| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.3., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Хосбаяр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын эхээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ******* ******* тоот хашаанд байрлах ******* ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулж байсан орон сууцны барилгын подвалоос ПВЗ 1*1,5 мм2 хэмжээтэй цахилгааны утас 6 боодол, ПВЗ 1*2,5 мм2 хэмжээтэй цахилгааны утас 11 боодол, ПВЗ 1*6мм2 хэмжээтэй цахилгааны утас 6 боодол, ПВЗ 1*10мм2 хэмжээтэй цахилгаан утас 4 боодлыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 11970000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “... Хохирол төлбөр төлөөгүй, хохирогчтой уулзаад энэ онд төлж дуусгахаар тохиролцсон. Хохирлын дүн болох 11,970,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 6 боодол утас авсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн.
2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
2.2. Иргэн аас Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, бичмэл баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
2.3. Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Прогресс сургуулийн урд Олзвой 2-8 тоотод байрлах цагаан өнгийн битүү төмрөөр хашаалсан ертөнцийн зүгээр зүүн тийш орцны хаалга харсан цагаан өнгийн газардуулгатай барилга байв. Эд зүйл алдагдсан гэх улаан тоосгон барилгын ар хэсэгт барилгын материал хураасан В1 давхрын 2 тасалгаа бүхий өрөөний цонхыг хар өнгийн модоор дарж хадсан байв....” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-16 дахь тал),
2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай компани Ховд аймагт анх 2023 оны 05 дугаар сард зохих баримт бичгийг бүрдүүлэн барилгын үйл ажиллагаа эхлүүлсэн. ...Би Улаанбаатар хот хоёрын хооронд ирж очиж байдаг. Хэрэг гарсан гэх хугацаанд би дөнгөж Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн байсан. Ирээд байж байх хугацаанд манай барилгын материал байсан гэх подвалоос эд зүйл алдагдаад 2024 оны 05 сарын 17-ны цагдаад байгууллагад дуудлага өгч шалгуулж байгаа талаар мэдсэн.
Манай байгууллага хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сард тооллого хийсэн. Манайхаас дээрх тооллогын баримтаас зарцуулсан бараа материалаа хасаад ПВЗ утас 1*1,5 мм2, хэмжээтэй утас 6 боодол 11 метрийн үнэ 950 төгрөг байдаг, 1 боодолдоо 300 метр байдаг/, пвз утас 1*2,5 мм2 хэмжээтэй утас 11 боодол /1 метрийн үнэ нь 1320 төгрөг, 1 боодол нь 300 метр байдаг/, пвз утас 16мм2 хэмжээтэй утас 6 боодол /1 метр нь 2900 төгрөгөөр авч байсан, 1 боодол нь 200 метр байдаг/, пв3 утас 1*10мм2 хэмжээтэй 4 боодол /1 метр нь 5300 төгрөгөөр авч байсан, / утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
2.5. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “.. Тухайн сард яг хэдэн хүн надад зэс зарсан талаар хэлж мэдэхгүй байна. Хүмүүс бага хэмжээгээр авч ирдэг болохоор тэр болгон тогтоох боломжгүй байдаг. Гэхдээ 2024 оны 05 сарын 20-ны үеэр санагдаж байна, өндөр, том биетэй, урт үстэй /гэзэгтэй/ залуу надад 10,2 кг жинтэй шатааж жижиглэсэн байдалтай /үргэлжилсэн урт биш/ зэс авчирч өгсөн. Тухайн зэсийн ханш нь 1 кг 18,000 төгрөгөөр бодож би тэр залууд 180,000 төгрөг бэлнээр өгсөн. Би тэр залууг содон царайтай /гэзгийг хэлэв/, дээрээс олон кг зэс авчирч өгсөн болохоор би санаж байна. Дахин харвал маш сайн танина. Гэхдээ нэрийг нь мэдэхгүй, өмнө надад огт тийм хоёрдогч түүхий эд тушааж байгаагүй...
Гадна тал нь огт байхгүй хуулаад авчихсан байсан. Шатаасан бололтой харлаад хөө болсон зэсүүд байсан. Ямар нэгэн байдлаар гадна өнгө загварын талаар мэдэх боломжгүй байсан. Гадна хальс хэсгийг нь аваад шатааж цэвэрлээд, жижиг жижиг болгоод хооронд нь мушгиад тавьчихсан байсан, үргэлжээрээ байгаагүй. Одоо надад байхгүй. Миний санаж байгаагаар 2024 оны 07 сарын үеэр улсын баяраас өмнө хот руу ачуулсан. Би Улаанбаатар хотод худалддаг. Тогтсон хүн гэж байхгүй аль гайгүй үнэ ханш хэлсэн хүнд нь өгчихдөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
2.6. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн зураг №6, 10 гэж дугаарласан 2 ширхэг гутлын улны мөр нь оношилгооны шинжилгээнд тэнцэхгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал),
2.7. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 1-2 гэж дугаарласан гарын 2 ширхэг мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 1-2 гэж дугаарласан гарын 2 ширхэг мөр нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон мөрүүдтэй тохирохгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 39-42 дахь тал),
2.8. ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ХЦ24-252 дугаартай “ шинжилгээнд ирүүлсэн цахилгааны утас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 11,970,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-49 дэх тал),
2.9. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...*******ийн зургийг 3-ын тоон дээр байрлуулж, ийн зургийг 4-ийн тоон дээр тус тус байрлуулан 1,2,3,4 гэсэн тооны дарааллаар зургийг байрлуулан гэрч ыг гаднаас өрөөнд оруулж ирж өөрт нь зэс зарсан хүнийг заана уу гэхэд 3-ийн тоон дээр байрлуулсан *******ийн зургийг дахин заав...” гэсэн тэмдэглэл, ажиллагааны үйл явцыг бэхжүүлэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-55 дахь хуудас),
2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын гар утас дахь зурган мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 56-59 дэх тал),
2.11 Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын сүүлч хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ******* ******* тоотод баригдаж байгаа 5 давхар барилга дээр 1 давхраас 5 давхар хүртэл тагтны хаалт суурилуулах ажил хийдэг байсан юм. Тэгээд барилгын хаалт суурилуулах ажил маань дуусаж 1 давхраас 5 давхар хүртэл шаврын ажил хийдэг болсон юм. Би тухайн барилга дээр ажиллаж байх хугацаандаа подвал хэсэгт нь цахилгааны утаснууд байгааг анзаарч мэдсэн юм. Тухайн үед манай аав Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг байсан бөгөөд бие нь муу байсан. Улмаар би Хөвсгөл аймаг руу очиж аавынхаа биеийг нь эргэж очихоор явах гэтэл зардлын мөнгөгүй байсан юм.
Тэгээд 2024 оны 05 дугаар сарын эхээр орой 20 цагийн үед би уг барилгын подвал руу нууцаар орж дотор нь байсан цахилгааны утас, гэрлийн утаснуудыг хулгайлан авч 3 хоногийн дараа Ховд аймгийн Хогийн толгойн ойролцоо хулгайлсан утаснуудаа шатааж зэсийг нь авч түүхий эд авдаг газарт 180,000 төгрөгөөр тушааж уг мөнгөөрөө Улаанбаатар хотоор дамжиж Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу явж аавыгаа эргэсэн юм. Тэгээд тэр цагаас хойшоо Хөвсгөл аймагт 20 орчим хонож байгаад Улаанбаатар хот руу явж ажил хийхээр явсан юм. ...Барилгын ард талын хашаа барилга хоёрын заагаар орсон ба барилга руу нь панер түшүүлээд тавьчихсан байсан. Цонхоор орж шар, улаан, цэнхэр өнгийн цахилгааны утаснуудыг хулгайлсан юм. Би хэдэн метр цахилгааны утас байсан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дахь тал) зэрэг баримтууд болно.
2.12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 120-159 дэх тал)
2.13. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан:
-Иргэн аас Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, бичмэл баримт хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-16 дахь тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай байгууллага хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сард тооллого хийсэн. Манайхаас дээрх тооллогын баримтаас зарцуулсан бараа материалаа хасаад ПВЗ утас 1*1,5 мм2, хэмжээтэй утас 6 боодол 11 метрийн үнэ 950 төгрөг байдаг, 1 боодолдоо 300 метр байдаг/, пвз утас 1*2,5 мм2 хэмжээтэй утас 11 боодол /1 метрийн үнэ нь 1320 төгрөг, 1 боодол нь 300 метр байдаг/, пвз утас 16мм2 хэмжээтэй утас 6 боодол /1 метр нь 2900 төгрөгөөр авч байсан, 1 боодол нь 200 метр байдаг/, пв3 утас 1*10мм2 хэмжээтэй 4 боодол /1 метр нь 5300 төгрөгөөр авч байсан/ утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 05 сарын 20-ны үеэр санагдаж байна, өндөр, том биетэй, урт үстэй /гэзэгтэй/ залуу надад 10,2 кг жинтэй шатааж жижиглэсэн байдалтай /үргэлжилсэн урт биш/ зэс авчирч өгсөн. Тухайн зэсийн ханш нь 1 кг 18,000 төгрөгөөр бодож би тэр залууд 180,000 төгрөг бэлнээр өгсөн. Би тэр залууг содон царайтай /гэзгийг хэлэв/, дээрээс олон кг зэс авчирч өгсөн болохоор би санаж байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны үйл явцыг бэхжүүлэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-55 дахь хуудас),
-Шүүгдэгч *******ийн өгсөн “...Барилгын ард талын хашаа барилга хоёрын заагаар орсон ба барилга руу нь панер түшүүлээд тавьчихсан байсан. Цонхоор орж шар, улаан, цэнхэр өнгийн цахилгааны утаснуудыг хулгайлсан юм.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын эхээр ******* ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ******* ******* тоот хашаанд барьж байсан 5 давхар орон сууцны барилгад ажиллаж байхдаа тухайн орон сууцны барилгын зоорь буюу подвалд хадгалагдаж байсан ПВЗ 1*1,5 мм2, ПВЗ 1*2,5 мм2, ПВЗ 1*6мм2, ПВЗ 1*10мм2 хэмжээтэй нийт 27 боодол цахилгааны утсыг нууцаар авсан, улмаар боодолтой цахилгааны утаснуудыг шатааж доторх зэсийг нь хоёрдогч түүхий эдийн худалдаа эрхэлдэг иргэн т худалдсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
ХХК-ний үнэлгээчин дээрх цахилгаан утсыг 11,970,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээ тогтоожээ. (хавтаст хэргийн 46-49 дэх тал),
3.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “6 боодол цахилгааны утас авсан” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 27 боодол цахилгааны утсыг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож гэж үзлээ.
3.3. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, гэрч, хохирогч нарын эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийг хооронд харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь барилгын зоорь буюу подвалын цонхоор нь орж 27 бодол цахилгааны утсыг нууцаар авч, хохирогчид 11,970,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдож байна.
Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоожээ.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.2. Бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж, барилгын подвалд хадгалагдаж байсан 27 боодол цахилгааны утсыг нууцаар, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлж авч, бусдад худалдаж, захиран зарцуулсан шүүгдэгч *******ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
4.3. Хохирогч ******* ХХК нь барилгад шаардлагатай материал, эд зүйлийг хадгалах агуулахын зориулалтаар ашиглаж байсан орон сууцны зоорь буюу подвал нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамаарч байна. Тухайн цаг хугацаанд шүүгдэгчид нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд хамаарах тусгайлан хамгаалсан байр, агуулахын цонхоор нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дотогшоо нэвтэрсэн үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
4.4. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулсан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, түүний үйлдэл хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* ХХК-нд 11,970,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхбат гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11,970,000 төгрөгийг нэхэмжилжээ.
5.3. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.4. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 11,970,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч *******ийг шүүхээс гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга авах” санал дүгнэлтийг гаргасан болно.
2.4. Шүүгдэгчийн бичгээр гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
2.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 32 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг, Ховд аймгийн Дарви сумын Булган багт оршин суух хаягтай, урьд 4 удаа буюу 1) Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилээр тэнцэж хянан харгалзуулсан, 2) мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар, 3) мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 4) мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 104-105, 120-159 дэх тал)
2.6. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.7. Шүүх шүүгдэгч *******ийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ид 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******оос 11,970,000 (арван нэгэн сая есөн зуун далан мянга) төгрөгийг гаргуулан хохирогч ******* ХХК-нд олгосугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд, зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК