Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 528

 

Т.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэжид нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0544 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0720 дугаар магадлалтай, Т.Л-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0544 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.6, 28.2-т заасныг тус тус үндэслэн Т.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 болон Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Л-ийг урьд эрхэлж байсан Мөнххайрхан Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.Л-ийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,884,816 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0720 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0544 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1-д заасныг тус тус баримтлан Т.Л-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0720 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь хуульд заасан процесс журмын дагуу явагдсан байвал түүнээс гаргасан эцсийн шийдвэр (захиргааны акт) -ийн хууль ёсны байх шаардлага хангагдах учиртай.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч Т.Лийн албан тушаалыг бууруулж 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг гаргахаас 20 гаруйхан хоногийн өмнө түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ “санамж бичиг” байгуулсаныг буруутгаагүй, харин ч өндөр оноо өгч үнэлж байснаа гэнэт уг үндэслэлээр албан тушаал бууруулах болсон нь ямар учир шалтгаантай болохыг Т.Л-ид огт мэдэгдээгүй бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэнтэй холбоотой ба магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдлийг зөвтгөж байгаа нь сайд хүн хуулийг дагаж мөрдөхгүй байхыг шүүх хүлээн зөвшөөрсөнтэй адил гэж үзэхээр байна. Хариуцагч сайд гэнэт миний үйлчлүүлэгч Лхагвадоржийг буруутган орон тоо, төсөв нь байхгүй ажлын байранд цалин бууруулахгүйгээр албан тушаал бууруулах болсон шалтгаан нь Мөнххайрхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын сул орон тоо гаргах гэсэнтэй холбоотой (нэхэмжлэгчийн тайлбарласнаар) юм.

Уг албан тушаалд сайд өөрийн намын М.Одхүүг томилж төрийн албаны харилцаанд ялгаварлал тогтоосон болно.

Мөн түүний гаргасан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг болон нэхэмжлэгч өөрийн эрх ашиг сонирхолыг зөрчсөн гэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг 23.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгууллага хооронд гэрээ байгуулах журам”-ын 6, 15 дахь заалтуудыг тус тус баримтлан, Ховд аймгийн Мөнххайрхан сум дахь Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Л-ийг албан тушаал бууруулсан, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “... эрх хэмжээгээ хэтрүүлэн, ... зөвшөөрөлгүйгээр ... /гадаад улсын байгууллагатай/ хамтран ажиллах гэрээ байгуулсан” гэжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Т.Л нь Ховд аймгийн Мөнххайрхан сум дахь Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд ажиллаж байхдаа БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг дахь Хоёр голын хамгаалалтын захиргаатай “Хятад Монголын Алтайн уулсын байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан, тухайн үед гадаад улсын байгууллагатай “хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах эрхиййг түүнд тусгайлан олгоогүй байсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл авалгүйгээр Хятад Монголын Алтайн уулсын байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг” гэх эрх зүйн үр дагавар бүхий баримт бичигт гарын үсэг зурсан, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.

Хэрэгт авагдсан, “хамгаалалтын захиргааны дарга”-ын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоос үзвэл, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад гадаад улс орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай бие дааж гэрээ хэлцэл байгуулах эрх хэмжээ олгогдоогүй, түүнчлэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн (тухайн үеийн нэрээр) сайдтай 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр байгуулсан Үр дүнгийн гэрээгээр “БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн ТХГН-ийн хамгаалалтын захиргаатай хил дамнасан ТХГН-ийн хамтын ажиллагааны сүлжээ бий болгох, харилцан туршлага солилцох аялал зохион байгуулах”-аар тусгагдсан нь эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах эрхийг түүнд олгосон гэж үзэхээргүй байна. 

Түүнчлэн Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоол (Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хүчингүй болсон)-оор батлагдсан “Байгууллага хооронд гэрээ байгуулах журам”-ын 6-д “.../төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа төсөвт байгууллага нь/ гадаад улсын ижил төрлийн байгууллага .../-тай/ байгууллага хоорондын гэрээ байгуулахдаа гэрээний төслийг тухай асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага ...-д урьдчилан хянуулан бүртгүүлж, бичгээр зөвшөөрөл авна”, 15-д “... энэ журмыг зөрчиж, эрх мэдэл буюу бүрэн эрхээ хэтрүүлж, байгууллага хоорондын гэрээ байгуулсан албан тушаалтан ... хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн үйлдэл нь уг журмаар тусгайлан журамласан зохицуулалтыг зөрчжээ.  

Иймд, эрхэлж буй албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж,  БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг дахь Хоёр голын хамгаалалтын захиргаатай “Хятад Монголын Алтайн уулсын байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсныг зөвтгөх үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн... /бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох/”-оор заасныг үндэслэн, “албан тушаал бууруулах”-аар шийдвэрлэсэн маргаан бүхий акт нэхэмжлэгч Т.Л-ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч Т.Л-оос тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй нь буруу байх боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй, анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх алдааг залруулсан нь зөв, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хуулиар тогтоосон журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдлийг зөвтгөж байгаа нь сайд хүн хуулийг дагаж мөрдөхгүй байхыг шүүх хүлээн зөвшөөрсөнтэй адил болсон” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 дүгээр тушаал нь дээрх байдлаар “хууль ёсны” болох нь тогтоогдож байх тул мөн өдрийн Б/16 дугаар тушаалаар нь Ховд аймгийн Мөнххайрхан сум дахь Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Одхүүг томилж, уг тушаалын 5 дахь заалтаар “Т.Л-ийн цалингийн түвшинг бууруулахгүйгээр хамгаалалтын захиргааны мэргэжилтэнгээр томилон ажиллуулахыг ... М.Одхүүд үүрэг болгосон” нь нэхэмжлэгч Т.Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... орон тоо, төсөв нь байхгүй ажлын байранд цалин бууруулахгүйгээр албан тушаал бууруулах болсон нь ... /үндэслэлгүй/” гэх боловч албан тушаал бууруулж томилсон мэргэжилтний ажлын байранд “...ажиллах гэтэл орон тоо, цалингийн сан байхгүй” талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.

Хяналтын шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Т.Л-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалын дагуу Ховд аймгийн Мөнххайрхан сум дахь Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны “мэргэжилтэн”-ий албан тушаалд ажиллуулах хариуцагчийн үүргийг үгүйсгэхгүй, уг албан тушаалд ажиллуулаагүй тохиолдолд гомдол, нэхэмжлэл гаргах Т.Л-ийн эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасан эрхийн хүрээнд байна.

Эдгээр үндэслэлээр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0720 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Л-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА