| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *******ын ******* Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод байрлах гэртээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хардалтын улмаас эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Миний бие 2024 оны 10 дугаар сарын 27-ны өглөө гэрт манай нөхрийн найз болон Ганхүрэл гэх залуу ирээд манай нөхөртэй хамт хөдөө явна гээд дагуулаад явсан. Тэгээд би хоёр хүүхдээ орой дагуулж гараад ахын гэрт хүргэж өгөөд хүргэн ах, эгчийн хамт эмнэлэгт цай хүргэж өгөх гээд явж байхад манай нөхөр над руу залгаад би гэрт ирсэн байна, манай гэрийн гадаа хар өнгийн машин ирээд зогсчихсон байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд хоёр хүүхдээ дагуулаад гэртээ очтол нөхөр согтуу намайг хардаад миний хоёр хацар хэсэг рүү гараараа алгадаад хоолой боож дээш өргөж газар тавиад толгой хэсэг рүү гараараа цохиж сандал аваад миний зүүн гарын шуу хэсэг рүү цохисон. Тэгээд би цагдаад хандсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
2.3. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн хошууч ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1123 дугаартай "...1. *******ын биед гэмтэл учирсан байна. *******ын биед хүзүүний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн гарын бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалгын гадна доод хэсгийн цус хуралт, зүүн гарын суганы ар хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-29 дэх тал),
2.4. Яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Миний бие 2024 оны 10 дугаар сарын 22-ны өглөө гэртээ байж байтал манай найз манайд ирээд ямаа ачилцаад өг гэхээр нь найздаа туслах гээд хамт яваад найзынхаа ажилд тусалж дуусаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд орой яваад очиход хашааны гадна талд нэг хар машин зогсож байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ ороход манай гэрт хүн байхгүй цоожтой байсан. Удалгүй манай эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт ирсэн. Тэгэхээр нь хашааны хаалга дээр нэг хар машин зогсож байгаад явчихлаа ямар машин юм гэсэн чинь би яаж мэддэг юм гэсэн. Тэгээд бид 2 бага зэрэг маргалдаад би уурандаа эхнэрийгээ 2 удаа алгадаад гэрт байсан сандал аваад шидсэн. Тэгээд манай эхнэр уурлаад цагдаа дуудсан байгаа. Эхнэрийгээ хардаад маргалдсан.Тэгээд эхнэрийнхээ хацар хэсэгт 2 удаа алгадаад дараа сандал аваад шидсэн чинь эхнэрийн гарыг оносон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
2.5. Эрх бүхий албан тушаалтны хөтөлсөн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
2.6. Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулсан тогтоол (хавтаст хэргийн 17 дахь тал)
2.7. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал),
-Гэрч Б.Ганхүрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал)
2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
- Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Нөхөр согтуу намайг хардаад миний хоёр хацар хэсэг рүү гараараа алгадаад хоолой боож дээш өргөж газар тавиад толгой хэсэг рүү гараараа цохиж сандал аваад миний зүүн гарын шуу хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
-Шинжээч, цагдаагийн хошууч ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1123 дугаартай "...1. *******ын биед гэмтэл учирсан байна. *******ын биед хүзүүний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн гарын бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалгын гадна доод хэсгийн цус хуралт, зүүн гарын суганы ар хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..3. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-29 дэх тал),
-Яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд манай эхнэр уурлаад цагдаа дуудсан байгаа. Эхнэрийгээ хардаад маргалдсан.Тэгээд эхнэрийнхээ хацар хэсэгт 2 удаа алгадаад дараа сандал аваад шидсэн чинь эхнэрийн гарыг оносон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
-Эрх бүхий албан тушаалтны хөтөлсөн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
-Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулсан тогтоол, согтолтын тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод байрлах гэртээ хардалтын улмаас эхнэр буюу хохирогч *******ын биеийн толгой, нүүр хэсэгт гараараа цохих, хоолойг нь боож, сандлаар зүүн гарын шуу хэсэгт цохих зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэгт хамаарах хүзүүний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн гарын бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалгын гадна доод хэсгийн цус хуралт, зүүн гарын суганы ар хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
3.3. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь 2010 гэрлэсэн нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 66 дахь тал)
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.2. Шинжээчийн хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоож, хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт нь үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
4.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан.
4.4. Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь гэрлэсэн, хүүхдүүдийн хамт амьдардаг учраас тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
4.5. Гэр бүлийн харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд тооцох ба хохирогчийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.
4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, хохирогч *******ыг бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн шинжийг хангаж байна.
4.7. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.8. Иймд шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.9. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, тэдний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хэрэг учрал болох үед шүүгдэгчийн архи, согтууруулах зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед “надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 58 дахь тал) байна. Иймд хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* хувийн байдлын хувьд 37 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, жолоочоор ажилладаг, Ховд аймгийн Дарви сумын Булаг багт оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 8000000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор биелүүлэх бөгөөд энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулав.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК