Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00147

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00147

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 03 дугаар багийн 20-13 тоотод оршин суух, Хөх хамарт овогт Ц/............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ххолбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/01416/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У, хариуцагч Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц ам бүл 6, нөхөр, 2-15 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс би тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ггэх хүний оронд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Би ажиллаж байх хугацаандаа хичээл зүтгэл гарган цэвэрлэгээгээ сайтар хийж ирсэн бөгөөд ямар ч шийтгэл авч байгаагүй. Намайг ажлаа муу хийж байна гэх тусам би бүхий л чадлаараа ажлаа хийсээр ирсэн, гэсэн ч миний хөдөлмөрийг хэзээ ч үнэлэж байгаагүй бөгөөд нам улс төрийн хардпагаар ажил олгогч надад байнга муу хандаж ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж тушаал танилцуулсан. Би анхнаасаа жирэмсэн хүний оронд түр ажиллаагүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрх энэ шалтгаанаар зөрчигдөх ямар ч үндэслэлгүй юм. Иймд намайг Хажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг хэрэг хянан шийдвэрлэх хугацааны явцад жич нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Мөрөн Гурван-Эрдэнэ сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Ажид орохдоо би өндөр насны тэтгэвэрт гарсан хүний оронд, сул орон тоонд дээр ажилд орсон. Тэгээд намайг ажиллаж байх хугацаанд Батцэцэг жирэмсэний амралтаа авсан. Намайг ажиллаж байх хугацаанд их дарамттай байдаг байсан. Хамт олны хурал дээрээ санал шүүмжлэлийг маань сонсдоггүй. Би төсвийн байгууллагад ажиллах юм бол миний амьдралд хэрэгтэй байх юм болов уу л гэж бодож энэ ажилд орсон. Би сургуулийнхаа спорт заалы ганцаараа цэвэрлэдэг. Би 9 сар ажилласан. Эхний 3 сар ажиллаж байхад нэг үг ч хэлж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд их дарамталдаг байсан. Намайг зүгээр ажлаа хийж байхад л хүний үгэнд орж ажлаас халсан. Би өндөр насны тэтгэвэртээ гарсан хүний оронд сул орон тоон дээр ажиллаж байхад намайг жирэмсний амралтаа авсан хүний оронд ажиллуулж байсан гээд ажлаас халсан. Би сардаа 300.000 төгрөгийн цалин авдаг байсан. Би ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулмаар байна гэв.

Хариуцагч байгууллагын дарга Эшүүхэд гаргасан тайлбартаа: ...Цын нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Цыг 2015.12.01-ний өдрөөс тус сургуулийн үйлчлэгчийн албан тушаалд түр томилж 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээг 2 удаа сунгасан. 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс үйлчлэгч Бамралтын хугацаанд гэрээгээ сунгаж ажиллуулж байгаад 2016.11.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ шийдвэр нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хуулийн бүрэн үндэслэлтэй юм. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын дарга Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх би Цэрэннямыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж, 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан. Спорт заалны цэвэрлэгээ хийж чадахгүй байна гэхээр нь гадаа талбай цэвэрлэж байсан хүний оронд ажилд томилоод ажиллуулж байтал түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаанд гэрээг 2-3 удаа сунгаад шаардлага хангахгүй байсан учир ажлаас халсан. Улс төрийн намын шалтгаанаар ажлаас нь халаагүй. Би энэ хүнийг ажлаа сайжруулаасай гэсэндээ шаардлага тавьж байсан. Энэ хүний ярьж байгаа шиг загнаж дарамталж байсан зүйл байхгүй. Ажлын шаардлага тавихаар загнаж байна гэж ойлгодог юм шиг байгаа юм. Би өөрийн гаргасан тушаалаа үндэслэлтэй гаргасан гэж ойлгож байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Ххолбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлахад:

Нэхэмжлэгч Ц нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагын үйлчлэгчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаартай Ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулж ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-10-р тал/, Хөвсгөл аймгийн Мөрөн Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/61 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаартай Ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулж ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Ажил олгогч нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/61 дугаартай тушаалаар Цыг үйлчлэгчийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилж түүнтэй мөн өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би анхнаасаа жирэмсэн хүний оронд түр ороогүй, Ггэж хүн өндөр насны тэтгэвэрт гарах болж тэр хүний оронд үйлчлэгчээр томилогдон ажиллаж байсан, надтай хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар харилцан ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, гэнэт л нэг өдөр амаржсаны амралттай байсан Батцэцэг ажилдаа орох болсон тул оронд нь ажиллаж байсан гэж намайг ажлаас чөлөөлсөн тухайгаа хэлсэн гэж, хариуцагч нь анх Цыг өндөр насны тэтгэвэрт гарсан Ггэж хүний орон тоон дээр түр хугацаатай авсан нь үнэн. Ажиллаж байх явцад ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж ирсэн. 2 удаа хөдөлмөрийн гэрээг сунгаж 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс үйлчлэгч Бийг жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллуулсан. Жирэмсний амралттай Б ажилдаа эргэн орох болсон тул түүний оронд ажиллаж байсан Цыг ажлаас чөлөөлсөн гэж мэтгэлзэж байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй-ыг зөрчиж нэхэмжлэгч Цтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болох ба хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн дагаж мөрдөх дотоод журамд энэ талаар тусгасан зохицуулалт байхгүй байна.

Мөн хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахдаа Бамралттай хугацаанд түр ажиллуулахаар гэрээ байгуулсан ба Б ажилдаа эргэн орох болсон тул Цыг ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч Цыг анх ажилд авахдаа жирэмсний амралттай Боронд түр хугацаагаар авсан тухай ажил олгогчоос гаргасан тушаал, шийдвэр байхгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан Ггэх хүний оронд үйлчлэгчээр томилогдсон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба ажил олгогч нь ажилтныг ажилд томилох, ажлаас халах тохиолдол бүрт уг шийдвэр нь хууль зүйн факт болохынхоо хувьд эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэж байдаг тул ажил олгогчийг шийдвэрийг бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагч нь Цыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 37 дугаар зүйлийн зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байх ба ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй. Учир нь Цыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь заалтыг баримталсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон, 37.1.3-т заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон зэрэг үндэслэлүүд нь тушаалд тусгагдаагүй, хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цаашид сунгагдахгүй болсон үндэслэл, шалтгааныг тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргах нь зүйтэй байсан бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг хангалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Цыг Хажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 10-р сард 371.016 төгрөг, 09-р сард 371.076 төгрөг, 08-р сард 537.231 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №246102 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба сүүлийн 3 сарын цалин 1.279.263 төгрөг, нэг сард 426.421 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 19.833 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл ажлын нийт 60 хоногийн цалин 1.189.980 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.189.980 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 33.109 төгрөг, нийт 103.309 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Цыг Хажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.189.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Цд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1.189.980 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хдаалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хулсын тэмдэгтийн хураамж 103.309 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН