| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01420/и |
| Дугаар | 155/ШШ2017/00146 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2017/00146
| 2017 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2017/00146 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 15-03 тоотод оршин суух Б-ийн Ч /...../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, одоо тусдаа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Бөгсийн ам гэх газарт оршин суух М-ийн Т /РУ-......../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр М.Ттэй 2004 онд танилцаад үерхэж байгаад 2005 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж хурим найраа хийж нэг гэрт хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд том хүү М2005 оны 5 дугаар сарын 06-нд төрсөн, охин М2014 оны 11 дүгээр сарын 10-нд тус тус төрүүлсэн. Хамт амьдрахдаа байнга хардаж дарамталж, байнга л зоддог байсан ба охиноо төрөөд 4 сартай байхад нь гэрээсээ яваад 2 настай байхад нь ирж байсан удаатай. Эргэж ирэхэд нь би юу ч ярихгүй гэртээ оруулахад тэр шөнөө архи ууж намайг зодож 2 цагийн үед намайг 2 хүүхэдтэй хамт манай аавынд аваачиж өгсөн. Түүнээс хойш тус тусдаа амьдарч байгаа болон дээрх үндэслэлээс болж салах шалтгаан болсон.
Иймд гэр бүлээ цуцлуулж, 2 хүүхдийн өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч М.Т шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр бид хоёр хамт амьдрах хугацаанд хүү, охин хоёртой болсон нь үнэн. Миний хүүхдүүд мөн хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй. Би амьдралын шаардлагаар Улаанбаатар хот явж барилгын ажил хийдэг байсан. Бид хоёр тухайн үед сайхан л амьдарч байсан ба эхнэртээ машин тэрэг хүртэл авч өгсөн байсан. Гэтэл Ч нь согтуу машин барьж яваад эрхээ хасуулсан байдаг. Гэхдээ би тухайн үед архи ууж муухай ааш гаргадаг байсан нь үнэн, тэр нь миний буруу би маш их гэмшиж явдаг. Одоо нэгэнт эхнэр сална гэж байгаа юм чинь гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Харин том хүүгээ өөрөө авна. Багыгаа арай бага байгаа болохоор ээжтэй нь үлдээнэ, хүүхдийн тэтгэлгийн хувьд байнга ажил төрөл байхгүй болохоор хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү л байна. Миний л үр хүүхэд болсон хойно цаашид харж хандаж явах нь эцэг хүний үүрэг гэж бодож байгаа. Уг нь би бол салмааргүй л байна гэхдээ одоо сална гээд байгаа тул миний хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М.Төд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М.Т нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү М, охин Мнар төрсөн болох нь.
Тухайлбал; Гэрлэгчдийг 2006 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг тамгын газар бүртгэж ПА №31 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү Х Тийн М/РУ-............/, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Хариад овогт Тийн М/...................../ нарыг төрүүлсэн, тэдэнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа гэх эмчийн тодорхойлолт болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй харилцан тохиролцсон байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна гэж үзлээ.
Харин хариуцагч М.Т шүүхэд ....том хүү Мөөрийн асрамжинд авах хүсэлтэй байна.... гэж тайлбар, мэдүүлэг өгч байх хэдий ч шүүхээс хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо 12 настай хүү Мшүүхэд өгсөн санал, Мөрөн сумын 7-р багийн Засаг дарга, Сод-Эрдэм ахлах сургуулийн тодорхойлолтууд зэргийг харгалзан хүү М, охин Мнарыг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Хариуцагч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт: .... хүүхдийн тэтгэлгийн хувьд байнга ажил төрөл байхгүй болохоор хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү л байна.... гэж тайлбарлаж байх хэдий ч түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх боломжгүй байна.
Учир нь; Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй...., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар .эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж хуульд тус тус заасан байх тул хариуцагчийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй ба хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, том хүү Мөөрийн асрамжин-д авна гэдгээ тус тус нотлож чадахгүй байна.
Иймд Б.Ч, М.Т нарын гэрлэлтийг цуцлаж хүү М, охин Мнарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүх үнэлээгүй. Учир нь: Гэр бүл цуцлуулах хэрэгт нотолгооны ач холбогдолгүй баримт байна гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Төөс шүүхээр гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чд олгох, нэхэмжлэгчийн тэтгэлэг гаргуулах тухай хэсэг нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч М.Төөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 12 настай хүү М/РУ-05250616/-ыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцоход нэг жилд 2.006.400 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн 3 настай охин М/............./-т 11 хүртэлх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.003.200 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд нийт 63.103 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х...... овогт М............ Т /РУ-................./, Х........ овогт Б........йн Ч /................/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Х....д Т М/..................../, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Х......овогт Тийн М............ /РЮ-....................../ нарыг эх Б.Ч асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хариуцагч М.Төөс 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 12 настай хүү М, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 3 настай охин Мнарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Төөс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч М.Төөс 63.103 /жаран гурван мянга нэг зуун гурав/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ