| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/00797/И |
| Дугаар | 101/ШШ2022/01690 |
| Огноо | 2022-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/01690
| 2022 04 14 | 101/ШШ2022/01690 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-н гаргасан,
Хариуцагч: Д.З
Хариуцагч: Б.У нарт холбогдох,
1,498,217,281.50 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Б.П, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай банк зээлдэгч Д.З, Б.У нартай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийг сарын 1.65 хувь, жилийн 19.80 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчин хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөөгүй. Бид, зээлдэгч нарын хүсэлтийн дагуу хамтран барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахаар тохирсон боловч үр дүнд хүрээгүй.
Тодруулж хэлбэл, манай компани хариуцагч нартай харилцан тохиролцож тэдгээрийн өмчлөлийн 2 үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд суутгаж авсан боловч шүүхийн шийдвэрээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон тул 290,000,000.00 гаруй төгрөгийн зээлийн төлөлтийг буцаасан. Үүнтэй холбоотойгоор төлбөрт тооцсон байсан 2 үл хөдлөх хөрөнгийн барьцааг чөлөөлсөн хэдий ч эргүүлээд бүртгүүлж чадаагүй.
Гэвч бид барьцааны гэрээг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй боловч талууд анхнаасаа эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа дэмжиж байна. Одоо 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч Д.З, Б.У нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 999,994,884.75 төгрөг, зээлийн хүү 463,498,577.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,723,819.55 төгрөг, нийт 1,498,217,281.50 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна.
Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг үндэслэн хариуцагч нараас 1,498,217,281.50 төгрөгийг гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь эрх бүхий этгээд байгуулаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн гэрээ нь “А” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нарт гэрээ цуцлуулах мэдэгдлийг өгсөн ба төлсөн төлбөрөөс зээлийн эргэн төлөлтийг буруу тооцсон байна гэж үзэж байна.
Үүнээс гадна бид нарт зээл олгохдоо 0.5 хувийн шимтгэл авч, зээлээс 5,000,000.00 төгрөгийг суутгах хууль зүйн зохицуулалт байхгүй, тэгэхээр 995,000,000.00 төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Талуудын байгуулсан зээлийн графикаар нийт 343,453,206.00 төгрөгийн хүү төлөхөөр харилцсан тохиролцсон байхад 463,498,577.20 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2.2, 2.3-т заасны дагуу зээлээ тохиролцсон байхад 543,199,000.00 төгрөгийн хүү нэхэмжлэх боломжгүй, харилцан тохиролцсон дүнгээс тооцоогүй, төлөгдөөгүй үнийн дүнгээс хүү тооцно гэсэн зохицуулалт байхгүй.
Хуульд зааснаар бид нарын төлөхгүй байгаа хүү нь нэмэгдүүлсэн хүү болж байна. Гэтэл нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар тухайлан тохиролцоогүй, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээж авсан тул энэ өдөр гэрээ цуцлагдсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, энэ үед төлөх ёстой байсан 120,315,232.00 төгрөгийн хэмжээнд зээлийн үндсэн хүүг хүлээн зөвшөөрнө. Гэрээг яагаад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох ёстой бэ гэхээр нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд н.Т гэж хүнийг 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилсон байхад 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Э.М гэж хүн гарын үсэг зурсан, тэрээр банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байна. Тэгэхээр Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд заасан итгэмжлэлгүйгээр төлөөх эрх бүхий этгээд гэрээг байгуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т тодорхой зөвшөөрөл авах ёстой үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу тухайн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл юм уу, хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авч байж энэ хэлцлийг хийх ёстой байсан. Тийм учраас уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Барьцааны асуудлын тухайд барьцаагаар хангуулах үнийн дүн байхгүй буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-т заасан шаардлагыг хангаагүй тул хууль зөрчсөн хэлцэл гэж үзээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Нэхэмжлэгч нь зохигч нарын байгуулсан зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцалсан. Гэвч сүүлд Монгол банкнаас шалгасан зөрчилтэй холбогдуулан 290,000,000.00 гаруй төгрөгийг буцааж авсан тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрхгүй, төлбөр тооцоо нийлэх тухайд хуульд зааснаар эрх бүхий этгээдтэй тооцоо нийлэх ёстой тул хүчингүй. Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10-т 20 хувиас хэтрэхгүй гэсэн боловч хэмжээгийн яг хэдэн хувь байх талаар тодорхой дурдаагүй. Өмнө хэлсэн тайлбарын дагуу нэхэмжлэгч нь зээлийн хүүг тусгай программаар тооцдог гэж хэлсэн боловч үүнийг хариуцагч нар мэдэхгүй тул нэмэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Нэхэмжлэгчийн өгсөн баримт,
10.Кадастрын зураг,
11. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А ХХК-ийн шилжүүлэгийн баримт,
12. Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл,
13. Хуулийн арга хэмжээ авах тухай анхааруулсан мэдэгдэл,
14. Тооцоо нийлсэн акт,
15. Улсын тэмдэгтийн хураамжид 7,719,237.00 төгрөг төлсөн баримт,
16. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж,
17. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1335 дугаар шүүхийн шийдвэр,
18. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ,
Хариуцагчийн өгсөн баримт,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “А” ХХК-иас хариуцагч Д.З, Б.У нарт холбогдуулан 1,498,217,281.50 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “А” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ /х.х-ийн 9 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, бас 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.
Компанийн тухай хуулийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан
Тайлбарлавал, уг хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунжаргалын эзгүйд түүний эрх, үүргийг О.Хүрэлбаатар нь хэрэгжүүлэх эрхтэй ба тэрээр компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, Б.Пүрэвдорж нарт олгожээ /х.х-ийн 8 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж, мөн 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эдгээр баримтаар тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс олгосон итгэмжлэлээр эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй /х.х-ийн 1-7 хуудас/.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр батлагдаж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон/-ийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д.З, Б.У нарт зээлийн данс нээж, зээлийн гэрээний зүйл болох 1,000,000,000.00 /нэг тэрбум/ төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон байна /х.х-ийн 21, 22 хуудас/.
Мөн хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, түүнчлэн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч “А” ХХК-иас 1,000,000,000.00 /нэг тэрбум/ төгрөгийг хариуцагч Д.З, Б.У нарт өгөхдөө 5,000,000.00 төгрөгийг зээл олгосны шимтгэл хэмээн тэр даруй буцаан авсан байна /х.х-ийн 113 хуудас/.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тайлбарлавал, зээлдүүлэгч нь гэрээнд заасан зээлийг зээлдэгчид олгосон өдрөөс эхлэн тэрээр ашигласан хугацаагаар хүү төлөх үүрэг хүлээх ба хэрэв зээлийг олгоогүй, аль эсхүл дутуу өгсөн бол тэрхүү хэмжээгээр ашигласанд тооцно. Энэ талаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж тус тус заажээ.
Хэдийгээр зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заалнаар зээлдэгч нар зээл олгосны шимтгэлд 0.5 хувийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж тохирсон байх боловч ямар үндэслэлээр ийнхүү дээрх төлбөрийг суутгаж авсан нь ойлгомжгүй, зээлийн судалгаа, хяналт хийсэн гэх үйл баримт тодорхой бус байна.
Нөгөө талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж зааснаар стандарт нөхцөл агуулсан гэрээ байна.
Стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд давтан хэрэглэхээр нэг талын урьдчилан тогтоосон нөхцөл бөгөөд үүнийг тайлбарлахдаа гэрээний талуудын хүсэл зоригоос ангид, хараат бус байж, тухайн заалт, тайлбарын хэвшмэл бодит агуулга, утга санааг илэрхийлэх ёстой.
Гэтэл хариуцагч гаагаас гадна Д.З, Б.У нар авч ашиглаагүй зээл буюу 5,000,000.00 төгрөгт хүү төлөх үүрэг хүлээх нь шударга биш учраас уг хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. ................” гэж зааснаар тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, 995,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд.................” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбарыг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэрээ байна. Түүчнлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй” гэж, мөн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасан.
Үүнээс гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 27.1.4-т “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” эрхтэй гэж зааснаар иргэн өөрийн өмчлөлийн газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс бусад этгээдэд барьцаалуулах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, мөн 164 дүгээр зүйлийн 164.1-д “Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар ийнхүү газар эзэмших эрхийг бусдад барьцаалуулах бол үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд зохигчид 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг харъяа газрын албанд бүртгүүлсэн байна /х.х-ийн 110 хуудас/.
Харин эдгээр барьцаа хөрөнгүүдээс Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, хд хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 171 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг тус тус зохих ёсоор барьцаалсан гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 290,000,000.00 төгрөгийн зээлийг төлсөнд тооцохоор 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхдээ барьцааны бүртгэлийг цуцалсан гэж тайлбарласан /х.х-ийн 168-171 хуудас/.
Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/01335 тоот шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч Д.З, Б.У нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ба зохигчид барьцааны бүртгэлийг сэргээгүй гэсэн /х.х-ийн 161-167 хуудас/
Өөрөөр хэлбэл, дээр нэр дурдсан барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрх нь буцаан хариуцагч нарт шилжсэн боловч зохигчид барьцааны гэрээг эрх бүхий газарт бүртгүүлээгүй байх тул хүчин төгөлдөр гэж тооцогдохгүй. Энэ талаар зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар маргаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар зээлийг ашиглах хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 36 сар бөгөөд зохигчид эргэн төлөлтийн хуваарь буюу зээл, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг сар бүрийн 21-ний өдөр гэж тохирч, энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ.
Ингээд хариуцагч нар 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн зээлийн хүүнд 71,605,479.43 төгрөгийг төлж, харин 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үндсэн зээлийг ашигласан хугацааны хүүгийн хамт буюу зээлийн хүүнд нийт 367,269,824.82 төгрөг, үндсэн зээлд 995,000,000.00 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллоор хариуцагч Д.З, Б.У нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тодруулбал, хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 71,605,479.43 төгрөгийг төлөх ёстой байтал 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд нийт 69,916,366.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,702,718.22 төгрөг, үндсэн зээлээс 5,115.25 төгрөгийг төлсөн байна.
Зүй нь, хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 839,302,473.01 төгрөг, зээлийн хүүнд 357,867,692.66 төгрөгийг тус тус төлөх ёстой байжээ.
Тайлбарлавал, зээлдэгч нь зээлийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй /хэрэглээний зээлээс бусад/ бөгөөд тийнхүү ашигласан боловч хуваарийн дагуу буцаан төлөөгүй, цаашид төлөх эсэх нь эргэлзээтэй буюу ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илэрхий байх тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийг буцаан дуудаж болно.
Энэ талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн 226 дугаар зүйлийн 226.1-д “Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гээд 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “А” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус хариуцагч Д.З, Б.У нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тухай мэдэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд зээлийн гэрээг дээр дурдсанаар Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзвэл хариуцагч нар зээлийн гэрээг цуцалсан өдөр буюу ашигласан хугацаагаар хүү төлөх ёстой юм /х.х-ийн 114-119 хуудас/.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үндсэн зээлээс 290,000,000.00 төгрөгт тооцож авсан 2 ширхэг орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд буцаан шилжүүлсэн тул төлөгдөөгүй зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, тус өдрийн байдлаар 1,457,521,396.76 төгрөг төлөхийг зээлдэгчид зөвшөөрсөн байна /х.х-ийн 120 хуудас/.
Тодруулбал, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нарын төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн тооцооллоос өмнө нь үндсэн зээлээс хассан 290,000,000.00 төгрөгийг буцаан зээлд төлөхөөр тооцож, үүн дээр зээлийн хүү 96,434,136.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,286,827.40 төгрөг, нийт 405,720,964.38 төгрөгийг төлөхийг хариуцагч нар зөвшөөрчээ. Үүнээс үзвэл талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цуцлагдсан гэж үзэхэд учир дутагдалтай буюу зээлийн гэрээний харилцаа цаашид үргэлжилсэн хэвээр байсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна.
Гэвч нэхэмжлэгч “А” ХХК-иас хариуцагч Д.З, Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусах ёстой байтал 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож зээл, зээлийн хүүг тооцоолж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 999,994,884.75 төгрөг, зээлийн хүүнд 463,498,577.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34,723,819.55 төгрөг, нийт 1,498,217,281.50 төгрөгийг нэхэмжилсэн байна /х.х-ийн 1-7 хуудас/.
Ингээд хариуцагч нарын нэхэмжлэгчид төлбөл зохих зээл, зээлийн хүүг гэрээ болон хуульд зааснаар тооцоолоход:
Тодруулбал, хариуцагч Д.З, Б.У нар үндсэн зээлийн үлдэгдэл 994,994,884.75 төгрөгийг 531,654,539.44 төгрөгийн хүүгийн хамт төлөх ёстой бөгөөд үүнээс зээлийн хүүнд 69,916,366.05 төгрөгийг төлсөн байна. Харин зохигч нар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээгээр тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..............” гэж зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь /1.65x20%=0.33/-иас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тохирох ёстой байхад талуудын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10-д “...................үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй байна” гэж бичсэнийг чухам сарын 0.33 хувь, жилийн 3.96 хувь гэж тохирсон болох нь тодорхой бус байна.
Иймээс хариуцагч нарын нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 1,702,718.22 төгрөгийг үндсэн хүүнээс хасч тооцох нь шударга бөгөөд тэд зээлийн хүүнд 71,619,084.72 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 460,035,454.72 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 994,994,884.75 төгрөгийн хамт төлөх ёстой болно /531,654,539.44-71,619,084.72 =460,035,454.72/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн хүүнд гэрээгээр тохиролцсон ёсоор 367,269,824.82 төгрөгийг авах ёстой байтал 463,498,577.20 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан. Гэтэл хариуцагч нар зээлийн хүүг тодорхой хэмжээгээр төлж байсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан тухайн сарын 21-ний өдөр төлөх ёстой зээл, зээлийг хүүг бүрэн, эсхүл хугацаандаа төлөөгүйгээс дараа сарын 21-ний өдөр, эсхүл тийнхүү бүрэн төлөх хүртэлх хугацаанд өмнө нь зохих ёсоор төлж, хасагдаагүй үндсэн зээлийн үлдэгдэлд хүү бодогдсоор төлбөл зохих зээлийн хүү өссөн байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж, үндсэн зээл хасагдах ёстой байтал зохих ёсоор төлөөгүй учраас үндсэн зээлийн хасагдаагүй тэрхүү хэсэгт хүү бодогдсон нь хууль зөрчсөн үйлдэл биш болно.
Иймд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 994,994,884.75 төгрөг, зээлийн хүүнд 460,035,454.72 төгрөг, нийт 1,455,030,339.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,186,942.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.З, Б.У нарын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч нь үгүйсгээгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа барьцааны гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хэмжээний талаар тохироогүй тул хүчин төгөлдөр бус гэсэн.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж, мөн 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигч нарын байгуулсан барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5, барьцаалбарын 3 дугаар хэсэгт тус тус талууд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээний талаар тохирсон нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасантай нийцэж байна.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн. Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Харин шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, хд хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 171 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг тус тус барьцаалаагүй тул эдгээр орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР