| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01382/и |
| Дугаар | 155/ШШ2017/00156 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2017/00156
| 2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2017/00156 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 05 дугаар багт оршин суух, ..... овогт Б.........ийн Б /............./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 07 дугаар багт оршин суух, ...... овогт Б...ын Н /................../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр анх Б.Нтой гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Бидний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин охин Отөрсөн юм. Би өөрөө дагавар хүү Дыг 2000 оны 11-р сарын 21-ний өдөр төрүүлсэн билээ. Бидний хамтын амьдралын явцад гэр бүлд маань хэрүүл маргаан гарч, намайг архи ууж ирээд эрүүл байсан ч харддаг, зоддог болсон. Үүнээс болоод бид 2013 оны 02 дугаар сараас хойш тус тусдаа амьдарсан бөгөөд намайг дуудлаганд явах бүрт эмнэлгийн ажилчидтай харддаг байсан. Энэ нь охины минь хүмүүжилд муугаар нөлөөлдөг байх гэж би боддог. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж тогтоон, тэтгэлэг гаргуулж өгнө үү Би өөрийн дагавар хүү Дд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Нтой гэр бүл болж 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Отөрүүлсэн. Хамт амьдарч байх явцад нөхөр Б.Н нь хардаж зоддог байдлаас болж 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Ийм учраас Б.Нтой цаашид хамт амьдрах боломжгүй, охин О, дагавар хүү Д нарын хүмүүжилд муугаар нөлөөлж байх тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Б.Бын хувьд өөр хүнтэй гэр бүл болж 2016 оны 12 дугаар сард хүүхэдтэй болсон тул цаашид Б.Нтой хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Б, Б.Н нарын гэрлэлтиийг цуцалж, охин Од эцэг Б.Ноос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Оэх Б.Бын асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд Быг хардаж, зоддог зүйл байгаагүй. Осолд орсноос хойш надтай холбоо барихгүй болж, хүүхэдтэй уулзуулахаа больсон. Бид тусдаа амьдраад 2-3 жил болж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Б.Баас гэрлэлтээ цуцлуулж, охин ОБ.Бын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Охин Отай утсаар холбоо барьж, охинтойгоо холбоотой баймаар байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн №0009279-31-т бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Отөрсөн болох нь 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №0314128-3 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 2 сараас тус тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч Б.Б нь хамтран амьдрагчтай болсон зэрэг бодит байдал болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Д, 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Онарыг зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, хүүхдүүдийн ээнэгшиж дассан орчинг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдохгүй зэрэг байдлыг харгалзан эх Б.Бын асрамжид үлдээж, 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Од эцэг Б.Ноос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Оэх Б.Бын асрамжинд үлдээсэн нь эцэг Б.Нийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Бын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ноос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин О7 нас 1 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийн 50 хувь болох 83.600 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Б.Н төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Од сар бүр төлөх тэтгэлэг 83.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.003.200 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ............. овогт Биндэръяагийн Б /................./, ............ овогт Бын Н /................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Д, 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Онарыг эх Б.Бын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин О11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай болтол/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ноос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Нид, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Бд тус тус даалгасугай.
5. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ноос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч Б.Ноос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 28.627 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН