Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Б.Энхтулга,

гэрч *******,

шүүгдэгч *******,

шүүгдэгч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт ын , ургийн овогт гийн нарт холбогдох 2436005240413 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүлэглэж, Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоот хашаанд байрлах гараашнаас ийн өмчлөлийн 1 боодол хулдаасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 480000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:

-Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би мөнгөө ахдаа хадгалуулдаг. Бид хоёрын данс нэг байдаг юм. Тэр хулдаасыг бид хоёр хамт авсан. Ээж саарал өнгөтэй юм байна, хүйтэн өнгөтэй гээд байхаар нь би бор өнгийн хулдаас авч өгсөн. Тэгээд ээж надад нөгөө саарал өнгөтэй хулдаасыг зараад мөнгөө авчихгүй юу гэж хэлж байсан. Тэр хулдаасыг би өөрийнхөө хулдаас гэж ойлгож авч явсан. Ээжийгээ сахиж Ховдод байж байгаад ээж маань бурхан болоод түүнээс хойш хамаатан садан, ах, дүү нараасаа мөнгө авч амьдарсан. Тэгээд байнга ах, дүү нараасаа мөнгөө авахаас санаа зовоод хулдаасыг зарж мөнгө гаргаж аваад Улаанбаатар хот руу хүүдээ очъё гэж бодсон. Тухайн өдөр хулдаасыг дааманы үүдэнд гаргаад зогсож байтал ******* ах явж байхаар нь би туслаач гээд туслуулсан. Тэгээд такси авах гээд зогсоол руу явж байгаад ******* ахтай таарсан. ******* ах таксинаас буугаагүй. Зах дээр хулдаас өгөхөөр тохирсон хүнд очиход хаагаад явсан байсан. Таксинд ******* ах суугаад үлдсэн. Такси явах гээд байна гээд ******* ах залгахаар нь таксины хүнд барьцаанд тавьчих гээд 60,000 төгрөгөөр танксины хүнд өгсөн. Таксины хүнд өгчхөөд маргааш нь авчихъя гэж бодож байсан...” гэв.

-Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “2024 оны 09 дүгээр сард хөдөөгөөс орж ирээд явж байтал ******* тааралдаад “миний өөрийн хулдаас байгаа юм. Зах дээр аваачиж хүнд өгөөд би мөнгөө гаргаж авах гэсэн юм” гэхээр нь тусалсан. Машинд тавиад зах руу явсан. Зах дээр ******* бид хоёр явж байтал ******* ******* рүү залгаад такси явах гээд байна гэхээр нь хулдаас өгөөд явуулсан...” гэв.

-Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн өмнөх өдөр би эмнэлэг дээр хүн сахиад нойргүй хоносон байсан. Зах дээрх *******тэй таараад нэг шил архи уусан. Өмнөх өдөр нойргүй хоносон байсан өдөр нь архи уугаад нойрмог байсан. Тэгээд ухаан ороод түүнээс өмнө юу болсныг санахгүй байгаа...” гэв.

2. 2436005240413 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн талаарх “Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Дөлгөөн төвийн чанх ард байрлах гэсэн хаягтай саарал, цагаан өнгийн том хаалгатай модон хашаанд болсон байна. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэн  хийхэд уг хашаанд 2 ширхэг Монгол гэр байх бөгөөд уг гэрийн чанх урд хэсэгт 2 ширхэг амбаар зэрэгцээ байв. Баруун талд байрлах Монгол гэрийн баруун урьд хэсэгт бор өнгийн модон хаалгатай блокоор барьсан гарааш байна. Уг гараашны хаалга ...цоожгүй байсныг  гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 5-9 дэх тал),

2.3. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2024 оны 08 дугаар сард эгч *******гийн гараашид үлдээгээд хувийн ажлаар Улаанбаатар хот явсан. Би 2024 оны 07 дугаар сард БНХАУ-ын Тайкешкен боомтоос 40 метр хулдаас 1 метрийн 15 юаниар нийт 600 юаниар авсан. Манай эгч *******, манай дүү ******* нар мэднэ өөр мэдэх хүн байхгүй... Бөөрөнхий боодолтой гадуураа цагаан ууттай цагаан шаргал өнгийн цэг шиг юмтай тийм хулдаас байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

2.4. Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоот гэртээ байж байгаад 13 цагийн үед гарааш руу ортол сарын өмнө авсан байсан боодолтой хулдаас алга болсон байсныг мэдсэн. Манай төрсөн дүү ийн эзэмшлийн хулдаас байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 20 дахь тал),

2.5. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оноос хойш одоог хүртэл Ховд аймгийн Жаргалант суманд такси үйлчилгээнд өөрийн эзэмшлийн 0920 ХОҮ улсын дугаартай хар өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгслээр явдаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би 52 дугаар байрны таксины зогсоол дээр байж байтал 3 хүн ирээд “таксинд явах уу” гэхээр суулгаад 3-р сургуулийн ард талд байрны булан дээр очиж 1 боодолтой хулдаас ачаад Баруун бүсийн төв захын доод хаалган дээр ойролцоо зогсоод 2 хүн нь зах руу ороод алга болчихоор нь “нөгөө хүмүүс чинь яасан бэ? Би явмаар байна” гэхэд үлдсэн залуу “зогсож бай таксины мөнгө хангалттай өгнө” гэсэн. Би хүлээж байгаад дахиж “яасан бэ” гэхэд “та наад хулдаасаа 80,000 төгрөгт худалдаж аваад яв” гэхээр нь надад байгаа мөнгө нь 60,000 төгрөг байна гэхэд үлдсэн залуу нь 60,000 төгрөг болно гээд мөнгөө аваад яваад өгсөн.

...Би хулдаасыг гэртээ авч очсон. Би тухайн 3 хүний зургийг харлаа. Миний таксинд суусан хүмүүс мөн байна. ******* гэх хүн нь надтай хамт миний машинд үлдсэн хүн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

2.6. Эд зүйлийг буюу иргэн гээс 1 боодол саарал өнгийн хулдаасыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

2.7. Эд зүйлийг буюу *******д 1 боодол хулдаасыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал),

2.8. Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ХВЦ-24-245 дугаартай “1 боодол буюу 40 м хулдаас 480,000 төгрөгийн үнэтэй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

2.9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 38-42, 89 дахь тал),

 2.10. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж архи уугаад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амьжиргааны мөнгөгүй болчихоор нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод байх өөрийн төрсөн эгч болох *******гийн хашаанд байх гараашнаас 40 метр хулдаасыг аваад зарсан юм. Тухайн үед би нэлээн согтолттой байсан ба хулдаасыг өргөж дийлэхгүй байсан учраас ******* гэх хүнийг гудамжинд явж байхаар өргөлцөөд өгөөч гэж гуйгаад тухайн хулдаасыг зарах зорилгоор такси барьж Баруун бүсийн төв зах руу явж байтал замд зүс таних ******* ахтай таарч таксинд суулгаж захын ойролцоо очсон юм. Тэгээд бид тухайн таксинд “Хараа” нэртэй 0,75 литрийн архийг хувааж уучхаад ******* ах нэлээн согтсон байхаар нь таксинд үлдээгээд ******* ах бид хоёр тухайн хулдаасыг худалдаж авах хүн хайгаад захаар явж байгаад буцаад иртэл ******* ах таксины жолоочид 60,000 төгрөгийн барьцаанд тавиад явуулсан байсан. Тэгээд тухайн 60,000 төгрөгөөр *******, ******* ах бид гурав “Хараа” нэртэй 0,5 литрийн архинаас хувааж уучхаад үлдэгдэл 30,000 төгрөгийг би аваад тарцгаасан юм.

Тухайн хашаа нь миний төрсөн эгч болох *******гийн хашаа байгаа юм. Дотор нь байгаа гарааш мөн адил манай эгч *******гийн эзэмшлийн гарааш юм. Тухайн үед ямар нэгэн цоожгүй байсан. Би гэртээ байж байгаад надад мөнгөтэй болох боломж гараашинд байгаа өөрийнхөө хулдаасыг зарж борлуулах юм байна гэж бодоод тухайн хулдаасыг орж авсан юм. Манай эгч хүйтэн өнгөтэй хулдаас байна. Бор өнгийн хулдаасаар соль гэж хэлэхээр нь би өөрийнхөө мөнгөөр бор хулдаас авч гэртээ тавьсан юм. Тэгээд тухайн саарал өнгийн хулдаасыг зарж бор хулдаас авсан мөнгөө гаргаж авсан. Би өөрийн төрсөн ах болох той данс нэг байдаг. Би ажил хийж олсон мөнгө болгоноо ахынхаа дансанд шилжүүлдэг. Тэгээд манай ах 2024 оны 07 дугаар сард БНХАУ-д явж байхдаа тухайн хулдаасыг авч ирсэн. Тэгээд тухайн хулдаас нь муухай өнгөтэй байхаар нь бор өнгийн хулдаасаар сольсон. Би бор өнгийн хулдаасыг авсан учраас цагаан өнгийн хулдаасыг зарж бор өнгийн хулдаас авсан мөнгөө гаргаж авъя гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

2.11.Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр оройхон /Би тухайн үед халамцуу байсан болохоор хэдэн цагийн үед вэ? гэдгийг санахгүй байна/ захын дээд талд гудамжинд явж байтал ******* гэх миний хуурай дүү тааралдаж манай гэрт нэг хулдаас байна хүнд өгөх гэсэн юм хамжилцаад өргөөд өгөөч” гэж хэлхээр нь Ховд аймгийн Жаргалант сумын баг Дөлгөөн төвийн ард байх *******ийн эгчийнх нь хашаа руу орж гараашинд байсан цагаан өнгийн бүрээстэй хулдаасыг өргөлцөж таксинд хийж өгсөн. Тэгээд би яах гэж байгаа юм гэж асуухад ******* хүнд өгч барьцаанд тавих гэсэн юм гэж хэлэхээр нь бид хоёр тухайн таксинд суугаад явж байтал захын доод талд *******тай тааралдаж таксины цонхоор ******* дуудаад түүнийг таксинд суулгаж бид гурав тухайн таксинд “Хараа” нэртэй 0,75 литрийн архинаас хувааж уутал ******* тасраад уначихсан. Түүнийг таксиндаа үлдээгээд ******* зах руу ороод хүнтэй уулзана гэж хэлэхээр нь би араас нь явж байтал миний зүс таних нэг хүн тааралдаж би тухайн хүнтэй тамхи татаад зогсож байсан. ******* хүнтэйгээ уулзаад ирлээ гэж хэлээд ирэхээр нь бид хоёр таксиндаа буцаж очтол хулдаасыг такси аваад явчихлаа гэж ******* хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

2.12. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед Баруун бүсийн төв зах дээр халамцуу явж байтал *******, ******* хоёртой таарсан юм. Тэгээд ******* нь намайг ах машинд суучих гэхээр нь тухайн машинд Хараа нэртэй 0,5 литрийн архийг бид гурав хувааж уусан юм. Тухайн үед би халамцуу явж байгаад дахиад архи уугаад би нэлээн согтсон. Би нэлээн согтсон байсан учраас ******* намайг машинаас буулгаагүй ба машинд сууж байтал миний нойр хүрээд унтаад өгсөн юм. Тэгээд 17 цагийн үед сэрээд машины жолоочоос надтай хамт явсан хүмүүс яасан бэ? гэж асуутал зах руу орлоо гэж хэлсэн. Удалгүй захаас *******, ******* нар ирэхээр нь би “та хоёр яах гэж зах орсон юм бэ?" гэж асуутал “хулдаас зарах гээд яваад ирлээ" гэж хэлэхээр нь чи эд хөрөнгөө зарлаа гээд миний уур хүрээд машинаас буугаад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал) зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

2.13. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51, 53, 55 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52, 54, 56 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93-95 дахь тал)

2.14. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 5-9 дэх тал),

-Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бөөрөнхий боодолтой гадуураа цагаан ууттай цагаан шаргал өнгийн цэг шиг юмтай тийм хулдаас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

-Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоот гэртээ байж байгаад 13 цагийн үед гарааш руу ортол сарын өмнө авсан байсан боодолтой хулдаас алга болсон байсныг мэдсэн. Манай төрсөн дүү ийн эзэмшлийн хулдаас байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 20 дахь тал),

-Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би 52 дугаар байрны таксины зогсоол дээр байж байтал 3 хүн ирээд таксинд явах уу гэхээр суулгаад 3-р сургуулийн ард талд байрны булан дээр очиж 1 боодолтой хулдаас ачаад Баруун бүсийн төв захын доод хаалган дээр ойролцоо зогсоод 2 хүн нь зах руу ороод алга болчихоор нь “нөгөө хүмүүс чинь яасан бэ? Би явмаар байна” гэхэд үлдсэн залуу “зогсож бай таксины мөнгө хангалттай өгнө” гэсэн. Би хүлээж байгаад дахиж “яасан бэ” гэхэд “та наад хулдаасаа 80,000 төгрөгт худалдаж аваад яв” гэхээр нь надад байгаа мөнгө нь 60,000 төгрөг байна гэхэд үлдсэн залуу нь 60,000 төгрөг болно гээд мөнгөө аваад яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

-Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ХВЦ-24-245 дугаартай “1 боодол буюу 40 м хулдаас 480,000 төгрөгийн үнэтэй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 38-42, 89 дахь тал),

 -Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж архи уугаад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амьжиргааны мөнгөгүй болчихоор нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод байх өөрийн төрсөн эгч болох *******гийн хашаанд байх гараашнаас нь 40 метр хулдаасыг аваад зарсан юм. Тухайн үед би нэлээн согтолттой байсан ба тухайн хулдаасыг өргөж дийлэхгүй байсан учраас ******* гэх хүнийг гудамжинд явж байхаар хамт өргөлцөхийг гуйж, тухайн хулдаасыг зарах зорилгоор такси барьж Баруун бүсийн төв зах руу явж байтал замд зүс таних ******* ахтай таарч таксинд суулгаж захын ойролцоо очсон юм... Тухайн хашаа нь миний төрсөн эгч болох *******гийн хашаа байгаа юм. Дотор нь байгаа гарааш мөн адил манай эгч *******гийн эзэмшлийн гарааш юм. Тухайн үед ямар нэгэн цоожгүй байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

-Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр оройхон /Би тухайн үед халамцуу байсан болохоор хэдэн цагийн үед вэ? гэдгийг санахгүй байна/ захын дээд талд гудамжинд явж байтал ******* гэх миний хуурай дүү тааралдаж “манай гэрт нэг хулдаас байна хүнд өгөх гэсэн юм хамжилцаад өргөөд өгөөч” гэж хэлхээр нь Ховд аймгийн Жаргалант сумын баг Дөлгөөн төвийн ард байх *******ийн эгчийнх нь хашаа руу орж гараашинд байсан цагаан өнгийн бүрээстэй хулдаасыг өргөлцөж таксинд хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

-Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед Баруун бүсийн төв зах дээр халамцуу явж байтал *******, ******* хоёртой таарсан юм. Тэгээд ******* нь намайг ах машинд суучих гэхээр нь тухайн машинд Хараа нэртэй 0,5 литрийн архи бид гурав хувааж уусан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),

-Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн гараашинд худаг байдаг учир ******* гараашийг байнга ашигладаг байсан. Намайг Улаанбаатар хотод очоод хүүхдээ эмчлүүлчхээд буцаад ирэхэд ******* тухайн хулдаасыг өөрөө ахтайгаа нийлж авсан юм байна лээ. Би мэдэхгүй байсан. Тухайн үед манай гэрийн уур амьсгал тааруу байсан. *******ийн эхнэр нас бараад удалгүй ээж маань нас барсан. Тэгээд гэрт ирээд гарааш дотор байсан хулдаас байхгүй болохоор нь би цагдаад өгсөн. ******* ээжид өөр хулдаас авч өгчхөөд тэр хулдааснаасаа мөнгөө гаргаж авах гэж байсан юм байна.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай харьцуулан үнэлэхэд  дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах төрсөн эгч *******гийн гараашинд хадгалагдаж байсан ах нь болох ийн эзэмшлийн 1 боодол хулдаасыг бусдад худалдах гэсэн боловч өргөж дийлээгүй учраас шүүгдэгч *******г дуудсан, улмаар тэр хоёр хулдаасыг гараашаас гаргаж таксины зогсол руу явах замд шүүгдэгч *******тай тааралдсан, гурвуулаа таксины зогсоолоос такси барьж, хулдаасыг иргэн гийн эзэмшлийн “Приус 20” тээврийн хэрэгслээр зах руу авч ирсэн, шүүгдэгч ******* таксины жолооч д 60,000 төгрөгөөр хулдаасыг худалдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

3.2. Хэрэгт авагдсан хохирогч ийн “хулдаасыг манай эгч *******, манай дүү ******* нар мэднэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч *******гийн “Манай төрсөн дүү ийн эзэмшлийн хулдаас байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 20 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хулгайлагдсан хулдаас нь хохирогч ийг өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч *******ийн эзэмшлийн эд хөрөнгө байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******гийн өгсөн “Тухайн гараашинд худаг байдаг учир ******* гараашийг байнга ашигладаг байсан. Тухайн үед манай гэрийн уур амьсгал тааруу байсан. *******ийн эхнэр нас бараад удалгүй ээж маань нас барсан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ийн өгсөн “Ээжийгээ сахиж Ховдод байж байгаад ээж маань бурхан болоод түүнээс хойш хамаатан садан, ах, дүү нараасаа мөнгө авч амьдарсан. Хашаан дахь гэрт ахын хамт амьдарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч ийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд шүүгдэгч ******* нь тухайн хашаанд байрлах гэрт ахынхаа хамт // амьдардаг байсан ба тэрээр гараашийг байнга ашигладаг, тухайн үед гарааш цоожгүй, онгорхой байсан үйл баримт тогтоогджээ.

Гэрч гийн “3 хүн ирээд таксинд явах уу гэхээр суулгаад 3-р сургуулийн ард талд байрны булан дээр очиж 1 боодолтой хулдаас ачаад Баруун бүсийн төв захын доод хаалган дээр ойролцоо зогсоод 2 хүн нь зах руу ороод алга болчихсон” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ******* нь гараашнаас хулдаасыг авах үед хамт байлцсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин таксины зогсоол руу явах замд шүүгдэгч *******, ******* нартай тааралдаж,  хамт явсан байжээ.

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би нэлээн согтолттой байсан, хулдаасыг өргөж дийлэхгүй байсан учраас ******* гэх хүнийг гудамжинд явж байхаар өргөлцөхийг гуйсан...” гэсэн мэдүүлэг болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “...дааманы үүдэнд гаргаад зогсож байтал ******* ах явж байхаар нь би туслаач гээд туслуулсан. Тэгээд такси авах гээд зогсоол руу явж байгаад ******* ахтай таарсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хөдөөгөөс орж ирээд явж байтал ******* тааралдаад миний өөрийн хулдаас байгаа юм. Зах дээр аваачиж хүнд өгөөд би мөнгөө гаргаж авах гэсэн юм гэхээр нь тусалсан.” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь шүүгдэгч ******* өөрийнхөө хулдаасыг худалдах гэж гараашнаас авч байгаа гэж ойлгож өргөлцөж тусалсан байна.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч байгааг шүүгдэгч ******* мэдэж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч ******* нь тухайн хашаанд амьдардаг болохыг мэдэж байсан зэргээс үзэхэд шүүгдэгч *******гийн  “******* хулгай хийж байгааг мэдээгүй, өөрийнхөө хулдаасыг зарж байгаа гэж хэлсэн. Тэрээр тухайн хашаанд амьдардаг учраас бусдын эд зүйлийг хулгайлж байгаа гэж бодоогүй” гэсэн агуулгатай мэдүүлэг үндэслэлтэй, тэрээр тухайн үед шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэлгүй хулдаасыг гараашнаас авч явахад тусалсан байжээ.

3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд *******, *******,  ******* нар нь бүлэглэж, гараашнаас 1 боодол хулдаасыг нууцаар авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч *******, ******* нар нь шүүгдэгч ******* өөрийнхөө хулдаасыг худалдаж байгаа гэж ойлгож гараашнаас өргөж авч гарах, таксинд хүргэх, худалдах үед тусалцсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. 

3.5. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж,  гэрч, хохирогч нарын эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийг хооронд харьцуулан үнэлэхэд  шүүгдэгч ******* нь хохирогчийн ийн өмчлөлийн 1 боодол хулдаасыг нууцаар өөртөө шилжүүлэн авч, хохирогчид 480000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон гэж дүгнэлээ.

3.6. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан.

4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах талын нотлох баримтаар  шинжлэн судлуулсан гэрч *******, , хохирогч нарын мэдүүлэг,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан  үнэлэхэд  шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж, гараашнаас 1 боодол хулдаасыг нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч *******, ******* нарын шүүгдэгч ******* өөрийнхөө хулдаасыг худалдаж байгаа гэж ойлгож гараашнаас өргөж авч гарах, таксинд хүргэх, худалдах үед хамт байлцаж, тусалцсан үйлдлийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж хэнд ч мэдэгдэхгүйгээр нууц, далд аргаар үнэ төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авч, эзэмших, захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр төгсдөг, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг буюу гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт этгээдийн идэвхтэй үйлдэлд нь үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.  

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч ийн өмчлөлийн эд хөрөнгийг шүүгдэгч *******  зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авч, худалдаж захиран зарцуулах зорилготой байсныг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах санаа зорилготой байсныг мэдсээр байж шүүгдэгч *******тэй үйлдлээрээ санаатай нэгдсэн, эсхүл  хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Тодруулбал, шүүгдэгч *******, ******* нар нь хулдаасыг гараашнаас өргөж авч гарах, таксинд хүргэх, худалдах зэргээр шүүгдэгч *******ийн эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэлд нэгдсэн боловч хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, шүүгдэгч ******* нь өөрийн амьдардаг хашаанаас өөрийнхөө эд хөрөнгийг авч бусдад худалдаж байгаа гэж ойлгосон буюу гэмт хэрэгт хамтран оролцох субьектив санаа зорилго агуулаагүй учраас шүүгдэгч *******, ******* нарыг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхгүй юм.

Харин шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй шүүгдэгч *******, ******* нарыг эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, захиран зарцуулах боломжийг бүрдүүлэхэд ашигласан буюу гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан гэмт хэргийг гүйцэтгэсэн байна.

Иймд  шүүдэгч *******, ******* нар нь шүүгдэгч *******тэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй  гэж дүгнэж, прокурорын яллах дүгнэлтээс “*******тэй бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэв.

4.3. Шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авах эрхгүй гэдгийг мэдсээр байж, гараашинд хадгалагдаж байсан хохирогч ийн өмчлөлийн 1 боодол хулдаас буюу эд хөрөнгийг нууцаар, өөрийнхөө эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэн авч,  бусдад худалдаж захиран зарцуулж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш буюу 480,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “өмчлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” гэсэн шинжийг хангасан байна.

4.4. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд нэвтэрсэн гэмт этгээдийн үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж үздэг. Эд хөрөнгө хадгалагдаж байсан гараашийг шүүгдэгч *******ийн ах, эгч нарын хамт  байнга ашигладаг байсан ба эзэмшигчээс нь хаалгыг нь цоожилж, хамгаалсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийг тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд хууль бусаар нэвтэрсэн гэж үзээгүй болно.  

4.5. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийг хууль бус шинжийг ухамсарлан ойлгож, мэдсээр байж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Иймд шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

4.7. Шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна. 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч  т 480,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.

5.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэн гээс 1 боодол хулдаасыг хураан авч, хохирогчид хүлээлгэж өгсөн нь эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 49 настай, 1 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 60/1 байр 30 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 51-55, 93-95 дахь тал),

2.4. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргасан.

2.6. Шүүгдэгч нарын бичгээр гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

2.7. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн  анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс  нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгчийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.8. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнхөө эд хөрөнгийг авсан гэж мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх” хуулийн урьдач нөхцөл хангагдаагүй тул улсын яллагчаас гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. 

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир цагаатгагдсан этгээд *******, *******, шүүгдэгч ******* нар нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгагдсан этгээд *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Шүүгдэгч *******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан байгууллагад гүйцэтгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

3.3. Цагаатгагдсан этгээд нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны улмаас хохирол учирсан гэж үзвэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлүүд,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч *******ын *******, ын нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.  Шүүгдэгч овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд сануулсугай.

6. Цагаатгагдсан этгээд *******, *******, шүүгдэгч ******* нар нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгагдсан этгээд *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Цагаатгагдсан этгээд *******, ******* нар  нь  хохирол учирсан гэж үзвэл нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч *******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан байгууллагад гүйцэтгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

          10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК