Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/MA2017/0333

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0333

Улаанбаатар хот

 

Т.Булганчимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гуравдагч этгээд Н.Зоригоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Т.Булганчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.Сайханбаярт 535.9 м.кв газар өмчлүүлсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулсан шинэ акт дахин гаргах хүртэл уг газрын иргэн Т.Булганчимэгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 391, 463 тоот хашааны газрын хоорондын хил зааг, байршлыг газар дээр нь хэмжилт хийж эргэлтийн цэгийг тогтоосны эцэст Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.Сайханбаярт 535.9 м.кв газрыг өмчлүүлсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулж, мэдээллийн сан дахь Д.Сайханбаярт өмчлүүлсэн /одоо Н.Зоригоогийн өмчлөлд шилжсэн/ газрын кадастрын зурагт мөн зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.Сайханбаярт 535.9 м.кв өмчлүүлсэн газрын Т.Булганчимэгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсэг хүчингүй болохыг мэдэгдэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Н.Зоригоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.Сайханбаярт Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар 535.9 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлсэн.

Гэтэл иргэн Т.Булганчимэг нь 2002 онд дэлгүүр цайны газрын барилга барьж 138 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан ба 2007 онд бусдын өмчлөлийн газарт өөрийн дураар цайны газрыг өргөтгөн барьж 184 м.кв талбайтай болгож энэхүү өргөтөн барьсан эд хөрөнгөдөө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй атлаа бусдын буруутай мэтээр хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийн ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 74 дүгээр захирамжийн давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаа дэмжсэн байтал Нийслэлийн Засаг дарга нь газрыг давхардуулан олгосон үйл баримт байхгүй, тухайн захирамж нь хууль ёсны байх тул Т.Булганчимэгийн зөвшөөрөлгүй бусдын өмчлөх эрхийг зөрчиж барьсан эд хөрөнгийн доорх газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 391 тоот хашааны газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анхны эзэмшигч Д.Төрсайханаас Т.Булганчимэгт, мөн тус гудамжны 463 тоот хашаа болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анхны эзэмшигч З.Чулуунцэцэгээс Д.Сайханбаярт, Д.Сайханбаяраас Н.Зоригоод шилжсэн, ийнхүү шилжих явцад эдгээр хашааны анх барьсан хил зааг нь өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй болох нь тогтоогдсон байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/255 дугаар дүгнэлтээр Нуурын 19 дүгээр гудамж, 391 тоот хаягт байршилтай, 300 м.кв газар нь нэг талбарын 186423132002907 дугаар бүхий 208 м.кв талбайгаар иргэн Т.Булганчимэгийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр,

тус гудамжны 463 тоот хаягт байршилтай газар нь нэгж талбарын 18642313206887 дугаар бүхий 536.9 м.кв талбайтайгаар иргэн Н.Зоригоо /Д.Сайханбаяр/-гийн нэр дээр газар өмчлөх эрхтэй бүртгэгдэж, тухайн газрууд хоорондоо давхцалгүй нь тогтоогдсон бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин дээрх дүгнэлтээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны архивын зургийн мэдээлэлтэй давхцуулж үзэхэд Т.Булганчимэгийн хашаалсан 405 м.кв талбайтай газар нь Н.Зоригоогийн нэр дээр бүртгэгдсэн газартай байршлын хувьд 68 м.кв талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Д.Сайханбаяр нь 2005 онд зээл авах шаардлага гарч кадастрын зургийг өөрийн өмчлөлийн газрын хэмжээг хойш нь нэмэгдүүлж кадастрын зураг хийлгэсэн[1] талаар тайлбарласан, гуравдагч этгээд Д.Сайханбаярын дээрх зорилгоор хийлгэсэн газрын кадастрын зурагт үндэслэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2005 оны 03 дугаар сарын 07-ны дөрийн 74 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Сайханбаярт 536.9 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасанд нийцээгүй байна.

Үүнээс гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 /Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна/, 23.2 /Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ/-т зааснаар газрын алба нь иргэнд газар өмчлүүлэх газарт кадастр хийх, заагийг тогтоох үүрэгтэй байтал дээрх газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан эсэх, газрын кадастр хийгээгүй, газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй, өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлоогүй газрыг давхцуулан өмчлүүлсэн зэргээр хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын анх барьсан хашааны  байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй, тухайн байршлуудад нэхэмжлэгч Т.Булганчимэг 208 м.кв, гуравдагч этгээд Д.Сайханбаяр /Н.Зоригоо/ 535,9 м.кв хэмжээтэй газарт амьдарч байгаагүй нь тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх Д.Сайханбаярын эзэмшиж байсан, өмчлөх хүсэлт гаргасан газрын хойд талын хил зааг, байршлыг газар дээр нь хэмжилт хийж эргэлтийн цэгийг тогтоосны эцэст Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.Сайханбаярт 535.9 м.кв газрыг өмчлүүлсэн хэсэгт болон мэдээллийн сан дахь Д.Сайханбаярт өмчлүүлсэн /одоо Н.Зоригоогийн өмчлөлд шилжсэн/ газрын кадастрын зурагт зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газрын алба/-д даалгаж, ийнхүү өөрчлөлт оруулсан шинэ актыг дахин гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн иргэн Д.Сайханбаярт өмчлүүлсэн 535.9 м.кв газрын иргэн Т.Булганчимэгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газартай давхцаж буй хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэл бүхий байна.

Үүнээс гадна хариуцагч дээрх байдлаар хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд шүүх захиргааны байгууллагын тухайн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй, уг нөхцөл байдлыг хариуцагч өөрөө тодруулж, өөрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөж, шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргахгүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актын зөвхөн давхацсан хэсгийг хүчингүй болох талаар мэдэгдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 /шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх/-д нийцсэн бөгөөд нь энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтас, 106 дахь тал