| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00995/И |
| Дугаар | 155/ШШ2021/01171 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2021/01171
| 2021 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2021/01171 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.П-ийн,
Хариуцагч: Б.М-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2021/00995/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Мтай 2010 онд танилцаж, үерхэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Мийнхөө төрсний гэрчилгээг авах шаардлагаар хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. 2010 оноос хойш 2012 он хүртэл намайг оюутан байх үед хамт байр түрээсэлж, хэрүүл маргаангүй амьдарч байсан. 2012 оноос 2017 он хүртэл 2 талын аав, ээжийнхээ гэрт хэрүүл маргаан ихтэй, салж нийлж амьдарсан. 2017 оноос 2019 он хүртэл нөхөр Б.М нь ажлын шалтгааны улмаас Увс аймгийн Улаангом суманд ажиллахаар болж, хүү бид гурав шилжин амьдарсан. Энэ хугацаанд мөн салж нийлж амьдарсан. 2019 оны 2 дугаар сараас хойш салсан хэвээрээ 2 талд амьдарч байна. Хамт амьдарч байх хугацаанд 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Мы Мөрөөдөл төрсөн. Салж нийлэх хугацаанд бидний үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж хэрэлдэж, аав, ээжийн гэр хэрүүл зодоон хийж, үүнээс үүдэлтэй Б.М нь тэнсэн харгалзах ял авч байсан. Хоорондын энэ таарамжгүй байдал, хэрүүл маргаан, салж нийлсэн байдал, тогтворгүй бус амьдрал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо.
Иймд 2014 оны 6701000204 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү М.Мийг өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлгийг гаргуулан авахыг хүсэхгүй байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь эхнэр болох Д.Пийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би эхнэр Д.Птой 2009 оны зун танилцаж, үерхэн дотносож байгаад 2010 оноос хамт амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын явцад буюу 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү М.М мэндэлсэн. Миний хувьд эхнэр, хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж, гэр бүлийнхээ сайн сайхан амьдралын төлөө эцэг хүн, эр нөхрийн үүргээ хангалттай сайн биелүүлж, хайр халамжаар дутааж байгаагүй гэж хэлж болно. Харин түүний нэхэмжлэлд дурьдсан шиг ...байнгын хэрүүл маргаан огт байгаагүй бөгөөд амьдралын туршид тохиолдох ...түр зуурын үл ойлголцолыг үүрдийн мэтээр сэтгэж, үзэл бодлын зөрүүтэй ханддаг байснаас нь шалтгаалж, бид хоёрын харилцаа хүйтэн хөндий болж, хэн хэнээсээ холдох шалтгаан болсон. Одоо миний хувьд эхнэр Д.Птой цаашид амьдрах ямар ч боломжгүй бөгөөд хэн хэн маань тус тусын амьдралын зам мөрөө хөөсөн. Хэдийн тийм боловч миний бие өөрийн төрсөн үр хүүхэд болох М.Мтэйгээ байнгын холбоотой байж, эцгийн хайр халамжаар дутаахгүй байхыг хүсэж байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа юм. Д.П бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү М.Мийг эхийнх нь асрамжид үлдээхэд маргах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Д.П, Б.М нар 2019 оны 2 дугаар сараас одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны олгосон Эрэгтэй: РД: 0, Монгол улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, овог: О, эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: Б.М, Эмэгтэй: РД: 0, Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, овог: Б, эцэг (эх)-ийн нэр: Д, нэр: Д.П нар 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000204 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 6701000204 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)
хамтран амьдрах хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү М.М төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД:, О овогт Б.Мы М, эрэгтэй, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгов гэх бичилттэй 6701000925 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас) нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.Мийг төрүүлсэн эх Д.Пийн асрамжид үлдээх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
Хүү М.М эх Д.Пийн асрамжид үлдсэн нь эцэг Б.Мы хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл эцэг Б.М хэдийд ч хүү М.Мтэй уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү М.Мд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж байна.
Иймд Д.П, Б.М нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Мийг эх Д.Пийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Зохигч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.П, Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Мы Мийг төрсөн эх Д.Пийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Мд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.П нарт тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Поос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА