2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
2025 02 13 2025/ШЦТ/496 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, улсын яллагч Д.Энхбаяр /томилолт/, шүүгдэгч Ц.Х , О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н0, Ц.Х нарт холбогдох эрүүгийн 2406 08265 0020 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Н , Ц.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17/, Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Хүсэлсүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 43-44/, Хохирогч Ц.Х ы гарган өгсөн гэрэл зургууд /хх-ийн 56-59/, шүүгдэгч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 117-118/, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудас /хх-ийн 6/, хохирогч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14542 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35/, Хохирогч О.Н ийн гарган өгсөн гэрэл зургууд /хх-ийн 62-72/, шүүгдэгч Ц.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-126/, Шүүгдэгч О.Н-ийн хувийн байдалтай холбоотой: Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 95-96/, Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хх-ийн 97-98/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 98-99/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 100/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102/, Регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 103/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 105/, Шүүгдэгч Ц.Х ы хувийн байдалтай холбоотой: Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 78-79/, Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хх-ийн 80-83/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 84-86/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 87/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89/, Регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 90/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 91/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв. Нэг: Гэм буруугийн талаар: Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч О.Н , Ц.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг, Шүүгдэгч нар “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны орчимд найз Ц.Х д үл ялих шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдсон түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, өгзөг, баруун шуу, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үед зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: Хохирогч Ц.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машиных нь урд суудал дээр сууж байсан ба арын суудалд сууж байсан О.Н нь миний толгой, дагз, нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Би болиулж биеэ хамгаалах гээд урд суудал дээрээс эргэж хараад гараараа хаатал миний гар руу маш олон удаа өшиглөөд байсан. Тэгэхээр нь би болиулах гээд арын суудал дээр гараад суутал О.Н жолоочийн араас өшиглөөд рулийг нь булаагаад авсан. Би болиулах гэтэл намайг үсдэж авсан би зөрүүлээд үсдээд авсан. Би арай гэж 06:00 цаг орчимд Баянзүрх сүүргийн 25 дугаар хорооны 39-р байр буюу гэрийн гадаа ирээд дэлгүүгээс пиво аваад машинд нь сууж уугаад гайгүй эвлэрээд байж байсан. О.Н маш их согтолттой орцоороо ч орж чадахааргүй байсан ба би гэрт нь хүргэж өгөх талаар хэлтэл “Үгүй, зайл” гээд намайг дахиад үсдээд эхэлсэн. Би тэр үед тэвчилгүй үсдэж аваад зөрүүлээд өшиглөлцөөд эхэлсэн. Тэгж байгаад үүр цайж байсан учир туул гол орох гээд хөдөлсөн. Туул гол явж байх хугацаанд намайг үсдээд, өшиглөөд л байсан. Туул гол дээр очоод зүгээр байсан ч гэсэн гэрийн үүдэнд ирээд О.Н нь дахин хэрүүл өдөөд намайг цохиод эхэлсэн. Би зүгээр сууж чадахгүй байсан учир би зөрүүлж цохиж бид 2 зодолдож эхэлсэн. Тэгж байгаад намайг “Үх, үх” гээд байхаар нь хажуу талын байр луу орж хэсэг уйлж байгаад тайвшраад буцаад иртэл О.Н нь машиныхаа хойд суудал дээр сууж байсан ба би мөн адил хойд суудал дээр нь суусан. Намайг машинд ороод суутал “Чи зайлахгүй юу хийж байгаа юм” гээд намайг өшиглөөд миний баруун гарыг барьж байгаад машины хаалганд олон удаа цохисон. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/, Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цагаан өнгийн харрьер маркийн машиныг нь бариад, миний хажууд 1 эмэгтэй, хойд суудал дээр 1 эмэгтэй нь хятад залуугийн хамт суусан. Тэр 3 хүүхдийн 100 орно гэж надад хэлсэн ба намайг машин бариад явж байх үед хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй, эвтэй явцгааж байсан. Тэгээд тэр 3 хүүхдийн 100-д буугаад би машиныг нь циркийн хойд талын зогсоолд тавиад яваад өгсөн. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Н нь надад хандан энийг энд буулга гээд намайг үсдээд нүд дарж хойш нь дараад машин барих нөхцөлгүй болгоод байсан. Тэгэхээр нь түр зогстол урд сууж байсан Ц.Х нь хойд суудал руу шилжин сууж хоорондоо зодолдож эхэлсэн. О.Н нь хойд суудал дээр хэвтээд Ц.Х ыг маш олон удаа жийгээд байсан. Энэ үйл явдап болох үед Ц.Х нь арай эрүүл ухаантай байсан ба О.Н т хандан “Чи одоо зүгээр бай, машин барьж байгаа хүнд төвөг болоод байна. Ингэж байгаад осол аваар хийвэл яах юм” гэх зэрэг зүйлс ярьж байсан. Хятад залууг буулгасны дараа Ц.Х ы гэр болох Натур худалдааны төв явж байх замд Нарантуул захын уулзвар хэсэгт ирэхэд О.Н нь дахин агсамнаж эхлээд машинаа зогсоо гээд байхаар нь зогстол бууж ирээд “чи цагдаа дууд” гэж над руу уурлаад, Ц.Х ыг чи эндээс зайл гэх зэрэг хөөгөөд агсраад эхэлсэн. Ц.Х нь би ийм хол буухгүй гэж хэрэлдэж байгаад бид 3 цааш хөдлөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах ногоон төгөл хотхоны наад талын байрны үүдэнд очсон. Очоод тэр 2 эвлэрээд хоорондоо юм яриад байсан. Миний хувьд тэр хоёрт үйлчлээд 1 цагийн хугацаа өнгөрсөн байсан тул тэр талаараа тэр хоёрт хэлтэл надад хэндан “Зүгээрээ чи байж бай. Мөнгийг чинь өгнө, санаа зоволтгүй” гээд намайг байлгаад байсан... Тэр 2 эмэгтэй машинд явж байхдаа бие биеэ үсдээд, жийгээд байсан. Түүнээс хамар, ам хэсэгт нь цохин цус гаргасан зүйл болоогүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Хүсэлсүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Ц.Х ы биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, өгзөг, баруун шуу, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үед зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/, Хохирогч Ц.Х ы гарган өгсөн гэрэл зургууд /хх-ийн 56-59/, шүүгдэгч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тогтоолтой уншиж танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Харин Ц.Х нь өөрт ашигтай байдлаар буруу мэдүүлэг өгсөн. Ц.Х ы биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Гэхдээ шалтгаан нөхцлийн хувьд намайг зодож байсан ба биеэ хамгаалах гээд хөл гараа савчиж байгаад санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/, Шүүгдэгч Ц.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны орчимд найз О.Н тэй үл ялих шалтгааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдсон түүний эрүүл мэндэд зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд, зовхи, зүүн хацар, эрүү, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун өвдөг, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн сарвуунд зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “О овогтой Н , валидол 30мг, шархыг цэвэрлэж боолт хийв, толгойн ил шарх” гэх хүлээлцэх хуудас /хх-ийн 6/, хохирогч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар нэг мэдэхэд цаг шөнийн 03 цаг болсон байсан тул дуудлагын жолооч дуудаад гэр рүүгээ харих гэхэд Ц.Х дуудлагын жолоочийг Налайх руу явъя гэхэд нь үгээр нь явсан. Тухайн таксинд явах замд Ц.Х аа өөрийгөө 6 сарын настай гэж хэлээд надад агсам тавиад хүний найз юм бол найзыгаа ойлгохгүй байна гэх мэтээр хэлж намайг гараараа цохиж зодоод байсан. Тухайн үед би хүний найз юм чинь хэсэг цохиж байгаад больчих байхдаа гээд өөрийн нүүрийг хоёр гараараа хамгаалж байх үед намайг зодсоор л байсан. Мөн тухайн таксины жолооч Ц.Х ы үйлдлийг болиулахгүй байсан. Тэгээд би тухайн таксины жолооч болон Ц.Х аас гуйсаар байгаад хотын төв рүү орсон бөгөөд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны орчимд машинтайгаа ирэх үед Ц.Х дахин надад агсам тавьж миний хоёр гар руу хатуу зүйлээр олон удаа цохисон. Урьд өмнө нь Ц.Х миний биед халдаж зодсон зүйл байхгүй. Мөн найз Ц.Х бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн болон маргааны зүйл огт байхгүй. Миний толгойны орой дээр язарсан шархтай байгаа. Мөн зүүн гарын сарвууны ар хэсэг хавдаж гэмтсэн. Хоёр өвдөг шалбарч гэмтсэн байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14542 дугаартай “О.Н ийн биед зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүү, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун өвдөг, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/, Хохирогч О.Н ийн гарган өгсөн гэрэл зургууд /хх-ийн 62-72/, шүүгдэгч Ц.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Шүүгдэгч О.Н , Ц.Х нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж бие биенийхээ эрх чөлөөнд харилцан халдаж, хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн шүүгдэгч О.Н нь хохирогч Ц.Х ыг олон удаагийн нүүр болон биеийн бусад хэсэгт цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, өгзөг, баруун шуу, баруун гарын чигчий хуруунд цус хуралт, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үед зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Ц.Х нь хохирогч О.Н ийг олон удаагийн нүүр болон биеийн бусад хэсэгт цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүү, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун өвдөг, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н , Ц.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч О.Н , Ц.Х нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ. Уг гэмт хэргийн улмаас хохирогч О.Н , Ц.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжлээгүй байна. Тухайн хэрэг гарсны дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр О.Н нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс түргэн тусламжийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын даатгалын санд 49,920 төгрөгийн хохирол учирчээ. Иймд шүүгдэгч Ц.Х аас 49,920 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч О.Н ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч Ц.Х нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Н ээс, хохирогч О.Н нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Х аас тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч О.Н , Ц.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэх дүгнэлтийг, Шүүгдэгч нар “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. Шүүгдэгч О.Н , Ц.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч О.Н , Ц.Х нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүх шүүгдэгч О.Н , Ц.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Н , Ц.Х нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, О.Н , Ц.Х нарт нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч О.Н , Ц.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч О.Н , Ц.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н , Ц.Х нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х аас 49,920 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй. 5. Хохирогч Ц.Х нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Н ээс, хохирогч О.Н нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Х аас тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н , Ц.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н , Ц.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО