... гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж, няцаан үгүйсгэснийг дурдаагүй байна. Тодруулбал: Уг нотлох баримтаас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа нь “галт зэвсэг" болохыг нотолсон байхад, түүнийг ямар нотлох ямар баримт, хууль зүйн үндэслэлээр няцаан, үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг... няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 220/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие ******* овогтой *******т холбогдох эрүүгийн 1902008500370 тоот хэргийн Анхан Шатны Шүүхийн 220/ШЦТ/62 дугаартай цагаатгах тогтоолд улсын яллагч эсэргүүцэл ирүүлжээ. Үүнд галт зэвсэг гэдгийг нотолсон байхад, үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнээгүй нь хууль зөрчсөн гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл : 1. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-10-17 өдрийн 5774 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт ..Шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг биш... гэх дүгнэлт. (хх-ийн 114 хуудас) ГАЛТ ЗЭВСЭГ БИШ!!! гэсэн байна. 2. Шинжээч эмч Б.Хос-Эрдэнэ-н 2019-12-19 өдрийн өгсөн ..буудаж буй мэт эффект үзүүлдэг... гэсэн мэдүүлэг (хх-ийн 135-136 хуудас) БУУДНА БИШ БУУДАЖ БУЙ МЭТ ЭФФЕКТ!!! гэсэн байна. 3. Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтын 93.3-т заахдаа ..Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон... ГАЛТ ЗЭВСЭГ гэсэн байна. Гэвч энэ буу нь шинжилгээнд ороод галт зэвсэг биш гэдэг нь тогтоогдсон ба уг бууны урд хошуу нь битүү, урагшаа ямар нэг сум гарч бай онох боломжгүй зөвхөн дуу чимээ гаргадаг сувенир болохоор нь л би өөртөө дурсгал болгон худалдаж авсан юм. Би ганцаараа Монгол улсынхаа нэрийг гарган анх удаа мотоцикльтойгоо 20.000км аялаад эх орондоо ирсэн юм. Гэтэл нутагтаа ирсэн 2019-10-08 мөчөөс хойш өнөөдрийг хүртэл долоон сар намайг яллах гэж улайраад байгаад гомдолтой байна. Иймд уг улсын яллагчийн эсэргүүцэл нь үндэслэлгүй, хавтаст хэрэгтэйгээ ч бүрэн танилцаагүй байна гэж ойлгож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг Нийслэлийн Прокурорын газар хүлээн аваад дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн байгаа. Эсэргүүцлийн гол агуулга нь цагаатгах тогтоолд дурдагдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.  ...Улсын яллагчийн яллаж байгаа нотлох баримтыг яаж няцаасан талаар цагаатгах тогтоолд тусгагдаагүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэлийн Прокурорын газраас Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас Монгол улс руу нэвтрэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” буюу улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон бараа болох 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК103 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат бууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902008500370 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигин овогт ******* *******ийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч бичсэн эсэргүүцлийн дагуу Д.*******т холбогдох эрүүгийн 1902008500370  дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Прокуророос шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ түүний улсын хилээр оруулж ирсэн 2017 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ОС-АК103 загварын сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат буу нь тухайн үед хүчин төгөлдөр  үйлчилж байсан /улсын хилээр нэвтрүүлэх үе/ Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан захиргааны хэм хэмжээний актаар зохих зөвшөөрөл авч нэвтрүүлэх барааны ангилалд /хязгаарлалт тогтоосон/ багтаж байхад зохих зөвшөөрлийг авалгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэг үйлдсэнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн гэх дээрх автомат бууг  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5774 тоот шинжээчийн дүгнэлт, мөн шинжээчийн 4960 тоот дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгүүдийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” буюу улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон барааны ангилалд багтахгүй гэж үзэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 тоот тогтоолоор тухайн тогтоолын 1-р хавсралтаар “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ыг баталсан байх ба  уг хавсралтын  93.03-т заасан “Тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл” гэдэгт тэсэрдэг цэнэгээс гал авч ажилладаг бусад галт зэвсэг болон тэдгээртэй адил төстэй хэрэгсэл жишээ нь: спортын үрлэн сумтай буу болон винтов, хар дариар гол төмрийг нь цэнэглэдэг буу, дохионы гар буу болон зөвхөн дохио өгөхөд зориулагдсан бусад хэрэгсэл, хоосон цэнэгтэй сумтай револвер болон гар буу, толгойтой бялт хэлбэрийн ангийн буу, хийн буу багтахаар зааж өгсөн байна.

Шинжээчийн 4960 тоот дүгнэлтээр тухайн буугаар буудлага үйлдэх боломжтой, гэрэл чимээний сумаар буудлага үйлддэг, галт зэвсэгт хамаарахгүй сургалт, дадлага, кино, үзүүлэх тоглолтын зориулалттай автомат буу гэж дүгнэсэн, шинжээч мэдүүлсэн мэдүүлэгтээ уг буугаар дуу чимээний сумаар буудлага үйлддэг, дарин цэнэгээр үүссэн тэсрэлтээр ажиллахдаа зөвхөн буудаж буй мэт эффект үүсгэдэг, кино үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой, өөр зориулалтаар ашиглах боломжгүй талаар мэдүүлдэг бөгөөд энэ байдлаас дүгнэж үзэхэд уг бууг дээр дурдсан кодолсон барааны жагсаалтад багтаан ойлгоход учир дутагдалтай байх ба уг  жагсаалтад багтсан галт зэвсэг болон адил төстэй хэрэгслүүд нь бүгд буудлага хийх боломжтой, хүний биед хохируулах учруулах төдийгүй амь насыг нь хохироож болох эрсдэл бүхий шинжтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн бууг дээрх жагсаалтад багтана гэдгийг бүрэн тогтоогоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд  уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, эрх зүйн ач холбогдлоо алдсан байна.

            Учир нь: Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, уг хууль нь 2020.02.23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байх бөгөөд энэхүү өөрчлөлтөөр хууль тогтоогчийн зүгээс шүүгдэгчийг гэмт хэрэгт буруутгаж буй үндэслэл болох хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын улсын хилээр, хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг эрүүгүйжүүлсэн буюу уг гэмт хэргийн шинжээс хасагдсан, гэмт хэрэгт тооцогдохгүй болжээ.

            Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ байдлыг анхаараагүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Прокурорын Газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ