Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/135

 

 

Э.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/2052 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006000002698 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

....................., 19.......... оны ............ дугаар сарын .....................-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 04-41 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1047 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС 07-06 тоотод байхдаа, О.Нгийн дэлгүүрээс ус авчруулахаар өөрийн эзэмшлийн 58-21 УНЗ улсын дугаартай “Тоёота Прогресс” маркийн тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгч явуулахад тэрээр тухайн тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан О.Нгийн Хаан банкны 5020629744 дугаартай дансны виза картаас нууцаар, хууль бусаар, шунахай сэдэлтээр 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 16 цаг 57 минутад 800.000 төгрөг, 17 цаг 10 минутад 800.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг авч хулгайлсан,

2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Номин-Эрдэнийн “автомашиныг чинь угаалгаад ирье” гэж хуурч, түүний эзэмшлийн 26-37 УБД улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн 10.000.000 төгрөгийн автомашиныг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................ийг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Бид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 1.880.000 төгрөг гаргуулан хохирогч О.Н /ух89051621/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Н, Б.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг бүрдүүлэн шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ ухамсарлан, хянан шийдвэрлэх бүх шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа болон хохирол төлөхөө илэрхийлсэн өргөдөл хүсэлтийг гаргаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэм буруугаа болон дахин алдахгүй амьдрах ухамсар, шүүгдэгч миний өөртөө хийсэн дүгнэлтээ тайлбарлан чөлөөтэй илэрхийлсэн боловч эцэст нь хорих ялаар шийтгүүлсэн. Залуу хүний бардам, ичимхий, сэхүүн зангаараа гомдол гаргахгүйгээр хорих ялыг биеэрээ бүрэн эдэлж болох боловч үүний үр дүнд миний амьдрал, миний ертөнц олон жил зовж шаналах учир хууль дээдлэн амьдардаг эгэл иргэн надад нэг ч боломж олгоогүйд миний бие ийнхүү гомдол гаргаж байна. Миний хүсэл мөрөөдөл, ирээдүйг болон ар гэрийн байдлыг минь, прокурор шүүхийн шатанд гаргасан 2 удаагийн өргөдөл, хүсэлтийг минь, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг минь, нээлттэй хорих байгууллагад хөнгөн хэрэгтэй хоригдол ажил хөдөлмөр хийж хохирол төлбөрөө барагдуулдаг учир би хөдөлмөр хийж төлбөрөө барагдуулах хүсэлтэй байгааг минь, хүний хүрч болдоггүй, хүний очихыг хүсэхгүй газар энэ удаа сүүлийн удаа очих гэж байгаа би дахин хэзээ ч түүнээс доош унах газар, цэг байдаггүйг ухамсарласан залуу хүн миний уг хэрэгт холбогдоод сүүлийнх гэж өөртөө амласан амлалт, өөрийнхөө мөн улсынхаа өөдөөс сөрж зогсохгүй гэсэн гэгээн хүслийг минь харгалзан үзэж миний үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлийг оноож, надад оногдуулсан 3 жилийн хаалттай хорих дэглэмийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд хорих ялын дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллага болгож өгнө үү.” гэв.

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Хохирол төлбөрийг төлөөгүй, хувийн байдлын хувьд өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан. Эдгээр хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, учруулсан хохирлоо төлөөгүй зэрэг байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2052 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.Б 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС 07-06 тоотод байхдаа, О.Нгийн дэлгүүрээс ус авчруулахаар өөрийн эзэмшлийн 58-21 УНЗ улсын дугаартай “Тоёота Прогресс” маркийн тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгч явуулахад тэрээр тухайн тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан О.Нгийн Хаан банкны 5020629744 дугаартай дансны виза картаас нууцаар, хууль бусаар, шунахай сэдэлтээр 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 16 цаг 57 минутад 800.000 төгрөг, 17 цаг 10 минутад 800.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг авч хулгайлсан,

2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Номин-Эрдэнийн “автомашиныг чинь угаалгаад ирье” гэж хуурч, түүний эзэмшлийн 26-37 УБД улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг залилан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.Нгийн “...Тэгээд хүргэн ах Алтангэрэлийн гэрт ороод цай чанах гэхэд ус байхгүй байхаар нь найз Банзрагчийг дэлгүүрээс 0.5 литрийн цэвэр ус аваад ир гэж хэлсэн. Тухайн үед Банзрагч миний куртикийг бариад зогсож байхаар нь би куртикийг маань машинд хийх гэж байгаа юм байна гэж бодоод машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд дэлгүүр рүү усанд яваад 30-40 минут болсон. Хаан банкны 5020629744 дугаар дансаа гар утсаараа орж үзэхэд 2 удаагийн гүйлгээгээр 800.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг хасагдсан байсан. Гэрээс гарч машинаа үзэхэд, машин байхгүй байхаар нь ах, эгч хоёрт “саяны миний дагуулж ирдэг залуу Хаан банкны данснаас 1.600.000 төгрөг болон машиныг маань аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хамт гарч хайсан ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний машины арын тээшинд хар өнгийн цүнхтэй бэлэн 360.000 төгрөг, голын хайрцаг дотор ойролцоогоор 30.000 төгрөг байсан. ...” /хх 17-20/,

хохирогч Б.Номин-Эрдэнийн “...2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр намайг ажил дээрээ байх үед гаднаас нэг залуу орж ирээд бүтэн биеийн угаалга, бариа хийлгэе гэхээр нь би бүтэн биеийн угаалга, бариа хийсэн. Тек хэсэгт байсан дэвтэр дээр “би чамтай хамт 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр кино үзмээр байна” гэж бичээд нэр, утасны дугаараа үлдээсэн байхаар нь би үлдээсэн дугаар руу нь залгаж үзэхэд ашиглалтад байхгүй дугаар байсан. Удалгүй 30-40 минутын дараа манай ажил дээр буцаж орж ирээд үлдээсэн эд зүйлээ авахдаа надад өөр утасны дугаар өгөөд гарсан. Тэгээд тэр залуутай мессеж бичээд байж байх үед хаалга тогшихоор нь онгойлгоход цэцэг, дарс, рапела чихрийн хамт “үүрд хамт байгаач” гэсэн үгтэй цаас барьсан орж ирсэн. Тэгээд 00 цагийн үед ажил тарахад тэр залуутай уулзаж Гэмтлийн эмнэлгийн орчим 03 цаг хүртэл миний машинд юм ярьж суусан. Маргааш өглөө нь 07 цагийн үед манай нохойнд хоол барьсан ирсэн. Тэгээд бид хоёр хамт манай ажил руу явах замдаа хоол идсэн. Намайг ажил руугаа орох үед тэр залуу “би машиныг чинь угаалгаад ирье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд машиныхаа түлхүүрийг өгч явуулсан. Үдээс хойш тэр залуу руу залгахад “утасны ченжид хоол авч өгөөд очлоо” гэж хэлсэн. Тэгтэл 18 цагийн үед над руу “өдөр жаахан тийм юм болчихлоо, уучлаарай, орой 22 цагт чамд машиныг чинь бүрэн бүтэн аваачиж өгнө” гэсэн мессеж бичсэн байсан. Гэртээ очоод хүлээгээд байж байх үед “уучлаарай очиж байна, Гандангийн автобусны буудал өнгөрөөд явж байна” гэсэн мессеж бичсэн байхаар нь “хаана явж байгаа юм” гэж хариу бичтэл утсаа унтраасан байсан. Үүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй. ...” /хх 95-96/,

гэрч О.Туяагийн “...О.Н хамт ирсэн залуугаа дэлгүүр рүү цэвэр усанд явуулахаар болсон. Тэгээд О.Нгаас тэр залуу “машиныхаа түлхүүрийг өгчих” гэж хэлээд авч байсан. ...” /хх 34-35/,

шүүгдэгч Э.Бийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр О.Нгийн 58-21 УНЗ улсын дугаартай “Тоёота Прогресс” маркийн автомашиныг дэлгүүр орох гээд авч явсан. О.Н өөрөө “ус аваад ир” гэж хэлээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Чулуун овооны Номин дэлгүүрийн гаднах АТМ-ээс О.Нгийн Хаан банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр 1.600.000 төгрөгөөр авсан. Тэндээс хөдлөөд машиныг нь Оргил худалдааны төвийн хажууд орхиод О.Нд утасдаж хэлсэн. Уг мөнгийг юунд зарцуулснаа мэдэхгүй байна, үрэгдээд дууссан. ...2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Их дэлгүүрийн баруун талд байрлах бие угаалга массажны газраар үйлчлүүлэхдээ надад үйлчилгээ үзүүлсэн Номин-Эрдэнэ гэх эмэгтэй танилцаж, түүний утасны дугаарыг аваад орой ажил тарах үед буюу 00 цагийн үед уулзсан. Гэмтлийн эмнэлгийн орчим байрлах гэрт нь очиж машин дотор шөнийн 03 цаг  хүртэл юм ярьж сууж байгаад би гэртээ харьсан. Маргааш өглөө нь хорооллоос нохойн хоол авч Номингийн гэрт очсон. Бид хоёр нохойг нь хооллоод Номингийн ажил руу явах замдаа хоол идсэн. Номин ажилдаа орж би машинд нь үлдсэн. Тэр үед би машиныг нь угаалгаад ирье гэж ярилцсан байсан учир машиныг унаад шууд хөдөлж Тэнгис кино театрын орчим явж байгаад 16 дугаар хороололд очиж машиныг нь угаалгасан. Номин над руу “ирэх болж байна уу” гэж асуухаар нь очиж байна гэж худал хэлж байсан. Миний дугаар руу дахин дахин залгаад байхаар нь би утсаа авахгүй байж байгаад унтраачихсан. Найз нөхөдтэйгөө уулзахдаа машиныг унаж хэрэглэж байсан ба энд тэнд очоод зогсоол дээр тавьдаг байсан. Тэр өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд машиныг нь өгөөгүй ба машиных нь улсын дугаарыг аваад арын багажид хийсэн. Тэгээд хотын төв рүү орохоор явж байх үед цагдаа дохихоор нь зугтаасан ба дараагийн уулзвар дээр байсан цагдаад баригдсан. ...” /хх 55-57, 105/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 8-9/, Хаан банкны дансны орлого, зарлагын тухай фото зураг, зарлагын баримт /хх 26-28/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 91-93/, хохирлын үнэлгээний дүгнэлт /хх 136/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Бийг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бийн иргэн О.Нгийн Хаан банкны 5020629744 дугаартай дансны виза картаас нууцаар, хууль бусаар 1.600.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн иргэн Б.Нд “автомашиныг чинь угаалгаад ирье” гэж хуурч, түүний эзэмшлийн 26-37 УБД улсын дугаартай “Тоёота Приус” 20 маркийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.Б “...хаалттай хорих дэглэмийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Э.Б нь өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэж байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/2052 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/2052 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ