| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Д.О,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Д-ийн О-т холбогдох 2528000040028 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ... дугаар байрны орцны үүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Г-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж, биед хамар ясны хугарал, духны зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.О-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг ... дугаар байр болох гэртээ орох гээд машины зогсоолоос алхаад орц руугаа орох гээд явж байсан юм. Тэгсэн чинь О-тай хамт явж байсан Б араас дуудаад сайн байна уу сонин сайхан юу байна мэндэлж байснаа санаад байгаа юм. Нэг мэдсэн чинь орцны үүдэнд газар хэвтчихсэн О дээр гарчихсан боож байсан. Би нэлээн согтуу байсан үг хэлэх гэсэн чинь миний хоолойноос үг гараагүй, Тухайн үед гарыг нь салгах санаатай болиулах гэсэн чинь би чадаагүй би ухаан алдсан уу яасан мэдэхгүй бие сулбайгаад явчихсан. Тэгж байтал цаанаас нь Б өө одоо болио гэрт чинь хүргэж өгье гээд О-ыг салгаад аваад явсан. Тэгээд би тэнд жоохон хэвтэж байгаад 5 давхарт гэрийнхээ хаалгыг тогшоод эхнэрийг цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд цагдаа түргэн 2 цуг ирсэн. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Гэрч Б.Ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны шилжих шөнө 00 цаг 30 минутын үед О над руу залгаад төвийн альпардны зогсоолоос бор хавтастай бичиг баримт байгаа тэрийг аваад Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг 53 дугаар байрны гадаа хүрээд ирээч гэж залгасан. Тэгэхээр нь би тэр бичиг баримтыг нь аваад ... дугаар байрны гадаа очиход машины зогсоол дээр О, Б нар шар өнгийн 570 маркийн авто машинд сууж байсан. Тэгээд нөгөө бичиг баримтыг машинд оруулаад өгөөч гэхээр нь машины хойд талд сууж байсан О-т оруулж өгсөн. Тэгсэн чинь Т.Г гэр лүүгээ орох гэж алхаж яваад О-ын машиныг хараад машин дээр хүрээд ирсэн. Тэгээд Г машины өмнө талын цонхоор шагайгаад мөнгөө авъя пизда минь гэж О-ын өөдөөс хэлсэн. Тэгээд О чи намайг пизда гэдэг хэн бэ гээд машинаас буугаад Г-ыг бариад авсан. Тэгэхээр нь би машины хойд талаас бууж очоод Г-ыг хамгаалсан мөн Б бас бууж ирээд О-ыг хориод 2 тийш нь болгосон. Тэгээд би Г-ыг хөгшөөн чи нэлээн согтуу байна гэрт чинь оруулаад өгье гэж хэлээд машинаас холдуулаад орц руу нь аваад орсон. Тэгээд би Г-ыг байрных нь орц руу оруулаад 2 давхарт гарч байтал О надад өртэй юм аа гээд Г буцаад доошоо буугаад гадагшаа гарсан. Тэгээд би араас нь гараад очтол О Г 2 зууралдаатай газар ойччихсон байсан. О-ын дээр нь Г хэвтчихсэн тэр 2 хоорондоо нэг нэгнийхээ нүүрэн тус газар цохилцоод байсан. Тэгэхээр нь би больцгоо гээд Гыг О-ын дээрээс татаад авахад Г босоод ирсэн, тэгсэн чинь Г-ын нүүрний дух хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд би Б-д наад О-ыг аваад явчих наад 2 чинь бид хоёрыг хараад хөөрөөд байна гэж хэлсэн. Тэгээд Б О-ыг аваад машиндаа суугаад яваад өгсөн. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед О бид хоёр Улаанбаатар хотоос орж ирсэн. Тэгээд 2 дугаар сургуулийн урд талын байрны хүмүүстэй уулзалт хийчхээд О-ын ажлын байр болох 5 дугаар байрны 9 давхарт 1 өрөөнд орж 1 шил архийг талд нь оруулчхаад ажлын байрнаас гадагшаа гарсан. Тэгээд гараад машин дотор суугаад хөдлөх гэтэл Г хажууд байхаар нь юу байна гээд мэндэлсэн чинь машины зөв талын цонхоор хүрч ирээд надтай мэндэлчхээд Оыг хараад шууд мөнгөө өг пизда минь гээд шууд О-т салаавч өгсөн. Тэгээд О машинаас буугаад Г-той шууд барилцаад авахаар нь би О-ыг Г-оос салгаад Ба Г-ыг аваад орц руу нь аваад орсон. Тэгээд би О-ыг машинд нь суулгах гээд аваад явж байтал Г хашхираад буцаж гарч ирэхэд байшингийн орцны үүдэнд Г О нар дахиад барилцаад зууралдсан. Тэгээд зууралдаж байх явцдаа тэр хоёр давхартаа газар ойчихоор нь би очоод салгаад босгоод ирэхэд Г-ын духнаас цус гарсан байсан. Тэгээд ерөнхийдөө тэр 2 салаад хоёр тийшээ болсон. Би О-ыг авч яваад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд санаа зовоод буцаад очиход эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. /хавтаст хэргийн 42-43 дахь тал/
Гэрч М.Бу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед манай нөхөр Г нь гэрээсээ гараад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд гараад явсан дараа нь араас нь залгахад манай нөхөр Г гадуур явж байна удахгүй очно гэж хэлсэн. Тэгээд шөнийн 01 цагийн үед хаалга тогшихоор нь би онгойлгоод харсан чинь манай нөхөр Г нь нүүр нь бүхэлдээ цус нөж болчихсон зогсож байсан. Тэгэхээр нь би яасан бэ юу болсон гэхэд хүнд зодуулчихлаа гэж хэлсэн Тэгэхээр нь би шууд эмнэлэг, цагдаа дуудаад нөхрийн нүүрийг арчих гэж байтал Ба, Б нар манай давхарт гараад ирсэн. Тэгэхээр нь би та 2 ямар хамааралтай юм бэ гэхэд манай нөхөр Г нь Б-ыг О-ын найз энэ 2 хамт байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-аас О хаана байна гэж асуухад би сая гэрт нь хүргэж өгөөд ирлээ гэсэн. Тэгэхээр нь би О-ын утасны дугаарыг аваад залгахад эхлээд аваагүй хэд хэд залгахад нэг эмэгтэй хүн утсыг нь авсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд О хаана байна хүнийг ингэтэл нь зодчихсон байна зодсон хүнээ ирж хар гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүүхэн чи одоо солиотой юм уу хаашаа юм бэ юу яриад байгаа юм бэ гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би дахиад залгахад тэр эмэгтэй дахиад утсаа авсан тэгэхээр нь би танай нөхөр манай нөхрийг зодчихсон байна хурдан ир гэж хэлэхэд чи өөрөө согтуу байгаа юм уу гэж миний өөдөөс хэлээд тасалсан. Дахин залгахад утас нь холбогдохоо байсан. Тэгээд цагдаа ирээд араас нь эмнэлэг ирсэн. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С. Шүрцэцэгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Г-ын биед хамар ясны хугарал, духны зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг 53 дугаар байранд байдаг ажлын байрнаас гараад машиндаа сууж байсан. Тэгээд Г машины хажуугаар гарахад нь машин унаж явсан манай найз болох Ө.Б цонхны шил буулгаад Г-оо гэж дуудсан. Тэгээд Г жолооч талаар ирээд миний өөдөөс шууд салаавч гаргаад лалар, пизда, май гээд дахиад салаавч гаргаад байхаар нь би тэсэхгүй бууж очоод Г-той барилцаад авахад такси ирж таараад жолооч нь намайг тэвэрч аваад манай найз болох Ө.Б машинаас бууж ирээд Г-ыг тэвэрч аваад хоёр тийш нь салгасан. Тэгээд Ө.Б Г-ыг гэрт нь оруулчихъя давхар нь хэд билээ гэж надаас асуухад 6 давхарт байдаг гэж хэлээд явуулсан. Тэгээд байж байтал Г, Б нар буцаад гараад ирсэн. Тэгээд Г надаас зуурч байгаад явган замын хашлаганд бүдрээд унахдаа надаас зуураад ойчсон би татагдаад дээрээс нь ойчсон. Тэгээд босож ирэхдээ дух нь урагдсан цус нь гоожсон байдалтай босож ирсэн. Тэгээд таксины жолооч намайг тэвэрч аваад машинд суулгасан Б Г-ыг байрны орцны хаалгаар оруулж өгөөд буцаад ирсэн. Тэгээд би таксины жолоочоос дайвраа аваад гэртээ хүргүүлсэн. /хавтаст хэргийн 63 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 72-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О-ын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ... дугаар байрны орцны үүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж, биед хамар ясны хугарал, духны зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч Б.Баий мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэрч Ө.Б-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч М.Бу-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Г-ын биед хамар ясны хугарал, духны зулгаралт, 2 нүдний зовхины цус хуралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.О нь бусдын эрүүл мэндэд халдсан тохиолдолд гэмтэл, хохирол учрах боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.
Шүүгдэгч Д.О-ын зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг яллах дүгнэлтэд 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02 цагийн үед гэж бичсэн байна. Тухайн хэрэг 00 цагаас 01 цагийн хооронд болсон гэх тайлбар гаргасан.
Шүүгдэгч Д.О нь хэргийн бусад үйл баримттай маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлан гэмт хэрэг гарсан цаг хугацааг яллах дүгнэлтэд бичигдсэн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02 цагийн үед гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Д.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Г-од хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэлийг, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тогтооно” гэж хуульчилсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхэд гаргасан тайлбартаа: “Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэснээр шүүгдэгч Д.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.О-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хавтаст хэргийн 65 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 72-74 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх зүйлгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.О-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ